Өмнөговь аймгийн ИТХ-ын XV ээлжит хуралдаан өнгөрсөн баасан гарагт болсон. Хуралдаанаар аймгийн ирэх 2024 оны төсвөө хэлэлцэн баталлаа. Өмнөговь аймгийн хувьд түүхэндээ анх удаа 1.4 ихнаяд төгрөгийн төсвийг хэлэлцэн баталсан нь анхаарал татах сэдвийн нэг юм. Тэгвэл сөрөг хүчин болох аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгээс төсөвт тусгуулахаар найман үндэслэл бүхий саналыг хүргүүлсэн. Тэдгээр саналын хэд нь төсөвт тусгагдсан талаар Өмнөговь аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Баянмөнхөөс тодруулсан юм.
-Өмнөговь аймаг түүхэндээ анх удаа 1.4 ихнаяд төгрөгийн төсвийг хэлэлцэн баталлаа. Ирэх 2024 онд аль салбарт илүү хөрөнгө оруулалтыг хуваарилсан байна вэ?
-Өмнөговь аймгийн орлогын гол эх үүсвэр бол уул уурхай, эрдэс баялаг байдаг. Түүнийг олборлож байгаа аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар 40 хувь, хүн амын орлогын албан татвар болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэргээс бүрдсэн 1.4 ихнаяд төгрөгийн төсвийг хэлэлцэн баталлаа. Төсвийн хөрөнгө оруулалтын гол асуудал нь зам харгуй, дэд бүтэц рүү чиглэсэн байна. Мөн нийгмийн салбарт тодорхой хөрөнгө оруулалтыг хийсэн төсвийг баталлаа.
-Танай намын бүлгээс төсөв батлахаас өмнө найман үндэслэл бүхий шаардлагыг аймгийн ИТХ-ын даргад хүргүүлсэн шүү дээ?
-Тийм ээ, манай намын бүлгийн гишүүдийн хувьд төсөв батлах явцад, ялангуяа Хөгжлийн жилийн төлөвлөгөө батлахад идэвхтэй оролцож, байр сууриа илэрхийллээ. Бидний зүгээс найман төрлийн асуудлыг бодлогын түвшинд боловсруулж оруулсан. Бидний өгсөн санал агуулгын хувьд тусгагдсан. Гэхдээ дотоод тал дээрээ зарим нэг нь орхигдсон зүйл бий. Үүнээс гадна бүлгийн гишүүд яг нийгмийн тойрогт чиглэсэн бодлогын асуудал, мөн хөрөнгө оруулалт болон дэд бүтцийн асуудал зэрэгт 35 саналыг тусгаж хүргүүлсэн. Эдгээр 35 асуудлаас 50 хувь нь төсөвт тусгагдсан байна. Бид тойргуудаар явж, олон талын судалгаа хийсэн. Энэ ч утгаараа бүлгийн гишүүд төсөв батлах үйл явцад амжилттай, идэвхтэй оролцлоо гэж дүгнэж байна.
-Та бүхний зүгээс цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 100 хувь нэмэх саналыг гаргасан ч АН-ын төлөөлөгчид олонхийн саналаар хүлээж авсангүй. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Манай намын бүлгийн зүгээс цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 100 хувь нэмэх санал гаргасан. Энэхүү санал дэмжигдсэнгүй. Учир нь, одоогийн цэцэрлэгийн хүүхдүүдэд олгож байгаа хангалттай гэж АН-ын бүлгийн зарим гишүүн үзлээ. Нэмэх боломжгүй гэдэг шийдвэр гаргасан.
-Өнгөрсөн жил санагдаж байна. Танай намын бүлгийн зүгээс цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 50 хувь нэмэх саналыг гаргаж, нэмүүлж чадсан. Энэ жил дахин нэмэх үндэслэл нь юу байв?
-Тэгсэн, өнгөрсөн жил 50 хувь нэмэх санал гаргаж байсан. Тэгээд 50 хувь нэмсэн. Одоо тэрхүү 50 хувийн нэмэгдэл нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өсчихсөн үед нөгөө нэмэгдэл нь хуучин хэвэндээ очих нөхцөлийг бүрдүүлчихсэн гэж үзэж байна. Сая нэмсэн бол жинхэнэ нэмэгдэл болох байлаа. Энэ бүхнээ нэлээн ойлгомжтой тайлбарласан. Гэвч энэ жилдээ нэмэх боломжгүй байна гэж үзлээ.
-Өмнөговь аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж бага байдаг гэж сонссон. Төсөв хэлэлцэж байхад ч зарим төлөөлөгч хөндөж байна билээ. Ирэх жил хэчнээн сургууль, цэцэрлэг шинээр баригдах нь вэ?
-Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа нь үнэн. Цэцэрлэгүүдээр явж байхад нэг ангид 58 хүртэлх хүүхэд байна. Бид саналаа өгсөн. Одоогийн байдлаар дөрвөн цэцэрлэг шинээр барих төсөв ирэх жилийн төлөвлөгөөнд тусгагдсан. Баригдаж дуусаагүй сургуулиудын хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлнэ.
-Төсвөө хэр хэмнэж вэ. Шаардлагагүй хөрөнгө оруулалтыг хийсэн, багтаасан зүйл харагдана уу?
-Байлгүй яах вэ. Төсвийн хэмнэлтийн горимын үед хэвлэл мэдээллийн сурталчилгааны зардал өндөр байна. Томилолт, шатахууны зардлыг өндөр тавьсан, их хэмжээгээр нэмсэн байна. Түүнчлэн сургалтын зардал гэсэн нэрээр их хэмжээний мөнгө тусгасан байна. Ихэвчлэн тэрбум төгрөгөөс дээш дүн тавигдсан харагдана. Эдгээрийг бол тэвчиж болох зардал юм. Төсвийг зов оновчтой хуваарилж, онож зарцуулж чадах юм бол аймаг хөгжих бүрэн боломжтой.
Сэтгэгдэл ( 3 )
харин хэрэгтэй хэрэггүй гадаадын томилолтоо болих хэрэгтэй хаа сайгүй ийм зардалд төсвийн мөнгө үрэхээ болих хэрэгтэй байгаа, туршлага судална гэж байгаа боловч яг үнэндээ тэр туршлагаа хэрэгжүүлдэггүй
аливаа улс орны хөгжлийн суурь нь хүн, хүний хөгжил шүү дээ тэгэхээр хүний хөгжилдөө анхаарч сургалтын зардалд төсөв гаргаж байгаа бол зөв л байна шдээ харин томилолт, шатахууны зардлаа тухай тухай үед нь хэмнээд явчихаж болох байлгүй дээ том газар нутагтай ихэнх сум нь алслагдсан учраас бас ойлгож болох юм \n
Шал худал. Сэддорж дүнхүү толгой бушуу далд ороосой