Дэслэгч Б.Батбаатар. Монголд тоотой хэдхэн илэрсэн булчирхайн хорт хавдар гэх оноштой. Эмчилсэн туршлага манайд үгүй, үр дүн нь нотлогдоогүй. Тиймээс гаднын улсад үүдэл эс солиулах хагалгаанд орох шаардлага тулгарчээ.
Түүнтэй ярилцахад сэтгэлээр унаж, халгаж халширсан шинж өчүүхэн төдий ч ажиглагдсангүй. “Ирэх долоо хоногт ээлжийн амралтаа авна. Үргэлжлүүлээд 3-4 сар эмчлүүлэх байх. Ирээд нийслэлийн есөн дүүргийн радио холбоог тоон системд холбож дуусгах ёстой. Одоогоор төвийн зургаан дүүргээ л холбож амжлаа” хэмээн бараг өндөлзөх.
Түүнд амьдрах, ажиллах итгэл 100 хувь байгаа нь илт. Харин мөнгө, санхүүгээр хомсхон. Тиймээс хандивын аян өрнүүлээд байгаа хэрэг. Олны хүч оломгүй далай гэдэг. Ард иргэдээ аюул ослоос авран хамгаалах энэрэнгүй үйлсийн төлөө зүтгэж яваа 29-хөн настай идэрхэн залууд их, бага гэлтгүй байгаагаараа туслацгаая. Уриалж байна.
Намайг Баянцогтын Батбаатар гэдэг. Өвөрхангай аймгийн Бүрд суманд 1994 онд төрсөн. Хүүхэд байхаас л цэрэг, цагдаагийн алба хаагч болох мөрөөдөлтэй байв. Физикийн хичээлдээ сонирхолтой, ЭЕШ-ын оноогоор Батлан хамгаалах их сургуульд тэнцэж, холбооны инженер мэргэжлээр төгссөн. Дараа жил нь Зэвсэгт хүчний 327 ангид цэргийн алба хаагаад, 2018 онд Үндэсний аврах бригадад аврагч-холбоочноор анх ажилд орсон. 2021 онд нийслэлийн Онцгой байдлын газарт шилжин холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр одоог хүртэл ажиллаж байгаа. Нийслэлийн есөн дүүргийн Онцгой байдлын газар, Аврах анги, Гал түймэр унтаах, аврах 16 ангийн холбооны найдвартай ажиллагааг хангах үүрэгтэй. Мөн томоохон хэмжээний гал түймрийн голомтод очиж холбоо мэдээллийг зохион байгуулж ажилладаг.
Радио спортоор хичээллэдэг. Радио долгион илрүүлэх спорт юм. Зэвсэгт хүчний Жанжин штабаас 2018, 2019 онд зохион байгуулсан хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит холбоочдын цогцолбор тэмцээнд радиопеленгац “Үнэг агналт”-ын төрөлд мөнгө, хүрэл медаль, II зэргийн болзол хангасан. Шатар сонирхож, зоосон мөнгө цуглуулдаг. Зураг зурах дуртай. Найман настай нэг хүүтэй. Гурван охин дүүтэй, айлын том хүү. Энэ намар Дотоод хэргийн их сургуульд сурч мэргэжлээ дээшлүүлэх бодол байсан. Гэвч эмнэлгээр явах шаардлагатай болчихлоо.
Хавдар цусанд ороогүй байгаа учраас донор хэрэггүй, өөрөө өөртөө донор болох боломжтой гэсэн. ЭМЯ-тай хамтран ажилладаг Энэтхэг улсын эмч нар ирж үзээд эмчилгээний төлөвлөгөө гаргаж өгөөд явсан. Хавдрын эмнэлэгт эмчилдэггүй гээд Улсын I төв эмнэлэгт эмчлүүлж, хяналтад орсон. Тус эмнэлгийн эмч нар энэ сарын сүүлээр Энэтхэгийн эмнэлэгт зочлох гэж байгаа. Монгол эмч нартайгаа хамт явчихвал сайхан л байна. Ядаж хэлний бэрхшээл үүсэхгүйгээр эмчилгээ, хагалгааныхаа тухай ойлголт авчихна.
Эмчилгээнд нийт 300 гаруй сая төгрөг төлөх ёстой байгаа. Тиймээс сайхан сэтгэлт ард түмэндээ болон мөрдэс нэгт нөхдөдөө хандаж “Надад туслаач” гэж хичээнгүйлэн хүсэх байна. Эрүүл болж буцаж ирээд алслагдсан дүүргүүдийг тоон системд холбох ажлаа хийнэ. Гаднын улс орнуудын холбооны техник хэрэгсэл, станцын хөгжил өндөр түвшинд хүрсэн байна. Станц нь лед дэлгэцтэй, дүрстэй дуудлаг хийж байршил тодорхойлдог. Боломжит бүх функцыг ашигладаг болчихлоо. Цаашид Онцгой байдлын албаны холбоо мэдээллийг олон улсын жишигт хүргэхийн төлөө хийхээр төлөвлөсөн олон ажил байна. Мөн техник хэрэгсэлтэйгээ зөв харилцах бүрэн эзэмшсэн байхыг цаг үе шаарддаг болжээ.
Өнгөрсөн хугацаанд ямар ч өвчин тухайн хүний амьдралын хэв маягаас ихээхэн шалтгаалдаг гэдгийг ойлголоо. Тиймээс эрхэм Та эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж, гэр бүл, эрүүл мэнддээ цаг цав гаргаж байгаарай. Гэр бүл ер нь орхигдоод байдаг шүү гэдгийг хэлье.
#Nematimes-д зочилсон Нийслэлийн Онцгой байдлын газрын холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Б.Батбаатар
Сэтгэгдэл ( 1 )
улсдаа хэрэгтэй хүнсэн