Ардчилсан хувьсгалын үйл хэргийг анхнаас нь дэмжиж, түүний төлөө тэмцэж явсан Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч А.Түмэнбаяртай цөөн хором хөөрөлдлөө.
-Манай уран бүтээлчдээс ардчилсан хувьсгалын үйл хэргийг анхнаас нь дэмжиж оролцож байсан хүн цөөнгүй бий. Тэдний нэг нь Та. Ингэхэд тухайн үед чухам юу хүсэж мөрөөдөж, үйл хэргийг дэмжин оролцож байв?
-Ямартай ч тухайн үед ийм дарангуйлагч, авилгалд автсан нийгмийг бий болгоно гэж үйл хэргийг дэмжээгүй. Өнөөдрийн нийгмийг төсөөлөө ч үгүй.
-Хаа байсан Хэнтий аймгийн Батширээт сумын хүн яахаараа Улаанбаатарт өрнөж эхэлсэн үйл ажиллагаанд оролцдог билээ?
-Би 1989 онд Хэнтий аймгаас МХЗЭ-ийн дэргэдэх “Эвлэлийн ажилтан”-ны 45 хоногийн дээд курст ирж суралцаж байлаа. Одоогийн “Их засаг” их сургуулийн захирал Н Ням-Осор Хэнтий аймгийн МХЗЭ-ийн үүрийн нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан юм. Тэгээд намайг дэмжиж Эвлэлийн ажилтны курст явуулж байсан. Хөдөө орон нутгийн залуучууд бид зочид буудалд байрлаж, дугуй зааланд хичээллэдэг байв. МХЗЭ-ийн нэгдүгээр нарийн бичгийн дарга Нарангэрэл гэдэг хүн өдөр болгон ирж хичээл заана. Мэргэжилтэн багш нар лекц уншиж, семинар зохион байгуулдаг байсан.
-Эндээс л ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцох болсон хэрэг үү?
-Тийм, 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Залуучууд зочид буудлын үүдний баганан дээр баахан ухуулах хуудас наалттай, цэвэрлэгч нар түүнийг хусаж арилгах гэж хэрэндээ их зовж байгаа бололтой. Тэр өдөр Залуучууд зочид буудлын үүдэнд автобус зогсоогоод биднийг Хандгайт руу аваад явахаар болов. Би нөхдөөсөө бултаж үлдээд, сэмхэн араар нь Идэр ресторанаар дамжин гарч, Хүүхэд залуучуудын соёлын төв, одоогийн Улаанбаатар чуулга руу явлаа. Учир нь тэнд Утга зохиолын дугуйлан хичээллэдэг байв. Энд л очих санаатай бултаж үлдсэн хэрэг. Намайг дугуйлангийн эрхлэгч нь гэх нэг эмэгтэй бүтэн сайн өдөр ирээрэй гэж хэлүүлсэн учраас бултаж үлдэж байгаа юм. Тэнд ойртоод очиход хөгжим хангинаад залуучууд дуулаад ч байх шиг. Булан тойроод харсан, үстэй дээлтэй хэдэн залуус индэр дээр зогссон.харагдана. Индрийн наана С.Цогтсайхан “Хонхны дуу”-гаа дуулж, цагаан даавуун дээр хөх өнгөөр “Улс төрийн товчоо огцор”, “Өөрчлөлт шинэчлэл”, "Эрх чөлөө” гэх утга агуулга бүхий үгс бичсэн лоозон бариад залуус зогсож байна. Ойролцоогоор 300 гаруй хүн байгаа бололтой. Тэгж л би Монголын ардчилсан хувьсгалтай анх нүүр тулсан. Орой нь байрандаа ирээд нөхдүүддээ хэлсэн чинь ихэнх нь дургүйцсэн байдалтай байлаа.
-Нөхөд дургүйцэж байсан ч ардчиллын залуус ухуулга таниулга хийх зэргээр сэнхрүүлж байсан байлгүй?
-Үүнээс хойш хэд хоногийн дараа манай дугуй танхимд Амарсанаа, Нинж, Жавхлант, Д.Сосорбарам нар ээлжлэн ирж ухуулга хийх болсон. Ингээд би Монголын ардчилсан холбоонд элссэн юм. Манай курсын залуус ч хоёр хуваагдаж, бидний хэдхэн залуус ардчилсан хувьсгалыг эргэлт буцалтгүй дэмжихээр шийдэж байсан түүхтэй. Ингээд курсээ төгсөөд хөдөө орон нутагт Эвлэлийн ажилтан болж очих ёстой хүн чинь Ардчилсан холбооны ухуулах хуудас наахаас эхлээд ардчиллын үйл хэргийн төлөө явсан даа. Тухайн үед МАХН-ын Төв хороонд өгсөн шаардах бичиг, МоАХ-ны УИХ-ыг тараах бичгүүдийг хөдөө орон нутагт тараан уншуулж, суртал ухуулга хийж эхэлсэн. Хэнтий аймгийн “Урагшаа” сонины сэтгүүлч Б.Адъяахүү, Ариунбаатар, аймгийн Шүүхийн шүүгч Боролзой нарт үзүүлж, арай өөр хүрээнд ч суртал ухуулга хийхийг зорьсон.
-Социалист нийгэм бэхжсэн үед хөдөө орон нутагт шинэ нийгмийн тухай ухуулга суртал хийгээд явахад хүмүүс нааштай хүлээж авах нь тэр бүр үгүй биз. Хэн хэнд нь айдас байсан байх?
-Хүлээн зөвшөөрөхөөсөө илүү айх бэргэх нь их байсан. Би өөрөө ч айдастай байсан даа. Ингээд хөдөөнөөс хотод ирж, жагсаал цуглаанд оролцож, эргэн хөдөөнөө ирэх зэргээр үйл хэргийн төлөө явж байгаад Ардчилсан холбооны гишүүн болсон. Өлсгөлөнгийн дараа 1990 оны гуравдугаар сард би хөдөөнөөс ирчихсэн, талбай дээр өнждөг байлаа. Ерөнхийдөө хот хөдөөгүй явдаг болчихсон үе. Нутагтаа очиж ардчилсан үйл хэргийн талаар ухуулга хийж хүмүүст адлуулж, бүр хөөгдөж, элдвээр муу хэлүүлж доромжлуулж байсан ч халшрахгүй зүтгэсэн. Түүний дараа Монголын ардчилсан холбооны их хурал дээр Ардчилсан нам байгуулсныг зарлаж, анхны намын даргаар Э.Бат-Үүлийг сонгож байв.
-Та шуудхан л намын гишүүн болчихсон уу. Эсвэл эргэлзэж байв уу?
-Надад ямар нэг эргэлзээ байгаагүй. Анх 1990 оны дөрөвдүгээр сарын 7-ны хуралдаан дээр Ардчилсан намыг зарлаж, би 1990 оны дөрөвдүгээр сарын 8-нд намын батлах авч байв. Энэ үеэр нийгэм бүхэлдээ хүнд байсан. Би ч нэг хэсэгтээ ажилгүй, наймаа хийж үзэв. Дараа нь ажилгүйчүүдийн эгнээнд орж гутрах үедээ гутарч үзсэн. Зарим үед сэтгэлээр унаж, “Би яах ч гэж ийм дэмий зүйлтэй хутгалдав” гэж хүртэл бодож явсан үе надад бий.
-Ардчиллын анхдагч гэх нэрээр чамгүй хөрөнгө чинээтэй хүмүүс Монгол Улсад бий болсон. Зарим нь бүр улсдаа багтахгүй баяжсан байна. Ерөөсөө хүмүүс савныхаа хэмжээгээр ямар нэг ашиг хонжоо хүртснийг нуух хэрэггүй. Таны хувьд ч хоосонгүй л биз дээ?
-Тэр бол ардчиллын нэрээр явсан цөөн тооны хүний л ажил байх. Манай үеийн тэмцэж явсан нөхдөөс өнөөдөр гудамжинд гарсан нь ч байна. Олон ч хүн үхэж үрэгдсэн байна. Ихэнхийнх нь амьдрал ядуу, зарим нь бүр орон гэргүй, түрээсийн орон байраар амьдарч явна. Бидний явж олсон ардчиллын ололт их байгаа ч хүртсэн зүйл гэж алга. Наалдсан зүйл байхгүй гэхэд болно. Яахав, дураараа шүлэг бичих эрх чөлөө олгож дээ. Ардчилал нэрээр баяжих, бусад намтай үгсэн хуйвалдах гээд юм юм л болж байна. Уг нь бид ардчиллын төлөө зүтгэж явахдаа ийм нийгэм байгуулахыг хүсээгүй. Үеийн олон залуусыг үйл хэрэгт урвуулж, хөдөө хотгүй хөхөрч гандаж явахдаа ийм нийгэм байгуулна гэж бодоогүй. Мөн ч олон сум багуудаар явж ухуулга суртлын ажил хийсэн дээ. Ардчиллын төлөө зүтгэж явсан үеэ бодохоор хааяа харамсдаг.
С.БАЯР
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )