Монгол Улсад Стандартчилал хэмжилзүйн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг саяхан ихээхэн сүр дуулиантай, урлаг, спорт, шоу, цэнгээний хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Гэвч энэ салбарын ажлын үр дүн “гаднаа гяланцаг, дотроо паланцаг” гэж хэлэхээс өөр аргагүй. Шадар сайд С.Амарсайханы санаачилгаар салбарын ажлыг өөд татах зорилгын дор удаа дараа, нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, уулзалт зохион байгуулагдаж байгаа боловч лоозогнохоос цааш үр дүнтэй ажил байхгүй. Шадар сайд албандаа томилогдсон цагаас хойш энэ салбарт эрх зүйн шинэчлэл хийнэ гэж удаа дараа мэдэгдэж байгаа боловч цагаан дээр хараар бичигдэж буусан нэг ч хууль тогтоомжийг боловсруулах буюу шийдвэрлүүлж чадалгүй 2024 онтой золгох нь тодорхой боллоо. Аливаа өөрчлөлт шинэчлэлтийг чадавхитай удирдагч манлайлан хөтөлж урагшлуулдаг нь олон улсын стандартын хэм хэмжээ юм. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд энэ салбарыг Ерөнхий сайд асан П.Жасрай, Д.Бямбасүрэн болон Б.Равдансамбуу, О.Сампил, Н.Баярмагнай, Г.Гантөмөр нарын олон мэргэшсэн удирдагчид буухиалан хөтөлж байсныг салбарынхан дурсан ярьдаг.
Стандартчилал хэмжилзүйн салбарын хууль эрх зүйн орчинд өөрчлөлт орсноор энэ салбар нь Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжилзүйн газар, Шадар сайдын дэргэдэх Үндэсний итгэмжлэлийн төв гэсэн хоёр төрийн байгууллагад хуваагдах болсон.
Монгол Улсын “Стандартчилал техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн 25.2-д “Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, Засгийн газар томилж, чөлөөлнө”, мөн хуулийн 19.4.-д “Итгэмжлэлийн байгууллагын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө” хэмээн цагаан дээр хараар бичиж хуульчилсан байна. Харамсалтай нь 2019 оноос хойш одоог хүртэл Стандарт, хэмжилзүйн газар, Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлагдахгүй “Түр дарга” гэсэн сэтэртэй нөхдүүд удирдаж ажлууд нь шат шатандаа навс унаж байгааг салбарынх нь төдийгүй үйлчлүүлэгчид нь халаглан ярих болжээ. Тухайлбал 2019 оноос хойш тасралтгүй дөрвөн жил гаруйн хугацаанд Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч гэсэн сэтэртэй С.Соронзонболд гэгч төр засгаас явуулсан “Шүгэл”, “Шүүр” ажиллагаанд өртөлгүй ажилласаар байгаа нь энэ салбарт төрийн хууль гууль болсоныг гэрчилж байна.
С.Соронзонболд нь өнгөрсөн онд “Медика Монголиа” ХХК буюу “Сос медика” эмнэлгийн харьяа лабораторид эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон үндэслэлээр АТГ-аас шалгаж Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж улмаар гэм буруутай нь тогтоогдсон байдаг. Ийнхүү хууль зөрчсөн чадваргүй “Түр дарга” нараар удирдуулан салбарын шинэчлэл хийнэ гэж мөрөөдөх нь “зангууны унгас түүж эсгий хийх”-тэй адил юм.
Шадар сайд С.Амарсайханд энэ салбарыг өөд нь татъя, сайжруулъя гэсэн эрмэлзэл байгаа боловч ялангуяа төрийн хуулийг хэрэгжүүлж ядахдаа сонгон шалгаруулалт явуулж салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн удирдагчдыг тодруулах эрх, үүргээ огт хэрэгжүүлээгүй байгаа нь маш том алдаа болжээ. Төрийн албаны хууль ийнхүү нэгэн салбарт дөрвөн жил гаруй хэрэгжихгүй байхад таг дуугүй дүлий юм шиг суугаа Б.Баатарзоригоор удирдуулсан Төрийн албаны зөвлөл эрх баригчдын дохиур харсаар үнэхээр муу ажиллаж байгаатай маргах хүн үгүй биз ээ. Төрийн албаны зөвлөлөөс “Түр” гэсэн томилгоотой байгаа 1609 албан хаагчийг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж ажлын байранд нь сонгон шалгаруулалт явуулах шийдвэрийг мөн оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Төрийн албаны зөвлөлөөс гаргаж эрх бүхий албан тушаалтнуудад мэдэгдэл хүргүүлж байсан ч Стандарт, хэмжилзүйн салбарт огт хэрэгжээгүй байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хүн биш хууль засагладаг байх болно” гэж удаа дараа мэдэгдэж байгаа. Тэгвэл Стандарт, хэмжилзүйн салбарт төрийн хууль огт хэрэгжихгүй байгааг анахааралдаа авч хууль зөрчсөн албан хаагчдад даруй хариуцлага тооцох нь зүйн хэрэг биз ээ.
М.ЗУЛ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
ЗГХЭГ-ын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нараа хараачээ, хаана байсан нь тодорхойгүй балай улс, Батарзоригоо
ene neg erguu Bataarzorigiig solioch. Er ni ene turiin albanii zuvlul ajlaa hiideg ym uu. Neg surtei MERIT zarchim yridag ter ni heregjdegui. Hogon deerees yu ch medehgui neg sda avchiraad dargaar tavidag. Ene buzar togtoltsoog arilgaach