Д.Дэлгэрбаяр: Хөдөлмөрч хүнийг хийморь дагадаг

2023 оны 12 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат эдийн засагч цолыг саяхан хүртсэн Д.Дэлгэрбаярыг “Өглөөний зочин”-оор урилаа. Тэрбээр Монгол Улсын Нийгмийн даатгалын салбарын шилдэг санхүүч, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, улсын таван удаагийн аварга тариаланч хүн юм.


-Эрдэнэт хотын өдрийн  өмнөхөн, Ургацын баяр тохиосон бэлгэшээлтэй сайхан өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Гавьяат эдийн засагч” цол хүртсэнд баяр хүргэе.

-Маш их баярлалаа.

-Таны эрхэлж явсан ажил, албан тушаалыг харахад 12 жилийн мөчлөгтэй, дөрөв дөрвөн жилээр шат өгссөн  байдаг нь сонирхолтой санагдлаа?  

-Би Булган хотын Нэгдүгээр найман жилийн сургууль төгсөөд Төмөр замын техникумд элссэн, удалгүй сургууль маань Авто тээврийн техникум болж өөрчлөгдөж, би нефтийн эдийн засагч, нягтлан бодогчийн мэргэжил эзэмшсэн. Оюутан байхдаа эр цэргийн алба хааж байлаа. Сургуулиа төгсөж ирээд Булган аймгийн Нефть хангамжийн баазад тооцооны нягтлан бодогчоор дөрвөн жил, ерөнхий санхүүчээр дөрвөн жил ажиллаад 1997 онд Орхон аймгийн Нефть хангамжийн газарт ерөнхий санхүүчээр томилогдон мөн дөрвөн жил ажилласан. Үнэхээр нефтийн салбарын оргил үед нь ажиллаж, ажлыг ч гялалзуулж, улсдаа манай байгууллага хөдөлмөрөө үнэлүүлж явлаа.

Залуу ч байлаа,гар хумхиад сууж чаддаггүй ч байж. Ажил тарсны дараа санхүүчдийнхээ давчуу жижиг өрөөнүүдийн ханыг ганцаараа нураагаад, өглөө ажил цуглахад  уужуу том өрөө болгочихсон бусдыгаа гайхашруулж явсан минь одоо ч санаанд тод байдаг.

-2000 оны орон нутгийн сонгуулийн дараа Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилогдсон. Босго өндөр байсан төрийн захиргааны  албанд очих шийдвэрийг яаж гаргасан бэ?

-УИХ-ын сонгуулийн дараа аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга н.Далхжав утсаар ярьж, ирж уулз гэлээ. Санхүүч хүний толгойд хамгийн түрүүнд өр шир, ажил бодогдож байгаа юм чинь. Цалингийн нягтлан бодогчоосоо “Манайх Нийгмийн даатгалд өртэй юу” гэж асуугаад “Үгүй” гэсэн хариу сонссон. Гайхаад НДХэлтсийн даргатай уулзахад “Ах нь хот руу шилжих болоод орныхоо хүнийг нэлээд судаллаа. Миний багш өөрөөсөө доод үеэ харж хүн сонгож ажлаа өгч байгаарай гэж сургасан юм.Таван залуу дундаас чамайг тохирно гэж бодож байна” гэсэн.

Би чинь нам бус, намайг томилохгүй байлгүй гэтэл ширээн дотроосоо анкет гаргаж ирээд шууд бөглүүлж аваад үлдсэн. Уг нь аймгийн Нефть хангамжийн газрын дарга Төмөр гэж угийн авхаалж самбаатай, аж ахуйн ажилд сайн дарга намайг анх  Булганаас санал тавьж авчраад, төв рүү ярьж хөрөнгө мөнгийг нь шийдүүлээд Эрдэнэт хотод орон сууц хүртэл авч өгсөн. Туршлагатай, нөмөр нөөлөг болсон Төмөр даргадаа хэлж амжаагүй байтал  намайг Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилсон тушаал факсаар ирсэн. Тэр тушаалаа даргадаа үзүүлтэл “Чамайг нягтлан бодогчоор явах байсан бол би зөвшөөрөхгүй, дарга болж байгаа учир татгалзах зүйл алга.Томилолт аваад төвд очиж  байдлаа  танилцуул” гэлээ.

Нефть хангамжийн Ерөнхий газрын удирдлагуудтай уулзаад олон янзын санал сонссон. Төсвийн байгууллагад очиж гуйлгачин болох нь уу гэх хүн байхад чи удирдах ажил хийх гээд байгаа юм бол Нефть дээр чинь дарга болгоё. За яахав  очоод болохгүй бол эргээд ирээрэй  гэсэн үг хүртэл сонсов. Харин нэг л хүн “Зөв, залуу хүн удирдах ажил хийх хэрэгтэй” гэж урам нэмсэн.

Шинэ газар очоод хоёр сарын дараагаас  ажил олгогчид, төрийн байгууллагынхан, тэтгэвэр авагчид бүгд намайг таньдаг боллоо. Нийгмийн даатгалын  байгууллага  маш өргөн хүрээнд ажилладгийг ч би ойлгож авсан  юм.

Ажиллах орчин нөхцөлөө сайжруулж, иргэдэд хүрч үйлчилж, хамт олныхоо нийгмийн асуудлыг анхаарч сайхан баг бүрдэж ажилласны үр дүнд “Загвар хэлтэс”, ”Жишиг архив”-ын туршлагыг аймгуудад нэвтрүүлж, системийн хэмжээнд ажлаараа манлайлж, ажилчдадаа Хабитатад 24 айлын сууц барьж, олон хүний амьдрах нөхцөлд нь тус дэм болж билээ.

-Улсын хэмжээнд танай туршлагыг нэвтрүүлэх ажлыг Ерөнхий газраас зохион байгуулж байсан даа?

-Аймгуудын НДХэлтсийн дарга нарт үзүүлэх уулзалт хийж,Булган аймагт багаараа очиж зөвлөн тусалж, удаа дараагийн болзолт уралдаанд байр эзэлж байсан. 2005 онд “Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн байгууллага” цол хүртэж, 2008 онд Авилгатай тэмцэх газрын анхны шагнал “Шударга ёсны шагнал”-ын №01 дугаарын иргэнд олгох шагналыг С.Зориг агсан, байгууллага, аж ахуйн нэгжид олгох шагналыг манай Орхон аймгийн НДХэлтэс авч байлаа. Нийгмийн даатгалын салбарт 12 жилийн хөдөлмөрөө зориулсан даа.

-Та 2012 онд Орхон  аймгийн Засаг даргаар сонгогдон ажилласан. Улс төрийн албан тушаал эрсдэлтэй гэж бодсонгүй юу?

-Тэр жил МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр гарч Орхон аймгийн Намын хороог хуралдуулж намын дарга шинээр сонгох болсон.Түүнд чи өрсөлд гэдэг саналыг нөхөд маань хэлсэн.

Тэнд дөрвүүл нэр дэвшихэд Ё.Баярсайхан нэрээ татаж, Б.Винтов, С.Давааням бид гурав өрсөлдөж, 60 хувийн саналаар би ялж аймгийн Засаг дарга болсон. Эрсдэлээс айгаагүй явсаар унаж босож хэдэн жилийг ардаа орхисон  байна.

-“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч захирлын алба хашиж байх үед  тань “Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсын баатар цол хүртсэн сайхан үйл явдал тохиосон шүү дээ?

-Дэлхийд эхний долоод багтах үйлдвэр гэдгээр нь “Эрдэнэт”-ийг  бид том хармаар байгаа юм.Цаашид 60 жил ажиллах нөөцтэй нь тогтоогдсон.

“Дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат” гэдэгчлэн үйлдвэр маань 45 жилийн ойтойгоо золгож идэр насандаа явж байна. Өнгөрсөн 45 жилд суурьшлын  том  бүс болж, нийгмийн хариуцлагаа сайн биелүүлж явна. Үйлдвэр дагасан хот хөгжиж байна. Эрдэнэтийн овооноос том Оюутолгой, Тавантолгойг харьцуулж харахад ажилчид нь цэргийн казарм шиг нөхцөлд гэрээсээ хол амьдарч байна. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрт  зөвхөн нийгмийн салбарын 11 цех ажиллаж үйлдвэрийн ар тал болж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж  800 гаруй ажиллагсадтайгаар  ажиллаж байна. Буцалтгүй тусламж,тэтгэмж гээд 30 шахам нэмэгдлийг тусламж хэлбэрээр олгодог нь дэлхийн жишигт байхгүй боломж. Хөдөлмөр хамгааллын хувьд хаана ч байхгүй нөхцөлийг бүрдүүлсэн байдаг.

-Та бол Хатанбаатар Магсаржавын нутгийн хүн. Төрсөн нутагтаа Ардын Хатанбаатар Магсаржавын хүрэл хөшөөг “Монгол уран цутгуур” ХХК-ийн Эрдэнэбилэг захиралтай уран бүтээлчидтэй хамтран  хийснийг харсан...

-Хэдэн жилийн өмнө Хутаг-Өндөр суманд  багадаа тоглож өссөн Бунхан толгой дээр Хатанбаатар Магсаржавын хүрэл хөшөөг найз Д.Эрдэнэбилэгийн хамт хийсэн. Уртаашаа тав, өргөөшөө дөрвөн метр хөшөөг хүрлээр цутгаж их хүний дүрийг мөнхөлсөн. Баатар Вангийн дүрээр олноо  хүндлэгдсэн УГЗ Л.Эрдэнэбулган Хатанбаатар Магсаржавыг тэнгэрийн хүлэг  унуулан гартаа галтай чойжин хүний сэлэм бариулж,үүлэн дунд хөвж яваагаар дүрсэлсэн  байдлаар хийх санааг гаргасан юм. Сайхан хөшөө болсон, урлагийн бүтээл дээ.

-Та бас хурдан морь уядаг хүн. Морины гэрийнхээ дэргэд хүндэтгэлийн өргөө байгуулжээ. Дунд сургуулийн сурагчдад иргэний боловсролын хичээл энэхүү өргөөнд орвол сонирхолтой болмоор санагдлаа.

-Энэ бүхэн морьтой л холбоотой. Наадмаар гэрээ барихдаа  яавал сайхан гэр барих, дотор нь юу тавих хэрэгтэйг ойлгож, жилээс жилд сайжруулсан.Тэгээд аж ахуй дээрээ Хүннү загварын гэр барьж дотор нь хуучин өвөг дээдсийнхээ эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг  дэг жаягаар нь байлгахыг хичээсэн. Тэнд байгаа хуучны эд зүйл бол өвөг дээдсээс  минь уламжилж ирсэн юмс. Энд тэндээс цуглуулж,худалдаж авсан юм байхгүй. Хүмүүс орж ирээд үзэхээрээ музей шиг гэдэг л  юм.

-Хийморь гэдгийг та юу гэж ойлгодог вэ?

-Морь ч, хүн ч аль алинд нь хийморь гэж бий. Зарим хүн өндөр үнээр хурдан морь авч уясан ч олигтой давхиж өгдөггүй, айрагддаггүй. Миний авсан морьд сайхан давхиж хурдлаад байгаа болохоор морьтойгоо таараад тохироо бүрдэж байна гэж боддог.

Амьдрал дээр жишээ татан ярья л даа.Таны харж байгаа энэ мод бутыг тарьж арчилж ургуулахад олон жилийн хөдөлмөрөө зориулсан. Энд 6000 мод бут сөөг тарьсан. Гуч гаруй төрлийн мод бут, арав гаруй төрлийн жимсний бут тарьсан сайхан ургаж байна.Тарьсан модод бараг бүрэн ургаж байхыг хараад сэтгэл баясдаг.

Нефть хангамжийн газар, Нийгмийн даатгал, улс төрд бүгдэд нь 12 жилийн давтамжтай ажилласан. Миний ажилласан салбар бүрийн ажил өөдрөг байсан.Булган аймгийн Нефть хангамжийн газрын ерөнхий нягтлан бодогчоор ажилласан хугацаанд дөрвөн жил улсад эхний нэг, хоёрдугаар байр эзэлж байсан бол Эрдэнэтийн Нефть хангамжийн газарт 1997 онд шилжиж ирээд  гурван жил ажиллахад сүүл мушгиж явсан байгууллага улсын  тэргүүний хэмжээнд хүрсэн. 2000 оноос Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллахад улсад таван удаа түрүүлж, гурван удаа хоёр, хоёр удаа гуравдугаар байр эзэлж, Улсын загвар байгууллага болсон. Аймгийн Засаг даргаар ажилласан жил гаруй хугацаанд “Улсын шилдэг аймаг”-аар шалгарч байсан. 2013 оноос хувийнхаа “Орхон тариа” ХХК-ийн зөвлөхөөр ажиллаж “Улсын тэргүүний тариаланч хамт олон” цолыг гурван удаа хүртсэн. Энэ жил улсын таван удаагийн аварга боллоо. Мөн 2016 оноос “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан захирлаар ажилласан дөрвөн жилд зэсийн үнэ өндөр, ажил үйлс өөдрөг байж ”Эрдэнэт” үйлдвэр Д.Сүхбаатарын одон, Монгол Улсын баатар  цолоор шагнуулсан.

Хийморь намайг хаядаггүй, дагаад яваад байна гэж боддог. Энэ бүхнийг би морины хийморьтой холбож бодож, намайг харж ивээж байна гэдэгт  итгэдэг.

-“Орхон тариа” ХХК байгуулагдсан 20 жилийн хугацаанд таны оруулсан хувь нэмэр их байсан болов уу.

-Гэр бүлийн бизнесээ дэмжилгүй яахав. Эхний жилүүдэд ургац алдсан хүнд үе олон байсан. 2003 онд ОХУ-ын Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан, доктор, профессор Бутуханов Александр Богомоловичийг  урьж ажиллуулаад га-гаас 15 ц ургац авсан. Газар тариалан эрхлэхэд нарийн технологи судалж, мэдэж эзэмших хэрэгтэйг ойлгосон. 2008 онд Засгийн газраас “Атрын гуравдугаар аян” зарлаж гадаадаас техник орж ирж,төрөөс дэмжиж,бид ч техникээ шинэчилж, газар тариалан сэргэсэн. Ингээд га-гаас 20-иос доошгүй центнер тариа авч ургац алдаагүй явж  ирсэн. Монгол Улсын Гавьяат агрономич Л.Батсүх захиралтай “Бүтлийн ундарга” ХХК, манай компани хоёр улсын дээд амжилтыг барьж байна. Манай Улаантолгой орчмын хөрс үржил шим сайтай,технологи сайн мөрддөгийнх юм уу, өндөр  ургац  авдаг. ”Орхон тариа” ХХК маань улсын таван удаагийн аварга тариаланч  хамт олон болсон.

-Таны гэргий Л.Отгонбат таныг олон жил төрийн хариуцлагатай алба хашиж явах үед газар тариалангийн хүнд хүчир ажлыг авч явж ирсэн. Ажилч нямбайгаас гадна уяачийн хөдөлмөрийг ойлгодог, ёс журмаа дээдэлдэг ханийн тань дэмжлэг их биз?

-Ар гэр сайн байвал төрийн албыг сэтгэл тайван сайн хашдаг. Төрд ажиллаж байхдаа тэр бүр гэр бүлдээ биечлэн тусалж газар тариалангийн ажилд оролцож чаддаггүй байсан. Манай хүн их дайчин, аж ахуйн бүх ажлыг удирддаг. Зав боломжоороо цэцэг навч тарьж арчлах дуртай. Цэцэг навч, бут сөөг тарина  гэдэг өөртөө  ажил нэмнэ л гэсэн үг. Хобби нь юм болохоор нэмээд шинэ гоё цэцэг олныг олж тарьдаг.

Морь уяхад гэрийн эзэн ганцаараа зүтгээд нэмэргүй, гэр бүлээрээ орж байж амжилт олдог. Миний хань хөдөө өссөн тул морь малд дүйтэй. Морь уяхад бүх зүйлд оролцож тус дэм болоод хамт явдаг.

-Танай энэ газарт өмнө нь Улаантолгойн сангийн аж ахуйн үтрэм байсан байх аа?

-Тиймээ. Улаантолгойн сангийн аж ахуйн цахилгаанжсан үтрэмийн суурь дээр бид аж ахуйгаа үргэлжлүүлж яваагийн хувьд түүхийг нь үлдээе гэж бодож,хийж байна. Тракторын хөшөө, газар тариалангийн тоног төхөөрөмж, эрт үеэс хэрэглэж байсан техник хэрэгсэл биетээр нь цуглуулж, дурсгалтай гэж үзэж үзэсгэлэн маягаар тордож хадгалж байна. Манай ”Орхон тариа” ХХК Орхон   аймгийн “Аварга тариалан хамт олон” шагналаар найман удаа, МҮХАҮТанхимын “Entrepreneur” шагналаар хоёр удаа шагнуулсан даа.

-Шинэ жил дөхлөө. Шинэ оноо яаж угтдаг вэ?

-Шинэ жилийн баярыг гэр бүлийн хүрээнд Улаантолгойд аж ахуй дээрээ тэмдэглэдэг. Шинэ оны эхний өдөр дүү нар цугларч оноо хамтдаа гаргадаг. Эхээсээ зургуулаа байсан, ах минь өөд болсноос хойш би дүү нараа ахлах болсон. Айл бүр өөрсдийн нэрийн хоолоо бэлдэж ирж ширээгээ засна, хэний хоол амттай гоё байсныг шалгаруулна. Цэвэр агаарт халуун ам бүлээрээ цуглаж  баярлах  сайхан шүү.

Ц.АРИУНАА

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top