Утаатай ч гэсэн Улаанбаатар минь-2

2023 оны 12 сарын 02

Түрүүч нь

Нийтлэлч Б.Чимидийн “Сарны бидэр” хэмээх VII ботиос нь түүний “Утаатай ч гэсэн Улаанбаатар минь 1, 2” нийтлэлийг энэ дугаартаа нийтэлж байна.


“Уудам Азийн Монгол

Улаанбаатар нийслэл минь

Дөрвөн уулын дундаа 

Тэнгэрийн заадас шиг ярайна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар гэсэн энэ үг монгол хүн бүрийн зүрх сэтгэлд ухаан суух цаг мөчөөс эхлэн бүхэл амьдралынх нь туршид хадгалагдан үлддэг. Сайхан эх орныхоо төдийгүй ертөнцийн дөрвөн зүг, найман зовхист ажиллаж амьдарч яваа хэн бүхэн эх орон, элгэн халуун монгол нутгаа санагалзах үедээ, эх орныхоо нийслэл Улаанбаатараас хөдөлсөн, ниссэнээ санан дурсдаг нь мэдээж. Та бидний сэтгэл оюунд ингэж шингэж ууссан газар орон бол яах аргагүй Улаанбаатар хот.

Намуухан шөнө түг түмэн зулаа асааж

Нарлаг өдөр бум буман толио гялбуулж

Хөх цэнхэр тэнгэрийн дор дурайсан

Хөвч ханагар уулын ард ярайсан

Сайхан монгол орноо тэтгэгч булаг болсон,

Саруул их үе өөд  зүтгэгч хөлөг болсон

Улаанбаатар хот минь хүч чадлаа эрчлээд

Улс монгол орныхоо амьсгаа болон тэлж байна. Шинэ Улаанбаатарын өнөөдрийн өнгө төрх энэ.

Нэгэнтээ билгүүн номч Б.Ринчен “Үнэн” сонины 1944 оны 163 дугаарт нийтлүүлсэн “Урьдын Да хүрээ өнөөгийн Улаанбаатар” өгүүлэлдээ, “Хуучин хүрээ бол баялаг гоёсог сүм хийдтэй, хоосон ядуучуудын ноорхой хар овоохойтой, нийгэм олны тэгшгүй байдалтай, баян, үгээгүй эрс тэс зөрөлддсөн шинжтэй, лам, ноёдын хот, нохой гуйлгачин хоёрын  орон байжээ” гэж бичиглэж байсан цаг тун саяхан. Гэтэл 1915 онд Хүрээгээр явсан эмэгтэй жуулчин Е.Козловагийн өгүүлснээр,  ...Хотын байдлыг үзвэл хүний хаясан хог буртгийг идэж явдаг, ер тэр гэх эзэнгүй золбин хар нохой, бас газар дээгүүр өдий төдийгөөр элэн нисэж явдаг элээ шувуу энэ хотыг буртгаас нь бага зэрэг салгаж  өгдөг ариун цэврийн санитарууд байгаа бололтой... хэмээжээ.  Манай хотын өмнөх нүүр царай энэ.

Хүн төрөлхтөн яасан ч сайхан юмыг өөрийн гараар бүтээдэг юм бэ. Дэлхийн уран барилгын гайхамшгуудаас эхлээд өнөөгийн хот балгадын өнгө төрхийг хараад, бас гайхаад ханашгүй. Түүний нэг нь Уудам азийн монголын Улаанбаатар нийслэл.

Хот байгуулалт гэдэг өөрийн хуультай. Хэн дуртай нь өглөө босоод зааж заавардаад, өөрчлөөд байдаггүй. Үүнийг л хотын ерөнхий төлөвлөгөө хэмээдэг. Өмнөх дөрвөн ерөнхий төлөвлөгөөг хуучин ЗХУ-ын Москва хотын архитекторууд, хот төлөвлөгчид манайд зохиож өгсөнийг өмнө нь дурдсан.  Нэгэн удаа Төрийн шагналт зураач  Н.Чүлтэм, “Манайхан гараараа тун бага юм хийсэн. Харин өөрийн гараар 700 гаруй сүм хийдээ устгаж чадсан” гэх утгатай үг хэлсэн байдаг. Тэр үгэнд бодууштой юм их бий. Манай өмнөх дөрвөн ерөнхий төлөвлөгөөг мөн л манайхан “эвдэж” чадсан. Манай ахмадууд хэлэх юм билээ.  1990 он хүртэл Улаанбаатар яг л ерөнхий төлөвлөгөөнийхээ дагуу хөгжиж байсан гэж. Тэгээд яагаад ерөнхий төлөвлөгөөг мөрдөхөө больсон бэ. Хэн. Хамгийн том шалтгаан бол улс орон зах зээлд шилжиж, газар үнэд орж, нөгөө дэд бүтцээ татаж амжаагүй, дөрвөн уулынхаа дунд 600.0 мянган хүнтэй хот байна хэмээсэн чинь болохоо байсан билээ. Байшин барилга баръя гэхээд тэр дулаан, цахилгаан, халуун хүйтэн ус нь хаана байна, байхгүй. Тэгэхээр хамгийн ойрхон байгаа тэр л шугамтай холбохоос өөр арга байсангүй. Ингээд л шавж эхэлсэн юм.

Нөгөө “газрын наймаа” гэдэг юм  бас ингэж эхэлсэн. Хамгийн их эрх мэдэлтэй хүн газрын албаныхан болж хувирсан. Хотоос гадна дүүргийн засаг дарга нар газар олгож, заримдаа өөрийн юмаа өгч байгаа юм шиг аашилсан.  Улаан тоосгон том том грашууд энд тэнд, орон сууцны хороололд баригдаж, хотын төвийн байшинууд бүгд нүхлэгдсэн. Ямар өргөн саруул гудамжтай хорооллууд байлаа, бүгд үхрийн бөөр шиг юм хажуудаа нааж, машин байтугай хүн явахын аргагүй болгосон. Үүнийг хот дүүргийн удирдлагууд өөрсдийн мутрын үзүүрээр  хийсэн. Мутраар  гэдэг нь захирамж дээр тэд гарын үсэг зурдаг байснаас л тэр.

Том том цэцэрлэгт гудамж талбай газарт орж, оршин суугчдын амарч тухлах зай талбай өмчтэй, хөрөнгөтэй бүхэнд булаагдсан. ДСНК-ийн цэцэрлэг, Холбоочдын цэцэрлэг, дүүргүүдэд байгуулж эхэлж байсан цэцэрлэгт хүрээлэнгүүд бараг устсан. Хүүхдийн паркын газраас хумсалж, ботаникийн цэцэрлэг хугаслагдаж, дендрари хагаслагдсан.

Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгийн 2 га талбайг Ю Би констракшн гэдэг компанид шилдэг төсөл нэрээр өгч 10 жил ямарч арчилгаа хийлгүй, үзмэрч, мэргэчдийн үүр болгон хаяж, эмнэг сургагчтай усан оргилууртай цэцэрлэгийг Шанг Ри-ла оффисын барилгад өгч, төрийн орны арын цэцэрлэгийг устган Парламентийн ордон барина хэмээн сүүлийн 20 жил дайрч ирлээ. Улаабаатар хотын төвийг Богдхан уултай холбосон ногоон “хаалга” байхаар төлөвлөсөн өмнөх дөрвөн ерөнхий төлөвлөгөөний үзэл баритмтлал алдагдаж, одоо Богд хан уулаа харж чадахааргүй болтлоо бөглөсөн зэрэг нь ерөнхий төлөвлөгөөг өөрийн гараар гажуудуулсан явдал гэхээс өөр аргагүй. 

Иргэдийн амьдрах орчин болсон хот байгуулалтын бодлогод ингэж субьективаар хандсаныг зөвтгөх ямарч үндлэс байхгүй. Зарчмаас хазайн гэдэг бол бараг гэмт хэрэг. Ийм нэг хүний субъектив хандлага хотын хөгжилд маш их саад тотгор болдгийг бид харахаараа нэг болж байна.

Эмнэлэг, шорон хоёр элбэгшвэл улс орон мөхөж буйн дохио гэдэг үгийг би хэн нэгнээс сонссон юм байна. Хотын төвд цагдаагийн, шүүх, хуулийн яасан олон барилга сүндэрлэнэ вэ. Шоронгийн баригын дотоод гадаад тохижилт, өнгө үзэмжийг тэнд саатаад гараад ирсэн нөхөд бахдан ярьж байна. Бараг энд ирээд гарахад “хийморь” сэргэлээ гэх нь халгүй байна. Гэтэл хүүхэд багачуудын сургууль, цэцэрлэгийн хүртээмж ямархан байгаа билээ. Тэр “сайхан” саатуулах газар  Ц.Элбэгдоржоос бусад нь ороод гараад ирэх шиг боллоо. 

Манай хот ийм сав суулгаа хотоос зайдуухан барьж босгож байхад буруудахгүй. Газар дээрээ сүндэрлэж байгаа, бидний нүдэнд ил харагдаж байгаа нь л энэ болохоос далд өч төчнөөн юм бий. Газар дор бүхэл бүтэн хот  тэр чигээрээ байгаа шүү дээ. Тухайлбал хотын инженерийн байгууламж, дулааны болоод цахилгаан хангамж, цэвэр бохир ус, ариутгах татуургын  сүлжээ тэр аяараа байгаа. 

Анх 1931 онд анхны Дулааны цахилгаан станц баригдаж, шугам хоолой татаж эхэлж байсан бол одоо 376 км болж, тэр үеийн 76 мм-ийн шугамыг 3-5 удаа өргөтгөж 1200 мм-ийн диаметртэй шугамууд баригдлаа. Ийм л бүдүүн судсаар нөгөө уур ус маань урсаж байна.  Манай зарим нөхөд яагаад жил болгон ухаад байдаг юм бэ гэж халаглах. Аргагүй шүү дээ, анх хэдэн байшинд ус, дулаан хүргэж байсан бол одоо бүхэл бүтэн хотхон, хорооллоор нь хангах шугам хэрэгтэй ш дээ. Энэ нь хязгаартай болохоор л түүндээ ойртоод байшингаа шаваад байгааг эрх биш та гадарлана даа.

Үүнийг дулаан, цахилгаан, усан хангамжийн систем гэж нэрлэдэг. Зүрх судасны систем гээд эмч нар нэг юм ярьдаг даа. Яг л тэр гэсэн үг. Хотыг нэг хүний бие гэвэл артер болоод венийн судас шиг улаан, хөх тийм л анатомийн дүр зураг буудаг. Түрүүн хэлсэн тоо бол зөвхөн хотын магистраль шугамын урт. Дээр нь нэмээд орон сууцны байшингууд, албан газар, аж  ахуйн нэгж гээд 135.0 мянган хэрэглэгч рүү татсан шугам нь нарийн л болохоос биш, бас олон зуун км юм бий. Энэ бүгдийг гурван том дулааны цахилгаан станц, усан хангамжийн систем, дээр нь нэмээд Амгалангийн шинэ баригдсан станц хангаж байна.

 Хамгийн их хэл ам дагуулаад байгаа нэг юм бий. Энэ бол эрчим хүчийг зохицуулах, дулаан хангамжийг зохицуулах, түүнийг үйлдвэрлэх болоод түгээх үйл ажиллагаанд гардаг хүндрэл. За яахав ТЭЦ-үүд цахилгаан болоод  дулаанаа үйлдвэрлэдэг юм байж. Мэдээж төв, баруун зүүн бүс гээд түгээж ч болно. Улаанбаатар хоттой холбоотой юм нь Улаанбаатарт үлдэж болдоггүй нэгдсэн системдээ оруулаад яам гэх босоо удирдлагад аваачаад өгчисөнд хамаг учир нь байгаа. Хэд хэдэн удаа  хот дулаан, эрчим хүч хуваарилалтын юмаа авах гэж оролдсон боловч талаар болсон.

Хотын шуурхай дээр дулааны болоод цахилгаан шугам сүлжээний дарга нар ирж суугаад, яамны бодлого, манай мэдлийн юм гэх ухааны яриа гаргаад  ихэрхэж суусныг олон жилийн өмнөөс би бишгүйдээ нэг харж байсан. Үүнээс үүдээд нийслэл хотыг дулаан болоод эрчим хүчээр хангах нь яамны гэхээсээ илүү хотын бодлого, тэлэлт, хүн амын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ, нийслэлчүүдийн амин шаардлага байх байтал түүнийг яамандаа танилцуулж, зовлон жаргалаа тоочин байж станцаа өргөтгөх үү, нэмж барих уу, хөрөнгө мөнгөө яахав гэдэг асуудлаа шийдүүлнэ гэдэг амаргүй биз дээ.

Дөрвөн жилд хэд ч солигддог юм бүү мэд, шинэ сайдын царай харж суух гэдэг хотод тийм ч сайхан юм биш. Очиж очиж хотыг дулаан өвөлжүүлэх үү, хөлдөөх үү гэдэг яамны асуудал уу, хотын асуудал уу. Эрчим хүчний яам ч гэсэн “Даахгүй нохой булуу цуглуулав” гэгчээр хотод хамаатайг өөрт нь үлдээгээд, хот ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн  өргөжиж, хүн амын өсөн нэгдэж буй хэрэгцээгээ гаргаад цааш хэрхэхээ өөрөө шийдээд явах бүрэн үндэстэй мэт. 

Хамгийн ойрын жишээ. Саяхан “Амгалан” дулааны станц ашиглалтанд орлоо. Бас л хотын өмч биш. Дэргэд нь бичил уурын зуухаар халдаг өдий төдий хувийн хаус, байшингууд байхад  том том  хашаатай нөхөд тухайлбал “Универсаль Жоинт” ХХК, 150 мм-ийн шугам татаж авчихаад, тэндээс өгөх техникийн нөхцөл гарчихаад байхад ч “хоноц хоноцдоо дургүй” гэгчээр шугамнаасаа салаалуулахгүй гүрийсээр сууна. Үүнийг уул нь хот зохицуулаад өгч болох атал одоо эрчим хүчний зохицуулах хороо л “зохицуулах”-даа хүрч, тэр нь иргэд болоод СӨХ, хороонд ойртож ирэх  жижиг гар биш, ийм зовлон хотоор нэг.

“Зөвлөлт засаг дээр цахилгаанжуулалтийг нэмбэл коммунизм болно” В.И.Ленин. Харин “Гэр хороолол дээр цахилгаанжуулалтийн нэмбэл утаагүй болно. Хэн бэ? Шөнийн цахилгаанаа бараг үнэгүй Орос руу өгдөг атлаа хотод хэд хэдэн дэд станц, хуваарилах байгууламж л барьчих юм бол хэн тэр “хар нүүрс”-тэйчин зууралдахыг хүсэх юм бэ. Өнгөрсөн жилүүдэд  “Самбалхүндэвийн эргэмжийн газар” бараг 1000-аад шарил нүүлгэн байж “Хүчит шонхор” дэд станцын байгууламж барилаа. Тэр нь Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 20-30 мянган айлыг цахилгааны гачаалаас гаргах хэмжээний ажил болжээ. Ийм станц хотод одоо хэд хэрэгтэй вэ. Манайд түүнийг босгох газаргүй гэнэ. Тэр уулын орой дээр ч байж болох эд л дээ. Уулаар хүрээлэгдсэн Улаанбаатарт  айлууд уул өөд авираад болж байхад, Сүхбаатарын талбай шиг газар хайгаад байгаа бол бүтэхгүй.

Дараачийн нэг юм бол усны асуудал. Нийслэлийн хэрэглэгчдэд ус түгээгүүрийн боловсронгуй системээр хангах ажил 1959 оноос эхэлсэн түүхтэй. Энэхүү 60 жилийн хугацаанд 10-аад удаа өргөтгөл хийж хоногт долоо эх үүсвэрийн гүний 222 худагнаас 145.0 мянган шоо метр ус хэрэглэгчдэд хүргэж байгаа. Харин бохир усны тухайд 90 гаруй хувь нь механик болон биологийн цэвэрлэгээнд ордог. Ус хангамжийн эх үүсвэрийн нөөцийн судалгааг Япон улсын мэргэжлийн байгууллагууд хийсэн бөгөөд хоногт 200.0 мянган шоометрээс хэтрэхгүй нөөцтэй гэсэн судалгаа гаргасан байдаг аж. Мэдээж хүн ам нэмэгдэхийн хэрээр усны хэрэгцээ бас л нэмэгдэж таараа.  Ус уухгүй амьтан гэж алга. Дээр нь ус их хэрэглэдэг үйлдвэрүүд манай  хотод маш олноор байгуулагдсан. 

Миний залууд орон сууцтай айлын почкиноос байнга л ус гоожиж, дуугарч байдагсан. Одоо харин тийм юм бараг алга болсон төдийгүй тоолуураар тооцож усны төлбөр авдаг болсон нь нөлөөалсөн нь магад. Түрийвчтэй нь тооцоод ирэхээр гамнаж хэмнэж эхэлдэг нь манай тогтсон ёс доо. Харин нөгөө л газар доогуурх шугамнууд хуучирсан, солих, өргөтгөх шаардлага мөнхийн дагуул. Үүнээс хол хөндий хэн ч байж чадахгүй.

Нэгэнт усны хоногийн хэрэгцээ шаардлага  өсөөд байх болохоор цэвэр усны нөөцийн судалгаа, хайгуулийн ажил бас л хаячихаж болохгүй, хэл ам дугуулсан хэвээр байгаа.

Учир нь эрэл хайгуул гэдэг эрдэм шинжилгээ, судалгаа гээд асар их хөрөнгө мөнгө шаардсан, хайж хайж жаахан юм оллоо гэхэд түүнийг ашиглах ТЭЗҮ боловсруулах гэж түүнээс ч амаргүй ажил байдаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Бүр олоон жилийн өмнө ЗХУ-ын мэргэжилтнүүдийн боловсруулсан Туул голыг хааж Гацууртын аманд далан байгуулан, ундны эх үүсвэр болгох  судалгаа цаасан дээрээ насжиж, одоо бараг хэрэггүй ажил мэт болоо биз ээ. Уг нь дэлхийн том том хотууд тийм том далан байгуулан хөрсний ус ашиглаж ирсэн бөгөөд нөгөө газар хөдлөхөөр сэтрээд Улаанбаатар хот усанд автана гэсэн “айдсын үлгэр”-ээс салаагүй хэвээрээ байгаа болохоор тэр асуудалд анхаарахаа болиод байх шиг. Гэтэл дэлхийн улс орнууд, Япон мэт газар их хөдөлдөг оронд ч гэсэн газар хөдлөлтөөс болж далан нурах нь 100 жилд нэг тохиолдох ховор үзэгдэл  хэмээн ярьж байхыг сонссон юм байна. 

Ус ховордох, бохирдох, цаашлаад “амны усаа” алдахад хүрэх гэдэг амаргүй. Хотын ундны усны худгууд, түүний хамгаалалтын горимыг дээшлүүлэх, хотоос гарч буй бохир усыг цэвэрлэн Туулд нийлүүлэх зэрэг нь хотын усан  хангамжийн талаар бодох хамгийн том асуудлууд. Усанд нөлөөлөхгүй юм гэж алга. Да хүрээ байхаас авахуулаад хотын хог хүртэл хөрсөнд нөлөөлж, цаашлаад газрын гүн, ус руугаа орно. 

Нэг үе голфийн талбай хотод хортой мэт улс төржиж, хөөж тууж чадсан атлаа оронд нь тэндхийн 100 гаруй га талбайд нь орон сууцны хороолол босгоод хаясаныг бодохул яасан ч их харалган ханднав гэх сэтгэл хааяа төрдөг юм. Гэтэл Токио хот дотроо бараг 100 гаруй гольфийн талбайтай гэж л сонссон юм байна. Гольф бол цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж л шүү дээ. Харин ундны усны эх үүсвэр дээр байгуулж буй “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээ битгий барилгажуулчихаараа л гэж захих минь. Ус бас л  их хотын ирээдүйн асуудал.

Ер нь Улаанбаатарынхаа ирээдүйн төлөө санаа зовохгүй хүн гэж байх ёсгүй. Хамгийн гол нь батлагдсан ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу, хэн хүний субьектив санаа бага ороод цааш хөгжиж чадвал манай хот маш ирээдүйтэй хот.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top