Дээр үед өвгөд эмгэд ингэж хэлдэг байж билээ. “Цөвүүн цаг ирэхэд өнгө мөнгөнд хавчигдаад үнэн юмгүй болно. Хавар намар нь хавчаад зунгүй, өвөлгүй болох юм гэнэ лээ” гэж. “Богдын лүндэн, Чулууны бичиг гэдэгт ирээдүйг зөгнөж тэгж хэлсэн юм гэнэ ээ” гэж арай номтой нь дуугарах. Богдын лүндэнд дэлхийн дулаарал болохыг тэгж зөгнөсөн үү, эсвэл хүний араншин өөрчлөгдөж, байгалийн жам гажуудахыг шинжиж мэдсэн хэрэг үү.
Өнгөрсөн зун ихэнх нутгаар бороо ихтэй сэрүүвтэр байсан. Харин намартаа налайж зуны сэрүүнээ “нөхсөн” юмдаг.
Өвлийн эхээр Баян-Өлгий хавиар бороо шивэрч, дараахан нь Монголд үзэгддэггүй туйлын туяа баруун аймгуудын хойгуур харагдсан. Харин уржигдархан буюу идэр гурван ес эхлэх өдөр Баян-Өлгийн Өлгий сум нэмэх хоёр, Булган, Дэлүүн сум хасах хоёр градус, Ногооннуур сум нэмэх нэг градус, Ховд аймгийн Жаргалант сум нэмэх тав, Манхан сум нэмэх долоо, Ховд сум нэмэх гурав, өндөр уулын Мөст сум нэмэх нэг градустай өнжжээ. Түүхээс харахад 1960 онд өвөлдөө тэгж нэг дулаарсан байна. Энэ тухай идэр есийн хүйтэн дундуур нэмэх долоон градус хүрч дулаарсан тохиолдол 64 жилийн дараа давтагдлаа гэжээ.
Ерөөсөө сүүлийн жилүүдэд зуны аагим халуун багасаж, өвлийн тачигнасан жавар харьж, дээр нь зундаа Монголд байгаагүй борооны улиралтай болж байх шиг. Уг нь өдөртөө бороо орсон бол шөнөдөө татарч, шөнөдөө орсон бол өдөртөө гийж, нарны гэрэл тогтоол усанд туяагаа наадуулж, солонго татаж, газар чийгээр ханан зүлэг ногооноос анхилам үнэр ханхлан цээж цэлмээдэг байсан. Харин одоо бол зуны цагт огцом аадар шаагиж, эсвэл хэдэн өдөр, шөнөөр зүсэрч, нийслэл хотын гудамж талбайд завиар аялахаас наагуур нуур цэцэлзэж, үер дагуулж байх болов.
Ингээд зундаа борооны улиралтай, өвөлдөө бороо устай, мөнөөх лүндэнд буудаг шиг өвөл, зунгүй, сэрүүн хавар, налгар намар гэсэн хоёр улиралтай болох чиг рүү алгуур шилжих юм болов уу даа. Үүнийг мэргэжлийн хүмүүс тайлбарлахдаа “Монгол орны хувьд сүүлийн 80 жилийн хугацаанд жилийн дундаж температур 2.2 градусаар нэмэгдсэн. Энэ нь дэлхийн дунджаас 2.5 дахин эрчимтэй үзэгдэл юм. Үүнээс шалтгаалж Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эрсдэлтэй орон болох шалтгаан болж байна” хэмээжээ. Улирлаар тооцож үзэхэд өвлийн дулаарал илүү эрчимтэй 2.6 градусаар нэмэгдэж байгаа бол зундаа агаарын температурын өсөлт 1.9 градус байгаа ажээ. Үүнээс шалтгаалж өвөлдөө дулаан, зундаа сэрүүвтэр болж, хавар, намар хоёрын эзлэх зай тэлээд буй бололтой.
Сэтгэгдэл ( 1 )
4 улирлын жамыг өөрчлөх гэсэн эргүү орк.