Бондыг “бондойлгосон” ӨРИЙН МЕНЕЖМЕНТ

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 01 сарын 12

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар шинэ оны босгон дээр “Бондын өрийг бүрэн төлж барагдууллаа. Монгол Улс 2024, 2025 онд өр төлөхгүй” хэмээн мэдэгдсэн. Ер нь бол энэ онд УИХ-ын болон орон нутгийн сонгуультай тул томоохон  бужигнаан үүснэ. Анх удаа бүсчилсэн тойргоор сонгуульдаж, 126 гишүүнийг гаргаж ирнэ. Ийм эзэгтэй үед Засгийн газар өртэйгөө ноцолдоод сууж байсан бол төрийн тогтвортой байдал,  үндэсний аюулгүй байдал гээд олон асуудал хөндөгдөж мэдэхээр байв. Энэ талаас авч үзвэл өр тэглэсэн нь том дэвшил юм. Нөгөө талаас зунжин, намаржин сонгуульдсаар арай гэж дараагийн УИХ, Засгийн газар нь хөлөө олтол 2025 онтой золгоно. Өр төлөх нөхцөл байдал угтвал шинэ тутам Засгийн газарт хүнд тусах нь гарцаагүй. Энэ бүхнийг шийдсэнээрээ Бондын өрийг бүрэн төлж барагдуулсан Л.Оюун-Эрдэнийн танхим дараагийнхаа Засгийн газарт “талх”-ыг нь барьж өгөөд зогсохгүй шинэ талхыг халуунаар нь үлдээж байна. Гэхдээ  сөрөг хүчнийх нь  зүгээс “Өрийг өрөөр дарсан нь өртэй байгаагаас ялгаа юун. Монгол Улс өртэй хэвээр үлдсэн” гэх шүүмжлэлийг урсгаж байна. Гэтэл аж ахуйн нэгжийн өр бол хувь хүний тавьсан өртэй адил бөгөөд Засгийн газрын өр төлбөрт хамаардаггүй.

Харин Хөгжлийн банкны хувьд бондын өр тавьж, чанаргүй зээлээр гараа угаасан хүмүүс бол АН-ынхан өөрсдөө.  Гэхдээ АН-ын өр, МАН-ын өр гэхгүй Монгол Улсын Засгийн газраас тавьсан гадаад өр гэж л явна. Үүнийг харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн төлж барагдуулснаар Монгол Улс дефольтын эрсэдлээс гарсанд гол асуудал, гавьяа хариуцлага нь оршиж байна. Ингэхдээ тэд  өрийн менежментийг хэрхэн хэрэгжүүлсэн бэ гэдэгт учир нь бий. Эдийн засагчдын зүгээс ч “Засгийн газар өрийн менежментийг сайн хийлээ” хэмээн  дүгнэж байгаа юм.

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН МЕНЕЖМЕНТ-1

Тэгэхээр бондын өрийг  “бондойтол” төлсөн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын өрийн менежментийн нууц юунд байв?  Үүнд хариулахад нэгдүгээрт, Гүйцэтгэх засаглалын тэргүүний   өөрийнх нь манлайллыг дурдах нь зүйтэй болов уу. Түүний хийсэн алхмуудыг дарааллаар нь авч үзвэл,  2022 оны нэгдүгээр сарын 20-нд Хөгжлийн банкны чанаргүй зээлийн жагсаалтыг ил болгосон. Өр төлбөрийг барагдуулах үе шаттай ажлыг зохион байгуулсан. Хөгжлийн банкны сонсголыг явуулсан. Үүний үр  дүнд аравдугаар сарын 23-нд  Хөгжлийн банкны “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсан. Арванхоёрдугаар сарын 6-нд “Чингис” бондын өрийг бүрэн төлсөн. Үүн дээр 2023 оныг Засгийн газраас “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, 5 Ш ажиллагааг эхлүүлсэн нь ташуур болсон. Авлигатай тэмцэх хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхийн тулд  Засгийн газраас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”  өргөн барьсныг УИХ 2023 оны зургаадугаар сарын 30-нд   баталсан. Намрын чуулганаар буюу арваннэгдүгээр сарын 30-нд Авлигын дагнасан шүүх байгуулах хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьсан.  Шат дараатай хэрэгжүүлсэн дээрх бодлого, хэрэгжилтийн дүнд арванхоёрдугаар сарын 25-нд “Самурай” бондын 200 сая ам.долларын өрийг төлсөн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын зүгээс Хөгжлийн банкны хулгайтай тэмцэж, “чанаргүй” гэх луйврыг ил болгож эргэн төлүүлснээр дампуурах гэж байсан Хөгжлийн банкийг зогсоож, улмаар бондын өрийг төлөх боломжийг бүрдүүлсэн. Цаашид Хөгжлийн банкны засаглал, мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэхийн тулд Засгийн газар Эксим банк болгох эрхзүйн цогц шинэчлэлийг эхлүүлсэн зэрэг хүчин зүйлүүд нөлөөлсөн. Засгийн газрын 2020 оноос хойш төлж дуусгасан өр нь:

2020 онд:

-Мазаалай бондын 500 сая ам.долларын өрийг төлсөн.

-Чингис бондын 200.8 сая ам.долларын өрийг барагдуулсан.

-691 тэрбум төгрөгийн гадаад зээлийг дарсан.

-263 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаасны өрийг эцэслэн хаажээ.

2021 онд:

-Гэрэгэ бондын 266.9 сая ам.долларын зээлийг төлсөн.

-746.7 тэрбум төгрөгийн гадаад зээлийг дарсан.

-216 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаасны өрийг барагдуулсан.

2022 онд:

-Чингис бондын нийт 662.4 сая ам.долларын өрийг төлсөн. .

-532 тэрбум төгрөгийн гадаад зээлийг дарсан. .

-208 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаасны өрийг төлж дуусгасан.

2023 онд:

Евро бонд

-Самурай бонд

-Хуралдай бонд ыг бүрэн төлж дуусгав. Ингэснээр Монгол Улс үндсэндээ 12 жил үргэлжилсэн гадаад өрийн дарамтаас гарсан.

ДЕФОЛТЫН ЭРСДЭЛЭЭС ГАРСАН ӨРИЙН МЕНЕЖМЕНТ-2

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэрэгжүүлсэн  өрийн менежментийг амжилттай хэрэгжүүлэхэд нөлөөлсөн хүчин зүйлийг дээр дурдсан. Хоёрдугаарт, бондын өрийг бүрэн төлж барагдуулан дефолтын эрсдэлээс гарсан гол нууц бол  мэдээж  улс төр, эдийн засгийн өрөг дээр “шатар нүүх”  ухаан байв. Үүний тулд  гол тоглогч биш юм гэхэд сайн тоглогч байх ёстой болно. Ямар ч засаг байгаад бонд авах юм уу, өр зээл тавьчихаад  түүнийгээ хугацаанд нь төлөхгүй бол дефолт болно. Засгийн газар нь өөрийн доор байдаг Хөгжлийн банк ч юм уу, харьяа агентлаг, төрийн байгууллагаар дамжуулан авсан өрөө цаг хугацаанд нь төлнө гэдэг  Олон улсын валютын сан болон гадны түншүүд, банк санхүүгийн байгууллагуудын  өмнө хүлээсэн маш том хариуцлага байх ёстой. Хугацаанд нь төлж чадахгүй болсон тохиолдолд өрийг өрөөр солих буюу нэг бондыг нөгөөгөөр сольж, хугацааг нь нааш цааш болгож зохицуулалт хийх нь өөрөө  өрийн хамгийн сайн менежмент юм. Жишээлбэл, нэг айлын   өрхийн тэргүүн нь лизингтэй, эхнэр нь цалингийн зээлтэй байлаа гэж бодоход цалин нь буухгүй удаашрах, эсвэл гэнэтийн зүйл тохиолдож тооцоолоогүй зардал гарвал банктайгаа тохирон зээлээ хойшлуулах юм уу, шат дараатай төлөхөөр хэлэлцээ хийж чадах нь тухайн айл өрхийн хувьд өрийн сайн зохицуулалт болно. Гэтэл төлж чадахгүй, дээр нь банк руу очиж зээлийн менежертэй уулзахгүй байсаар муу зээлийн жагсаалтад орвол дефолттой адил. Дараагийн банк, санхүүгийн байгууллага итгэл үзүүлэхгүй, “Хэдийгээр та цалин орлого сайтай ажил эрхэлж байгаа ч таны зээлийн өмнөх түүх муу гарчээ. Хар жагсаалтад орсон байна” гээд зээл олгохгүй болно. Энэ жишээг томруулаад Засгийн газрын түвшинд яривал бондын өр төлөх нь үүнтэй л адил юм. Үүнийг өрийн сайн менежмент гэж үзвэл Засгийн газар ийм зохицуулалтыг сайн хийжээ.

Өөр нэг асуудал бол Засгийн газар дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарт Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, бусад банк санхүүгийн байгууллагаас хөгжлийн зээл авдаг. Засгийн газар дээр яригддаг өрийн ирэнх хувийг хөгжлийн зээл эзэлдэг. 20, 30 жилийн хугацаатай авсан ийм зээл үе үеийн Засгийн газарт байсаар ирсэн. Урт хугацааных учраас хүү багатай, үргэлжлээд явж байдаг. Харин богино хугацаатай, 3-5 жилээр авсан зээлүүд бол хүү нь зах зээлийн зарчмаар тогтоогддог. Тэр утгаараа хүү нь өндөр. Ийм зээлүүдээ хаагаад, эсвэл хүү багатай зээлээр солиод явах нь мөн л өрийн сайн  менежмент  болдог.

МОНГОЛ УЛС  ШРИ ЛАНКИЙН АРААС ОРООГҮЙН УЧИР...

2022 онд Шри Ланкийн Сангийн яам гадаад өрийн эргэн төлөлтөө түр хугацаанд зогсоосон тухай мэдэгдэж байв. Тухайн үед манайхны зарим нь манай улс дефольт болох нь, Шри Ланкийн араас орох нь хэмээн шуугиж байв. Гэвч тийм азгүй зүйл бидэнд тохиолдоогүй. Тус улсын хувьд  олон улсын зах зээлд гаргасан бонд, своп хэлцлээс бусад зээлийн эргэн төлөлтийг гүйцэтгэх боломжгүй болсон.

Иймд түр зогсох арга хэмжээ нь санхүүгийн нөхцөл байдлаа  улам муудахаас урьдчилан сэргийлэх сүүлчийн арга хэмээж байсныг санаж байна. Ингээд гадаад өрийн бүтцийн өөрчлөлт хийх шаардлага тулгарч байгааг Шри Ланкийн эрх баригчид Олон улсын валютын сантай  ярилцаж, хамтраад  эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж байв. Үүнтэй холбогдуулан Шри Ланкийн эрх баригчид импортын хэмжээгээ хязгаарлаж байсан юм. учир нь тус улсад цемент, автомашины сэлбэг хэрэгсэл, түлш, хүнсний бүтээгдэхүүний эрэлт огцом өсөж гадаад өр нь 35 тэрбум ам.долларт хүрээд байсан.

Үүнтэй харьцуулахад Монгол Улсын Засгийн газрын өрийг Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад бүтээж байгаа баялаг нь өрнөөсөө илүү байгааг эдийн засагчид тухайн үед дүгнэж байсан юм. Тэгэхээр өрийн менежментийн хамгийн чухал зүйл нь өрийг өрөөр төлөхгүй байх, тухайн зээлүүд цаг хугацааны хувьд зэрэг төлөгдөхгүй байх, төлөлт хийх хугацааг эдийн засгийн нөөц бололцооны оргил үеүдтэй давхцуулж чадах, хүү багатай зээлээр солих гэх мэт олон хүчин зүйлээс хамаардаг аж. Л.Оюун-Эрдэнийн танхим ийм байдлаар ажилласнаар  дефолт болсонгүй. Харин ч бондын болон бусад өрийг бүрэн төлж барагдуулав.

Эцэст нь өрийн менежментийг хамгийн сайн хийсэн Засгийн газраар нэрлэгдэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top