Өчигдөр хуралдсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар "Шинэ яармаг" суурьшлын бүсийн эхний ээлжийн 7 дугаар бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг баталлаа.
УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 оны 343 дугаар тогтоолоор баталсан "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөт ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх орчмын нутаг дэвсгэрийн 4400 га талбайд 57 мянган өрхийн 223.000 хүн ам бүхий "Шинэ Яармаг" суурьшлын бүс байгуулах ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа. Уг ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа төлөвлөлт судалгааны 9 бүс болгож, бүс тус бүрийг өөрийн гэсэн онцлогтой байхаар тусгаж байгаа юм.
Эхний ээлжийн 7 дугаар бүс нь "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын нислэгийн зурвас талбайн баруун урд болон зүүн урд талаар байрлах 740 га талбайг хамрах бөгөөд төлөвлөлтөөр 5625 өрхийн 21937 хүн ам оршин суух боломж бүрдэнэ. Энэ бүсэд нам болон дундаж давхрын орон сууцны хороолол, элчингийн хороолол, олон нийтийн хэсэгт гольфын сургалтын цогцолбор, үйлдвэрийн хэсэгт өндөр технологи, экспортод чиглэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрийн төвүүд байхаар төлөвлөжээ. Мөн энэ удаагийн Тэргүүлэгчдийн хурлаар "Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам"-ыг баталлаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотноо 500 орчим зочид буудал, дэн буудал, 200 орчим амралтын газар жуулчны бааз, гэр буудлууд үйл ажиллагаа явуулж байна. Энэ бүх хоноглох байрын тоноглолын болон үйлчилгээний чанарын хувьд бүгдээрээ хангалттай түвшинд байж чадахгүй байгаа учир тодорхой шалгууртай болгож, цэгцлэх үүднээс Нийслэлийн Аялал жуулчлалын газраас журмын төсөл боловсруулжээ.
Тус газраас хийсэн судалгаагаар гадаадын жуулчид болон хөдөө орон нутгаас ирж байгаа хүмүүсийн хэрэгцээнд хамгийн ихдээ л 100 орчим зочид буудал байхад хангалттай гэсэн тооцоо гарсан бөгөөд үлдсэн хэсгийнх нь гол хэрэглэгчид болох залуучуудын архидан согтуурах, биеэ үнэлэх зэрэг нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх зүйлүүдийг дэмждэг газар болж хувираад байгаа юм. Тиймээс энэхүү журмаар зочид буудал, дэн буудал нь мэдэгдэхээ байж, хэн дуртай нь хоног төөрүүлэх хэдэн ор тавьчихаад "hotel” гэж үйлчилж байгаа энэ салбарын үйл ажиллагааг зохицуулах боломжтой боллоо.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )