Монгол Улсын үе үеийн Засгийн газрын хийсэн ажил, гүйцэтгэсэн үүрэг, Ерөнхий сайд нарын ачаа татах арга эв, удирдах ур чадвар гээд олон талаас түүх бичигдэж, үнэлэлт дүгнэлтийг ард түмэн өгдөг. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бусдаас онцлох нэг түүх бол цар тахлыг давсан тухай байх болов уу.
Хөгжил буурай улс орнууд цар тахалд хэрхэн сөхөрч, өчнөөн хохирол амссан жишээг бид бүгд харсан. Тийм болчих вий гэсэн айдас хүйдэст хүлэгдсэн, тэвчиж давж гарахыг хичээсэн. Мэдээж хүний амь нас эрсэдсэн, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрсэн, далайд гарцгүй, хоёр хөршийн дунд оршдог хил гааль, ачаа тээвэр болон зорчигч тээвэр удаашралтай, эдийн засгийн хямрал нүүрлэсэн гэхчлэн зөндөө асуудал үүссэн. Эцэст нь монголчууд цөөхүүлээ ч сөрж, тэсэж гарлаа.
Ковидын цаглаварыг сөхөж үзэх юм бол гурван жилийн өмнө яг өдийд иргэд Сүхбаатарын талбайд жагсаж, 2021 оны нэгдүгээр сарын 21-нд У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байв. Үүнээс хэдхэн хоногийн дараа Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүнээр томилогдсон. Тамга гардаж аваад цар тахалтай нүүр тулсан гэж болно.
Ковидын тухайд 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр ДЭМБ-аас Covid-ийн халдвар дэлхий даяар тархсаныг зарлаж, цар тахал хэмээн албан ёсоор тэмдэглэсэн. Тэр цаг үеэс хойш дэлхийн хэмжээнд нийт 6.9 сая хүн Covid-19-ийн халдварын улмаас нас барж, нүдэнд үл үзэгдэх дайсантай ид тэмцэж байсан үе. Монголчуудын хувьд амны хаалтаас өөр "зэвсэг" байгаагүй. Эрүүл мэндийн салбар нь олон жил орхигдсоноос элгээрээ хэвтчихсэн байдалтай байсан. Иймд Засгийн газар эхний ээлжинд энэ асуудалд анхаарч, томоохон хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийнхээ салбарт хийж эхэлсэн. Ингэснээр цар тахлыг богино хугацаанд амжилттай давсан. Яг энэ үеэр хамгийн гол нь улсын томоохон эмнэлгүүдийн материаллаг баазыг сайжруулж, орчин үеийн тоног төхөөрөмжтэй болгож чадсан нь ковидыг давахад томоохон хөшүүрэг болсон гэж мэргэжилтнүүд бас хэлдэг.
Улсын хэмжээнд гэхэд л 2021 онд лавлагаа шатны тусламж үзүүлж буй I, II, III төв эмнэлэгт ачааллыг жигд хуваарилж 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийг хувааж өгсөн. Ингэснээр хөдөө орон нутгийн үйлчлүүлэгчдийн хүлээгдэл чирэгдлийг эрс буруулсан. Мөн орон нутгийн бүсийн оношилгооны таван төвийг дээрх гурван эмнэлгийн үзүүлж буй тусламж үйлчилгээнд ойртуулснаар орон нутгийн иргэд зардал чирэгдэл учруулахгүйгээр шийдэж өгсөн. Өөрөөр хэлбэл, сум, аймгийн төвийн иргэд аймгаас, бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс эмнэлгийн тусламжийг авч, хотод ирэх шаардлагагүй болсон. Ингэж төвлөрлийг сааруулан, эрүүл мэндийн салбарын ачааллыг тэнцвэржүүлсний зэрэгцээ тухайн үед улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэгт дүрс оношилгоо архивлан, хадгалах PACS систем болон “Би-план” ангиографийн аппаратаар мэдрэл, зүрхний оношилгоо, эмчилгээг илүү нарийн түвшинд хийх технологийг нутагшуулаад авсан. Тэр бүү хэл, ковидтой тэмцэж байгаа ч гэлээ Монголдоо анх удаа хавдрыг өндөр түвшинд оношлох ПЭТ-CТ-г ашиглан оношилгоонд нэвтрүүлсэн гэхчлэн техник, технологийн хувьд ч, эмчилгээ онишилгооны чиглэлд ч дэвшил гарсан.
Түүнчлэн “Эрт илрүүлэг”-ийн автор нь Ерөнхий сайд өөрөө байв. Тухайн үед Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль батлагдсан. Мөн Засгийн газрын тусгай сангийн хөрөнгөөр Монгол Улсад оношлох эмчлэх боломжгүйн улмаас гадаад оронд оношилгоо эмчилгээ хийлгэсэн иргэдийн эмчилгээний зардлыг буцаан олгох (хүүхдэд 50 хүртэл хувиар, насанд хүрэгсэд 20 хүртэл хувиар), Монгол Улсад оношлох эмчлэх боломжгүй өвчний шинэ технологийг нутагшуулах болсон бол эрт илрүүлэгт 1.3 сая хүн хамрагдсан үзүүлэлт гарчээ. А вируст гепатит, пневмококкийн халдвар болон умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакциныг заавал хийлгэх болсон нь дэвшил байлаа.
“Эрт илрүүлэг” хөтөлбөрийг улс орон даяар амжилттай хэрэгжүүлэх хөшүүрэг нь орон нутаг дахь бүсийн эмчилгээ оношлогооны төвүүд, лабораториуд, нэг, хоёрдугаар зэрэглэлийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг урьдчилаад шинэчилсэн явдал байв. Үүний дараа эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн бас нэг том хөтөлбөр бол “Эрүүл шүд” арга хэмжээ байв. Шүд нь өвдсөн бол бахиар суга татуулдаг байсан үеийн “хохирогчид” хиймэл шүдтэй болж, ялангуяа бага насны хүүхдүүд шүд хорхойтох өвчнөөс ангижирсан нь өнгөрсөн гурван жилийн ололт юм.
Гэхдээ иргэдийн зүгээс цар тахлын үеийн эрүүл мэндийн салбарын төсвийг шалгах ёстой гэх мэтээр шүүмжилдэг. Нээлттэй сонсгол явуулахыг шаарддаг хүмүүс ч бий. Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан 2023 онд цар тахлын төсвийн зарцуулалтыг танилцуулахдаа "Цар тахлын төсөвт ямар нэгэн нууцлал байгаагүй, шилэн дансанд байршуулсан. Коронавирусын урьдчилан сэргийлэх, амьжиргааг дээшлүүлэх, ажлын байр хадгалах, ААН-үүдийг дэмжих, нийгэм эдийн засаж үзүүлэх сөрөг нөлөөллийн бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд зориулж 2020 онд 4.4 их наяд төгрөг, 2021 онд 5.1 их наяд төгрөг, 2022 онд 1.6 их наяд төгрөгийг зарцуулсан. Нийт 11.2 их наяд төгрөгийг зарцуулсан байна.
2020-2022 онд төвлөрүүлсэн нийт эх үүсвэрийн 37 хувийг эдийн засгийн идэвхжүүлэхэд, 12.5 хувийг ажлын байр хамгаалахад, 13.2 хувийг иргэдийн эрүүл мэндийн хамгаалахад , 36.4 хувийг иргэдийн орлогыг хамгаалахад тус бүр зарцуулжээ. Хүүхдийн мөнгийг 100 мянга болгон олгоход 2.1 их наяд төгрөг зарцуулсан” хэмээн мэдээлж байсан нь өдгөө хар дээр цагаанаар бичигдэж үлджээ.
Улсын төсвөөс эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулахаас гадна гадаадын зээл тусламж, хандивууд ч тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулсан нь мэдээж.
Тухайлбал, Дэлхийн банкнаас бүх аймаг, дүүргийн эмнэлгүүд болон Улаанбаатар хотын төв эмнэлгүүдэд 16 сая гаруй ам.долларын өртөг бүхий 6100 гаруй эмнэлгийн тоног төхөөрөмжийг төслийн хүрээнд нийлүүлсэн байна. Эдгээр нь халдвар хамгаалал, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад туслаад зогсохгүй оношилгоо, лаборатори болон эмчилгээний чадавхийг нэмэгдүүлсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.
Хамгийн гол үзүүлэлт нь монголчууд, Монголын эрүүл мэндийн салбар цар тахалд бууж өгөөгүй. Засгийн газар ч гэсэн цар тахалд “өвдөг шороодчихсонгүй”.
Энэ бүх үйл явдал Л.Оюун-Эрдэнийн танхимын түүхэнд “Цар тахал ба Эрүүл мэндийн салбарын сорилт, сөрөлт” гэсэн шинэ хавтсыг нээж өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
ВИРУСТ ГЕПАТИТ А , ПНЕВМОКОККЫН ВАКЦИН ЧИНЬ ЭНЭ ЗАСГААС ӨМНӨ СУДЛАГАА ХИЙГДЭЭД ХИЙГДЭЭД ЭХЭЛЧИХСЭН БАЙСАН АЖИЛ ЭМ--ЫН САЛБАРТ МУУ АЖИЛЛАСАН ӨНӨӨДӨР ГЭХЭД ЭМЯ ҮНДСЭН ТӨРИЙН НАРИЙН БИЧИГГҮЙ/ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧТЭЙ/ ТОМ ЭМНЭЛЭГҮҮД НЬ Ч ТЭР ДАРГА НАР НЬ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ БАЙХАД АЖИЛ САЙН ЯВАХ УУ\n