Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу сар бүр олгох 21 мянган төгрөгийг ХААН банкнаас авч байсан иргэд цаашид Хадгаламж банкаар дамжуулан авч байх болсон. Эх орны хувь хишгийн мөнгийг он гарснаас хойш ХААН, Хадгаламж, Капитал банкаар дамжуулан иргэдэд түгээж байсан билээ. Харин долдугаар сарын 1-нээс ХААН банк эх орны хишиг хувь хүртээх ажлыг хийхгүй болсон бөгөөд учир нь тус банк нийслэлийн хамгийн ачаалалтай СХД, БЗД-т олгохгүй гэсэн шийдвэр гаргасан юм. Тиймээс энэ саналыг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас хүлээн авалгүй, гэрээний байдлаа зөрчсөнд тооцон, тус банкны хувь хишиг тараах эрхийг бүрэн хасчээ. Харин ХААН банкны хишиг хувь түгээж байсан ажлыг хүлээлгэхээр арилжааны 14 банкинд хүсэлт тавьсан боловч техник болон орон нутаг дахь салбар нэгжүүдийн хүрэлцээ муугаас нэг нь ч тэнцэж чадаагүй аж. Иймээс ХААН банкны олгож байсан аймаг, сум, хорооны иргэдэд орон даяар өргөн сүлжээтэй Хадгаламж банк "Хүний хөгжил сан"-гийн мөнгийг олгох боллоо. Хүний хөгжил сангийн мөнгийг олгоход банкинд ачаалал их, барилга, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байдаг ч “Хадгаламж” банк нийгмийн хариуцлагаа өндөрсгөн тус ажлыг хүлээн авсан байна. Үүний дээр тус банкны ачаалал нэмэгдэж байгаа учир тэрбум гаруй төгрөгийн техник, технологийн шинэчлэлт хийж Улаанбаатар хотод 13, орон нутагт 40 халамжийн кассыг шинээр барьж, АТМ-ийн тооцооны салбарыг 50 хувиар нэмэгдүүлж, үйлчилгээний газруудад байршуулах РОЗ машины тоог 500-д хүргэсэн байна. Хүний хөгжил сангийн хишиг хувийн мөнгийг Улаанбаатар хотын хэмжээнд 106 хорооны 848.839 иргэн, орон нутгийн 1155 багийн 1.541.590 иргэнд буюу Монгол Улсын хэмжээнд эх орны хишиг хувь авч буй нийт иргэдийн 93 хувьд дангаар олгохоор болжээ. Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас тавьсан саналын дагуу Хадгаламж банк дараах салбаруудаараа "Хүний хөгжил сан"-гийн мөнгийг түгээхээр хуваарилсан байна. Мөн Улаанбаатар хотод Хүний хөгжил сангийн хишиг хувийн мөнгө авах иргэдэд дараах мэдээллийг хүргүүлж байна. Үүнд Эх орны хишиг, хувийн долдугаар сарын мөнгөө аваагүй иргэд өөрийн оршин суудаг, бүртгэгдсэн хорооны харьяаллын дагуу уг хүснэгтэд заасан банкны нэгжээс эх орны хишиг хувийн мөнгийг авах аж.
СБД-т Дамба халамжийн касс БЗД-ийн 21-р хороо, ЧД-т Чингэлтэй касс СБД-ийн 14-р хороо, СХД-ийн Таван шар касс БГД-ийн 20-р хорооны иргэдийн эх орны хишиг хувийн мөнгийг тус тус давхар олгоно.
1.ХААН банкнаас ХХС-ийн хишиг хувийн мөнгөө авдаг байсан иргэдийн хувьд энэ оны долдугаар сараас өмнөх хугацааны мөнгө авах тохиолдолд, Хадгаламж банкнаас ХХС-ийн хишиг хувийн мөнгө авдаг байсан иргэд энэ оны зургадугаар сараас өмнөх саруудын мөнгөө авах тохиолдолд тус тус өөрийн харьяа дүүргийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтэс дээр очиж тулган баталгаажуулсны үндсэн дээр тухайн мөнгийг олгоно.
2.Хадгаламж Виза картаар дамжуулан ХХС-ийн хишиг хувийн мөнгөө авах, биллингийн багц үйлчилгээг уг картын дансаараа дамжуулан авах хүсэлтэй иргэдийн хувьд өөрт ойр буй Хадгаламж банкны салбар, тооцооны төвд очиж холбогдох анкетыг бөглөн Виза картыг үнэгүй авч болох юм байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )