Уул усаа буртаглахыг аялж зугаалах гэхгүй

2023 оны 12 сарын 21

Хариуцлагагүй аялал жуулчлал хариуцлагагүй уул уурхайгаас ялгаагүй гэсэн үг бий. Хариуцлагагүй уурхай ухаж төнхөж баялгийг нь сороод онгорхой нүх, хатсан ганга сайр үлдээгээд явдаг бол хариуцлагагүй аялал жуулчлал ч түүнээс дутахгүй хохирлыг сор болсон сайхан газруудад учруулдаг болсон. Дотоодын аялал хөгжиж, монголчууд эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялаж зугаалж, танин мэдэх сонирхолтой болсон нь сайшаалтай ч явсан, хүрсэн газар бүрээ буртаглаж бузарладаг муу зуршлаа гээж чадсангүй. Хогоор буртаглах бүү хэл, гадасны нүхээ булж, гал түлсэн газраа шороогоор дарж, усанд сүү, шүүс дусаахыг цээрлэдэг байгаль хамгаалах өнө эртний уламжлалтай монголчууд монголоо алдаж буйн шинж энэ гэлтэй.

Уусан ус, ундааны сав, идсэн хоолны үлдэгдэл, өтгөн, шингэнээрээ бохирдуулаад зогсохгүй уул, усандаа “хайртайгаа” илэрхийлж амьд модонд хадаг самбай уяж голыг нь гогодно, хад чулуунд мөнгө төгрөг хавчуулж, торго, даавуу өргөж, тос өөх нялж хогийн цэг үүсгэнэ. Цаад санаа нь хайртайдаа ч биш, хялбар аргаар баяжих далд санаа тээж, лусын эзнээс мөнгө төгрөг, эд баялаг, эрх ямба гуйж байгаа нь тэр.

Нэг хэсэг Хөвсгөл далай үзнэ гэж хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхсөн. Үр дүнд нь нуурын эргэн тойрны ой модонд ариун цэврийн цаас хөглөрч, мөчир нахианд нь наалдан дэрвэж хүн ойртох байтугай сэжиглэж дүрвэмээр болгосон. Уг нь эко ариун цэврийн байгууламж шийдсэн боловч “Хүрэхэд хол байна” гэсэн шалтгаар өтгөн, шингэнээрээ ой мод “бордож” байгаа нь тэр. Бас болоогүй, нуур руу түрж орсон Суман хад нэртэй хясааг Хүслийн хад болгоод мөнгө төгрөг зулж, шар тосоор нялж, хамартай амьтан дөхөх аргагүй өмхий самхайн үүр үүсгэв. Баяжих гэж байгаа санаа нь гэнэ. Жуулчны баазууд бохироо нуурын усанд цутгаж, очсон хүмүүс хир тоосоо базсаар цэвэр тунгалаг Хөвсгөл нуурын зах хөвөөгөөр замаг ургаж, жижиг шавьж бужигнадаг болсон.

“Кэмпүүдийн хоорондох шороон зам цагаан өнгөтэй байгаа нь газрын хөрс зулгарч фосфорид ил гарч буй нь” гэж нутгийн иргэд хэлдэг. Нуурыг сүйтгэж болох хамгийн аюултай бодис хамрын тамхи шиг нунтагхан болоод машины дугуйн аясаар бургилан далай мандалд бургин бууж байгаа нь тэр. Фосфоридоор “бордуулсан” замаг өтгөрөн нуурын усан мандлыг булаан ширгээж, намагжуулахын эх үүдэл энэ юм. Хожим Хөвсгөл далай байсан газар бамбалзуур намаг үлдэж хоцрохын цондон.

Сэлэнгэ аймгийн Ээж модыг хадгаар баглаж амийг нь таслаад зогсохгүй, цайгаар хашаалж, сүү цутгасаар өмхийрүүлж, энд тэндгүй тавьсан чихэр нь наранд хайлж, зөгий цэцэг дамжиж бал хураахаа болиод хялбараар нь чихэр дээр шавдаг болсон харагддаг. Хэрэв тэр эзэнтэй, айлын гаршуулсан зөгий бол цэцгийн бал бус, чихрийн бал л цуглуулж харьдаг байж таарлаа.

Эзэн Богд Чингисийн хаан ширээнд залагдсан түүхтэй Хар зүрхний хөх нуурыг зорих олны хөл тасрахаа больж, хөрсийг нь талхалж, усыг нь бохирдуулж эхэлсэн. Архангайн домогт Тайхар чулууг цементэн замаар хүрээлж унаган төрхийг нь алдагдуулаад зогсохгүй дээр нь нэр усаа сийлж, шинэ цагийн хадны дүрс зураг бүтээгсэд олширсон. Энэ мэтээр уул усаа буртаглахыг аялж зугаалах гэхгүй гэдгийг сануулж, байгаль, эх дэлхийгээ хамгаалж ирсэн өвгөдийнхөө ёс уламжлалыг дунд сургуулийн сурагч байхаас нь иргэддээ түгээдэг соён гэгээрүүлэх ажил чухал болж байна. Нэг л мэдэхэд зун ирж, аялж зугаалахаар хөдөөг зорьцгоож мөнөөх газар орон талхалдаг үйлс эхэлнэ дээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top