Л.Ариун: Цаасан сонин боловсролтой хүмүүсийн хэрэглээ

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 12 сарын 12

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дотор хэвлэмэл бүтээл буюу цаасан сонингийн орон зай цахим орчинд шахагдаж байна гэлцдэг нь нэг талаар үнэн ч нөгөө талаас  бодит мэдээллийг сониноос олж авдаг хэмээн уншигч, захиалагчид хэлдэг. Тэгвэл сүүлийн үед цаасан сонин эргэн ирж байна гэдгийг судлаачид хэлж байна. “Цаасан сонины хэтийн төлөв, өнөөгийн байдлыг тодорхойлох судалгаа”-г хийсэн Хүмүүнлэгийн их сургуулийн багш, Ph.D, дэд профессор Л.Ариунтай ярилцлаа.


-Цаасан сонины өнөөгийн байдал, цаашдын хөгжлийг судлаачид юу гэж тодорхойлж байна вэ?

-Зөвхөн Монголд гэлтгүй дэлхийд сүүлийн 20 жил цаасан хэвлэлийн тоо, борлуулалт буурсан. Дэлхийн томоохон сонинууд өдөр бүр дугаар гаргадаг байснаа больж, цөөлөх хандлагатай болсон. Тухайлбал, долоо хоногийн эхний таван өдөр нь сониноо хэвлэж гаргаад, зургаа дахь өдөр нь цахимаар гаргах ч юм уу, ийм арга замыг сонгож байгаа гэсэн сүүлийн үеийн судалгаа байна. Энэ талаасаа өдөр тутмын сонинууд долоо хоногийн бизнес сонинуудын загвартай төстэй болж байна гэж зарим судлаач үзсэн байсан. Гэхдээ өдөр тутмын сонины өөрийн онцлог гэж бий. Жишээ нь, “Өглөөний сонин” цаасан болон цахим гэсэн хосолсон хэлбэрээр гарах нь орлогоо нэмэгдүүлэх гол үндэс гэж судлаачид тодорхойлж байгаа юм. Эсвэл бямбын дугаараа онлайн болгох ч юм уу, ийм хэлбэр байж болох нь. Анх цахим сонин гаргаж эхлэх үед буюу одоогоос 20 жилийн өмнө цаасан сонины ирээдүйг “Өртөг өндөр, мод ховордож байгаа учраас цахим болно. Яваандаа огт үгүй болно” гэлцэж байв. Гэтэл 20 жилийн дараа цаасан сонин байсаар байна. Судлаачид цаасан сонин устаж үгүй болохгүй гэж үзэж байгаа. Харин цахим хувилбар гарч ирснийг боломж гэж дүгнэсэн. Цаасан сонин 20 мянган захиалагчтай байсан бол цахим сонин гарч ирснээр залуу, шинэ уншигчдыг татаж, тухайн сонины нийт борлуулалт 30 мянга болж өсөх боломжтой. Цаасан болон цахим хувилбар гэдэг тусдаа ойлголт биш гэж судлаачид үздэг. Тэгэхээр цаасан сонин оршин тогтнож байвал тэнд ажиллаж байгаа сэтгүүлчид ажлаа хийгээд, харин сонины  бизнесийг удирдаж байгаа хүмүүст цаасан сониныхоо хөгжиж ирсэн түүх, сэтгүүлчдийнхээ ур чадварт шинэчлэл хийж, цахим сониныг давхар авч явах  “бизнес загвар”-ыг санал болгох болсон.

Олон улсад “Цаасан сонин боловсролтой хүмүүсийн хэрэглээ” гэж үздэг. Сүүлийн үед дэлхий даяар хүмүүсийн мэдээлэлд итгэх итгэл буурсан. Ийм үед сонин юу бичих вэ гэвэл, иргэдийн өөрсдийнх нь хүсэж байгаа зүйлийг бичих ёстой гэсэн судалгаа байдаг юм билээ. Өөрсдийнх нь төлөөлөл байвал түүнд итгэдэг. Тэгэхээр дан улс төр, амжилттай яваа хэдхэн бизнесмэний тухай бичээд байвал надад ямар хамаатай юм бэ гээд уншихгүй байх магадлалтай гэсэн үг.

-Сонины захиалга, борлуулалт буурсан шалтгааныг юу гэж үздэг вэ?

-Хэвлэмэл сонинд ажиллах хүний нөөц, тээврийн болон цаасны зардал гэдэг ойлголтууд үйлдвэрлэлийг бууруулах үндсэн шалтгаан гэж үздэг. Миний судалгааны зорилго цаасан сонин устах уу, үгүй юу гэдэгт чиглэсэн. Сонины ирээдүйг хайсан. Мэргэжлийн хүмүүсийн дунд явуулсан судалгаанаас үзэхэд  90 гаруй хувь нь хэвлэмэл сонин 20 жилийн дараа эргэж сэргэнэ гэсэн прогноз гарсан.Сонины борлуулалт буурсныг улс орнуудаар авч үзвэл, манай оронд АНУ-ын нөлөө их байдаг. Япон, Өмнөд Солонгост цаасан хэвлэл хэрэглэгчийн тоо буураагүй. Олон улсын судалгааг харахад Энэтхэгт цаасан сонины хэрэглээ эргээд өссөн байна. Шалтгаан нь хүн амын тоо нэмэгдсэн, эдийн засаг өссөнтэй холбоотой. Дээр нь дижитал хэлбэрүүд ч сайн хөгжиж байна.

-Сонин эргэн ирж байгаагийн нотолгоо гэвэл та юуг онцлох вэ?

-Судалгаанд оролцогчид янз бүрийн үндэслэл, гаргалгаа  дэвшүүлсэн байсан. Зарим нь хуучин соёл эргэн ирж байгаатай холбон тайлбарласан. Жишээ нь, пянз, ном сонин гэх мэт хуучин соёл эргэн ирж байна гэж үзсэн байсан. Судлаачийн өнцгөөс миний хийсэн ажиглалтаар бол хэдэн жилийн өмнөх судлаачдын дүгнэлтэд “Цаасан сонин уншдаг 40, 50 настнууд үгүй болоход цаасан сонин хамт байхгүй  болно” гэсэн таамаглал дэвшүүлдэг байсан бол сүүлийн үеийн судалгаанууд “Ээж аав, эмээ өвөө нь сонин уншдаг гэр бүлд өссөн хүүхэд өөрөө 30, 40 нас хүрэх үедээ сонин захиалах дадалтай болсон байдаг” гэсэн сайн тал харагдсан. Тухайн үед 20 настай залуус технологийн эринийг дагаж явсан ч аав нь сонин уншдаг байсан бол тэр дадлыг хайж, цаасан сонин захиалах үзэгдэл  гарч байна гэсэн судалгаа байдаг.

-Тэгэхээр сонин уншдаг хэвшил, дадал уламжлагддаг байх нь?

-Сошиалын хэрэглээ сөрөг эрсдэл дагуулах болсон зэргээс шалтгаалж сүүлийн үед сонин, ном, хэвлэмэл бүтээлийг сонирхох хандлага эргээд бий болж байна. Цахим мэдээллийн богино бичлэгийг олон нийт хүлээж авах нь хурдан мэт харагдаж байгаа ч эсрэгээрээ даацтай нийтлэл, том асуудлыг олон талаас анализ хийсэн мэргэжлийн хүний бичвэр үгүйлэгдэж эхэлсэн байна. Аналитик нийтлэлийн эрэлт, хэрэгцээ байсаар байна. Сонины нийтлэл баримттай байдаг.

Баримт болж үлддэг. Хүч түрэн орж ирж буй дижитал эрин үеийн хамгийн гол сул тал бол мэдээллийн үнэн бодитой байдлын алдагдал, хуурамч мэдээлэл. Эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр дэлхий даяар хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйд итгэх олон нийтийн итгэл буурч байгаа ба үүнийг цаасан хэвлэл эргүүлэн авчрах боломжтой гэж  судлаачид үзэж байна. Сэтгүүлзүйн доктор, профессор М.Зулькафил багш “Сонины сэтгүүлчид илүү тогтвортой, төлөвшсөн хүмүүс байдаг” гэж дүгнэсэн байдаг. Сошиал талбарыг харж байхад ч  сонинд ажилласан хүний оруулж буй пост хүртэл уншууртай байдаг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top