Боловсролын тогтолцоог СУРГАХААС СУРАЛЦАХУЙ РУУ чиглэсэн дэлхий нийтийн хандлага руу чиглүүлнэ

2023 оны 11 сарын 11

-Дээд сургууль гэсэн ангиллыг 2025 оноос байхгүй болгоно-

Жил хагас орчмын дараагаас буюу 2025 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс Дээд сургууль гэсэн нэр ч, ангилал ч байхгүй болох ажээ. УИХ-аас энэ жил баталсан Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад ийнхүү тусгажээ. Уг ангиллыг олон улсын жишигт нийцүүлэн хүчингүй болгож буйг дээрх хуульд тайлбарласан байна. Мэдээж, түүнээс өмнө дээд сургууль төгссөн хүмүүсийн диплом, мэргэжил хүчинтэй хэвээр үлдэнэ гэсэн үг.

2025 оны дунд хүртэл дээд боловсролын сургалтын байгууллага нь их сургууль, дээд сургууль, коллеж гэсэн ангилалтай явах юм. Заагдсан хугацаанаас хойш дээд сургууль нь хасагдаж их сургууль, коллеж гэсэн хоёр л ангилалтай болох ажээ.

Их сургуулийг үйл ажиллагааны онцлогоос нь хамаарч судалгааны, сургалтын, төрөлжсөн хэмээн ангилах бөгөөд түүн дотроос судалгааны их сургуулийг Засгийн газраас өргөн мэдүүлснээр УИХ-аас гаргасан хуулиар байгуулж байхаар хуульд тусгажээ.

Монгол Улсад судалгааны их сургууль байгуулах замаар нөөцийг тарамдуулахгүй, зөв менежмент хийхээр зохицуулалтуудыг хуульд хийсэн байна. Их сургуулийг хэв шинжийн хувьд судалгааны, сургалтын, мэргэжлийн хэмээн ангилсан нь санхүү болон засаглалын хувьд бие даасан судалгааны их сургуулийг хөгжүүлэх чиглэлд эрх зүйн зохицуулалтыг бий болгох ач холбогдолтой аж.

Ерөнхийдөө боловсролын тогтолцоог сургахаас суралцахуй руу чиглэсэн дэлхий нийтийн хандлага руу чиглүүлэхээр хуульд зохицуулж өгсөн байна. Хэдэн жилийн өмнөх судалгаагаар Монгол Улсын иргэд оюуны чадавхаараа дэлхийд эхний 12, насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдсан байдлаар 11 дүгээрт эрэмбэлэгдсэн ч Хүний хөгжлийн индексээр 189 орноос 92 дугаарт, Боловсролын индексээр 189 орноос 103 дугаарт, өрсөлдөх чадварын индексээр 141 орноос 102-т, оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараар 49 дүгээрт, мэдлэг чадвараа хөгжүүлэх үзүүлэлтээр 59 дугаарт орж байв.

Хэдийгээр монголчууд оюуны чадавх өндөртэй, бараг бүгдээрээ бичиг үсэгтэй боловч түүнийгээ хэрэглэх чадвар тааруу, мэдлэг чадвараа хөгжүүлэх орчин хийгээд өөрсдийн санаачилга дутуу гэдэг нь дээрх судалгаанаас харагдана. Иймд боловсролын чанарын баталгаажуулалтыг боловсронгуй болгох нь нэн тэргүүний зорилт болж, УИХ-аар боловсролын салбарын багц хуулийг шинэчилж буйн нэг нь дээр өгүүлсэн Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулга юм.

Дээд боловсролын академик эрх чөлөө гэдэгт сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уядаа холбоог тусгаж өгчээ. Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлд ажил олгогч, мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллагын төлөөлөл, бизнес, хөрөнгө оруулагчдын төлөөллийг оруулахаар болсон нь сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог үүсгэх, улмар төгсөгчдийг ажлын байртай болгох боломж бүрдүүлэх юм байна.

Хууль хэрэгжсэнээр дээд боловс­ролын сургалтын байгуул­лагын статус, хэв шинж, бүтэц сайжирч, удирдах зөвлөлд ийнхүү ажил олгогч, мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллагын төлөөлөл, бизнес, хөрөнгө оруулагчдын төлөөллийг оруулснаар сургалт, судалгаа, үйлдвэрлэл, академик эрх чөлөө боловсролын чанарын баталгааны тогтолцоо сайжирна гэж үзжээ.

Түүгээр зогсохгүй дээд боловсролын байгууллагын засаглал, удирдлагын хараат бус, бие даасан байдал хангагдаж, ахисан түвшний сургалт, судалгаа олон улсын жишигт хүрэх боломж бүрдэх ажээ. Боловсролын магад­лан итгэмжлэх үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлж, төрөөс хараат бус, мэргэжлийн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарсан байна. Боловсролын сургалтын байгууллагын удирдлагыг бие даалгах, удирдах албан тушаалд томилогдох хүмүүст тавих шалгуур мэргэшсэн, чадахуйн зарчмыг баримталж, эрх үүргийг нарийвчлан тусгаж өгчээ. Ингэснээр их сургууль, коллеж төгсөөд эрхэлсэн ажил олдохгүй дэлгүүрийн лангууны цаана суудаг, эсвэл мэргэжлээсээ тэс хөндлөн, бага цалинтай ажил хийдэг байдал арилах боломжтой хэмээн үзжээ. Их, дээд сургуулийн удирдлагыг сонгон шалгаруулалтаар томилох, орон нутаг дахь төрийн өмчийн их, дээд сургуульд ажиллаж байгаа багш, ажилтанд орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг тухайн байгууллага олгохоор хуульд тусгажээ.Элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулж байхаар болсон нь ЕБС төгсөгчдөд нэмэлт боломж олгох ажээ.

Дээд боловсролын хуулийг шинэчилснээр:

-Хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх боловсролын зорилго, зорилт, агуулгыг шинэчлэх;

-Сургахаас суралцахуй руу чиглэсэн дэлхий нийтийн чиг хандлагын өөрчлөлтөд нийцүүлэн иргэний хөгжил, төлөвшил, ёс зүй, хандлага, чадамжид чиглэсэн сургалтын агуулга, боловсролын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх;

-Боловсролын удирдлагын тогтолцоог оновчтой болгож, улс төрөөс хараат бус, чадахуйн зарчимд суурилсан хөгжил дэвшлийг хангах;

-Боловсролын цахим шилжилтийг хангаж, цахим боловсрол, зайн сургалттай холбоотой харилцааг зохицуулах;

-Чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг боловсронгуй болгох зорилтуудыг дэвшүүлсэн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top