Хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хэмээн “цоллуулж” ил, далд ад үзэгдсэн хэсэг бүлэг хэдийн бий болжээ. Хүн ам өсөж, эдийн засаг тэлэхийн хэрээр тэдний тоо чимээгүй нэмэгдэн хаяагаа тэлсээр. Зам тээвэр, ахуйн болоод үйлдвэрлэлийн осол, гэнэтийн халдлага, гэмт хэргийн хохирогч болох, төрөлхийн болон олдмол өвчний улмаас гээд өчнөөн олон шалтаг шалтгааны улмаас өр өвдөм хэлтгий заяа руу хазайдаг. Угтаа бол хэн ч хэзээ ч иймэрхүү нөхцөл байдалд орж болзошгүй, цаашлаад амь насаараа хохирч нэгэн насны амьдрал дуусчихаж болзошгүйг та бид бүгдээрээ л харж анзаарч байна. Гэтэл үхэл, амьдралын зааг дээр алтан аяганаас ус уух хувь ерөөлтэй үлдсэн тэд сэтгэл гундуухан, хаа нэгтээ чимээгүй алсарсаар л.
Халамж тэтгэврийн мөнгө нь амин зуулга байтугай эм тариандаа ч хүрдэггүй тэднийг төр нь ч, төрсөн нь ч үл хайхран сэтгэл санаа, эдийн засгаар хүчирхийлсээр ирэв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж хэн бэ. Тэд бол сонгуулиар саналын хуудас төдий үнэ цэнтэй амьдарч байна. Сонгуулийн өглөө ар гэрийнхэн нь боломжтой нэгийг нь хөтөлж аваачаад, боломжгүй нэгийг гэрт нь очоод саналын хуудас бөглүүлэхэд ашигладаг нь нууц биш болжээ. Бусад үед тэднийг харсан ч хараагүй мэт, сонссон ч сонсоогүй мэт. Хүн бүр тэгш эрхтэй гэж лоозогнодог ч бодит амьдралд энэ нь эсрэгээрээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар гэж гоё нэртэй байгууллага үнэндээ бол зорилтот бүлгийн иргэд нь зориод очих гэхээр хоногтоо багтаж хүрч очихооргүй урт холын замд байрлана.
Өнөөдрийн энэ хальтиргаа гулгаатай гудамж замаар хөгжлийн бэрхшээлтэй байтугай эрүүл хүн явахын аргагүй. Дээрээс нь зарим хорооны дарга нар гэж ямар ч сэтгэлгүй нөхөд бий. Өөртөө зориулж машины зогсоол барьж, өрөөнөөсөө хонхдож цай, кофе зөөлгөн ямбархаж суух мөртлөө хорооныхоо үүдэнд тэргэнцэртэй хүмүүст зориулаад ганц шат хийлгээд хонх өлгөчихгүй юм. Хаа нэгтээ зохион байгуулж буй хурал цуглааны арга хэмжээ нь үнэндээ хороо, дүүргийн болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь хэзээ ч үйлчилгээг нь хүртэж үзээгүй Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын тайлангийн үйл ажиллагаа болоод хувирчихна. Өнөөдөр манай улсад ойролцоогоор 120 орчим мянган хөсөр хаягдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ёгтоор хэлбэр тийм хэмжээний сонгуулийн “саналын хуудас” амьдарч байна. Даанч 120 мянган хүний саналыг яаж ийгээд авахыг хичээдэг шигээ асуудал бэрхшээлийг нь шийдэх гэж хичээдэггүй “дарга анги”-тай билээ.
Г.Ганчимэг
Сэтгэгдэл ( 2 )
Сайд нь Булгантуяа бгаа цагт юуч горьдоод хэрэггүй ажилтай иргэд амьдрал тарчиг байхад ажилгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд ямар байгаа нь тодорхойшдээ
манайх 3 давхарт лифтгүй. талсаатай гэртээ тэргэнцэрээр хөдөлдөг нөхөр, атигар эмгэн 2. гал түймэр, газар хөдлөх гамшиг ирэхэд бид гарах гарцгүй.