Л.Цог: Шинэ Үндсэн хуулиар нийгмийн байгууллын хамгийн том суурь зарчмыг тогтоосон

2024 оны 01 сарын 13

Өдгөөгөөс 32 жилийн тэртээ буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тэр үеийн Ардын Их Хурал Шинэ Ардчилсан Үндсэн хуулийг баталж байлаа. Энэхүү үйл явдалд оролцсон депутат, Улсын Их Хурлын дэд дарга,  Хууль зүйн сайд асан, Монгол Улсын гавьяат хуульч Логийн Цогтой ярилцлаа.


-1992 оны Ардчилсан Үндсэн хуулийг баталж байсан түүхэн үйл явдлыг эргэн дурсана уу. Тэр үед Үндсэн хуульд ийм л зүйлийг оруулахсан гэж чухлаар үзэж байсан хамгийн онцлох зүйл юу байв?

-Ардчилсан Үндсэн хууль хэмээн нэрлэгдсэн улс төр, эрх зүйн уг бичиг баримтын төслийг Улсын Бага Хурал дөрвөн удаа, эцэст нь Ардын Их Хурал чуулганаараа эцэслэн хэлэлцэж, баталсан түүхтэй.

Ташрамд дурсахад, одоо 100 жилийн ой нь тохиож буй Монгол Улсын анхны буюу 1924 оны Үндсэн хуулийг нэг хоног хэлэлцэж, маргааш нь баталсан байдаг юм.Харин бид уг төслийг 10 хоногийн дотор хэлэлцэж, батлахаар тооцож, төсөв гаргасан боловч 66 хоногт туйлын нягт нямбай, ажил хэрэгчээр идэвх зүтгэл гаргаж, бараг л улс даяараа анхааран хэлэлцсэн дээ.

Монголын төр, нийгэм ямар байх, төрийн удирдлагын ямар хэлбэртэй байх, хүний эрх ямар байх, өмчийн ямар хэлбэртэй байх, Үндсэн хуулийн биелэлтийг хэрхэн хянаж байх зэрэг амин чухал асуудлаар хэлэлцүүлэг өрнөж байв.

Харин парламентын засаглалтай байх төсөл орсныг хэлэлцэх явцад хэсэг депутатууд Ерөнхийлөгчийн засаглалтай байх асуудал хөндлөнгөөс дэвшүүлсэн, мөн Монгол Улсын төрийн сүлд, далбаа ямар байх тухай асуудал хамгийн их хугацаа шаардсан байдаг.

-Зарим хүн 1992 оны Үндсэн хууль чадамжаа алдсан тул шинэ хууль боловсруулах хэрэгтэй гэдэг. Зарим нь хэрэгжилтэд алдаа бий, түүнээс биш Үндсэн хууль чадамжаа алдаагүй гэж маргадаг. Та юу гэж боддог вэ?

-1992 оны Үндсэн хууль чадамжаа алдсан гэдэгтэй огт санал нийлэхгүй. Яагаад гэвэл уг хуульд бидний зорьсон нийгмийн байгууллын хамгийн том суурь зарчим, ойлголтыг нэн хураангуйлан томьёолж бичсэн тул тэдгээрийг дараагийн хууль тогтоомжид утга санаа, агуулгыг алдагдуулахгүйгээр тусгаж, амьдралд хэрэгжүүлэх асуудал хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, маш хураангуй улс төр, эрх зүйн суурь бичиг баримт мөн.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид агсны  хэлснээр, үг болгоны цаана багц санаа байгааг гүнзгийрүүлэн судлах ёстой юм. Хэрэв энэ Үндсэн хуулийг өөрчилнө гэвэл энэ сонгосон нийгмийн байгууллаа өөрчилнө гэсэн үг.

-Эргээд харахад 1992 оны Үндсэн хуульд дутуу бодож хийсэн зүйл байх юм уу. Тэр үе бол зах зээлийн шилжилтийн үе. Чөлөөт нийгэм, хүний эрх, зах зээл, эдийн засгийг юу гэж томьёолж байсан бол?

-Энэ асуудал түрүүчийнхтэй агуулга ойролцоо байна. Ардчилал, хүний эрх, өмчийн төрөл хэлбэрийн талаар нэн хураангуй томьёолсон, өөрөөр хэлбэл, процессын биш суурь хууль учраас мартсан, дутаасан зүйл гэж бодох юм алга.

-Нэмэлт, өөрчлөлтүүд нь үндсэндээ сонгогчдын хүсэн хүлээсэн, ард түмний эрх ашигт нийцсэн өөрчлөлт болж чадсан уу?

-Шулуухан хэлэхэд чадаагүй. Яагаад гэвэл, 1992 оноос хойших хугацаанд гурван удаа нэмэлт, өөрчлөлт хийхдээ нэг л асуудлыг тойрч гол цөм болгосон. Тэр нь төрийн эрх мэдлийн тухай асуудал. Энэ нь үнэн хэрэгтээ ард түмний эрх ашгаас хол хөндий, түүнийг илэрхийлсэн ямар ч агуулга байгаагүй.

-Ардчилсан Үндсэн хуулиа баталж, Монгол Улс ардчиллын замаар хөгжөөд 30 гаруй жилийг ардаа үджээ. Ардчиллаар буй болсон өсөлтийг өмнөх социализмын үетэй харьцуулбал алдаа, оноог нь та юу гэж дүгнэх бол?

-Үндсэн хуулийг хэрэгжүүлэх 30 жилийн хугацаанд Монголын нийгэмд багагүй өөрчлөлт гарсан. Ахисан, дөхсөн ч зүйлүүд байна. Социалист нийгэмтэй харьцуулбал, ард иргэдийн хэрэглээ зүйрлэшгүй өөр болсон. Аливаа зүйлд агуулга, хэлбэр гэдэг хоёр зүйл суурь ойлголт болж явдаг. Өөрөөр хэлбэл, хэлбэр талаасаа өөр болсон зүйлүүд нь агуулгын хувьд хуучнаасаа долоон дор болсон ч зүйл их байна. Тухайлбал, баян, хоосны ялгаа өнөөгийн нийгэмд гарч, тэр нь сэтгэл зовоосон хамгийн эмзэг асуудлын нэг болоод байна. Үндсэн хуулиараа байгалийн баялгийг ард түмний өмч бөгөөд төрийн мэдэлд байна гэж тодорхойлсон нь үнэн хэрэгтээ эрх мэдэлтэй цөөхөн бүлэг хүмүүсийн хууль бусаар баяжих хэрэгсэл болж хувирлаа.

Жирийн иргэдийн оюун санааны хүрээг авч үзвэл ихээхэн сэтгэл зовоосон зүйлээр дүүрчээ. Монголд төрийн үзэл суртал үгүйлэгдэж, шашнаар, намаар хуваагдаж, бие биенээ үзэн ядах, бүр дайсагнах тийм хандлага газар авч эхэллээ.

Миний энэ дурдсан хүчин зүйлүүд эцсийн дүнд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд сөргөөр нөлөөлөх уршигтай үзэгдэл болон хувирч байгааг шулуухан хэлье.

-Өнөөдөр Улсын Их Хурал 126 гишүүнтэй, сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулахаар болж байна. Үүнд та ямар байр суурьтай байна?

-Энэ тухайд хоёр зүйл хэлье. Би Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэх шаардлага байхгүй гэдэг байр суурьтай, түүнийгээ нэг бус удаа илэрхийлж байсан. Яагаад гэвэл, Монголын хүн амын тоо өссөн, эдийн засаг тэлсэн гэдгээр шалтаглан, дарга нарын тоог нэмэх нь зүйд нийцэхгүй үндэслэл гэж ойлгож явна.

Улсын Их Хурлын гишүүний тоо цөөндөө биш харин тэдгээрийн мэдлэг боловсрол, дадлага туршлага, эх оронч сэтгэл, ард түмнээ гэсэн хандлага дутсанаас төрийн бодлого нь урагшгүй, амьдралд нийцэхгүй байгаа юм.

-Үндсэн хууль ярихаар тогтолцоог их ярьдаг. Өнөөдөр ч гэсэн иргэд тогтолцоог өөрчлөх ёстой гэлцдэг. Яагаад ийм яриа гараад байна вэ гэдэгт та дүгнэлт хийдэг үү?

-Асуудлынхаа мөн чанарыг гүнзгий ойлгож байгаасан бол энэ асуудлыг их л бодож ярих учиртай юм. Яагаад гэвэл, бидний хэлэлцэн баталсан Үндсэн хууль 30 жилийн туршид амьдралд хэрэгжихдээ гажсан зүйл цөөнгүй байгааг би өмнөх асуудлуудад товч дурдсан.

Өнөөдөр ний нуугүй хэлэхэд, эрх мэдэл, мөнгө шүтсэн залилангийн нийгэмд бид амьдарч байна. Өөрөөр хэлбэл, ашгийн төлөө  яахаас ч буцахгүй болсон эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн улс төрийн дэглэм тогтоогоод байна. Энэ нөхцөлд тогтолцооны өөрчлөлт гэж ярьж байгаа бол шударга нийгэм байгуулах тухай л ярих ёстой. Тэгэхээр өөр нийгэм байгуулна гэсэн үг. Харин ч бидний ахмад үеийнхний байгуулсан, миний үеийнхний туулсан тэр нийгэм бол илүү шударга, илүү зарчимч байсан гэдгийг дурсахад таатай байна.

Д.НЭРГҮЙ

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(98.181.118.33) 2024 оны 01 сарын 13

Үндсэн хуулийн үг бүхний цаана багц санаа байна гэхээр нуугдмал агуулгатай гэсэн үг. Тийм далд санаатай үндсэн хуулийг өөрчилж далд санаагүй болгох ёстой, даан ч төрийн эрх мэдлийг хулгайлах сайхан завшаан гэж 32 жил улсаа тонон дээрэмдсэн хүмүүс даварсан шүү.

0  |  0
энэ үнэн(66.181.183.62) 2024 оны 01 сарын 13

ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨХИЙ САЙД БАЙСАН, ИХ ХУРЛЫН ГИШҮҮД НЬ ЭХ ОРНООСОО ХУЛГАЙ ХИЙЖ ШУНАЛЫН ӨВЧЛӨЛ ТУССАН БАЙГАА НЬ ЭНЭ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ БА АГУУЛГА ЯМАР БАЙГААГ ХАРУУЛАХ БУСУУ. мАШ МУУ ХУУЛЬ, ЯМАР Ч ОЛИГТОЙ ЮМ БАЙХГҮЙ ДАН ТУНХАГ, УЯНГЫН ХАЛИЛ.НДСЭН ХУУЛЬ БУСАД СУУРЬ ХУУЛЬ ЁС ЗҮЙГЭЭ АЛДСАН ТӨРИЙН САЙД ДАРГА НЭРТЭЙ ЛУЙВАРЧДАД ЯГ ӨЛГӨӨД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ГЭХЭЭР ЕРӨӨСӨӨ ГАРГАЛГАА БАЙХГҮЙ.

0  |  0
Зочин(59.153.115.139) 2024 оны 01 сарын 13

Хэдэн нэгдлийн дарга нэртэй зоо, малын эмч, агрономи, эдийн засагч, сумын тэргүүний багш, эмч голдуу хүмүүс юу баталсан юм, ерөнхийлөгч, их хурлын дарга , Ер сайд нар нь хуйвалдаад Улсаа тэр чигээр нь дээрэмдчихдэг хууль байна шүү дээ, тэгээд мундаг юм бүтээчихсэн юм шиг сэгсэлзээд байх хэрэггүй

0  |  0
Top