Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэдэг. Энэ жил шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан тус хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутат, УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхантай ярилцлаа.
-Шинэ Үндсэн хуулийг баталж байхад нийгмийн шилжилтийн халуун үе байсан гэдэг. Хуулийг ямар нөхцөлд баталж байсан бэ?
-“Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов” гэдэг монгол ардын үг байдаг. Монголчуудын 1990 онд хийсэн гол зүйл нь Зөвлөлтийн хараанаас гарах явдал байсан.
Тухайн үед хойд хөршид ч, социалист орнуудад ч социализмын замаар явж чадахгүй боллоо, үүнээс ухаръя гэсэн нийтлэг үйл явц дэлхийд өрнөсөн. Энэ дотор Эдийн засгийн харилцан туслах Зөвлөл /СЭВ/-ийн орнууд байна. Мөн Монгол Улс ч яг тийм үе тулсан.
Ингээд манай улс 1990 онд ардчилал руу орж, сонгуулиар Ардын Их Хурлын 430 депутат сонгогдсон. Үүнээс 49 нь Ардчилсан хүчин, бие даагч байсан.
1990 оноос өмнө СЭВ-ийн орнуудын хүрээнд манай улс төсвийнхөө 80 хувийг ЗХУ-аас дотаци буюу санхүүжилтээр авдаг байсан. Гэтэл нэг л өдөр дотаци нь зогссон. Өөрөөр хэлбэл, та гэр бүлдээ 1000 төгрөг авдаг байсан бол 800 нь ор сураггүй алга болчихлоо гэсэн үг.
Оросууд бол та нар биеэ дааж байгаа учраас валютаар тооцоо хийнэ. Бид өмнөх шигээ зээлээр өгөхгүй гэсэн. Улсад валютын нөөц байхгүй. Өмнө нь нөгөө олон үйлдвэрийн газрууд төвлөрсөн хангамжтай, дандаа дотациар амьдардаг байсан. Сүлжмэл бүтээгдэхүүн, савхин хүрэм хийхэд цахилгаан, товчноос эхлээд тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг бүгдийг цаанаас өгдөг, дотооддоо үйлдвэрлэдэггүй байв.
Дизель түлш байхгүйгээс цахилгаан станцууд бүгд ажиллах боломжгүй болж, үйлдвэрүүд зогсож, ургацаа хурааж чадалгүй цасанд даруулсан. Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлээд зарах газар байхгүй болсон. Өмнө нь чанартай, чанаргүй бүгдийг нь хуваарилалтаар экспортолдог байсан нь зогссон. Ингээд нийгмийн хямрал болсон. Ийм л хүнд нөхцөл байдалтай нүүр тулсан үед бид “Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов” гэж Үндсэн хуулиа баталсан.
-Тэр хүнд байдлаас ямар арга замаар гарсан бэ?
-Нэгэнт үйлдвэрүүд ажиллах боломжгүй болохоор ажилчид нь яах вэ гэдэг асуудалтай тулгарна. Зөвхөн барилгын ажилчид 100 мянга орчим байсан. Барилга барихад мөнгө хэрэгтэй. Гэтэл тариагаа хурааж чадахгүй байсан улс юун барилга барих вэ дээ.
Үйлдвэрийн газрын ажилчдыг яах вэ гэдэг асуудал тулгарна. Үйлдвэрийн газрын дарга нар нь дандаа МАХН-ын жинхэнэ кадрууд байлаа. Тэр хүмүүс чинь аргаа барж байгаа юм. Хэрвээ бид нийгмийн хямралыг ужгируулаад, асуудлаа шийдээд явж чадахгүй бол бослого хөдөлгөөн болж, иргэний дайнд хүрэх байсан.Гутлын үйлдвэрүүд гутлаараа, гурилын үйлдвэрүүд гурилаараа гэх мэтээр үйлдвэрийн газрууд бараагаар цалингаа тавьж байсан.
Улс орныг удирдаж байсан хүмүүс ямар байдалд орох нь ойлгомжтой. Тухайн үед Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуай байсан. Бид энэ байдлаас гарах тухай ярилцаж Олон Улсын валютын санд элссэн. Ядаж цахилгаан станцаа ажиллуулахын тулд бидэнд засвар хийх, түлшний мөнгө хэрэгтэй.
Тэр үед эхлээд малаа иргэддээ өгье гэж шийдэн мал хувьчлах ажлыг улс даяар зохион байгуулж, нэгдлүүдийг тараасан. Нэгдэл тараахыг хамгийн их эсэргүүцсэн хүмүүс нь Их Хуралд сонгогдсон нэгдлийн 330 дарга нар байлаа. Ганц хоёр жилийн дараа анхны мянгат малчид төрсөн. Гэтэл мал хувьчлалыг хамгийн их эсэргүүцэж байсан нөхөд мянгат малчид болсон байсан.
Хоёрдугаарт, тэртэй тэргүй үйлдвэрүүдээ хангаж чадахгүй нь тодорхой учир ажилчдаа гадагшаа явуулъя гэж шийдэж бүх иргэдэд гадаад паспорт чөлөөтэй олгосон. Ингээд гэр бүлээ тэжээхээр “ганзагын наймаа”-ны эрин эхэлж, дэлхийгээр хэрсэн. Үр дүнд нь өнөөдөр 280 мянган хүн гадаадад байна. Өнөөдөр манай иргэд эрх чөлөөний мэдрэмжтэй, юм үзэж нүд тайлсан, дэлхийн улс орнуудтай харьцуулдаг болж, Монгол Улс маш өөр хүний нөөцтэй болсон.
-Шинэ Үндсэн хуулийн зарим зүйл, заалтыг хэлэлцэхдээ шийдэлд хүрч чадалгүй олон өдөр болсон гэдэг. Жишээлбэл, ямар асуудал байсан бэ?
-Бүх сумдаас ирсэн депутатууд ганцхан улсын нэрийг тогтоход л 10 гаруй хоног маргах жишээтэй. Мөн Ерөнхийлөгчийн бүх ард түмнээс сонгоно гэж оруулж баталсан. Ардчилсан хүчин парламентын засаглал руу оръё, парламентаасаа Ерөнхийлөгчийг сонгоё гэдэг шаардлага тавьж байсан.
Манай улс одоо цахилгаан, бензинээр явдаг машин шиг гибрид төрийн тогтолцоотой болчихсон. Ерөнхийлөгчөө, парламентаа бүх ард түмний сонгуулиар сонгодог. Одоо УИХ 126 хүнтэй болох нь. Үндсэн хуулийн одоогийн өөрчлөлтийн дараа нэг хүн 126 хүнтэй тэнцэх нь байна. Тэгэхээр энэ нь эрх мэдлийн тулаан явагдана.
-Таны бодлоор шинэ Үндсэн хуулийн гол ач холбогдол юу вэ. Тухайн үед Ардчилсан хүчнээс ямар асуудлыг Үндсэн хуульд оруулсан бэ?
-Үндсэн хуулийн хамгийн том ач холбогдол нь тусгаар тогтнолоо бүрэн зарласан явдал. Монголчууд социализмаас татгалзаад дэлхийн хамтын нийгэмлэгийн орнууд шиг амьдарна гэж сүүлийн 300 жилд анх удаа өөрийнхөөрөө амьдрах эрин үе эхэлсэн нь чухал.
Хоёрдугаарт, хувийн хэвшлийн, хүний эрхийг хангана гэдгийг зарласан. Та бүхэн Үндсэн хуулийг харвал “Монголын ард түмэн бид” гэж эхэлж байгаа. Тэгэхээр энэ Үндсэн хууль нь төрд зориулаагүй, ард түмний төлөө хууль юм.
1990 онд Үндсэн хуулийг батлахад ардчилсан хүчин дэндүү цөөн, 430 депутатын 10 хувь буюу бие даагчтайгаа нийлээд 49 хүн л байсан. Тиймээс бид нэгэнт л хүчгүй, 10 гаруйхан хувь учир Үндсэн хуулиа батлах юм байна, хоёрдугаарт, бид тусгаар улс гэдгээ тунхаглаад, гуравт нь, хүний эрхийнхээ заалтуудыг бүлгээр нь оруулъя гэж зүтгэсэн.
Нэгэнт цөөнх учраас үзээд үзээд дийлэхгүй. Ямар сайндаа “Мал төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт орох вэ дээ. Дэлхийд тийм заалт байхгүй. Төрийн хамгаалалтад иргэн нь ороогүй. Тиймээс өнөөдөр утаан дунд униартаад амьдарч байна. Сонин байгаа биз. Тэгэхээр бидний хувьд хүний эрхийн заалтууд гол байсан.
-Тэгвэл Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхийн асуудал Монгол Улсад өнөөдөр хангагдаж чадаж байна уу?
-Хүн эхээс төрөхдөө л амьд явах, үг хэлэх эрхтэй байдаг. Энэ бол заяагдмал эрх. Үндсэн хуулиараа үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Гэтэл одоо хүний эрх зөрчигдөөд эхэлж байна.
Өнгөрсөн 32 жилд хугацаанд Үндсэн хуульд тохируулаад 700 гаруй хууль батлагдсан. Гэтэл тэдгээрээр дандаа төрд эрх мэдэл өгч, иргэнд үүрэг өгсөн байна. Уг нь Үндсэн хууль дээр эхлээд төр эрхтэй байна гэсэн заалт байхгүй, “Монголын ард түмэн бид” гэж байгаа. Ингэхээр ард түмэн долоон эрхтэй, 700 үүрэгтэй болоод байна. Ингээд салбар хуулиуд нь хүний эрхийг зөрчөөд эхэлж байгаа юм. Үндсэн хуулийн гол зарчим нь төр, иргэн хоёр тэнцүү гэсэн үг. Маргаан гарвал түүнийг нь шүүх хуулиар зохицуулна.
Гэтэл одоо Цагдаагийн ерөнхий газар нь юм уу, Хууль зүйн яам нь жагсаал цуглаан хийх журам гэж гаргаж байна. Үндсэн хууль дээрх үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг журмаар зохицуулна гэж байхгүй. Хууль биш журмаар зохицуулаад, журам нь чамайг гэмт хэрэгтэн болгож байгаа. Хэдхэн хүн Үндсэн хуулиар дээгүүр журам гаргачхаад иргэдийг жагсаал хийлээ гэж баривчилна, торгоно, шоронд хийнэ.
Дэлхийн ард түмний биеийн хэлэмж, соёл өөр өөр байдаг. Жишээ нь, Австрид салаавч үзүүлэх нь “Бид ялна, ялалт” гэсэн утгатай. Болгарууд толгой сэгсрээд л байна. Тэр нь “Би зөвшөөрч байна” гэсэн үг. Тэгэхээр салаавч гаргасан хүн магадгүй Австриас ирсэн байж болно биз дээ. Хүний орон гэр халдашгүй дархан. Гэтэл цагдаа нар тухайн иргэнийг олоод торгож байна. Үүнээс өөр илрүүлэх хэрэг алга уу.
Өмнө нь ч биднийг сэтгүүлчид элдвээр шүүмжилдэг байсан. Намайг гэхэд 700 гаруй удаа гүтгэсэн. Ар гэрт маш хүнд тусдаг. Гэхдээ би нэг ч сэтгүүлчийг шүүхэд өгч байгаагүй. Яагаад гэвэл би үг хэлэх эрх, хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэж Үндсэн хуульд оруулсан юм байгаа биз дээ.
Өнөөдөр нүүрсний хулгай, ЖДҮ-ийн хэрэг гээд илрээд байдаг ч шийтгүүлсэн хүн алга. Харин гэртээ байсан хүнд аль хэдийнээ шийтгэл хүлээлгэчихлээ. Эндээс хүний эрхийн тухай ойлголт маш томоор харагдаж байна. Энэ төр чинь Монголын ард түмэн бидний эрхийг хамгаалж, ард түмнээ аятай амьдруулах ёстой. Өнөөдөр төрийн нэрийг барьсан 400 хулгайч гэр бүл Монголын бүх мөнгийг идчихсэн байгаа биз дээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021-2023 онд дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин өслөө гэдгийг зарласан. Хоёрхон жилийн дотор ингэж өссөн нь нүүрсээ биржээр зардаг болсонтой холбоотой. Өөрөөр хэлбэл, тэр хэмжээний хулгайг 400 хүн хувааж идэж, нэг хэсэг нь дэндүү баяжлаа. Монголчууд энэ 400 хулгайчийг тэжээх гэж амьдраагүй. Тэд таны үр хүүхдийн ирээдүйг хулгайлж байна. Тэгэхээр бид төрийн механизмаа нийтээрээ эргэж харах хэрэгтэй.
- Үүний тулд хэрхэх вэ?
-Монголчууд бид 2024 оныг хугаралтын цэг болгож ашиглах ёстой. 1996 он тийм үе байсан. Тэр үед хүмүүс өмчтэй болох гээд чадахгүй байсан. Тиймээс бид эхний старт аппаа хийж, орон сууцыг бүгдийг нь үнэгүй хувьчилъя гэж шийдсэн. Өнөөдрийн тооцооллоор 16.5 их наядын орон сууц хувьчлагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, өмчөө захиран зарцуулах эрхтэй болсон.
Улсын төсөв 250 сая ам.доллар байлаа. Улсаас оруулж байгаа хөрөнгө оруулалт 20-хон сая ам.доллар байсан. Өнөөдөр улсын төсөв хэдэн их наядаар яригдаж байна. Өөрөөр хэлбэл, 1996 он баяжих эхлэлийг тавьсан үе байсан.
Энэ цагийг 1996 онтой харьцуулахад монголчууд хөрөнгөтэй болж, юм үзэж нүд тайлсан. Төр гэж 400 хулгайч байгааг одоо мэдэрчихсэн. Одоо бидэнд нийгмээрээ шинэ зохион байгуулалт дутагдаад байна. Түүнээс биш Монголын төр аль нэг намынх биш. Өнөөдөр хоёр оюутны нэг нь гадаад явна гэж ярьж байна. Энэ нь Монголд амьдрах нөхцөлгүй болсныг харуулж байна.
-Манай Улс Үндсэн хуульдаа хэдэнтээ өөрчлөлт оруулсан ч төдийлөн байгаа онохгүй байх шиг. Тухайлбал, 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг “Дордохын долоон өөрчлөлт” гэж нэрийддэг болсон. Үүнийг 2019 оны оны нэмэлт өөрчлөлтөөр засаж чадсан эсэх дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-2000 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах үед нь би хөдөө тойрогт ажиллаад энд байгаагүй юм. Маш хурдан хэлэлцээд, баталсан байсан. Тэр үед УИХ сар, хоёр сараар ажиллаж чадахгүй, гацчихсан байсан. Тухайн өөрчлөлтүүд тэр гацаанаас гарах зорилготой, дутуу өөрчлөлтүүд хийгдсэн.Дараа нь ойр ойрхон хоёр өөрчлөгдлөө. Энэ нь Үндсэн хууль нь нийгмийн шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байгаагийн илрэл юм. Гэхдээ есөн давхар руу гарахын тулд нэг нэг шатаар ахиж байна гэсэн үг.
Сэтгэгдэл ( 1 )
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus