Beatbox Ray: Найз бүсгүйтэй болсон, гэхдээ амьдрал ярих арай эрт байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 20

Монголын хөгжмийн ертөнцөд beatbox урлагийг хөгжүүлж, өөрийн гэсэн орон зайг бий болгосон авьяаслаг залуутай ярилцлаа. Охид залуусын дунд beatbox Ray нэрээрээ танил болсон Б.Нарандэлгэр өдгөө арлын Японд сурч буй бөгөөд эх орондоо түр хугацаагаар   ирээд байхад нь уулзсан юм. Монголын үндэсний beatbox-ын холбоо байгуулан улсын чанартай томоохон тэмцээн хүртэл зохион байгуулаад авсан түүнд хийж бүтээх ажил, сонирхуулах зүйл их байгаа нь мэдээж.

-Эх орондоо ойр ойрхон ирдэг болж. Өнгөрсөн хавар Японд болсон газар хөдлөлт, цунамигийн үед хаана байсан бэ?

-Тэр айхтар гамшгийн үеэр Японд байж таарсан. Их аймшигтай байсан шүү. Монгол руугаа явах гээд өмнөх өдөр нь дэлгүүр хэсч байтал газар хөдлөлт болдог байгаа. Дөрвөн давхар байшин дотор газар хөдлөлтийн чичиргээ илт мэдрэгдэж, дээвэр нь нурж унахад   тэнд байсан хүмүүс орилж хашгираад эхэлсэн.  

-Ямар хотод байсан юм бэ?

-Токиод байлаа. 6.5 баллын хүчтэй газар хөдлөлт нэлээд өндөр эрсдэл дагуулдаг гэсэн. Энэ хотод өндөр барилга их болохоор ямар ч аюул учрах юм билээ. Тиймээс эхний үед газар хөдлөлтийн чичиргээ зогстол байшингаас гараагүй. Арай гайгүй болмогц нь “Bike” мотоциклоо унаад гэр рүүгээ хурдлахад замын гадаргуу хүртэл бамбалзаад байгаа юм шиг ямар эвгүй санагдсан гээч. Токиогийн хажууханд жижиг хэмжээний дэлбэрэлтүүд болж, дэлхий маань ингээд л сөнөж байгаа юм шиг бодогдсон. “Эх орондоо байсан бол ямар сайхан бэ. Хүний нутагт ингэж ч явах гэж дээ” гээд янз бүрийн юм бодсоор байгаад хоёр хоног нойргүй хоносон. Унтах л юм бол дарагдаж үхчих гээд байгаа юм шиг санагдаад...инээв

-Энэ сэтгэгдлээ хэвлэлийнхэнтэй хуваалцсан уу. Тэнд байсан монголчуудтайгаа хэр холбоотой байв?

-Нисэх буудал дээр ирэхэд сэтгүүлчид шавчихаад ярилцлага авах гэхээр нь татгалзсан. Японд тэгж их айдастай сууж байсан мөртлөө эх орондоо хийж бүтээсэн, төлөвлөсөн ажлуудаа хүртэл бодоод “Яана аа, хайран юм” гэж харамсаад амжсан. Ёстой л нөгөө, хамаг амьдрал нүдний урдуур жирэлзээд өнгөрлөө гэдэг шиг. Эх орондоо ирэхэд эмээ маань таалал төгссөн учраас хэсэг хугацаанд гашуудсан. Улсын хоёрдугаар тэмцээнээ зохион байгуулахаар төлөвлөсөн ч товлосон хугацаандаа хийж амжсангүй. Анхны тэмцээнээ “Мобиком”-ын “Ве” брэндтэй хамтарч, амжилттай зохион байгуулсан. Энэ удаад арай илүү өргөн хүрээнд зохион байгуулах тул санхүүгийн хувьд ч нэлээд нэмэгдсэн. Тэмцээн маань хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг болохоор тус бүртээ онцлогтой. Энэ удаа Дархан, Эрдэнэтэд бүсийн аварга шалгаруулах нэмэлт тэмцээн зохиогдох юм.  Хөдөө орон нутгийн залуус шилдгүүдээ тодруулж, хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжтой гэсэн үг. Мөн ивээн тэтгэгч байгууллагуудтайгаа хамт ЕБС-иудад сурталчилгаа хийж, хүүхэд залууст энэ урлагийн тухай ихийг мэдрүүлэх зорилготой байна. Хэрэв амжвал өнгөрсөн жил зохион байгуулах гээд чадаагүй үндэсний парадаа хийнэ. Энэ бүхнээ ирэх намар л хийх санаатай явна.

-Сүүлийн үед маш олон beatbox-чид төрж байна. Бүгд танай холбоонд харьяалагддаг уу, аль эсвэл тэд өөрсдийн дур сонирхлоор явж байна уу?

-Мэдээж, холбооны гишүүд бий. Намайг эзгүй хойгуур монголд энэ урлаг жаахан уналтад орсон. Ажлаа улам өргөжүүлж, улсын чанартай тэмцээн уралдаанаа зохиох нь дээр юм байна. Уг нь ганц, хоёр жилийн дараа л эх орондоо очьё гэж боддог байсан ч яах аргагүй холбооны маань ажил, хүүхэд залуусын хүсэл тэмүүлэл ийм шийд гаргахад хүргэлээ. Залуус их гайхдаг л даа. “Чи Японд байгаа юм уу, эх орондоо байгаа юмуу. Их ойр ойрхон ирэх юм” гээд л... Монголд хийх ажил их байна. Японд сурахын хажуугаар янз бүрийн ажил хийж, шинэ зүйл хийх гэж зорьж яваа. Энэ удаагийн тэмцээнээс илүү олон залуусыг төрүүлмээр байна. Эхний тэмцээнээс шалгарсан залуус өөрсдийн гэсэн уран бүтээлийг хийж эхэлсэн. Маш гоё хөгжиж байна. Олон авьяаслаг beatbox-чид гарч ирлээ.

-Тэмцээний шилдгүүд ямар шагнал авдаг юм бэ?

-Хүмүүс энэ тухай их асуудаг л даа. Шагналдаа гол учир нь байгаа юм биш. Тэмцээнд оролцсоноор тухайн хүн илүү ихийг мэдэж, туршлага хуримтлуулж аваасай гэж хүсдэг. Магадгүй бусад төрлийн тэмцээн уралдаан, реалити шоунд байр, машин, их хэмжээний мөнгө амлах нь бий. Бидний хувьд, ийм том зүйлс амлах болоогүй. Одоо л дөнгөж эхний алхмуудаа хийж байна шүү дээ. Уламжлалт тэмцээн маань хөгжих тусам шинээр гарч ирж буй залуусын уран бүтээлийг дэмжих тал дээр илүү ажиллана. Цаашид тэмцээний ялагчдад зүгээр л нэг мөнгө атгуулахаас илүүтэй уран бүтээлийнх нь цомгийг гаргаж өгсөн нь дээр байх. Өмнөх тэмцээн маань зөвхөн танилцуулга маягийн нэвтрүүлэг болж гарч байсан бол, энэ удаагийнх нь реалити шоу маягаар үзэгчдэд хүрэх юм. Оролцогчдын дундаас шалгарсан шилдгүүдэд тусгай даалгавар өгч, уран бүтээлийн ажил болон бэлтгэлийн явцыг нь олны өмнө ил тод байлгах зорилготой. Beatbox battle тэмцээнд хэн хамгийн их мэдлэгтэй, гоё дуугаралтыг гаргаж чадсан нь хождог байсан бол, одоо үзэгч болон шүүгчдийн өмнө оролцогчдын уран бүтээлийг гаргаж ирэх юм. Тухайн оролцогчийн амьдрал, уран бүтээл, beatbox урлагийн талаар илүү дэлгэрэнгүй харуулах арга нь энэ.

-Газар хөдлөлт дахих магадлалтай болохоор эргээд очно гэхээс айхгүй байна уу?

-Айх гэхээсээ илүү тэнд үлдсэн сургууль, ажил төрлөө бодох хэрэгтэй. Цаашид тэнд хийхээр төлөвлөсөн ажил олон байгаа учраас шууд орхино гэвэл хэцүү л юм. Гэхдээ газар хөдлөлт дахих магадлалтай болохоор цаашид өөр газарт сурч, ажиллах эсэхээ бодож л байна. Ер нь, нэг жилийн хугацаанд байдал ямархуу байхыг харж л байя.

-Японд ямар ажил хийдэг юм бэ?

-Продакшнуудтай хамтарч тоглолт зохион байгуулдаг. Японд манай Хандмаа гэдэг мундаг дуучин охин бий. Түүний тоглолт болон бусад дуучдын уран бүтээлд оролцох, япончуудтай хамтарч ажиллах гэх мэт олон зүйл хийнэ. Өмнөхөө бодвол, хийх ажил нэмэгдсэн. Хажуугаар нь эх орондоо ирж төлөвлөсөн ажлуудаа гүйцээнэ гэхээр жаахан хэцүү. Хүмүүс намайг тэмцээн уралдаан зохион байгуулах, шоу тоглолт хийхдээ холбооны  залуусыг гүйлгэдэг гэж боддог юм шиг байна лээ. Гэтэл би бүх зүйлээ өөрөө хийдэг. Дүү нар маань жижиг сажиг зүйлд хамтарч ажиллана уу гэхээс биш тэр бүр оролцдоггүй.

-Холбооны үйл ажлаас гадна гадаадад суралцаж байна. Японд амьдарч байгаа учраас бизнес хийж, их мөнгө олдог болоод л санхүүгийн тал дээр санаа зовдоггүй байх гэж ойлгодог хүн цөөнгүй?

-Монгол, Японы хооронд намайг байнга нисдэг болохоор...Үргэлжлэлийг эндээс уншина уу

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top