Авлигатай тэмцэх газрынхан одоогоор даргагүй байгаа ч гэсэн авлигын хэргийг мөрдөн шалгах ажлаа муугүй хийж буй бололтой. УИХ-ын зарим гишүүдтэй холбогдсон хэргүүд дээр ахиц гарсан гэнэ. Д.Дондог гишүүний залилангийн 5 тэрбумын хэрэг поркурорт очсон. Харин УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гурван удаа УИХ-д өгсөн ч таг чиг болоод байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн өвлөөс хойш Эрдэнэт үйлдвэр дэх мөнгө, хөрөнгө идэж уусан гэх хэргүүдийн талаар мэдээлж байлаа. Тус үйлдвэрийг урьд нь удирдаж байсан УИХ-ын гишүүн Х.Наранхүүтэй холбоотой нэлээд олон сая төгрөгийн хэрэг яригдаж л байсан. Ер нь Эрдэнэт бол Монгол ардын намын саалийн үнээ гэдгийг мэдэхгүй нохой ч байхгүй болж. Ардын намаас тэнд өнгөрсөн өвөл 10-аад хүнээ томилж явуулсан. Одоогоор Эрдэнэт үйлдвэрт гадаадаас оруулж ирж шахсан бараа материалуудын дийлэнх нь ямар ч ашиглалтгүй, ашиглах боломжгүй гэгдээд агуулахад хураалттай хэвтэж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл хэнд ч хэрэггүй хог олж авчраад овоолчихсон байна. Хайран мөнгө. Түүнчлэн шахааны олон компани Эрдэнэтийг холгодог юм байна. Энэ бүхэнд Х.Наранхүү болон түүний нөхөд ихээхэн буруутай. Мөн Монгол банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж Эрдэнэт үйлдвэрийн банк санхүүгийн луйварт нэр холбогджээ. Бүрэн бус мэдээгээр арваад тэрбум төгрөгийн асуудал босч ирж байгаа бололтой. Ийнхүү Х.Наранхүү, Л.Пүрэвдорж нарыг шүүхийн танхим, шүүх бүрэлдэхүүн хүлээх болжээ.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )