Г.Дамдинням: Хувийн хэвшлийнхэн 10 дахин их мөнгө нэхчихээр улсын төсөвт туссан хөтөлбөр хэрэгжихгүй болох гээд байна

2024 оны 01 сарын 11

УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны /2024.01.08/-ны өдрийн хуралдаанаар арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлээр 2022 онд гаргаж байсан тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонссон юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын өгсөн мэдээллээр Дарханд арьс ширний боловсруулах үйлдвэр барих ажил зогсонги байдалд оржээ. Энэ талаар Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг “Өглөөний зочин”-оор урьж ярилцлаа.


-“Дарханы арьс, ширний цогцолбор” төслийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцсэн байнгын хорооны хуралдаанаар уг ажил зогсонги байдалд орсныг дурдлаа. Ямар шалтгаанаар ингэсэн бэ?

- Арьс, ширний цогцолбор байгуулах төлөвлөгөө манай Дархан-Уул аймагт эртнээс явж байсан. Монгол Улсын хэмжээнд гарсан бүх арьс, ширийг энд боловсруулна гэж үзэж байсан. Уг нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа энд явна гэж бас үзэж байсан юм.

Одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг харахад хувийн хэвшлийнхэн 180 га газрыг төрөөс аваад, түүнийгээ барьцаалаад Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөг зээлж аваад, түүгээрээ баахан суурь тавиад үйлдвэрийн дэд бүтцийн ажил хийсэн. Эргээд энэ газраа 180 тэрбум төгрөгөөр улсад буцааж өгөх асуудал яриад байгаа юм байна.

Уг нь 2022 онд байнгын хорооноос гаргасан шийдвэрээр юу гэсэн бэ гэхээр хувийн хэвшлийн хийсэн энэ ажлыг барьсан үнийг нь нэмээд төрд өгье гэсэн хүсэлт тавиад байсан. Дагаад Эрчим хүчний сайд, Барилга, хот байгуулалтын сайд, ХХАА-н сайдын хамтарсан ажлын хэсэг гараад, аудит ороод, үнэлгээг нь хийгээд гаргаад ирсэн. Төр нөхөн төлбөрийг нь хувийн хэвшилд өгөөд, өөрөө аваад явъя гэсэн асуудал явж байсан юм. Гэтэл одоо Хөгжлийн банк болоод сайд нарын хамтарсан ажлын хэсгийн танилцуулгаар бол хувийн хэвшлийнхэн төрөөс авсан 180 га газрыг нэг га-г нь нэг тэрбум төгрөгөөр үнэлж нөхөн төлбөр авна гэсэн асуудал ярьж байгаа юм байна.

-Асуудлыг цэгцлэх гарц байна уу?

-Ямар ч ажил төр, хувийн хэвшил гэсэн хамтрагч талуудын харилцан ойлголт дээр явж байдаг. Гэтэл  нэг тал нь буулт хийгээд дундаа асуудллаа шийдье гэж байхад хувийн хэвшлийнхэн маань оруулсан бодит хөрөнгөөсөө хэдэн арав дахин өссөн үнэ хэлж, хууль бус шахалт үзүүлж, энэ мөнгийг төлж байж ажлаа явуул гэж байгаа бол тийм боломж байхгүй. Тийм мухардалд орсон учраас энэ дээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж өгөөч, би шахаж ажиллая гэсэн. Би өмнө нь Дарханы зам дээр ажлын хэсэг гаргаад өгөөч, ажиллая гэж хэлж байсан. Тэгснээр  Дарханы замын гүйцэтгэл 90 хувьтай болсон. Одоо бол би “Дарханы арьс, ширний цогцолбор”-ыг барьж авъя гэж бодож байна. Тэгэхгүй бол энэ утгагүй ажил болж дуусч байна.

Энэ зуур Ховдод нэг арьс, шир боловсруулах үйлдвэр яригдаад эхэллээ. Эмээлтэд бас ийм үйлдвэр яригдаад эхэллээ. Эмээлтийг би анхнаас нь дэмжээгүй. Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын дийлэнх аж төрж байна. Утаа салхиа дагаад баруун хойноосоо ирж байна. Одоо тэгээд дахиад баруун талд нь арьс, шир боловсруулах үйлдвэр бариад, утаа, тоос шороон дээрээ нэмээд өмхий үнэрийн асуудалтай болох вий дээ. Цэвэрлэх байгууламжийн үнэр нэг хэсэг Улаанбаатарт ямар байсныг бид мартаад байх шиг байна. Үнэхээр арьс, шир боловсруулах үйлдвэр барих гэж байгаа бол байрлалаа бод. Үгүй бол шийдвэр буруу байна гэсэн байр суурь надад байгаа юм. Олон ажил оромдсоноос нэг ажлаа дуусгамаар байна.

-Эмээлтэд байгуулах үйлдвэрийг дагаад дагуул хот бий болох тухай яриа байсан. Үнэр танаргүй технологи хэрэгжүүлэх тухай ч яригдаж байсан. Хүн амын олон, мал махны хэрэглээг нь бодоод Улаанбаатараа түшиглэж энэ үйлдвэрийг барьсан нь дээр биш үү?

-Нэг ззйлийг бид ойлгох хэрэгтэй. Монгол Улсад 150 мянга орчим малчин өрх байна. 300 мянга гаруй малчин бий. Тэдний амьжиргааг дээшлүүлэхэд арьс, шир боловсруулах үйлдвэр хэрэгтэй. Манай улсад боловсруулах үйлдвэр хэрэгтэй гэж би олон жил ярьж байгаа. Дарханд баригдах арьс, шир боловсруулах үйлдвэр зөвхөн дарханчуудын хэрэглээнээс гарсан арьс ширийг боловсруулах биш. Дархан-Уул аймагт барих гол шалтгаан нь дэд бүтэц. Төмөр замтай, авто замтай. Бүх талаараа аймгуудтай холбогдсон. Монгол орны хэмжээгээр гарах бүх арьс, ширийг боловсруулах зориулалттай. Тийм учраас нэг хотын хэрэглээний тухай асуудал огт биш. Нийт монголчуудын хэрэглээнээс гарах арьс, ширийг боловсруулах тухай асуудал яригдаж байгаа юм.

-Санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Эхний ээлжинд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар шийдэх ёстой. Эхлээд төр дэд бүтцийг нь хийчих. Дээр баригдах үйлдвэрийг хувийн хөрөнгө оруулалтаар хийе л гэж байгаа. Хувийн хэвшлийнхэн анх 20 орчим тэрбум төгрөг ярьж байснаа одоо 200 шахам тэрбум төгрөгийн нөхөн төлбөр яриад байна шүү дээ. Бид барьсан сууриа өгье. Үүнийг үргэлжлүүлээд бариад яваач гээд байгаа. Улсын төсөв дээр 24 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, ирэх жил санхүүжих нь 11,9 тэрбум төгрөгийн өртөгтэй цэвэрлэх байгууламжийн ажлын хэсгийг дуусгая гэсэн. Ийм төсөв тавиад явж байна. Гэтэл хувийн хэвшлийнхэн 10 дахин их мөнгө нэхчихээр улсын төсөвт туссан төсөвт хөтөлбөр хэрэгжихгүй болох гээд байгаа. Тийм учраас би үүн дээр ажлын хэсэг байгуулаад яаралтай шйидье л гэж байгаа юм гэлээ.

Тодруулга:

Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө, 2023 оны нэгдүгээр сард Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэгийн хийсэн мэдээлэлд дурдсанаар  “Дарханы арьс, ширний цогцолбор” байгуулах төсөл 2020 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкнаас нийт 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бонд хэлбэрээр авсан. Нийт 180 га газарт төлөвлөлт хийж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 15 хувь, “Саравай” ХХК нь 85 хувийн хувьчлалаар “Дарханы арьс, ширний цогцолбор” орон нутгийн өмчит компанийг байгуулсан.

“Саравай” ХХК-иас “Лидер Капитал” ХХК-нд санхүүжилтийг бүрэн шилжүүлсэн. “Лидер Капитал” ХХК нь дэд бүтэц, цэвэрлэх байгууламж, цахилгаан хангамж зэрэг бүтээн байгуулалтын ажилд дөрвөн аж ахуйн нэгжид мөнгө шилжүүлсэн. Тухайн үеийн байдлаар цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/10кВ-ын дэд өртөөний ажил 85 хувьтай, цэвэрлэх байгууламж 50.6, ус, дулаан дамжуулах шугам 52.1, үйлдвэрүүдийн гадна дулаан, усан хангамж ариутгах татуургын хос шугам 62.6, технологийн уур үүсгэгч 14.8 хувьтай байсан. “Дарханы арьс, ширний цогцолбор” ОНӨХХК-ийн ажлын гүйцэтгэлд Үндэсний аудитын газраас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт гарсан. Дүгнэлттэй холбогдуулан хэд хэдэн зөрчилтэй асуудал гарсан. Тухайлбал, Хөгжлийн банкны барьцаанд байгаа газар, зарим дэд бүтэц, тоног төхөөрөмж, түүнээс олох орлого зэрэг санхүүгийн зөрчил. Мөн орон нутгийн өмчийн компани эсэх нь тодорхойгүй, тухайн ажлууд нь сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцлүүд дээр хийгдсэн зэрэг эрх зүйн зөрчил үүссэн. Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Монгол Улсын Хөгжлийн банк хооронд салбарын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан хэмээж байсан юм.

Гэвч бүтэн жилийн дараа ажлын явц ийнхүү мухардалд оржээ. Өчигдрийн байнгын хорооны хуралдаан дээр мөнөөх дэд сайд М.Ганхүлэгийн хийсэн мэдээлэлд “Дархан арьс ширний цогцолбор барих төслийг хувийн хэвшлээ дэмжиж, ажил эхлүүлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг хэд хэдэн удаагийн уулзалт хийж, ойлголцох гэж оролдлогууд хийсэн. Эхлээд тавьсан саналыг хүлээн авлаа, болно гэдэг байсан ч буцаад ирэхдээ тэс өөр бичиг баримт аваад хүрээд ирдэг. Нэг жилийн хугацаанд ойлголцох гэж их ажилласан. Эрүүгийн асуудлаар шалгагдаж байгааг хурдлуулах эрчимжүүлэх шаардлага байгаа. Турк, БНХАУ, Итали зэрэг орнуудаас дэд бүтцээ шийдвэрлэчихвэл хөрөнгө оруулалт хийе гэдэг санал тавьсан. Гурван яамны сайдын тушаалаар хамтарсан ажлын хэсэг 2023 оны гуравдугаар сарын 10-нд байгуулагдсан.

Ажлын хэсэг дүгнэлтээр зургаан дэд бүтцийг үнэлсэн. Үүнд:

Цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил нь 13 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Гүйцэтгэгчээс 8.1 тэрбум төгрөгийг оруулсан гэсэн санал гарсан. Харин ажлын хэсгийн дүгнэлтээр 3.1 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн юм. Ажлын явц нь 24.3 хувьтай байна.

Гадна дулаан, цэвэр усан хангамжийн шугам сүлжээний ажлын төсөвт өртөг нь 14.3 тэрбум төгрөг. Гүйцэтгэгчээс 8.7 тэрбум төгрөгийн санал ирүүлсэн. Ажлыг хэсгээс 5.4 тэрбум төгрөгийг оруулсан бөгөөд 46.6 хувийн гүйцэтгэлтэй гэсэн дүгнэлт гаргасан.

Гадна холбоо дохиолол болон технологийн уур үүсгэгч хоёр дээр ажлын хэсэг дүгнэлт гаргаагүй. Цэвэрлэх байгууламжийн ажлын төсөв өртөг нь 41.2 тэрбум төгрөг. Гүйцэтгэгчээс 16.3 тэрбум төгрөгийн санал ирүүлсэн. Ажлын хэсгийн дүгнэлтээр 5.1 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж, 12.7 хувийн ажлын явцтай байна. Үйлдвэрүүдийн гадна дулаан, ус хангамж, ариутгах татуургын хос шугам сүлжээний ажлын төсөвт өртөг нь 16.3 тэрбум төгрөг. Гүйцэтгэгчээс 11.4 тэрбум төгрөгийн санал ирүүлсэн. Эрчим хүчний үндэсний төвийн дүгнэлтээр 7.6 тэрбум төгрөг буюу 46.6 хувийн гүйцэтгэлтэй гэж гарсан.

Энэ дүгнэлтээс хойш Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам болон Хөгжлийн Банкнаас нэгдсэн байр суурьтайгаар саналаа илэрхийлж хувийн хэвшлийг удаа дараа хүлээсэн. Хувийн хэвшлээс ТУЗ-өө хуралдуулах, албан бичиг өгөх байдалтайгаар хугацаа хожих маягтай явсаар 2023 оны аравдугаар сарын 31-ний өдрийн уулзалтын саналын дагуу энэ сарын 5-ны эцсийн саналаа ирүүлсэн.

Тус саналаар Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн А/27 тоот тушаалаар баталгаажсан Дарханы Арьс Ширний Цогцолбор төслийн таван багц дэд бүтцийн ажлын үнэлгээг дахин үнэлэх саналаа тусгасан.

Ингэхдээ аудитын үнэлгээний дүнг суурь үнэлгээ болгон тооцож, зах зээлийн үнийн индексээр дахин тооцож үнэлгээг шинэчлэх буюу нэмэгдүүлэх саналаа илэрхийлсэн.

Хувийн хэвшлүүд ажлын хэсгийн үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа. Өөрсдийн үнэлгээний олон улсын стандарт, үнэлгээний тухай хууль, аудитын тухай хуультай уялдуулан дахин үнэлж, Хөгжлийн Банканд шил­жүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм.

Дарханы Арьс Ширний Үйлдвэрийн 180 га газрыг Хөгжлийн Банканд шилжүүлэхдээ нэг га-г нэг тэрбум төгрөгөөр тооцон тодорхой хэсгийг шилжүүлнэ гэсэн. Ингэхдээ ямар эрх зүйн үндэслэлээр газрыг үнэлснээ нотлоогүй.

Хувийн хэвшлийн зүгээс ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, газраа нэмж үнэлнэ, одоогийн үнэ хашаа нэмнэ гэсэн байр суурийг илэрхийлсэн. Төслийн талбайд хийгдсэн дэд бүтцийн барилга байгууламжийн ажил дөрөв дэх жил рүү орж байна.

Арьс шир боловсруулах үйлдвэрийн төсөлд зориулж хийгдсэн ТЭЗҮ, БОННҮ, үйлдвэрийн барилгууд, дэд бүтэц, цэвэрлэх байгууламжийн зураг төслийн ажил үнэгүйдэх эрсдэлтэй байна” хэмээсэн юм.

Д.ОЮУН

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.78) 2024 оны 01 сарын 13

Ховдод бараг хувийн хэвшил үйлдвэрээ барьчихсан. Төр хувийн хэвшил хамтарч ажиллая гэсэн нэрээр засаг төр нь ЦЭВЭРШҮҮЛЭХ БАЙГУУЛАМЖ барих үүрэг хүлээгээд 4 тэрбумаар тоног төхөөрөмж авч ирээд хадгалалтын буруугаас болж ашиглах аргагүй болчихсон байна \nМАНын ажил нэг иймэрхүү янзтай л яваад байгаа юм даа.

1  |  0
Mng(202.126.88.107) 2024 оны 01 сарын 13

Adgiin shunaliin tulam luivarchid bna.Tur zasag l yum bol Tumur nvvree vzvvlex cag n boljee! DAVARCCAN BNA da! Nuxchi darax xtei.zxuviin xevshliin ner barisan luivriin Kompanuudiig!!!

0  |  1
Ариунаа(203.91.115.45) 2024 оны 01 сарын 13

Юм хийж чадахгүй байж газар авсан зээл авсан тэгээд хийж чадаагүй юм чинь төр газраа хурааж ав.зээлийг нь хийсэн ажлаар нь дүгнэлт гаргуулаад тооцоод эздэд нь хариуцлага тооцоод улсын ажилд саад хийсэн гээд ял а уу

0  |  1
K(202.9.40.185) 2024 оны 01 сарын 13

Анхнаасаа л тодорхой юмаа тохироод гэрээ хэлцэл хийж байж эхэлдэггүй юмуу.ганц амбаар бариулсан ч үнэ мөнгөө тохироод эхэлдэггүй билүү.улсын төсвийнх гэхээр л ийм хачин жонхуурсан юм бх юм даа.энэ төслийг эхлүүлсэн хүмүүстээ хариуцлага тооцох ёстой.ямар ч хариуцлага алга даа.

2  |  0
Зочин(66.181.161.174) 2024 оны 01 сарын 13

Хувийн хэвшил гэж, тэр чинь төрд нөлөөлж буй, ажиллаж буй олигархууд, люмпэнгүүд, авилгач хулгайчуудын өөрсдийнх нь шахаа биз дээ? Люмпэнгүүд улс орныг, төрийг эзлэж зайдагнаж байна. Түүн дотор чиний ч хамаарал яваа.

1  |  0
Иргэн(66.181.179.183) 2024 оны 01 сарын 13

Үгүй ээ хө мартсанаас Улаанбаатарын Мах комбинат яагаад ажиллахаа больсон бэ?Уг нь Герман улсын оролцоотойгоор барьж байгуулсан том үйлдвэр шүүдээ.Малын амьсгаанаас бусдыг бүрэн боловсруулж бүтээгдэхүүн болгодог үйлдвэрүүдийг байсан.

1  |  0
Зочин(202.126.89.30) 2024 оны 01 сарын 11

Хувийн хэвшилийн шуналын бузарууд монгол улсаа сүйрүүлж нугаслахаар улайран зүтгэж байна.

0  |  0
Top