УИХ дахь МАН-ын бүлэг даваа гарагт /2023.12.18/ хуралдлаа. Бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Бүлгийн ээлжит хурлаар 2024 оны УИХ-ын сонгуулийн тойрог байгуулж, мандат тогтоох асуудлыг хэлэлцсэн. Өнгөрсөн долоо хоногт мөн бүлгийн хурлаар хэлэлцээд намын даргад чиглэл өгсөн. Парламентад суудалтай улс төрийн намуудтай бүсчилсэн тойрог байгуулах асуудлаар санал солилцож, зөвшилцөж ажиллах чиглэл гаргасан. Энэ дагуу парламентад суудалтай улс төрийн намууд тодорхой хүрээнд ярилцаж, зарим намуудын удирдах байгууллага хуралдаж, шийдвэр гаргасан байсан.
Мөн МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр хуралдсан. МАН-ын бүлэг УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулах шийдвэр гаргалаа. УИХ-д суудалтай улс төрийн намууд бүсчилсэн сонгуулийн тойрог ямар байх, хэдэн мандаттай байх асуудлаар өнөөдрөөс уулзаж, зөвшилцөн саналуудаа тохиролцоно. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт багтаан шийднэ" гэв.
Дээрх мэдээллийг өгснийхөө дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Парламентад суудалгүй намуудтай зөвшилцөх үү?
-Манай намаас парламентад суудалгүй намуудтай уулзаж зөвшилцөж байгаа. Дэмжиж байгаа намууд бий. Дэмжихгүй байгаа нь бий.
-Бүсчилсэн тойргоор сонгууль явуулахаар санал гээгдэнэ гэдэг шиг аймаг гээгдэнэ гэх яриа гарах боллоо. Тухайлбал, баруун аймгуудыг нэгтгээд нэг тойрог болгоход аль нэг аймаг нь төлөөлөлгүй үлдвэл яах вэ?
-Ингэж ярьж байгаа гишүүд бий. Аймгийн төлөөлөл бус бүс нутгийн төлөөллөөс УИХ бүрдэнэ. Цаашид аймгийн төлөөлөл гэж яригдахгүй. Гэхдээ аймгууд төлөөллөө оруулахыг хүсэх л байх. Энэ бол сонголтын л асуудал.
-Хэдэн аймаг нэгдэж, нэг тойрог болох вэ?
-Тойрог, мандатыг өнөө маргаашдаа улс төрийн намууд ярилцаад Төрийн байгуулалтын байнгын хороонд оруулна. Монгол Улс одоогийн байдлаар таван бүстэй. Баруун, хангай, төв, зүүн, говийн бүс гэсэн таван бүстэй. Яг энэ бүсээр тойрог байгуулна гэхээр арай том. Зарим бүс 400-500 мянган сонгогчтой болчихоод байгаа юм. Тиймээс энэ бүсүүдийн зармыг дотор нь хоёр хуваана. Үндсэндээ баруун бүс хоёр тойрог, хангайн бүс хоёр тойрог, төвийн бүс хоёр тойрог, зүүн бүс дангаараа гээд долоо орчим тойрог болох болов уу гэж төсөөлж байгаа. Хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, засаг захиргааны нэгж зэргийг халгалзан тойрог байгуулна. Хоёр өдөр зөвшилцөөд төслөө бэлэн болговол ирэх лхагва гаригт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ.
-Бүсчилсан тойргоор шинэ нэр дэвшигч танигдах боломж хомс. Тиймээс хуучин хүмүүс нь дахин УИХ-д сонгогдох магадлал өндөр гэдэг асуудал яригдаж байна?
-Томсгосон тойргийн тухайд давуу тал, сул тал гээд яривал олон зүйл бий. Хамгийн том эрх ашиг бол улс орныхоо эрх ашгийг бодъё. Аль нам ялах вэ гэдээс илүүтэй улс оронд хэрэгтэй сонгуулийн системийг авъя гэдэг үүднээс манай нам бүсчилсэн том тойрог нь зөв гэж үзэн, шийдвэрээ гаргаж байгаа юм. Шинэ нэр дэвшигчид халтай гээд ярьж байгаа. Гэхдээ өнөөдөр интернэт онлайн хүрээнд ямар ч сурталчилгаа хийх эрх бүрэн байгаа учраас заавал сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгогчидтойгоо ямар нэг хэлбэрээр харилцах эрх бүрэн байгаа гэж үзэж байгаа.
-Баян-Өлгий аймгийг тусад нь бүс болгоё гэж ярьсан тухай мэдээлэл байна?
-Манай нам тэгж ярьж байгаа. Баян-Өлгий аймгийг тусад нь бүс болговол яасан юм бэ. Нэгдүгээрт, үндэстний цөөнх. Хоёрдугаарт, олон улсын нийтлэг зарчим ямар байдаг вэ гэвэл үндэстний цөөнхийн төлөөллийн зарчмыг заавал парламентад оруулах ёстой байдаг. Энэ зарчмын дагуу тэгж ярьж байгаа. Бусад намуудтайгаа ярилцахаар ямар болохыг мэдэхгүй байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
монгол нэгдмэл нэг улс
Баянөлгийг тусад санал өгвөл бусад аймгууд ч ялгаагүй тусдаа саналаа өгөцгөөе. монгол нэгдмэл нэг улс биз дээ.монгол үндэстэн тусдаа казах үндэстэн тусдаа саналаа өгнө гэж үү?