Монгол үндэсний бөхийн уламжлал, шинэчлэл шийдэл

2023 оны 11 сарын 25

ОРШИЛ

Монгол үндэсний бөхийн барилдаан бол бусад төрлийн барилдааны тулгуур барилдаан юм. Тиймийн тул Монгол бөхчүүд дэлхийн бусад улс үндэстний бөхийн барилдаанаар барилдахад дөхөмтэй байдаг ба өндөр амжилт үзүүлсээр ирсэн нь өмнөх түүх гэрчилнэ. Монгол бөх бол олон хувилбар баялаг мэхтэй, барьцтай, барьцгүй, хав дөрвөлжин золгож барилддагаараа онцлогтой бөгөөд Х.Баянмөнх аваргын  хэлснээр “найман зүгийн тэнцвэртэй барилдаан” юм. Сумо , шрым бөх нэг л хазайвал ойчдог. Самбо, жүдо, чөлөөт, сонгомол барилдааны тамирчид  дэвжээнд хажуулдах, дөрвөн хөллөх, цээж, хэвлийн хэсгээр унахад ялагдал хүлээдэггүй. Тодорхой дүрмийнхээ дагуу оноо юмуу үнэлгээ алддаг. Гэтэл Монгол бөх өвдөг, тохой, толгойн орой газар хүрэх төдийд барилдаан шийдэгддэг. Тэгэхээр үндсэн агуулга нь тэнцвэрийг дээд зэргээр шаарддаг. Тэнцвэртэй байхын тулд суурь сайтайгаас гадна мэдрэмж өндөртэй байх ёстой. Дээр үеийн бөхчүүд мэдрэмж, ёс зүй өндөртэй байсан учраас “дөрвөн хөлтэй бух байхаас дөрвөн хөлтэй бөх байдаггүй” гээд тахимаа өгсөн гэх хууч, домог цөөнгүй бий. Монгол бөхийг зарим хүмүүс “спорт биш” гэдэг.  Монгол бөх бол үндэсний том өв соёл ч мөн. Их спорт ч мөн. Чөлөөт, жүдо ихдээ л арав орчим минут барилддаг. Тэгвэл Монгол бөх бол арав, хорин минут барилдах наад захын үзэгдэл. Үнэхээр тэсвэр, тэвчээр шалгасан шалгарсан барилдаан. Монгол бөхийн язгуур мөн чанар нь өв соёл, зан заншил, их спортын олон хэв шинжийг өөртөө агуулсан өвөрмөц цогц халз тулааны нэгэн төрөл юм. Монголчууд хүчит бөх, эрхий мэргэн харваач, хурдан хүлэг морьдоороо дэлхийн талыг эзэлсэн нь хэнд ч ойлгомжтой билээ. Энэ бол үгүйсгэх аргагүй түүхэн нотолгоо юм. Монгол төр морь, бөх, сур гурвын хүчинд үүссэн болохоор Монголын төр эрийн гурван наадам хийдэг уламжлалтай юм аа.

 

УЛАМЖЛАЛГҮЙ ШИНЭЧЛЭЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ

Монгол бөх “хөх тэнгэрээр дээврээ, хөрст дэлхийгээр дэвжээгээ хийж” орон зай, цаг хугацаанд уяагдахгүй барилддаг байсан түүхэн уламжлал нь орчин үеийн амьдралын хэв маягтай харшлах болсон билээ. Аливаа улс үндэстэн өөрсдийн зохиосон бөхийн төрлүүдээ уламжлал, шинэчлэлтэй хослуулан үндэсний болон Олон Улс, тив, дэлхий, олимпын хэмжээнд хөгжүүлж иржээ. Цаг зуурын асуудлаас болж өв уламжлалаа гажуудуулах нь тухайн спортын төрлийн насжилт богиносох, үзэгч, дэмжигчийн тоо цөөрөх, хандлага, сэтгэхүй нь өөрчлөгдөх зэрэг сөрөг үр дагавар хүссэн хүсээгүй гарч ирдэг байна. Цагийн шуурганд уламжлалаа л аваад хаячих аваас тийм гэхийн тэмдэггүй болох аюултай. “Монгол бөхийн орон” гэлцдэг. Гэвч Өвөрмонгол бөхийг эс тооцвол Монгол Улсад одоогоор Монгол бөх /Халх барилдаан/ хэмээх ганцхан төрлийн барилдаан л байна. Баруун Монголын “Бух ноолдоон” гэдэг элс, элсэрхэг газар, талаар нь цэвэр дардаг чөлөөт барилдаантай төстэй бөхийн барилдаан байсныг монголчууд өөрсдөө л хоцрогдсон феодолын юм гэж ад үзэж 1936 оноос хориглосон байдаг. Эдүгээ Увс аймгийн уугуул зарим настай хөгшчүүл, цөөн тооны судлаачид л Бух ноолдооныг мэдэхээс биш залуу үе огт мэдэхгүй ба ерөнхийдөө гээгдэн орхигдож устлаа. Гэтэл манайд “Элсний бөх” гээд гадаадаас өөр бөхийн төрөл ороод ирэх жишээний. Япон Улс 1700 гаруй жилийн түүхтэй сумо бөхөө уламжлалынх нь дагуу үндэсний болон дэлхийн түвшинд хөгжүүлж, сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тогтмол явагдаж байна. Ганц сумо гэхгүй Жүдо барилдаан нь олимпын түвшинд, “жүдогийн эцэг” гэгддэг Жюү Жицү нь сүүлийн жилүүдэд дэлхийд хурдацтай хөгжиж байна. Энэ бол уламжлалаа шинэчлэлтэй хослуулж авч явж байгаагийн тод баталагаа юм. Хэрвээ маваши гэх өмсгөлтэй,  дохе гэдэг тусгай зассан дугуй дэвжээн дээр барилддаг сумо бөхийг хөлбөмбөгийн хиймэл зүлэг эсвэл чөлөөтийн шар алаг дэвжээнд барилдуулвал сумо бөх сумо бөх биш болж хувирна. Наад захын үүнийг Япончууд мэдэхийн дээдээр мэдэж байгаа бөгөөд хэзээ ч тийм уламжлалаа уландаа гишгэсэн үйлдэл гаргахгүй.

 

МОНГОЛ БӨХ ХИЙМЭЛ ЗҮЛГЭН ДЭЭР БАРИЛДАХ ЁСГҮЙ

 

Японы мэргэжлийн сумогийн тэмцээн / нэг жилд Нацү, Кюүшү, Харү, Аки, Хацү, Нагоя гэсэн зургаан баше/ эхлэх бүрт хуучин дэвжээг эвдлэн буулгаж шинэ дэвжээ засдаг уламжлалтай. Ер нь сумо гэлтгүй ямар ч төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулахад тэр спортын төрлийнхээ дэвжээ, талбайг засах нь олон улсын тогтсон жишиг. Харин Монгол бөх бол зуны дэлгэр цагтаа зүлэг ногоон дэвжээн дээрээ барилдчихдаг. Тусгайлан дэвжээ засуулж төвөг уддаггүй уламжлалтай. Зүүн, баруун жигүүрээсээ тэлүүлэн дэвэн дэвсээр гарч ирэх бөхчүүд зүлэг ногоон дэвжээнийх нь зохицол зүйрлэшгүй сайхан сүрлэг харагддаг. Энэ уламжлалыг 2015 оноос үгүй хийсэн. Төв цэнгэлдэх хүрээлэнг услаж зүлэгжүүлэхээс төвөгшөөн зардал хэмнэх нэрийн дор өөр арга хэмжээнүүдээс ашиг олох арга залиар жилдээ ганц болдог Монгол төрийн наадмын хүчит бөхчүүдээ хиймэл зүлгэн дээр барилдуулж эхлэсэн. Хангай дэлхий дэлэгнэсэн зуны сард алгын чинээ газрыг усласан услаагүй ургадаг ногоо нь ургадагаараа ургачихдаг л баймаар. Хүчийг үзэн барилдах бөхчүүд хиймэл зүлэг хоёр ямар ч зохицол, сүр байхгүйгээс гадна хуурай ширүүн уур амьсгалтай манай оронд халуунд халахаараа нагор үнэртээд нөгөө хэдэн бөхчүүлийн дотор нь муухай оргиод хортой нөхцөлд ажиллаж буйгаас өөрцгүй байдал үүссэн. Энэ тухайгаа Улсын харцага Н.Батзаяа “Гүндүүгүй яриа” нэвтрүүлэгт орсон ярилцлагандаа дурьдаж байв. Бас “Даарь нь дээр нь давс” гэгчээр “хүзүүгүй” хэмээгдэгч нэг нөхөр төрийн есөн хөлт цагаан тугийг тойрч “дэвж” гүйгээд Монгол бөхийн дэвжээг сэвтээсэн гэж ард түмэн хэлцдэг нь оргүй биш ортой. Цэнгэлдэхэд янзан бүрийн арга хэмжээ болдог. Тэгэх бүрийд түмэн хүмүүс гуталтайгаа туучина. Нус цэрээ хаяна. Түүн дээр нь зодог, шуудгаа нандигнаж хойморио залдаг бөхчүүд барилдана. Эрүүл ахуйн стандарт түй ч байхгүй. Тийм л орчин нөхцөлд нөгөө хэдэн бөхчүүд маань барилдаж ард түмнээ баясгаж байна даа. Өөр нэгэн жишээ гэвэл, МҮБХ-ны 30 жилийн ойг тохиолдуулан “Жем интернэшнл” ХХК Бөхийн өргөөний дэвсгэр хивсийг шинэчилж, улаан, ногоон, шар алаг дэвжээ бэлэглэсэн. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ гэж байхаас улаан, шар алаг дэвжээ гэж байхгүй. Өнгөний билэгдлийн хувьд улаан өнгийг урд зүгийнхэн эрхэмлэдэг. Монголчууд дээр үеэс улаан өнгийг цус үзхийн дохио гэж цээрлэдэг байсан. Олимпын аварга, Улсын заан нь дотны өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин найзаа цустай нь хутгаж хөнөөгөөд шоронд явсан. Уламжлал гэдэг “улных” болсон. Улс Монголын хойч үеийнхэн ийм болсон.  

 

ЭРИЙН ГУРВАН НААДМАА ГУРВАН ӨДӨР ХИЙХ ЁСТОЙ

Туурга тусгаар улсын билэгдэл жилдээ ганц удаа болдог төрийн наадмаа хоёрхон өдөрт чихдэг, тэгсэн атлаа олон хоног амардаг улс дэлхий дээр Монголоос өөр хаана ч байхгүй. Олимп хартынхаа дагуу 16 хоног, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ихэвчлэн 7-8 хоног, улсын аварга шалгаруулах дотоодын тэмцээн 2-3 хоног явагддаг байхад Монгол төрийн наадам долоон сарын 11-нд нээлтээ хийгээд маргааш нь дуусчихна. Уг нь бол уламжлалаараа Монголчууд долоо ба түүнээс дээш хоногоор наадамлаж байсан юм билээ. Орчин үед олон хоног наадамлахгүй гэвэл ядаж гурван хоногт багтааж Улсын наадмаа хийдэг байх ёстой. Сүүлийн жилүүдэд хуулиараа хагас сайн өдөр амардагийг ч хэлэх үү наадмаар 5-7 хоног зоолттой бүх нийтээр амардаг болоод байгаа. Наадмын нээлтийн дараа үд дундын үед бөхийн барилдаан эхэлдэг. Тэгш ойн жил 1024 бөх барилдахад хоёрын даваа харанхуй шөнө дуусдаг. Цэнгэлдэхийн гэрлийг асаагаад барилдуулдаг. Гэрэлгүй ч барилдаж байсан түүх бий. Засуул, цэцүүд шөнө гэртээ харина. Ядарна. Буруу зөрүү шүүнэ. За тэгээд наадмын төгсгөлийн буюу хоёр дахь өдөр нь морь цоллоно. Цоллогч засуул халуун наранд бөх засахын хажуугаар гурван удаа цол дуудна. Сур, шагайчдын шагналыг гардуулна. Зарлиг уншина. Бөхчүүдийн цолыг олгоно. Юманд хөөгдөж байгаа шиг бөөн юм болно. Тэгсээр байгаад Монгол төрийн наадам шөнө дуусч, есөн хөлт цагаан тугийг ордонд шөнийн цагаар оруулж залсан болно доо.

 

БИДНИЙ ӨВӨГ ДЭЭДЭС АЛИВАА НАЙР НААДМЫГ НОХОЙ ЦАГААС УРЬТАЖ ДУУСГАДАГ БАЙЖ

 

Нохой цаг гэдэг нь 19:40-өөс 21:40. Нохой өөрөө гасламтгай мөн чанартай учраас нохой цагт нийт олноороо дуулж орилж, баярлаад байхаар тухайн үйл явдалд цөв орно гэж үздэг аж. Үнэхээр ч цөв орж байна даа. Наадмын дараа намар гээд л допингийн хэрүүл эхлэнэ дээ. Амралт, зугаалга, архидалт нь ихэдсэн нийгэмд амьдарцгааж буй мөртлөө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай социолизмын үеийн сэтгэхүйгээр төрийн наадмаа хийх нь тун хачирхалтай. Социолизмын үед нэгдэл, нийгмийн ажил хэцүүдэнэ. Улс төрийн товчооныхон ба уригдсан зочид төлөөлөгчдийг уйдаана, чилээнэ гэж захиргаадалтын аргаар хоёр өдөр наадамддаг байсандаг. Соёлын гавъяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, нэрт яруу найрагч Цэндийн Чимэддорж агсан “Ерэн есөн этээ” хэмээх элэглэлийн номондоо Ж.Мөнхбат аваргад зориулсан элэглэлдээ: Улс төрийн товчооныхон архидах гэж яараад

Хоёр бух мөргөлдөхөд салгаж чадахгүй хэвтэж байж

Хоёуланг маань хасчихдаг 1969 он

“Хоёр Мөнх”-ийн хувьд бол 1937 он байсийм

...Эрийн гурван наадмаа хоёрхон өдөрт чихдэгийм

Эдийн засаг талаасаа тийм чагт­тай юм гэж онож бичсэн билээ.

Орчин үеийн дарга нар амралтын газар очиж архидах гэж яараагүй юм бол бүх нийтийн амралтын хоног нь хангалттай байхад төрийн наадмаа гурван өдөр хийх хэрэгтэй. Эхний өдөр нээлт, “Дээлтэй Монгол”, нэг, хоёрын даваа, хоёр дахь өдөр нь өв соёлоо суртчилсан бусад арга хэмжээ, гурваас тавын даваа, гурав дахь өдөр нь зургаагаас ес, арвын даваа, хаалт хийхэд наадам эртхэн ч тарна. Тэгэхгүйгээр хоёр өдөр чихчихээр үйл явдал нь ихдээд хугацаа нь давчдаад нөгөө л муу хэдэн бөхчүүд ноцолдоод салахгүй хамаг ажил амьдрал алдагдуулаад улс орны чухал асуудал  хойшилогдоод байгаа юм шиг “жүжиглэж” байдгаа больцгоовол таарна. Японы мэргэжлийн сумо бөхийн тэмцээн жилдээ зургаан удаа зохиогдож нэг удаагийнх нь 15 хоног үргэлжилдгийг бид бэлхнээ харж, мэддэг шүү дээ. Япон шиг хөгжилтэй орон хаана байна вэ. “Хариулж надад хэлээд өгөөч”.

 

БӨХЧҮҮД ЗОДОГ, ШУУДГАА УЛАМЖЛАЛЫН ДАГУУ ОЁУЛЖ ӨМСӨХ ХЭРЭГТЭЙ

 

Монгол бөхийн барилдааны онцлог нь зодог, шуудгандаа байдаг билээ. Бөхчүүд хэн нэгнийхээ зодог, шуудганаас барьж авч мэхээ хийж барилддаг. Бөхийн цолонд “..барин авч барилдая гэв ээ” гэх нь ч бий. 1930, 40, 50-иад оны үеийн Улс хувьсгалын ойн баяр наадмын бөхийн барилдааны бичлэгийг харж суухад тэр үеийн бөхчүүдийн зодог, шуудаг тавиу, ширээс нь цөөн, зөөлөн, барьц чөлөөтэй өгдөг байжээ. Тийм учраас гар хуруу нь гэмтэх нь бага, хуруугаа боосон бөх байхгүй. Ёстой жинхэнэ уран мэхийг уралдуулан барилддаг байж. Дан ганц тэр үеийнх ч гэлтгүй саяханы 1980, 90-ээд оны бөхчүүдийн зодог ч ерөнхийдөө тийм байсан байна. Өнөөгийн дийлэнх бөхчүүд жин ихтэйн дээр зодог, шуудганы ширээс нь өргөн, жаахан тавиу оёулснаа биедээ тааруулаад тануулчихдаг болохоор барьц чөлөөт авч барилдаж болохгүй, барьц чөлөөтэй авч болохгүй болохоор барилдаан гардаггүй. Тулж зогсож байгаад нэг барьц барихаараа бяртай нь өргөөд тавьчихдаг. Барилдаан удааширч үзэгчдийг чилээн шүүмжлэл дагуулж идэв­хээр давуулах хүртлээ доошоо орсон нэг шалтгаан нь зодог, шуудганы уламжлал алдагдсантай холбоотой. Энэ тухай Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв “... зодог шуудаг хуучныхаас өөр болсон юм билээ...” гэж  байлаа. Өөр болсон гэдэг нь барьц сайн өгдөггүй бариу болгосон гэсэн үг л дээ. Ер нь “уутан” ба “саран” хэлбэрийн зодог, шуудгний аль нь ч барьц чөлөөтэй өгөхөөр тавиухан бол барилдаан хурдан шийдэгдэнэ. Тэгэхгүйгээр бариу хэвээрээ байвал барилдаан удааширдагаараа удааширна. Хуруу гар гэмтэнэ. Хагас дутуу хэд халаад л тавиулчихна. Хуруугаа боолгох гээд эмч рүү алхана. Эрүүл мэндээрээ хохирно. Цаг алдана. Үзэгчид чилнэ. Үзэгчгүй спорт мөхнө. Хуруугаа боолгосон бөхчүүд олон байгааг бид дэлгэцээр ч үзэж байна. Дэргэдээс нь ч харж байна. Иймээс Монголын зарим бөхчүүд өөрсдийн ухамсараараа Монгол бөхөө сайхан болгоё гэвэл зодог,шуудгаа уламжлалынх нь дагуу уужуухан тавиу хийлгээд өмчих хэрэгтэй. Энэ тийм хэцүү биш. Жаахан сэтгэл гаргахад л болох зүйл. Уламжлал л Монгол бөхийг аварна. Гацаж удааширсан үзэгдлээс үтэр түргэн гарах гарцын нэг нь ердөө л энэ.

 

ИДЭВХТЭЙ БАРИЛДСАНД НЬ ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСНООР БАРИЛДААН ХУРДАН ШИЙДЭГДЭНЭ

Анх 2000-аад оны эхээр удаа­шир­сан барилдааныг шийдэхийн тулд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурлаар, шоо хаяж шодоод өөрийн талаар буусан бөх нь нэг гараараа шуудагнаас, нөгөө гараараа алсын зүврэгнээс тойруулан барьж, хоёр бөхийн шанааг зөрүүлэн барилдуулдаг шахааны барьцыг дээрх цэцдийн зөвлөлийн гишүүн бөхчүүдийн дийлэнх олонхийн саналаар батлаж хэрэгжүүлсэн. Удалгүй ид барилдаж байсан зарим бөхчүүд уг барьцыг “Үхлийн барьц” хэмээн нэрлэснийг тэр үед бөхийн холбооны дэд тэргүүнээр ажиллаж байсан Д.Данзан “Үхлийн барьц гэх нь муу ёр, хаялцах барьц” гэж “Бөх” сониндоо бичиж, улмаар “хаялцах барьц” болон хувираад хорь орчим жил мөнөөх шахааны барьцны дүрэм үйлчилсэн. Тус дүрэм нь өндөр, чацтай, жин ихтэй хүнд давуу байдал олгодог, ямар ч сонголтгүй “харгис” дүрэм байсан юм. 170 см өндөртэй 90 кг жинтэй  бөх, түүнээс хамаагүй өндөр их жинтэй бөх ч тэр шахааны барьцыг барих, бариулахаас өөр хувилбар байгаагүй. Гар урттай хүн ч байна. Богино гартай ч бөх байна. Хөлийн цэцүүд  бөхчүүдийг өнөөх барьцаар бариулах гэж бөөн юм болдог байлаа. “Хаялцах барьц” гэж цэцэрхэж нэрлэсэн албан хүчээр сонголтгүй шахаж бариулдаг шахааны барьцны дүрэм үйлчилснээр Монгол бөхөд дараах хэд хэдэн сөрөг үзэгдэлүүд бий болсон юм.   Нэгд бөхчүүд жингээ нэмдэг болцгоосон, хоёрт бөхчүүд жингээ нэмэх үүднээс элдэв уураг, эм бэлдмэл хэрэглэдэг болсон, гуравт бөхчүүд допингтой байнга нэр холбогдох болсон, дөрөвт бөхчүүдийн жин нэмэгдснээр хөдөлгөөн нь удааширч Монгол бөхийн баялаг мэх, техник цөөрч “зовлогний ноцолдоон” болж хувирсан. Энэ бол цаг хугацааны шалгуураар нэгэнт ил тодорхой болсон эмгэнэлт түүх юм. Энэхүү алдаатай бодлого шийдвэрийг засаж залруулах гэсэн оролдлого хэд хэдэн удаа хийгдсэн. Шахааны барьцыг халсан. Бөхчүүдийн барилдаан сэргэж ирсэн сайн тал бий. Гэсэн ч эцсийн шийдлийг олохгүй байсаар 2023 оны Улсын наадмаар удаан барилдсан бөхийг идэвхээр давуулж Монгол бөхийн язгуур шинж чанарыг алдагдуулж, ард түмнийг талцуулж, өвөг дээдсийн өвлүүлж үлдээсэн өв соёлыг “өөх ч биш булчирхай ч биш” болгож балиартуулсан. “Нүгэлийн нүдийг гурлиар хуурав” гэгчээр “тэгш барьц” гэж нэрлэсэн барьц нь үүсээд байгаа асуудлыг түр аргацаасан, хүч бяр нь тэнцээд бие нь хүндэрээд бие биенийхээ хөдөлгөөнийг уншчихаад хаялцахгүй байгаа хоёр бөхөд адилхан барьц бариулчихаар хаялцах ямар ч магадлалгүй болчихож байгаа юм. Онолын хувьд ч тэр. Бодит байдал дээр ч тэр. Монгол бөхийн барилдааны амин сүнс нь хоёр бөх унах, давахдаа л байдаг. Монгол хүний сэтгэхүй бөхийн барилдааныг унасан, давснаар л хүлээж авдаг. Оноо юм уу үнэлгээгээр ялагч нь тодордоггүй Монгол бөхийг идэвхи гэдэг үнэлгээгээр давуулах нь ямар ч логик, утгагүй үнэлгээгээрээ ялдаг жүдо, эсвэл оноогоор, даралтаар хождог чөлөөтийн тамирчин өрсөлдөгчөө тэврээд шидхэд үнэлгээ, оноо алдахгүй түрүүлгээ буюу доошоо хараад унахад шууд цэвэр ялалт заасантай адил байж боломгүй үйлдлийг үндэсний бөхөд “хэрэглэсэн” нь туйлын харамсалтай хэлмэгдүүлэлт юм. Тэгвэл энэ гацаанаас яаж гарах вэ. Гаргалгаа нь нэгд зодог, шуудагийг барьц чөлөөтэй өгөх тавиу болгох, хоёрт идэвхитэй барилдаж байгаа бөхөд давуу байдал олгох. Давуу байдал олгоно гэдэг нь саначлагатай, идэвхитэй, олон хувилбар мэхний оролдлого хийж барилдсан бөхийг 3-5 мэхний барьцыг сонголттойгоор сонгуулж, идэвхгүй барилдсан бөхийг барьц бариулахгүйгээр барилдуулах хувилбар юм. Идэвхтэй барилдсны урамшуулал болгож 3-5 мэхний хувилбар барьц нь дараах хувилбарууд байж болно.

1. Идэвхтэй барилдсан бөх нэг гараараа сугадаад нөгөө гараараа шуудагнаас барих,

2. Идэвхтэй барилдсан бөх давхар шуудагний барьц авах,

3. Идэвхтэй барилдсан бөх гар таллаж суга хонхорцогний барьц авах,

4. Идэвхтэй барилдсан бөх учраа бөхийнхөө хөлийг тахимаар нь гараа холбож авах,

5. Идэвхтэй барилдсан бөх элэг бүс, сэнжигний барьцыг барих

Эдгээр бүх хувилбаруудад идэвхгүй барилдсан бөх барьц барихгүй байх ба өөрийн авъяас чадвараараа барилдааны явцад өөрөө барьц олж барин хамгаалалтын хувилбарт шилжиж хариу мэх хийж барилдана. Ингэснээр Монгол бөхийн барилдаан унасан, давснаараа шийдэгдэж, үндсэн агуулга нь үл алдагдана. Тааварлашгүй уран хурц барилдаанууд гарна. Үзэгчдийн тоо нэмэгдэнэ. Үнэт өв өнө удаан оршин тогтноно.

 

ХАРЦАГА ГАРЬД БОЛ ИЛҮҮДСЭН ЦОЛ

 

Даншгийн болон Улс хувьсгалын ойн баяр наадамд үзүүрлэсэн бөхөд арслан, тэгш ойн жил зургаа давсан бөхөд заан, долоо давж дөрөвт үлдсэн бөхөд арслан цолыг тус тус олгож байсан түүхэн уламжлал байсаар байтал улсад нэг ба түүнээс дээш найм давж үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд арслан цолыг нь өгөхгүй алаг үзсээр адаг сүүлд нь хэрүүл зарга тэмцэлийн хэлбэрт оруулаад тэрхүү тойргоосоо гарахын тулд бөхийн нэрт судлаач, өвгөн бичээч Ц.Бат-Очир гуайн номыг сөхөж даншгийн наадамд цөөн тооны бөхчүүдэд харцага, гарьд  цол олгож байсан бичгийн баримтаас санаа авч улсын наадамд зургаа давсан бөхөд харцага, найм давсан бөхөд гарьд цолыг олгохоор зааж зүтгүүлэн хуульчилсан билээ.  Өмнө нь харцага гэдэг цолыг улсын наадмын хүүхдийн барилдаанд үзүүрлэсэн өсвөрийн бөхөд олгодог байлаа. “Зуун ямаанд жаран ухна” гэгчээр хэдэн бөхөд хичнээн ч цол хэрэгтэй юм. Цол ихдэж цолтон олширохын хэрээр цолны үнэ цэнэ буурч, түүнийг дагаад Монгол бөхийн нэр хүнд унах олон шалтаг шалтгааны нэг нь болжээ. “Цол олширохоор бөхийн чанар мууддаг” гэсэн яриа ч бий. Нэг удаа зургаа давсан өсөх идэр чимэгтэй начин, найм давсан үлэмж бадрах заан хоёрыг хэдэн ч удаа тав, долоо давсан начин, заануудын дээр эрэмбэлэн зохицуулаад шийдчих  юмыг заавал орооцолдсон олон цол олгох болсон нь илүү маяг болсон юм аа. Улсын наадамд зургаа давсан бөхөд Улсын харцага, найм давсан бөхөд Улсын гарьд цол олгоод эхлэхээр суманд 128 бөх, аймагт 256 бөх барилдсан тохиолдолд хүссэн хүсээгүй аймгийн харцага, гарьд цол олгох шаардлага гарч ирсэн. Гэтэл аймгийн гарьд гэж цол байхгүй. Баахан аймаг, сумын харцага цолтонууд төрсөн. Тэгснээ Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар суманд 64, аймагт 128 бөх барилдахаар хуулинд тусгасан. Ингэхээр эргээд аймаг, сумын харцага цолтон төрөхөөргүй болж байгаа. Монголын бөхчүүдийн дийлэнх олонхийг аймаг,сумын цолтой бөхчүүд бүрдүүлдэг. Улсад болохоор харцага, гарьд цол олгоод байдаг. Аймаг, суманд байдаггүй. Сумын харцага бөх биш Улсын харцага бол бөх гэдэг тийм теором ойлголт Монголын ард түмний дунд лав байдаггүй билээ.Үндсэн хуулинд хүн тэгш эрхтэй байхыг заасан.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top