Эдгээр хүмүүсийн учир битүүлгээр, ул мөргүй алга болсон түүх хүмүүсийн анхаарлыг ихээр татдаг. Тэдний түүх тус бүрдээ өөр өөр бөгөөд тааварлахын аргагүй. Багахан ч ул мөр үгүй...
Далайн эрэг рүү яваад ул мөргүй болсон Бомонтын хүүхдүүд
Австралийн үндэсний өдрийн баяр Жим болон Нэнси Бомонтын хувьд уй гашуу болж үлджээ. 1966 оны нэгдүгээр сарын 26-нд тэд хүүхдүүдээ далайн эрэг рүү явуулаад дахиж уулзаж чадаагүй аж. Тэд есөн настай том охиноо хоёр дүүдээ санаа тавьж чадна гэж найджээ. Автобусанд суун амралтын газрыг зорьсон хүүхдүүд үдээс хойш гэртээ ирэх байв. Гэвч ирэх хугацаандаа ирээгүй тэднийг ээж нь далайн эргээс алхаж ирж байгаа байх гэж боджээ.
Орой болов. Хүүхдүүд нь ирсэнгүйд айж сандарсан аав, ээж хоёр нь цагдаад хандаж, гурван хүүхдийг хайх ажил Өмнөд Австрали даяар өрнөв... Тэднээс багахан ул мөр ч олдоогүй бөгөөд живсэн байж болох магадлал огт батлагдаагүй аж. Хүмүүсийн харснаар хүүхдүүдийн дэргэд очсон байж болох шаргал үстэй залуугаас өөр сэжигтэй хүн ч олдоогүй гэнэ.
Хамгийн ойлгомжгүй нь ээжийнх нь өгсөн 8 шиллингээс өөр халаасны мөнгөгүй явсан хүүхдүүд амттаны дэлгүүрт нэг фунтээр тооцоо хийж, хэдэн пирог, торт авсан байжээ.
Хороо цэрэг алга болсон нь
Дэлхийн нэгдүгээр дайны үеэр тулааны талбараас хороо цэрэг сураггүй алга болсон нь хамгийн нууцлаг түүхүүдийн нэг юм. 1915 оны наймдугаар сарын 25-нд Их Британийн бүхэл бүтэн хороо цэрэг офицеруудтайгаа алга болжээ. Галлиполид Туркийн цэргүүд рүү дайралт хийх гэж байсан Норфолкийн хороо ой руу ороод сураггүй болсон байна. Ямар ч буун дуу, ямар ч чимээгүйгээр 267 хүн ул мөргүй алга болжээ.
Хаанаас үүссэн нь мэдэгдэхгүй манан хороо цэргийг залгисан гэх яриа байдаг ч энэ нь хайлтыг төөрөгдүүлэхээс өөр юунд ч хүргээгүй аж. Гэхдээ энэ явдалд Туркийн цэргүүдийг буруутгах үндэслэл ч байдаг гэнэ. Тэднийг үл мэдэгдэх аргаар хороо цэргийг хөнөөсөн гэж үзэж байжээ. Гэвч Туркийн цэргүүдийн нэг нь ч тус хорооны талаар мэдээ ч үгүй байсан гэдэг. Ялсан англичууд Норфолкийн хороог хайж эхэлжээ.
Эхлээд хайлт амжилттай болж байв. Тулааны талбараас тус хорооны цэргүүдийн таних тэмдэг, мөрдэс, гутал зэргийг олж байсан бөгөөд нэгэн тосгоноос олон зуун цогцос олдсоны дараа Английн цэргийнхэн сураггүй алга болсон хороог тулаанд баатарлагаар амиа алдсан гэж зарлахаар яарчээ. Гэвч энэ дүгнэлттэй таарахгүй байх шинж тэмдгүүд энгийн нүдээр ч харагдаж байв. Тухайлбал, цэргүүдийг их өндрөөс унагасан мэт гэмтлүүд байжээ. Цогцоснууд олон тооны хугарал, бусад гэмтлүүдтэй байгаа нь нотлогдсон байна.
Өнгөрсөн зууны 70-аад оны эхээр Норфолкийн хорооны учир битүүлэг байдлын тухай архив олон нийтэд ил болоход шинжлэх ухааны ертөнцөд жинхэнэ тэсрэлт эхэлсэн байна. Эрдэмтэн бүр түүхэн үйл явдлын тухай өөрийн гэсэн таамаглал дэвшүүлсэн аж. Тэдний зарим нь үл мэдэгдэх нисдэг биетийн тухай ам нээжээ. Харь гарагийнхан хороо цэргийн нэг хэсгийг хөнөөж, нөгөө хэсгийг нь авч явсан гэж тэд хэлсэн нь гайхашрал төрүүлэв.
Дугуйгаар яваад ул мөргүй алга болов
Энэ эмгэнэлт явдал Бүх Британийг цочроожээ. 13 настай охин гэгээн цагаан өдрөөр ул мөргүй алга болсон байна. Эйприл охин зэргэлдээ тосгонд байдаг эгчийнх рүүгээ унадаг дугуйгаар явсан бөгөөд тариан талбайн ойролцоо дугуй нь үлдэж, өөрөө ул мөргүй алга болжээ. Охиныг хамгийн сүүлд харсан цорын ганц гэрч нь ачааны машины жолооч байв.
Цагдаа нар охиныг орон даяар хайсан ч тусыг эс олжээ. Энэ түүх Их Британийн хамгийн учир битүүлэг хэргүүдийн нэг юм.
Байрандаа ор сураггүй алга болсон охин
Энэ үнэхээр хачирхалтай түүх. Найман настай охин 20 давхар орон сууцнаас гараагүй алга болжээ. Оршин суугчдын нэг нь Николь Морин охиныг лифт рүү ойртож байгааг харсан гэж хэлсэн нь үнэн ч бассейн орохоор хүлээж байсан найз руугаа очоогүй аж.
Охиныг эрэн хайх ажиллагаанд Торонтогийн цагдаагийн шилдэг хүчин оролцсон байна. Тэд байшингийн давхар бүрийг шалгаж, Николь Морины ул мөрийг олохыг хичээв. Гэвч охин алга болсон хэрэг нэг алхам ч урагшлаагүй өдийг хүрчээ.
Эцэг, эх нь охиноо хайж олохын тулд маш их хүчин чармайлт гаргасан гэдэг.
Худал хэлээд ул мөргүй болсон оюутан
2004 оны хоёрдугаар сарын 9-нд Массачусетсийн их сургуулийн оюутан Маура Мюррей найз залуудаа “Чиний захиаг авлаа. Гэхдээ би одоо хэнтэй ч яримааргүй байна. Байж байгаад чам руу залгая, амлаж байна” гэсэн мэйл явуулжээ. Энэ нь түр ганцаараа байхыг хүссэн хүний үг гэж бодогдохоор. Гэхдээ тийм биш байв. Маура багшдаа хэдэн долоо хоног ирж чадахгүйгээ бичээд ойр дотныхоо хүний оршуулганд очно гэсэн байжээ. Гэвч энэ нь худлаа байсан гэнэ. Маурагийн гэр бүлээс хэн ч нас бараагүй байжээ.
Тэр оройноо бүсгүй Нью Хэмпширийн ойролцоо машинтайгаа осолд өртсөн байна. Хажуугаар нь явж байсан автобусны жолооч түүнд тусламж хэрэгтэй эсэхийг асууж, цагдаа дуудах гэхэд Маура “Зүгээр” гээд цагдаа дуудахгүй байхыг хүсжээ. Гэсэн ч жолооч зам тээврийн осол гарсан байна гэж цагдаад мэдэгдэн 10 минутын дараа цагдаа нар ирэхэд Маура алга болсон байсан гэнэ. Ямар нэгэн сэжигтэй ул мөр олдоогүй аж.
Дараагийн өдөр сүйт залуу нь хайртай бүсгүйгээсээ дуут мессеж авчээ. Гэвч тэндээс нэг ч үг илрүүлж чадаагүй гэдэг. Цурхиран уйлах л сонсогдож байжээ.
Бүсгүйн машинд сурах бичгүүд, жирэмслэлтээс хамгаалах эм, винотой хайрцаг л байжээ. Харин оюутны хотхоноос нь цагдаа нар түүний эд зүйлээ нямбайлан багласан хайрцгуудыг олсон байна.
Ууртай залуу агаарт замхарсан мэт сураггүй болов
Брэндон эгчтэйгээ
2008 оны тавдугаар сарын нэгэн орой Брэндон гэх залуу Миннесота дахь гэр рүүгээ машинтайгаа харьж явлаа. Гэнэт тэр жолоогоо алдан машин нь ус зайлуулах шуудуу руу хажуулдаж оржээ. Брэндон эцэг, эх рүүгээ утасдан, ирж аваач гэсэн байна. Тэд хурдан ирсэн ч хүүгээ олоогүй гэдэг.
Брэндоны машин
Брэндон руу залгахад тэрээр ойролцоох хот руу хүрэхээр оролдож байна гэжээ. Тэгснээ гэнэт уурлаж, холбоо тасарсан байна. Дараа нь цагдаа нар машиныг нь олсон ч машинд нь Брэндон ч, утас нь ч байгаагүй аж. Брэндон голд живсэн байж болох таамаг байсан ч уснаас түүний цогцсыг олоогүй учир залууг хайсаар байв. Гэвч үр дүн гараагүй хэвээр байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )