Т.Эрдэнэбилэг: “Эрдэнэт”-ийн асуудлыг одоо ч шалгаж болно

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 12 сарын 21

Түрүүч нь №205 (4006) дугаарт


-Мушгисан гүтгэсэн юм нь юу байсан юм бэ?

-Тухайн үед Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэсэн. Хэтэрхий сүр дуулиантай болгосон. Үндсэрхэг үзэлд хэт автсан гэсэн байгаа юм. Нэг хүнийг тахин шүтэх явдалтай тэмцэх нэрээр өөрөө албан тушаалд авирахыг санаархсан. Намын эв нэгдлийн эсрэг зүйл сэдсэн гэсэн буруутгал гаргаж зохиомол ял тулгасан. Гол зүйл нь Монгол-Зөвлөлтийн ах дүүгийн найрамдалт харилцаанд сэв суулгах гэсэн гэж байгаа юм. Гэтэл Д.Төмөр-Очир гэдэг хүн чинь Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн Б.Ширэндэв гуайн дараа сонгогдсон хоёр дахь дарга нь шүү дээ. Одоо бол энэ тухай баримтыг Монголын мэдээллийн ямар ч эх сурвалжаас хайгаад олдохооргүй болсон байна билээ. Ингээд зургаан зүйлийн буруутгал гаргаж, намын гишүүнээс хөөж, албан тушаалаас нь огцруулан цөллөгт явуулсан. Хөвсгөлийн Туртад гэрээ шалгагч, Баянхонгор аймгийн барилга конторт, Дарханд музей байгуулах ажлаар очоод 20-иод жил болсон. Хүүхдүүдээ бараадаж хот руу оръё гэхэд нь зөвшөөрдөггүй. Тэгээд “Амьдралын нөхцөлөөр хангагдсан” гэж рапортолдог байсан нь  тэтгэврийг нь өгдөг гэдгээ хэлж байгаа юм байлгүй. Ийм л байдалтай  байж байгаад аллагад өртсөн.

-Таны өвөөгийн тухайд аллагыг улс төрийн талаас шалгаагүй байх. Харин С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг энэ талаас шалгаж, судалсан болов уу?

-Манай өвөөгийн тухайд цаанаасаа тийм даалгавартай байсан байх. С.Зоригийн амь насаа алдсан хэргийг илрүүлэх талд цагдаа нарын зүгээс зарим нь хэтэрхий улс төрийн юм асууж шалгааж байсан явдал бий. Гэхдээ дандаа ардчиллынхнаас тэр шүү дээ. Өвөөгийн тухайд бас нэг зүйлийг хэлэхэд, тэр аймшигт халдлагын тухайд МАХН /МАН/-ынхан оросуудын даалгавраар болсон юм шиг тайлбарлах гээд байдаг юм байна лээ. Аллагын гүйцэтгэгчийг нь ч гэсэн оросууд дээр тохчих санаатай.

Өөрсдөдөө огт хамааралгүй юм уу. МАХН гэдэг нам МАН болж хэд үржлээ ч өвөөгийн маань хэргийг илрүүлээгүй цагт сайн болохгүй. Миний өвөө энэ намын түүхийг анх бичиж, босгож өгсөн хүн шүү дээ. Өөрсдийнхөө таашаалд нийцүүлэх байдлаар бичсэн түүхийг нь өөрчилж, яргалал хэлмэгдүүлэлт гэхчлэн өөрсдөдөө таалагдаагүй хэсгээ зөвтгөх  гэж их үзсэн юм билээ. Намын өмнө хийсэн нүгэл огт байхгүй. Тийм хүнийг тэгж хэлмэгдүүлчихээд, бусдад егүүтгэгдсэн  хэргийг нь болохоор илрүүлэхгүй 30 жил барилаа. Илрүүлэхгүй байлгах талаас нь их ч зүйлийг хийсэн дээ, эд. Одоо энэ нүгэл нь өөрсдөд нь дааж давшгүй ачаа болж буугаад няц дарагдахыг нь харах л үлдэх шив дээ, бидний хувьд.

-Таны өвөө, С.Зориг агсан хоёр мэргэжил нэгтэй, фило­софич юм байна шүү дээ. Яагаад ч юм бэ, энэ хоёр хүн амьд ахуйдаа уулзаж байсан болов уу гэсэн бодол төрж байна?

-Миний өвөө Монголын анхны философич. Европын философийг мэргэжлийн сургуулиар нь дамжин суралцсан хүн дээ. Дайны өмнөхөн ЗХУ-ын тэр үеийн КУТВ буюу сүүлийн нэршлээр Дорно дахины хүрээлэнд суралцсан.

Удалгүй тэнд байдал хүнд болсон учраас хорин хэдхэн настай буцаж ирээд шинэ хүчний сургуульд багшилж “Философийн  лекцүүд” товхимлоо хэвлүүлж эхэлсэн байдаг. С.Жалан-Аажав гуай хууль зүйн ухааны лекцүүдээ бас хэвлүүлж, тэр хоёр түүгээрээ тухайн үедээ ихээхэн алдаршиж байсан шиг байгаа юм. Өвөө маань тэр үеэс Ю.Цэдэнбал даргатай нягт хамтран ажиллаж, найз нөхөд болж явсан. Дайны жилүүдэд 1941-1945 он хүртэл Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын туслахаар ажилласан. Тэгээд Москвагийн Ломоносовын их сургуулийн томилолт авч 1945-1950 онд тэнд суралцсан. Зөвлөлтийн хамгийн нэр хүндтэй сургуулийг дүүргэсэн анхны монгол хүн. С.Зориг, манай өвөө хоёрыг уулзаж  байсан гэж тэр хоёрыг танилцуулж байсан. Ж.Солонго (Монгол киноны) дурсдаг юм. С.Зориг ч гэсэн “Өвөөтэй чинь уулзаж байсан” гээд надад нэг удаа хэлж л байсан.

-Та “Хэргийг илрүүлье гэвэл Булганд нухацтай хандах ёстой” гэсэн. Ямар утгаар тэгж хэлэв?

-Ер нь бол 16 жил хоёр сар (тухайн үед) өнгөрөхөд хэрэг илрээгүй байгаа нь харамсалтай. Монголын хувьд нэн эмгэнэлтэй асуудал. Манай нийгэм сул дорой байдлаасаа ангижрах болоогүй гэдгийг тодхон харуулж сануулга өгч байх шиг. Энэ бол эцсийн бүлэгтээ хуулийн байгууллагын чадварыг илтгэж буй хэрэг. Нөгөө л баасан гараг нь байж л байдаг, шалгадаг, мөрддөг арга нь янзаараа. Булганы тухайд л гэхэд түүнд хандах хандлагаа нэг мөр тогтоож чадаагүй л байна шүү дээ. Сэжигтэн гэдгийг хэд хонуулсныхаа дараа хэлж байх жишээтэй. Нэг талаар хохирогч шиг, нөгөө талаас сэжигтэн юм шиг. Хоёрдмол байдал хэдий болтол үргэлжлэх юм бэ. Түүний тулд улыг нь гартал шалгах ёстой. Тийм сэтгэлийн тэнхээ байх хэрэгтэй, хуулийнханд. Булган хоёр, гуравхан юм л ярьсан. Хэрэг гарсны маргаашаас шууд байцаагдаж эхэлсэн. Ам зургийг нь гаргаж өгсөн. Батаа, Оюунаа гэж дуудаж байсан, хараалын үг урсгаж байсан гээд зарим үгийг тогтоож авснаа дамжуулсан. Тухайлбал, “Эрдэнэтийн эхлэл” гэснийг нь хэлсэн. Өөр юм хэлээгүй. Тэрийг нь шалгахгүй одоо болтол хагас дутуу хаяад. Эрдэнэтийг тэр үед ч, сүүлд ч шалгаагүй. Яагаад шалгахгүй яваад байсан юм бэ гэдэг асуудал байна шүү дээ. Эрдэнэтийн асуудлыг одоо ч шалгаж болно.

Мөнгөний урсгал хаашаа явж байв. Тэнд хэн ашигтай ажилласан бэ. 1998 он хүртэлх тэр үйл явцыг, 1998 оноос хойшх баримт, фактыг бүгдийг өмнөө тавьж байгаад үйл явдлын, цаг хугацааны дарааллаар нь жагсаагаад үзэхэд болно шүү дээ. Яагаад үзэхгүй байна вэ. Зөвхөн Булган дээр л гэхэд  анхны ажлын хэсэг түүнийг ингэж шалгах ёсгүй. Цэвэр хохирогчийн үүднээс авч үзэх ёстой байгаа юм гэдэг байсан. Бид “Наад хүнээ шалга, эцсийн байдлаар байцаалт ав” гээд хориулж, байцаалт авахуулж байсан. Олон жилийн дараа өнөөдөр тэр хүн гэнэт юмаа санаад хэлээгүй зүйлээ хэлнэ гэвэл  юу л бол. Булганыг хорьсноор бүх юм болчихно гэвэл туйлын гэнэн бөгөөд хангалтгүй арга барил руу хөтлөгдөнө. Гэмт хэргийг илрүүлэх арга барил хуулийн тогтолцоонд хангагдаагүй, 1998 онд ямар байсан тэр л байрандаа байгааг  харуулж байна. Амлалт цацах дуртай улс төрийн хүрээнийхэн ч өөрсдөдөө дүг­нэлт хийх хэрэгтэй. Сонгуульд чадах чадахгүй элдэв юм амлаж гардаг.

Хуулийн системээ жигдрүүлж ажиллуулж чадахгүй байна шүү дээ. Эд мөрийн баримттай, зарим нь гэрчтэй, заналхийлсэн, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэргүүд яагаад илрэхгүй байна. Хавтаст хэрэгт байгаа эд мөрийн баримтуудыг одоогийн ДНК-ийн шинжилгээнд оруулахад хэн бэ, хэдэн настай вэ, нас хүйс гээд бүх өгөгдөл нь гараад ирнэ. Энэ ажлаа хийчихсэн үү. Хийчихээд  Булганыг гагцхүү зарим дутуу харагдаж байгаа фрагментыг  тодруулах гэж асууж шалгааж байгаа бол өөр хэрэг. Төв аймагт хорьж байгаа гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Тэр чинь онц хүнд гэмт хэрэгтнүүдийг хорьдог газар биз дээ. Тэнд Булганыг  гадаад орчинтой харьцуулахүй байх үүднээс хорьж байгаа юм уу. Тэр орчинд түүнээс ямар мэдээлэл авах гэж байна гэдэг асуулт  гарна.

-Булганыг хорьж байгаа нь буруу гэсэн үг үү?

-Би тийм утгаар хэлсэнгүй. Гол нь гэмт хэргийн илрүүлэлт аль шатанд хүрээд байгаа юм бэ гэдэг асуудал чухал. Түүнд Булганы хувь нэмэр юу байна вэ. Өнгөрсөн 16 жил хоёр сарын хугацаанд Булганы талаар мөрдөн байцаалт ямар чиг шугам баримтлах нь тодорхойгүй байсан. Хэрэг гарсны дараа Булганыг хориход “Цорын ганц гэрчийг хорьж болох уу” гэж асуусан. Тэгэхэд “Аллагын эзэдтэй холбоогүй юм шиг байна лээ” гэж ажлын хэсэг хэлсэн. Аллагын эздийг илрүүлээгүй байж тэгж хэлж болж байгаа юм уу гэхэд бас л учир дутагдалтай. Сонин тайлбар. Ер нь тийм л гайхмаар хариулт сонсдог байсан шүү дээ, бид. Тэгээд ерөнхийдөө хохирогчийн байдлаар хандаж байна гэсэн ойлголт авч байсан даа, Д.Мөрөн, А.Дулаанжаргал, Ч.Амарболд нарын амнаас. Д.Мөрөн, А.Дулаанжаргал нар тэр үед ихэр юм шиг хөтлөлцөөд явдаг байсан. Хэргийн ул мөрийг баримтжуулсан, эд мөрийн баримт байгаа, алуурчны үсийг авсан гэдэг байсан. Олон хүн орж гарч мөрийг балласан гэдэг ч олъё гэсэн эд мөрийн баримтыг бол яаж ч байсан олно шүү дээ. Ямар боломжгүй бол­тол дээр нь адуу төвөргөөсөн биш.

-Таны ахалсан Ажлын хэсгээс тайлан гаргасан уу. “С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг илрүүлэх дөхөж байна” гэсэн утга бүхий ярилцлагыг Д.Алтангэрэл, Д.Мөрөн нар өгдөг байсан. Тэгээд яагаад олоогүй вэ гэдэг асуулт одоо болтол байдаг?

-Манай Ажлын хэсэг жил хагас л ажилласан. Дүгнэлтээ тэр үед өгсөн. Сонинд ч гаргасан. Нуух зүйл ч байгаагүй. Илрүүлж чадахгүй байгаагийн гол шалтгааныг битүүвтэр үгээр гэхдээ тэнд дурдсан. Тэр дагуу янз бүрийн яриа хөөрөө гараагүй. Ямар ч ажил явагдаагүй. Ер нь бол дэлхийн шатрын их аварга Каспаровын хэлсэнчлэн “Геноцидийг хийсэн хүмүүсийн үр хөврөлүүд” болох хүмүүс Монголоор дүүрэн байна. Ард иргэдээ алж устган жинхэнэ геноцид гээч аймшигт ярга (төрлөөр устгах) үйлдчихээр чинь манай үндэсний генофонд алтан ураг, лам, сэхээтэн, эрдэмтэд нь зайлаад ихэвчлэн нөгөөх яргачингуудаас бүрдэж эхэлнэ биз дээ. Улс төрийн хэргүүд илрэхгүй байхын учир нь ганцхан үүнд л байгаа юм. Сэтгүүлчид сонирхвол энэ тун сонин сэдэв. Би мөрдөн байцаагч биш нийгмийн судалгаан дээр суурилсан анализ хийхэд нэг иймэрхүү дүр зураг л гарч ирдэг юм шүү дээ.

-Аллагын эздийг хаанаас хайх ёстой юм бэ. АН дотроос уу, МАН-аас уу?

-Нам дамнасан корпораци, хувь хүмүүсээс хайвал илүү онох байх аа. Нэг намаас хайх нь учир дутагдалтай. Аль аль намын хүмүүс хамтарч захиалж хийгээ биз. Гол нь мөнгөний том урсгал дундаас хайх нь зөв гэдэгт би 100 хувь итгэлтэй байдаг. Мөнгөтэй холбоогүй хайна гэвэл хуурай улс төр яриад хэрэггүй, дэмий олон хүнийг зүдрээсэн хэрэг болох байх л даа.

-Цаашид яах вэ?

-“Комиссар”-уудын савраас салгаж аваад жинхэнэ мөрдөн байцаагчдын гарт өгөх нь тэргүүн ээлжинд хийх ёстой зорилт гэж л харагдаж байна даа. Энэ тийм амар ажил биш. Гэхдээ үүнийг хийхгүй бол манай гэр бүл шиг дахиад  15 жил хүлээсний эцэст “алуурчныг олох л ёстой доо” гэдэг хий хоосон горьдлогоос цаашгүй хоцрох болно. Надаас асууж хариулт авч байгаа шигээ асуулт тавихгүйгээр зүгээр л “санамсаргүй” байдлаар салгаад авах юм бол дороо илэрнэ. Манай өвөөг алсан  аллага ч тэр, С.Зоригийг хөнөөсөн хэрэг ч тэр аль аль нь илэрнэ. Итгэлтэй байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top