Б.Урангуа: Хүүхдээр удирдуулсан судалгаанд үндэслэн сургуулийн орчныг сайжруулна

2023 оны 12 сарын 21

Монгол дахь Хүүхдийг Ивээх сан 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн гурван жилийн хугацаатай “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийг Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийг  нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг болон Өвөрхангай, Ховд аймгийн зорилтот сургуулиудад хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд сургуулийн хэмжээнд тэгш хамруулах боловсролын нөхцөл байдал ямар байгааг сурагчдаар үнэлүүлэх, тэдний дуу хоолойг сонсох зорилгоор хүүхдээр удирдуулсан судалгааны ажил явуулсан юм. Энэ талаар Хүүхдийг Ивээх Сангийн Боловсролын хөтөлбөрийн хяналт шинжилгээ, үнэлгээний ажилтан Б.Урангуатай ярилцлаа.


-Хүүхдээр удирдуулсан судалгаа гэхээр сонирхолтой санагдаж байна. Яагаад ийм судалгаа хийхээр болов?

-Хүүхдийн оролцоог аливаа үйл ажиллагаа, арга хэмжээнд хамруулснаар хязгаарлаж ойлгох нь өрөөсгөл юм. Хүүхдийг Ивээх Сан олон улсын байгууллагын хувьд байгууллагын соёл, шинж чанарыг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй суурь зарчмуудын нэг нь хүүхдийн оролцоо гэж үздэг. Хүүхдийн эрхийн тухай конвенцод хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр хангах гэсэн заалт бий. Үүнтэй уялдуулан хүүхдүүд өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүлэх нь бидний ажлын зайлшгүй шаардлагын нэг. Тиймээс энэ удаа төслийнхөө үйл ажиллагаанд хүүхдийн оролцоот бичил судалгааны ажлыг санаачлан хэрэгжүүллээ.

-Тэгш хамруулах боловсролын төслийн хувьд хүүхдээр удирдуулж, оролцуулсан анхны судалгаа юу?

-Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрийн хувьд Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөр гэх мэт бусад үйл ажиллагаанд хүүхдүүдтэй хамтарсан судалгаа хийж байсан. Тэгш хамруулах боловсролын төслийн тухайд бол анхных юм. Энэ төслийг ерөнхий боловсролын 16 сургуульд хэрэгжүүлж байна. Үүнээс дөрвөн сургуулийн 5-9 дүгээр ангийн хүүхдүүдийг чадавхжуулж, өөрсдөөр нь энэ судалгааг хийлгэсэн. Өөрөөр хэлбэл, Чингэлтэй, Баянзүрх Сонгинохайрхан дүүрэг болон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас тус бүр нэг сургууль оролцсон байгаа.

ТОМЧУУДААС ХАРААТ БУСААР АЖИЛЛАСАН УЧРААС ХҮҮХДҮҮД ИЛҮҮ ШУДАРГА БАЙЛАА

-Хүүхэд хүүхэдтэйгээ ажиллахын давуу тал гэвэл?

-Сурагчдаа анхнаас нь “Судлаач хүүхэд” гэж нэрлэж сургалтад хамруулсан учраас идэвх оролцоо сайтай байлаа. Боловсролын хөтөлбөрийн хүрээнд давхардсан төсөл хэрэгжээгүй, газар зүйн байршлын тухайд төлөөлөл болохуйц сургуулиудыг сонгосон. Хүүхдүүдийн хувьд ч гэсэн заавал клуб дугуйланд идэвхтэй оролцдог, манлайлагч гэлгүй, өөрсдийнх нь хүсэл сонирхол, зөвшөөрлөөр оролцууллаа. Хүүхэд хүүхдээсээ суралцдаг гэдэг. Тэдэнд багаар ажиллах сонирхол их байсны дээр судалгаан дээр ажиллахад 5-9 дүгээр ангийн сурагчдын дунд оролцооны ялгаа нэг их ажиглагдаагүй. Харин ч есдүгээр ангийн ах, эгч нар нь дүү нартаа өөрийгөө илэрхийлэх, оролцох боломжийг нь түлхүү гаргаж өгсөн. Тэд томчуудаас хараат бусаар ажилласан учраас илүү шударга, өөрсдийн бодол санааг үнэн бодитоор шууд илэрхийлж байсан.

-Судлаач хүүхдүүдэд ямар заавар, зөвлөгөө өгсөн бэ?

-Хүүхдийг аливаа ажилд оролцуулахад анхаарах ёстой хэд хэдэн зарчим бий. Нэгдүгээрт, хүүхдийг мэдээллээр хангах ёстой. Ингэхийн тулд сургалтын хөтөлбөр арга зүйг боловсруулж, нэгдсэн сургалтыг дотоодын зөвлөхийн тусламжтай явууллаа. Судалгааны арга зүйгээ сонгох, хэрэглэгдэхүүн боловсруулах үйл ажиллагаанд хүүхдүүд оролцохын хажуугаар мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийх зэрэг ажлыг хүүхдүүд төслийн багийн чиглүүлэг дор өөрсдөө гардан гүйцэтгэсэн.  Нийт дөрвөн сургуулийн 30 сурагчийг судлаач хүүхдээр бэлдсэн юм. Тэд сургуулийнхаа 118 хүүхдээс асуумж судалгаа авч үр дүнг нь нэгтгэлээ. Судлаач хүүхдүүдийн багт сургууль бүрийн 5-9 дүгээр ангиас 1-2 хүүхэд оролцуулсан бөгөөд хүйсийн харьцаа болон тусгай хэрэгцээт хүүхдийн төлөөллийг оролцуулахад анхаарсан. Сонсгол, хараа, оюун ухаан, хэл ярианы бэрхшээлтэй таван хүүхэд судалгааны багт ажилласан. Сургалтын дараа хүүхдүүд маань “Судлаач болчихсон мэт догдоллоо”, “Чухал оролцоотой хүн болсон юм шиг санагдлаа”, “Сургуулийнхаа тэгш хамруулах боловсролтой холбоотой асуудлыг илрүүлэх, шийдвэрлүүлэхэд оролцож байгаа маань чухал байна” гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлж байв. Судалгааг удирдаж явуулсан судлаач хүүхдүүдийн бодол санаа, үнэлэлт дүгнэлтэд түшиглэн, тэгш хамруулах боловсролын талаарх үнэлгээг гаргах үүднээс судалгааны олон арга зүйг ашигласан. Тодруулбал, сургуулийнх нь гадаад болон дотоод орчинд тусгай хэрэгцээт хүүхэд зорчих боломж бүрдсэн үү, хичээл сургалтын үйл ажиллагаа бүх хүүхдэд хүртээмжтэй хүрдэг үү гэх зэрэг асуудлын талаар ганцаарчилсан болон асуумж байдлаар мэдээлэл цуглуулсан.

ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙД СУРАЛЦСАНААР БАГШИЙН ЗААХ УР ЧАДВАР САЙЖИРСАН

-Танай төсөл хэрэгжиж буй зорилтот сургуулиудын хувьд тэгш хамруулах боловсролын нөхцөл байдал сайжирч байна уу?

-Судлаач хүүхдүүдийн хувьд тэгш хамруулах боловсролын талаарх ойлголт, мэдлэгээ сургалтын явцад илүү тэлсэн. Сургуулийн гадаад болон дотоод орчин, багшийн үйл ажиллагаа, найз нөхдийн харилцаа хандлага, эцэг эхийн оролцоо гэсэн таван түвшинд тэгш хамруулах боловсролын хэрэгжилтийг үнэлсэн. Эдгээр үзүүлэлт бүр дээр ажиллана гэвэл хүүхдүүдэд нүсэр ажил болох учраас хүүхдүүд сургуулийнхаа хувьд тулгамдсан хоёр асуудлыг илрүүлэн, түүндээ анхаарч ажилласан. Нийтлэг байдлаар үзвэл сургуулийнх нь тэгш хамруулан сургах боловсролын нөхцөл байдал “сайн” гэж үнэлсэн нь нийт үнэлгээний 40 хувь, “дундаж” гэсэн нь 45 хувь, “сайжруулах шаардлагатай”  гэж үзсэн нь 15 хувийг эзэлж байна. Харин “маш сайн” болон “хангалтгүй” гэж үзсэн тохиолдол гараагүй. Сурагчид юунд үндэслэн сургуулийнхаа тэгш хамруулах боловсролыг “сайн” гэж үзсэн бэ гэхээр сургуульд нь тусгай хэрэгцээтэй хүүхдүүд ахиц дэвшил гарган сурдаг, хичээлээс гадуурх нэмэлт сургалтуудад тусгай хэрэгцээтэй хүүхдүүд хамрагдах боломжтой, тэд бусад хүүхэдтэй адил нийгэмшиж, амжилттай суралцаж байна гэж үзсэн. Үүнд ангийн багш болон найзууд нь тусалдаг, тэргэнцэртэй хүүхэд зорчих замтай зэрэг үзүүлэлтийг голчлон илэрхийлсэн. Гэхдээ бид илүү сайжруулах шаардлагатай зүйлс дээр хүүхдүүдийн дуу хоолойг сонсохыг хичээсэн. Энэ тал дээр жишээ нь, сургуулийн орчны хувьд гадаах талбай мөстөж халтиргаа гулгаа үүссэн, ухсан нүх цөөнгүй, ариун цэврийн өрөөний хаалга түгжээгүй, ширээ сандал нь стандарт бус, гэрлийн унтраалгыг жижигхэн биетэй хүүхэд хүрэхээргүй өндөрт байрлуулсан байдаг гэх мэт томчуудын тэр бүр анзаардаггүй зүйлсийг хүүхдүүд гаргаж ирсэн. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 47.5 хувь нь тусгай хэрэгцээт хүүхдийг ойлгож дэмждэг, найзалж нөхөрлөхийг хүсдэг гэж хариулсан. Үүнд ихэнхдээ тэргэнцэртэй хүүхдийг шатаар өгсөж, уруудахад нь туслах, зам гаргаж өгөх зэргээр тусалдаг байна. Мөн тусгай хэрэгцээтэй найздаа яаж туслахаа мэддэггүй гэж хариулсан хүүхдүүд ч цөөнгүй. Асуумжид хамрагдсан нийт хүүхдийн 70.3 хувь нь тэгш хамруулах боловсролын талаар “мэддэг” гэж хариулсан байна билээ.

-Тэгш хамруулах боловсролыг хүртээмжтэй байлгахад тулгамдаж буй асуудал юу байна?

-Сургуульдаа тэгш хамруулах соёлыг нэвтрүүлэхэд удирдлагын баг чухал оролцоотой байдаг. Бага болон суурь боловсролын түвшинд “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийг хэрэгжүүлж эхлэхээс өмнөх түвшинтэй харьцуулахад дотоод хамтын ажиллагаа, багш нарын заах арга зүй, менежментийн дэмжлэг маш сайжирсан. Тухайлбал, Боловсролын ерөнхий газар тэгш хамруулах боловсролыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодлогын түвшинд ажиллаж байна. Жишээлбэл, саяхан 11 дүгээр сард төслийн үр дүнг улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх сургалтыг зохион байгуулж,  үүнд хамрагдсан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, дүүргийн Боловсролын хэлтсийн тэгш хамруулах боловсрол хариуцсан мэргэжилтнүүд манай төсөлд хамрагдаагүй бусад сургуулийн багш нарт тэгш хамруулах боловсролын талаарх ойлголт мэдээллийг хүргэх ажлыг өрнүүлж байна. Төсөлд хамрагдаагүй аймгийн сургуулиуд тэгш хамруулах боловсролын туршлагаас суралцах хүсэлтээ манайд олноороо ирүүлж байна. Зорилтот сургуулиуд тэгш хамруулах боловсролын жишиг болсон гэж ойлгож болно. Ер нь бид багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтад төслийн санхүүжилтийн багагүй хувийг зарцуулсан. Бусад сургуулийн хувьд тэгш хамруулах боловсролын заах арга зүйд суралцах хэрэгцээ их байгаа гэж үзэж байна. Учир нь багшийн мэргэжлээр МУБИС-д  суралцаж  буй оюутнууд сонгон суралцах хөтөлбөрийн хүрээнд  хоёр кредит цагийн тэгш хамруулах боловсролын агуулгыг судлах боломжтой. Энэ нь тэгш хамруулах боловсролын талаарх ерөнхий ойлголтыг л өгдөг.  Тиймээс тэгш хамруулах боловсролын талаар заах арга зүйг нь сайжруулах, мөн тэдгээр тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллаж буй багшийг дэмжих, цалин урамшууллыг сайжруулах хэрэгцээ байна. Төсөл хэрэгжүүлж буй сургуулиуд одоо үйлчилж байгаа журмын дагуу тусгай хэрэгцээт хүүхэдтэй ганцаарчилсан төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа багш нарт цалингийн 10 хувийн урамшуулал олгож байна. Тусгай хэрэгцээт хүүхэдтэй ганцаарчилж ажиллахын зэрэгцээ нийт хүүхдэд хичээлээ хүртээмжтэй хүргэх нь багшаас хичээл зүтгэл, цаг хугацаа шаардана. Үр дүнтэй ажиллахын тулд цаашид багш нарт урамшуулал дэмжлэг их хэрэгтэй. 

Хүүхдүүд маань энэхүү судалгааны үр дүнгээ сургуульдаа танилцуулсны дараа бид сайжруулах зүйлд нь анхаарч, төлөвлөгөө боловсруулж ажиллана. Эргээд судлаач хүүхдүүддээ судалгааны үр дүнгийн мөрөөр хийсэн ажлаа тайлагнах юм. Нэг сургуулийн захирал “Төсөл хэрэгжиж эхлэхээс өмнөх сургуулийн үзүүлэлтийг одоогийн нөхцөл байдалтай харьцуулахад сул байжээ” гэж дүгнэж хэлсэн. Тэгш хамруулах боловсролын арга зүйг ойлгосноор багш нарын заах ур чадвар бүхэлдээ сайжрахад их дэмжлэг болсон юм.

М.ЗУЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.177.248) 2023 оны 12 сарын 21

гоё хүүхэн байна шүү

0  |  0
zo(66.181.177.248) 2023 оны 12 сарын 21

энэ мөн гоё хүүхэн байна шүү

0  |  0
Top