Д.Зоригт: Газрын тосны цаашид ихсэх хэрэглээг ч гэсэн Орос найдвартай хангана

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 21

Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн  өнеөгийн байдлын тухай болон Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт орсон талаарх мэдээллийг ЭБЭХ-ний сайд Д.Зоригт өчигдрийн Засгийн газрын хуралдаан дээр танилцуулсан юм. Энэ талаар Д.Зоригт сайдаас тодрууллаа.

-Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамж өнөөгийн байдлаар  ямар   байна?

-Засгийн газрын хуралдаанд манай шугамаар хоёр асуудал танилцуулсан байгаа. Эхнийх нь газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдлын тухай байна. Ер нь бол газрын тосны хангамж жигдэрсэн гэдгийг манай хэрэглэгчид бүгд харж байгаа байх. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 30 гаруй хоногийн нөөц байна. Задлаад хэлэх юм бол дизель түлш 34 хоног, автобензин 19 хоногийн нөөцтэй. Тиймээс хангамжийн асуудал бүрэн жигдэрлээ гэдгийг хэлье. Энэ тал дээр бидний хийж байгаа хэд хэдэн бодлогын том асуудал бий. Үүнийгээ Засгийн газрын өмнөх хуралдаан дээр танилцуулсан. Энэ юу гэхээр урд өмнө болж байсан нөхцөл байдалтай холбогдуулаад хамгийн эхэнд газрын тосны өөрийн гэсэн бүтээгдэхүүний нөөцийн асуудлыг шийдэх ёстой юм байна. Засгийн газрын хуралдаанаас тогтоол гаргаж нөөц бүрдүүлэх хөрөнгө бий болгох үүргийг Сангийн яаманд өгсөн. Дээрээс нь нөөцийг хадгалах сав агуулахыг нь барих гээд нийт төсөв мөнгө 100 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг 2012 оны төсөвтөө суулгаж өгөхөөр боллоо. 2011 оны хувьд бодлогын түвшинд гаргасан хамгийн том шийдвэр газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг эрчимжүүлэх явдал байлаа. Энэ ондоо багтаагаад судалгаа, санхүүжилт, төрийн өмчийн   оролцоотой компани байгуулах зэрэг дээр төвлөрч ажиллана.

-Газрын тосны бүтээгдэхүүний хангамжаар урт хугацааны гэрээ байгуулсан гэж мэдээлж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Урт хугацааны гэрээ байгуулсан байгаа. Үүнийг бас Засгийн газрын хуралдаан дээр танилцууллаа. Манай ЭБЭХ-ний яам болон газрын тос импортлогч компаниуд Москвад очиж ажилласны үр дүнд наадмын өмнөхөн энэ гэрээгээ байгуулсан. Үүний дагуу хангамж найдвартай хийгдэнэ. Дээрээс нь нэмээд цаашид Монгол Улсын хэрэгцээ нэмэгдэнэ. Тиймээс урт хугацааны гэрээнд өсөн нэмэгдэх хэрэглээний газрын тосны бүтээгдэхүүн авч байна гэж суулгаад байна.

-Оюу толгой компанийн хувь нийлүүлэгчдийн гэрээнд ямар өөрчлөлт оров?

-Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулсан өөрчлөлт, хөрөнгө оруулалтын гэрээн дээр заасан хувьцаагаа шилжүүлэх, зарахтай холбоотой Рио Тинто компанитай гэрээнд гарын үсэг зурсан талаараа танилцууллаа. Урьд өмнө энэ талаар мэдээлж байсан. Хувь нийлүүлэгчид хувийнхаа хүүг бууруулсан зэрэг томоохон өөрчлөлтүүд орсон. Рио Тинто компанитай байгуулсан гэрээний хувьд "Хэрэв стратегийн хөрөнгө оруулагчийн хувьд Рио Тинто компани Айвенхоу Майнз болон түүний охин компаниудад хувьцаагаа зарвал Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авна" гэсэн заалтыг тусгаж өгсөн байна. Үүнийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд мөн танилцуулах болно.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top