Д.Цэцгээ: XXI зуунд бамбай булчирхайн эмгэгүүд их давамгайлж байна

2023 оны 12 сарын 16

“Энэ хорвоогийн хамгийн үнэт зүйл эрүүл мэнд” хэмээн  ажил мэргэжлээрээ бахархах дуртай Анагаах ухааны  магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэрэгтэй “Альтернатив” эмнэлгийн  дотрын эмч Д.Цэцгээ сайн эмчээс гадна зөв хүнд байх эрхэм чанарыг эрхэлсэн ажлаараа харуулж, өвчиндөө шаналсан олон хүнд авралын гараа сунгаж, ачлал энэрлээ өгч яваа ачтан билээ. Дайчин чадварлаг, итгэлтэй, зүтгэлтэй, сэтгэлтэй тэрбээр эмч хүнийхээ ёс зүйг хамгаас эрхэмлэн зөв оношилж, үзлэг үйлчилгээгээ мэргэжлийн өндөр түвшинд чадварлаг гүйцэтгэдэг учраас үйлчлүүлэгчдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээж, баярлаж талархсан үгсэд нь умбаж  суудаг нь лавтай. Тиймээс түүнийг хол ойроос зорин  ирсэн хүмүүс  эдгэрч  инээгээд, нүд сэтгэлдээ баярын мишээл тодруулаад буцдаг ажээ.

Ингээд 30 гаруй  жил эрүүл энхийн төлөөх үйлсэд хөтлөгдөж, хөглөгдөж яваа мянга мянган эмч нарын төлөөлөл Д.Цэцгээ эмчтэй ярилцсанаа уншигч танаа хүргэе. Түүнд хэрхэн яаж амжилттай ажиллах вэ, ажлаа хэрхэн сайжруулах вэ гээд дандаа  хийж бүтээх чин эрмэлзэл, эрэл хүслээр дүүрэн явж ирсэн он жилүүд сэтгэлд нь тодхон үлдсэн байдаг гэлээ.


-Таныг сумын эмнэлгээс ажлынхаа  гараагаа эхэлж байсан гэдэг. Магадгүй эндээс ажлын их туршлага хуримтлуулсан байх даа?

-Миний бие Төв аймгийн Заамар суманд төрсөн. 1981 онд АУДС-ийн эмчилгээний ангид орж  1987 онд төгсөөд хөдөө сумын эмчээс ажлын гараагаа эхэлж байлаа. Ингэж сумын эмнэлэг буюу анхан шатнаас нь эхэлж 10 жил ажилласан минь надад маш том туршлага болж өгсөнд баяртай явдаг. Энд ганцхан дотрын эмчээ хийхгүй, хүүхэд эх барьж аваад бага зэргийн шарх байвал түүн дээр оёдол тавих, өндөр настануудаа үзнэ гээд  хийхгүй, оролцохгүй ажил гэж үгүй. 1993 онд Улаанбаатар хотод орж ирээд СХД-ийн эмнэлэгт өрхийн эмчээр ажилд орсон. Энэ хугацаанд  мэргэжлээ дээшлүүлэх зорилгоор 1996 онд дотоод шүүрлийн булчирхайн эмчийн курст суралцсан. Энэхүү чин зорилго, хүсэл мөрөөдлөөрөө Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэгт дотоод шүүрлийн булчирхайн тасгийг анх санаачлан нээж 10 гаруй  жил эмчээр ажилласан. Сүүлийн 1-2 жил эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо “Альтернетив” эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн орлогч дарга буюу дотрын эмчээр ажиллаж байна. Нийтдээ   36 жил  эрүүл мэндийн салбарт ажиллаж явна. Эмчийн  мэргэжилдээ хайртай. Учир нь 10  жилийн  сургуулийн сурагч байх үеэс л эмч болох юмсан гэсэн далдхан мөрөөдөлтэй, эмчийн цагаан халад өмссөн хүн гоё харагддаг байж билээ. Амьдрал дээр  ч эмч хүн дандаа буяны үйлс хийж байдаг. Хүн ардаа эмчилье, эдгэрүүлье гэсэн эмчийн ариун тангарагтаа үнэнчээр зүтгэж, Манал бурханыхаа даалгавраар хүний хамгийн үнэтэй эрүүл мэнд гэдэг капитал дээр ажиллаж байдаг болохоор буян түгээсэн сайхан мэргэжил.

 -Сүүлийн үед дотоод шүүрлийн булчирхайн өвчлөл ихсэж байгаа нь эмч мэргэжилтнүүдийн сэтгэлийг зовоох боллоо. Энэ талаар тодруулахгүй юу?

-Дотоод шүүрлийн булчирхай гэдэг ерөнхийдөө бодисын солилцооны өөрчлөлт. Ялангуяа XXI зуунд энэ өвчин улам ихэсч, улмаар бамбай булчирхайн эмгэгүүд их давамгайлж байгаа. Дээр нь таргалалтаас үүдэлтэй чихрийн шижин, хүмүүсийн идэж ууж байгаа хоол хүнстэй холбоотойгоор хэт их таргалалт бий болсон. Мөн махны хэрэглээ ихтэй холбоотойгоор тулай,үе мөч өвддөг өвчнүүд гээд энэ бүгд дандаа дотоод шүүрлийн эмгэгт ордог юм. Миний бие 30 гаруй жил ажиллахдаа хүнд  таван  зүйл л маш чухал байдаг юм байна гэж ойлгодог болоод байгаа. Нэгдүгээрт:  эрүүл энх, аз жаргалтай явахын тулд хоол их чухал байдаг. Хоолоо зөв цагтаа, зөв хэмжээтэй тохируулж хэрэглэж чадахгүйгээс монголчуудын гол дунд элэгний өвчин, ходоодны хорт хавдар, чихрийн шижин, даралт ихсэх, зүрх судасны өвчин их байна. Хоол хүнсээрээ дамжуулан нүүрс ус өөх тос, уургийн солилцоо, микро элементүүд, кали, магни, кальци, витамин Д-г авч байх ёстой. Энэ солилцоо л алдагдаад байгаа юм. Тухайлбал, нүүрс усаа 60 хувь авч авах ёстой байтал хэт их бүр 70-80 хувь аваад байна. Өөрөөр хэлбэл, дандаа сахар оролцуулсан амттай бүтээгдэхүүн хэрэглээд байна гэсэн үг. Өтгөн кофе маш ихээр уугаад байгаа нь  монгол хүний бие организмд хэр зохистой  билээ гэдгийг бодолцох ёстой. Хиамийг нарийн ярих юм бол махны хамгийн муу бүтээгдэхүүнээр хийдэг. Бас хамгийн муу махаар  хуушуур хийж ямар тосонд шарж байгаа билээ гээд л асуудал их байна шүү дээ. Тийм учраас хоолноос болоод ихэнх нь өвдөөд байна. Бид амаараа өвчин худалдаж аваад байна гэхэд бараг хилсдэхгүй цаг үе ирсэн. Хоёрдугаарт,  хөдөлгөөн маш чухал. Хүний биед 200 гаруй булчин шөрмөс бий. Тэрхүү үеэрээ буюу толгой хүзүүгээ хөдөлгөхгүй байнгын компьютер ширтээд юм уу, эсвэл утас дэлгэц үзээд байгаа зэрэг хүзүүний шохойжилт бий болоод үүнээсээ болоод тархинд очих цусан хангамж нь муудаад даралт ихсэх юм уу эсвэл тархи толгой эргэж нойргүйдэл хүртэл үүсчихсэн байдаг. Гуравдугаарт: сэтгэл санаа. Хүн сэтгэлийн амьтан гэдэгчлэн та ажлаа сайн хийсэн байна шүү дээ  гэж  хэлэхэд л ямар урамтай санагдах билээ. Тийм учраас сэтгэл санаа  100 хувь  байх ёстой. Гэтэл ороо бусгаа энэ цаг үед стрес, бухимдал нийгмийн байдал, сошиалаар дүүрэн сөрөг мэдээлэл гээд сэтгэл санаа тавгүйтэх асуудал их байна. Дээр нь замын түгжрэл. Мөн  утаа тортгийн асуудал бас эрүүл мэндэд асар их нөлөөлж байгаа. Машины утаа тортгоос гадна яндангийн утааг  хэдэн жил бууруулна гэж ярилаа. Дорвитой шийдсэн зүйл алга. Төр, засгийн бодлого иргэддээ ээлгүй, буруу байгаа учраас хүмүүс маш их бухимдалтай байгаа нь туйлын үнэн. Дөрөвдүгээрт:  харилцаа хандлага. Яагаад гэвэл  хүн хоорондын  үл ойлголцол, харилцаа хандлага буруу байгаагаас болоод зөрчил үүсдэг шүү дээ.

-Эмч нар маань эрвийх дэрвийхээрээ ажиллаад зүтгээд л байгаа харагддаг. Гэтэл шүүмжлэл дагуулсаар л байдаг нь нууц биш?

-Тийм шүү. Ялангуяа сүүлийн үед эрүүл мэндийн салбар хүнд сурталтай гэж ярих болж. Үнэн чанартаа улсын эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй байна. Нэг эмч 30 хүн үзэх ёстой байтал 50,60 хүн үзэж байх жишээтэй. Хүн л чинь ядарна  биз дээ.Төр засгийн бодлого буруугаас тогтвортой,тогтмол өндөр цалин авч чадахгүй тэр нь амьдралд хүрэлцэхгүй байгаа учраас хүмүүсийн харилцаа хандлагын асуудал дээр их алдаа гараад байна гэж ойлгодог. Энэ тал дээр илүү их анхаарах ёстой. Өвчин тусчихсан байна аа гэж ирэхээсээ өмнө эрүүл байхын тулд яах вэ гэдгээ л бодолцох хэрэгтэй. Насанд хүрсэн хүн 7-8 цаг унтах ёстой. Сайхан унтаж тархи толгой,эрхтэн систем нь амарч маргааш өглөө нь эрч хүчтэйгээр босож ажлаа хийнэ. Гэтэл эдгээр 5 зүйл маань алдагдаад байгаатай холбоотойгоор л өвдөөд байгаа юм.  Хоол хөдөлгөөн, сэтгэл санаа, нойр харилцаа, хандлагаа л зохицуулчих юм болбол бид 70 80% нь эрүүл явах боломжтой. Гэвч бахархууштай нь нэг үеэ бодвол хүмүүс харьцангүй дасгал хөдөлгөөн хийж, өглөө босоод ууланд алхдаг болсон байна. Мөн заал авч  дуртай спортоороо тоглож хөдөлгөөн бол эрүүл мэнд гэдгийг ойлгоод явж байгаад нь эмч хүний хувьд сайшаалтай санагддаг юм.  Си Ю, Жи Эс -25 зэрэг газрууд  дандаа бэлэн бүтээгдэхүүн бөгөөд шарсан хуурсан зүйлүүд, бэлэн гоймон худалдаалдаг. Эдгээр хүнсүүд өнөөдөр ходоод гэдсэнд идээд маргааш өвдөхгүй ч гэлээ гэсэн 5-10 жилийн дараа ямар процесс гарах вэ гэдгийг бид мэдэхгүй байгаа учраас эрүүл байх гэдэг нь тухайн хүний өөрийнх нь 10 хуруу дотор байгаа юм. Өвдсөний дараа асар их эдийн засгийн зардал гардаг.  Ихэнх  хүмүүс  зээлтэй, авсан цалин нь  өрөнд зээлнээс зээлний хооронд л амьдарч  байна шүү дээ. Өвдсөн нэгэндээ илүүчлэж туслах боломж ч хүн болгонд байхгүй. Гэвч хэзээний өгөөмөр уужуу монгол түмэн маань тусламжийн гараа сунгасаар л байдаг.

-Чихрийн шижин өвчний улмаас ямар хүндрэлүүд үүсэх вэ?

-Дотоод шүүрлийн эмгэгийн хамгийн түгээмэл тохиолддог өвчин чихрийн шижин хэв шинж. Энэ нь хоол ундаа тохируулахгүйгээс  хэвлийгээрээ их таргалдаг. Энэ  нь эрүүл бус гэсэн үг. Гэдэс хэвлийн таргалалтаар эрэгтэйчүүд 90 см-ээс доош эмэгтэйчүүд 80 см-ээс хэтрэхгүй байх ёстой. Гэтэл хэвлийгээрээ маш их тарган  том гэдэстэй байгаа нь  удахгүй зүрх судасны өвчнөөр даралт ихсэх юм уу гэнэт зүрх зогсох юм уу эсвэл чихрийн шижин хэв шинж хоёроор өвдөх магадлал өндөр байна аа гэсэн  дүгнэлтийг мэргэжлийн эмч бид хийдэг юм. Тийм учраас хоол ундаа  зөв зохицуулахгүй чихрийн шижин өвчнөөр өвдвөл  хялгасан жижиг судас нүдэнд хүндрэл өгөөд нүд сохордог, хөлөө тайруулдаг, бөөрний дутагдалд ордог гэх мэт хүндрэлүүд гардгаараа аюултай. Тийм учраас өнөөдөр хүмүүс  эрүүл мэнддээ цаг зав гаргаж зөв хоолоо сонгож хэрэглэж, хөдөлгөөн дасгал хийж байж эрүүлийг хүснэ. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр нэгэнт өвдсөн хойно наад зах нь, элэг бөөр шилжүүлэн суулгаж байна. Хэдийгээр  дэлхийн дэвшилттэй технологи гарч байгаа ч одоо элэг солиод л эрүүл болчих биш. Дараа нь дархлаа дарангуйлах эм ууна байнгын эмчийн хяналтад байна. Мэдээж өөрийн эрхтэн биш өөр хүнийх учраас бас  гаж нөлөө гарахыг үгүйсгэхгүй. Тиймийн тулд анхнаасаа л аав ээжийн өгсөн ариухан, хүн болж төрсөн энэ бие организмаа хайрлаж байгаач ээ.хоолоо зөв ам руугаа хийгээч ээ. Сэтгэл санаагаа зөв байлгаач ээ. Стресст их орохгүйн тулд иог бясалгал, эрүүл агаарт алхаж эсвэл дуртай спортоороо хичээллэж байгаарай гэж хэлэх байна. Тийм учраас хоолоо зөв цагтаа, зөв идээд, зөв цагтаа унтаад, амрах цагтаа унтаад, ажиллах цагтаа ажиллаад явбал эрүүл байх бүрэн үндэстэй. Манай залуучууд Солонгост очиж харлаад эсвэл хамгийн хүнд ажлыг 15,16 цагаар хийгээд олж ирсэн мөнгөө эрүүл мэнддээ зарцуулаад таарч байна. Иймийн тулд зөв амьдралын хэвшлийг сургууль цэцэрлэгээс нь олгох хэрэгтэй. Цэцэрлэгийн хүүхдүүдийг шүдээ яаж угаах ёстой юм, амны хөндийгөө яаж эрүүл байлгах юм гэдгийг сайтар зааж зөвлөж байх нь чухал. Дөнгөж цэцэглэж ургаж байгаа хүүхдүүд амны хөндий эрүүл байх юм бие эрүүл байх боломж бий. Гэтэл хорхой идсэн шүдтэй хүний хоолой нь байнга өвддөг, ханиад хүрэмтгий байна гэдэг ерөөсөө л амны хөндийн халдвар дамжиж байгаад л хоолойны ангина нь үе мөчиндөө орчихдог. Цаашилбал, зүрхэндээ орно гээд даамжраад л анагаахын хэллэгээр бол стапилокок эстротококкийн халдвар яваад л байна гэсэн үг.

-Үүнтэй уялдуулан хеликобактерийн талаар асуухгүй өнгөрч боломгүй?

-Сүүлийн үед ходоодыг гэмтээж өвтгөж байгаа юм бол хеликобактер. Хеликобактер дамждаг. Манайхан айраг, архийг нэг аягаар дамжуулан уудаг. Дээр үед өвөөгийнх, аавынх гээд тус тусдаа аяга шаазантай байсан. Гэтэл   одоо бүгд нэг гал тогоонд, тэр дундаа гадуур хооллоно гэдэг асуудал хамгийн буруу. Нийтийн хоолны газрын ариутгал ямар байгаа билээ, амарханаар нь угаалгын шингэн бодисоор  угаагаад л арчих жишээний. сайн угааж цэвэрлэхгүй бол  аяганаас амтагдаад ямар нэгэн хавдар үүсгэхийг таашгүй. Эрүүл байх тал дээрээ илүү анхаарах хэрэгтэй. Эрүүл байвал бүх юмыг болгоно шүү дээ. Монголын амьдралыг хараад байхад эрэгтэйчүүдийн дундаж наслалт 75 эрэгтэйчүүдийнх 65 гэдэг юм. Бүхэл бүтэн 10 насны зөрөө байгаа байхгүй юу. Тэтгэвэртээ гараад  одоо л хүүхдүүдээ өсгөөд сургууль соёлыг нь төгсгөөд тусдаа гаргачихлаа, одоо л ёстой жаргадаг нас гэдэг дээр эрэгтэйчүүд нь хорвоог орхичихож байна шүү дээ. Энэ нь нэгдүгээрт: хувь хүний, тодруулбал, эрэгтэй хүний физиологийн онцлог нь тэсвэр тэвчээр, өвчин даах чадвар муутай. Хоёрдугаарт: архи тамхины хэрэглээ асар их. Эрчүүд, эр нөхрүүд дээжийг нь гээд л хамаг  өөх тостойг нь  идэж байгаа. Үүнээс болж наслалт харьцангуй хамгийн богиносоно. Гэтэл Солонгос, Япон улсад 100  наслаад байгаа юм. Эрүүл амьдралаас л бүх юмыг эхэлнэ.

-Чихрийн шижин өвчин дотроо дөрвөн янз байдаг гэсэн. Энэ талаар?

- Дээр хэлсэнчлэн энэ өвчний  хэв шинж ердөө л амьдралын буруу хэвшил, хэв маягтай архи тамхи хэтрүүлэн хэрэглэх хөдөлгөөний хомсдол, дасгал хөдөлгөөн хийдэггүй,гэдсээрээ хэвлий тойрог ихтэй хүмүүс л өвдөөд байгаа юм. Дээр нь аав ээж хоёрынх нь аль нэг чихрийн шижин өвчин хэв шинжээр өвдвөл түүнээс гарах хүүхэд удамшиж өвдөх магадлал өндөр байдаг. Тийм учраас цагаан будаа иддэг бол гурвалжин будаа, хөц будаа идэх мэтээр амьдралынхаа хэв маягийг л өөрчлөх хэрэгтэй. Чихрийн шижин өвчтэй хүмүүс сахарын сайн эмч, сахарын сайн эмнэлэг хаа байна гээд асуугаад байдаг. Тэгвэл хамгийн сайн эмч чинь та өөрөө шүү дээ гэж би хүмүүст хэлэх дуртай. Яагаад гэвэл та  өнөөдөр юу идэж, хэр зэрэг хөдөлгөөн хийв, хэр зэрэг хоол ундаа тохируулж хэрэглэв, хэрхэн дасгал хөдөлгөөн хийв гэдгээс шалтгаална.Энэ л миний эмчилгээний гол зарчим. Ерөнхийдөө эрэгтэй хүмүүс илүү өвдөөд байгаагийн учир шалтгаан эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдтэй харьцуулахад хөдөлгөөн бага хийж, илүү ихээр идэж, архи тамхины хэрэглээ их байдаг юм байна. Ихэнхдээ 40-өөс дээш насны хүмүүс илүү өвддөг, 25-30, 40 насанд бодисын солилцоо нь зохицуулаад яваад байх боломжтой.

-30 гаруй жил гэдэг багагүй хугацаа. Өвчтөнүүдээ авраад хөл дээр нь босгосон гээд баярлаж догдолсон мөч, талархлын үгсийг олонтаа сонсч ирсэн байх аа?

-Өвчтөнүүд, үйлчлүүлэгчид маань эдгэрээд “эмчээ танд баярлалаа” гэдэг үг л хамгийн үнэтэй шүү дээ.  Дөнгөж 23 настай оюутны  ширээнээс гараад хөдөө сумын эмнэлэгт ажиллаж байхад түргэний машин дотор жирэмсэн ээж өвдөөд машин дотроо эх барьж авч байсан минь айдастай бөгөөд баяртай мөч. Одоо тэр хүүхэд маань 40 хэдэн настай. Таньдаг хүмүүс тааралдаад “та Цэцэгээ эмч байна шүү дээ, таниар эх бариулж авсан хүү маань улсын нэртэй бөх болоод явж байгаа ” гэх  үсгийг сонсох үнэхээр сайхан байдаг. 1981- 1993 он хүртэл хөдөө суманд ажиллахдаа 200 гаруй хүүхэд эх барьж авсан байсан. Тэд маань Цагаан сарын шинийн нэгний өглөө ээждээ дээлийн өнгө, хоргой торго барьчихсан хундан цагаан хонио өгч байна гээд ирж золгодог байж билээ. Хүйн ээж гэдэг ийм хүндэтгэлтэй байдаг юм билээ. Харин Улаанбаатар хотод ирээд юугаараа их бахархдаг вэ гэвэл дөнгөж сургууль төгсөөд л том эмнэлэгт ороод ажиллачихсан хүн биш. Сумын эмнэлгээс дүүрэг Улсын нэгдүгээр төв эмнэлэг гээд шат шатанд нь ажилласан. Хүүхдүүддээ ч гэсэн мэргэжлээрээ бахархаж, тогтвортой ажилласан он жилүүдээ  ярьдаг юм. 

-Эмч маань юунаас сэтгэл ханамж явдаг вэ?

-Цагаан халадаа өмсөөд л үйлчлүүлэгчтэйгээ сайхан инээмсэглэхэд тэд маань миний ийм, тийм зовиурь ариллаа,15 байсан сахар маань 5-6 болоод буулаа гэдэг үгийг сонсох л хамгийн баяртай шүү дээ. Үнэтэй брэндийн бэлэг сэлт авахаасаа илүү эмчээ тандаа их баярлалаа, таны буянд тэдэн жил амьд явж байгаа гэдэг үг эрхгүй сэтгэлийг минь огшоодог доо.

-Хэлэх дуртай үг тань?

-“Эрүүл  яввал мянган лан, болно оо бүтнэ ээ,  бүтээнэ ээ гэдэгчлэн хамгийн үнэтэй капитал эрүүл мэнд учраас та үнэт капиталаа хайрлаарай. Амьдралын хэмжүүр хэрэглүүр нь мөнгө төгрөг боловч түүний хойноос эрүүл сайхан үнэтэй биеэ хайр найргүй, цаг наргүй, одоо хайхрахгүй, хайрлахгүй явбал маш их үнэтэй юмаа эргэж буцахгүйгээр алдана шүү дээ.Эрүүл мэнд зөвхөн таных шүү дээ гэдгийг л ойлгох хэрэгтэй гэдгийг захиж  хэлэхийг хүсч байна даа.

-Ар гэрээ умартан ажиллаад цалин мөнгө тань амьдралд хэр хүрэлцэж байна вэ?

-Энэ тухайд  социалист нийгмийн үед авдаг цалин маань амьдралдаа хүрдэг байлаа. Харин зах зээлийн үед эмч нар шиг цалин багатай хүмүүс байхгүй. Миний хувьд мэргэжилдээ үнэнч  гахай үүрч ганзагын наймаанд явсангүй. Стипенд авч сурч байсан тэр сайхан  нийгэмд эрдэм боловсрол эзэмшсэн. Үүгээрээ би улсад өртэй дээр нь ард түмнээ эмчлэх үүрэгтэй. Өнөөдөр би  60 нас хүрсэн ч  хэрэгтэй хүнд нь нэг ч гэсэн үг өгүүлбэр, хэлээд нэг ч гэсэн хүнийг эдгээчихье гэсэндээ  гэртээ сууж чадахгүй  ажиллаж байна. Цалин гэдэг тодорхой хэмжээгээр өөрийн хэрэглээгээ хангачихаад илүүгээр нь хуримтлал үүсгээд насны эцэст энэ мөнгөөрөө  аялаж зугаалж, сэтгэл ханамжтай амьдрах нь төр улсдаа олон жил зүтгэсний шагнал болов уу гэж боддог. Даанч Монголд харамсалтай нь ийм боломж байхгүй. Ард түмнийхээ төлөө эрүүл мэндийн салбарт 36 жил ажиллана гэдэг чинь мэргэжилдээ дуртайн  илрэл. Тэтгэвэртэй хүний хувьд их  бага гэж чамлаад яахав, байгаадаа сэтгэл хангалуун байх нь л гоё. Үүнээс илүүтэй он удаан жил эрүүл саруул амьдралын жаргал эдлэе гэж хүсдэг  дээ.

Д.НЭРГҮЙ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
E(202.9.40.49) 2023 оны 12 сарын 16

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

0  |  0
Зочин(202.126.89.61) 2023 оны 12 сарын 16

Одоо ЯАХАВДЭЭ нийгмийн өвчин болсон юм чинь хүмүүсийг сэтгэлээр унагаж яаааааадгийн

0  |  0
Top