Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2011 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 3-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгалаа.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2011 оны 6 дугаар сарын 13-17-нд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл, Д.Арвин, Я.Батсуурь, Н.Ганбямба нарын санаачлан боловсруулсан “Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжив. Гэхдээ хуулийн төсөлд “газрын тосны бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг оврын үйлдвэрийг газар нутгийн онцлогийг харгалзан бүсчилсэн байдлаар ойрын хугацаанд барьж байгуулах” гэснийг ”газрын тос боловсруулах бага хүчин чадалтай үйлдвэрийг газар нутгийн онцлогийг харгалзан бүсчилсэн байдлаар ойрын хугацаанд барьж байгуулах” хэмээн өөрчлөх саналыг хууль санаачлагч нарт уламжлахаар боллоо. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 2008 онд 800 гаруй мянган тонн байсан бол 2015 онд жилд 1.7 сая тонн болж нэмэгдэх учир жижиг оврын үйлдвэрүүдийг бүсчилсэн байдлаар барьж байгуулах нь зүйтэй гэж нэр бүхий гишүүд төсөл санаачилсан байна.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайханы санаачлан боловсруулсан “Монгол Улсын албан ёсны статистикийг 2011-2015 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Р.Будын санаачлан боловсруулсан “Статистикийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг Засгийн газраас санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-тэй нэгтгэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар болов.
“Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийн 5.2-ийн “концессийн гэрээгээр ашиглах үндэсний хөрөнгө оруулагчийг” гэснийг “концессийн гэрээгээр ашиглахыг үндэсний хөрөнгө оруулагчийн оролцоотой” гэж өөрчлөх нь зүйтэй хэмээн үзэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Тогтоолын төсөл батлагдсанаар Улаанбаатар хотод дулаан, цахилгааны 5 дахь эх үүсвэрийг шинээр барих ажил эхлэх боломжтой болж, үр дүнд нь төвийн бүсийн эрчим хүчний найдвартай хангамжтай болох юм. 5 дахь эх үүсвэрийг одоогийн Дулааны цахилгаан станц-III-ын байгаа газарт, одоо байгаа дэд бүтцийг нь ашиглан барих бүрэн боломжтой гэж үзэж байна.
“Оюу Толгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний тал болох “Рио Тинто Интернейшнл Холдингс Лимитед” компанитай байгуулсан хувьцаа худалдах, шилжүүлэхийг хязгаарласан гэрээний тухай Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд мэдээлэл хийхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа. Талууд 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдөр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан юм.
Хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн нийгмийн чиглэлийн байгууллагуудыг төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх, тээврийн бус үйлдвэрлэлийн нэгжийг төмөр замын үйлчилгээнээс салгах, төмөр замын тээвэрлэлтийг суурь бүтэц, тээвэрлэлтийн хэсэг болгон тусгаарлах зэрэг асуудлыг ойрын үед ОХУ-ын талтай хэлэлцэж шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгав.
Монгол Улсын Хөгжлийн банк, БНСУ-ын Хөгжлийн банк хооронд байгуулах “Удирдлагын гэрээ”-ний хэлэлцээрийн явцын талаар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. БНСУ-ын Хөгжлийн банк “Гэрээтэй холбоотой аливаа маргааныг Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Арбитраар шийдвэрлэнэ” гэсэн нөхцлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Удирдлагын гэрээ байгуулахыг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд зөвшөөрлөө.
Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны Тэргүүн сайд асан, Монгол төрийн нэрт зүтгэлтэн Да лам Цэрэнчимэдийн дурсгалд зориулан Богд хааны зарлигаар 1914 онд бүтээсэн гэрэлт хөшөөг улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулахаар шийдвэрлэлээ. Энэ хөшөө Увс аймгийн Хяргас сумын Цогтхайрхан уулын бэлд байдаг юм.
“Дэлхийн монгол туургатан, хүннү гарвалтны энхийн их наадам”-ыг энэ оны наймдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо.
“Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )