“Эрхэт Монгол” медиа групп сар тутамд нийгэмд хүлээлт болсон нэг сэдвийг сонгон, тухайн сэдвийн хүрээнд олон талын эх сурвалжтай, тэнцвэртэй, асуудал дэвшүүлсэн, шийдэл хайсан мэдээлэл бэлтгэх зорилготой “Нэгсэдэв-Нэг сар” санаачилгыг эхлүүлсэн билээ. Арваннэгдүгээр сард бид цэцэрлэг, сургуулийн хоол, хүнсний стандарт, шинэчлэлийн асуудлыг хөндөхийн сацуу “Үдийн цайг сүүтэй болгоё” сэдвийг онцолж байна.
Энэ өдрүүдэд манай редакциуд сурагчдын үдийн цайны стандарт, чанарыг сайжруулах нийгмийн хүлээлт, шаардлага саналыг өргөн хүрээнд хөндөх, үдийн цайны төсөв, санхүүжилтийг сурвалжлах, чанар стандартыг сайжруулахад чиглэсэн сэдвийн мэдээ, сурвалжилга, ярилцлагыг бэлтгэсээр байна.
Энэ удаа сүүний ач холбогдлын талаарх иргэдийн байр сууриас онцолж байна.
Орхон аймгийн Эрдэнэт хотын иргэн, багш Ц.Ариунаа:
-"Үдийн цай" бол маш чухал сэдэв. Сүү бол кальциас эхлээд маш чухал амин дэм агуулдаг бүтээгдэхүүн. Хүүхдийн шүд ургах, яс бэхжих, өсөлт, хөгжилтийг дэмжихэд чухал нөлөөтэй. Японд очиж, хүүхдийн үдийн цайны хэрэглээтэй танилцаж байхад бага ангийн хүүхдүүдэд 200 гр-аар савласан сүү, дээр нь 200 гр иогурт, шөл зэрэг хөнгөн маягийн хоол өгдөг юм билээ. Тэр нь ч өег байдаг юм байна.
Хүүхдэд сүүн бүтээгдэхүүн өгөхдөө ариун цэвэр, чанарын шаардлага хангасан, ариун орчинд бэлтгэж сургуулиудад нийлүүлдэг тусгайгазар байвал зүгээр санагдаж байна. Тэгэхгүй бол хугацаа дууссан, гаднаас оруулж ирсэн янз бүрийн хольцтой сүү нийлүүлж мэднэ. Тэгэхээр сургууль, цэцэрлэгийн хоол, хүнсний хэрэглээг хангадаг төрөлжсөн байгууллага хэрэгтэй санагддаг.
Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны иргэн, сэтгүүлч Н.Дуламсүрэн:
-Цагаан идээ бол монголчуудын цалигт хүнс юм. Монголчууд сайн биетэй хүнийг яс сайтай гэдэг. Энэ нь цагаан идээний л хишиг барилдлага юм. Багачуудад үдийн хоолонд нь сүү өгөх санаачилга бол монголчууд сэрсэн сэргэсний нотолгоо мөн.
Сургуулийн хүүхдүүдэд өгөх сүү нь сүргийн бэлчээрээс, сүүн заводоос шууд нийлүүлэгдэх ориг байвал нэн сайн. Үнээ тугал эхлээр бэлчиж явахад үнэхээр харамсдаг. Үндэсний баялгаа өнөөг хүртэл танихгүй, үйлдвэрлэхгүй, үр хүүхдэдээ өгөхгүй явж ирлээ.
Өгөөжтэй хүнсээ эрүүл,ариунаар нь авч сурагч багачууддаа хүртээх арга чаргаа бодох нь зүй шүү. Сүү бол сүлдтэй хүнс, сүнстэй хүнс, амьд хүнс. Багад ээж орой бүр хөөрүүлсэн сүү өгөөд тараг уулгаж өсгөсөнд үнэхээр баярлаж явдаг, өнөөг хүртэл эрүүл саруул явах абшиг бүрэлдүүлж өгчээ л гэж боддог. Дадсан хүнс бол дархлаа юм. Далай баян Монголын үрс эрүүл саруул өсөн бойжиход их л тустай үйл болно.
Сэтгэгдэл ( 0 )