Монгол Улсад бүл нэмэхийн тулд бэлэг сэлт хэрэгтэй болсон гэнэ шүү

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 21

Эмч гэдэг тодотгол ард түмний сайн сайхан, эрүүл энх амьдралын мөнхийн харуул гэлтэй. Хэнийг ч үл хамааран эрх тэгш анагаах үүрэг бүхий тангараг өргөсөн эмч гэдэг сайхан мэргэжил шүү. Хэн хүний хүсээд олж авч чаддаггүй нарийн хэрнээ тун хариуцлагатай мэргэжил.
Энэ оны эхний хагаст Монгол Улсад 33694 эх амаржсан. Энэ олон эх амаржсан нь бахархууштай. Тэдгээрийг энх тунх амаржуулсан эх баригч эмч нарыг магтууштай. Гэтэл Монгол Улсад бүл нэмэхийн тулд бэлэг сэлт хэрэгтэй болсон гэнэ шүү. Шалтгаан нь тун энгийн. Эх баригч эмч нар тун бардам, их зантай гэж хэн хүнгүй шүүрс алдан ярьдаг. Хөдөлвөл хөлс гэгчээр байдаг бүхнээ барьж эр нөхрүүд нь урд хойно нь гүйнэ. Эх барьж байгаа эмчид бэлэг барин "Энх амаржуулж өгөөч" хэмээн гуйдаг гэнэ. За тэгээд бэлэг сэлт өгсөн нэгнийх нь үр хүүхэд эсэн мэнд төрнө гэдэг баталгааг бараг л халаасалж орхино. Харин бэлэг сэлт барилгүй буянт эмчдээ найдсан нэгийг нь үл тоон хамжааргагүй хандана. Хэн түрүүлж бэлэг барина түүний үр энх амаржина гэсэн үг. Гэтэл эмч гэдэг чинь бусдын сайн сайхны төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэдэггүй юмаа гэхэд өргөсөн тангарагтаа үнэнч баймаар юм. Алган дээрээ энхрий бяцхан үрсийг авахдаа бялдуучлан гар харах нь муухай баймаар. Хариуцлагагүй энэ гар харсан байдлаас нь болж хичнээн эх, үр энддэгийг хэн хүнгүй л мэднэ. Гэтэл эмчийн буруу болдог түүх энэ Монголд алга. Харин ч тэд ийм хэрэг үйлдчихээд үл ичин  ажил хаяна. Цалингаа голно. Ер нь эмчийг шүүмжилвэл мундахгүй шүү. Иймээс баталгаагүй эмчид найдаж, бэлэг барин авлига өгч байхаар араг түшээд гэртээ амаржвал дээр ч юм шиг. Амь нь тэмцээд хажууд нь байхад ажигч үгүй хажуугаар нь яваа эмч таныг харахад өөрийг тань төрж үзээгүй гэж бодмоор байдаг шүү. За юутай ч үр хүүхэдтэй болж байгаа хүмүүст хандаж хэлэхэд бэлэг сэлтээ сайн бэлдээрэй. Эндэхгүй энх тунх мэндлэх нэг баталгаа нь энэ гэдгийг битгий мартаарай.

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top