УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд УИХ-ын намрын чуулганы хугацаанд тус байнгын хорооны гүйцэтгэсэн ажлын тайланг сэтгүүлчдэд танилцууллаа.
Тэрбээр танилцуулгын эхэнд “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх ёстой. УИХ 126 гишүүнтэй болж буйтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагууд бий. Төрийн ордны тухай хуулийн төслийг хэлэлцэж батлуулах ёстой. Төвлөрлийг бууруулах, нийслэлтэй холбоотой асуудал Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд бий. Үүнтэй холбогдуулан хаврын чуулганаар нийслэл хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичгийг Эдийн засгийн байнгын хороотой хамтраад хэлэлцэхээр төлөвлөсөн” гэв.
Парламентын ээлжит сонгуультай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай, сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай, 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэдгийг хэлэв. Эдгээр асуудлыг улс төрийн намууд, СЕХ, холбогдох бүх байгууллагуудыг оролцуулж шийдэхэд Байнгын хороо ихээхэн цаг, хүч хөдөлмөр заржээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны хаврын ээлжит чуулганаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулиуд, тогтоолын төслүүд, Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төслөөс гадна иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний талаарх хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж.
Мэдээллийн дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, СЕХ-ны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогчдод юу хийхийг зөвшөөрч юуг хориглосон бэ. Нэр дэвшигчид хувьцаа, ногдол ашгийн талаар сонгогчдод амлалт өгч болох уу?
Д.Бат-эрдэнэ:
-УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигч нь сонгогчийн саналыг татах зорилгоор эд зүйл, мөнгө тараахыг хориглосон. Мөн уралдаан тэмцээн, баяр наадам зохион байгуулах, ивээн тэтгэх, амлалт авахыг хориглосон. Харин УИХ-ын гишүүний хувьд бүрэн эрх нь хэрэгжиж байгаа учраас хийсэн ажлынхаа тайланг тарааж, түүнийгээ танилцуулах уулзалт зохион байгуулж болно. Сонгуулийн ажлын хүрээнд улс төрийн намууд гишүүдтэйгээ хийх уулзалтыг хориглохгүй.
-Сонгуульд нэр дэвшигчид нэг л сурталчилгааны самбар ашиглахаар хуульчилсан. Тэгвэл сонин, сэтгүүлийн хувьд ямар хязгаар тавих вэ?
-Сонгуулийн зардал бууруулах, цэгцтэй мэдээллийг сонгогчдод өгөх зорилгоор нэг л плакат байрлуулна. Тухайн намын сонгууль эрхэлсэн байгууллага нь жагсаалтаар нэр дэвшсэн 48 хүнийхээ тус бүр гурван хэвлэлийн хуудас хүртэлх хэвлэмэл материалыг нийлүүлээд гаргаж болно. Тойрогт нэр дэвшигч нь хоёр хэвлэлийн хуудас сэтгүүл болон сонинг тус тусдаа гаргах боломжтой.
-Намууд нэр дэвшигчдээ хэзээ тодруулах вэ?
-Улс төрийн намууд сонгуульд орох тухай байр сууриа дөрөвдүгээр сарын 26-28-ны хооронд албан ёсоор илэрхийлэх ёстой. Нэр дэвших асуудлыг тавдугаар сарын 14-20-ны дотор дуусгах учиртай.
Сонгуультай холбогдуулж иргэдийн шилжилт хөдөлгөөнийг ирэх дөрөвдүгээр сарын 29-нөөс зогсооно. Түүнээс өмнө шилжилт хөдөлгөөнөө зохицуулах шаардлагатай гэсэн үг.
Зургаадугаар сарын 10 гэхэд УИХ-ын сонгуульд нэр дэвших нам, эвсэл бие даагчдыг шалгаж дуусаад үнэмлэхийг нь гардуулна. Ингэснээр сурталчилгаа албан ёсоор эхлэнэ. Ийм хуваарийг СЕХ-ноос гарсан.
-УИХ 126 гишүүнтэй болсноор Төрийн ордонд өрөө тасалгаа дутагдана. Үүнийг яаж зохицуулах бол?
Н.Энхболд: -Төрийн ордонд цаашдаа ямар байгуулагууд үлдэж үйл ажиллагаа явуулах ёстой вэ гэдгийг шийдэх ёстой. Одоогоор төсөл яригдаж байна. Тийм учраас Төрийн ордонд тийм ийм байгууллага байна гэсэн зүйлийг өнөөдөр тодорхой хэлэхэд түвэгтэй. Ерөнхийлөгч, хууль тогтоох, гүйцэтгэх байгууллага нэг байранд байх нь зохимжгүй тухай асуудал олон жил яригдаж ирсэн. Энэ бүхэн Төрийн ордны эрх зүйн байдлын тухай хуультай холбогдоно.
УИХ-ын гишүүдийн тоог нэмэхтэй холбоотойгоор Төрийн ордонд байрладаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын аппарат өөр байр тийш шилжиж эхэлсэн.
-Төвлөрлийг сааруулах чиглэлээр төрийн байгууллагуудыг цаашдаа хааш нь шилжүүлэх вэ?
-УИХ саяхан Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Энэхүү тогтоолд зааснаар эхлээд судалгаа хийнэ. Бүсчилсэн хөгжийн үзэл баримтлалтайгаа холбогдоод гүйцэтгэх байгууллагын аль нь хаашаа шилжиж болох вэ гэдгийг эхлээд тодорхойлно. Төрийн байгууллага Төв аймаг руу шилжлээ гэж бодоход нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх шаардлага гарч ирнэ. Тийм учраас эрх ашгийг нь дордуулахгүй байхаар эрх зүйн зохицуулалтыг нь эхлээд батлуулчих, тэр хүрээнд төсвийг нь батлах зэргээр зохицуулалтыг нь тусгаад явъя гэсэн гэлээ.
Д.Оюун
Сэтгэгдэл ( 1 )
Кувейтээс монголд төрийн ордон барихад зориулж тусламжаар өгсөн 2 сая $ хаана хадгалагдаж байгааг тодруулмаар байна