Шилний цаанаас чихэр долоолгож, иргэдээ дэндүү басамжилсан “Эх орны хишиг” гэгч 21 мянган төгрөг сүүлдээ хүний аминд хүрэх бололтой. “Хадгаламж” банкны үүд сахиж дугаарласан хүмүүсийн түрүүчээс нь ухаан алдаж унаад эмнэлэгт хүргэгдэх боллоо. Зарим салбар дээр нь хэдэн зуун метр урт дараалал үүсчээ. Энэхүү тамын ажил нь ХААН банк уг мөнгийг хүмүүст тараахаа больсноос болж “Хадгаламж” зэрэг цөөн банкны салбарт шилжсэнтэй холбоотой гэж Хөдөлмөр, халамж, үйлчилгэний газрынхан тайлбарлаж байна. Харин иргэдэд үйлчлэх үүргээсээ “Татгалзсан” ХААН банкныхан болохоор “Бид үйлчлэх ёстой. Харин бидний хөнгөн, шуурхай үйлчилгээний талаар янз бүрийн санал тавьсаар байтал Хөдөлмөр халамж үйлчилгээний газрыхан 21 мянган төгрөг тараах ажлыг манайхаас татаж аваад бусад банкинд шилжүүлчихсэн” гэлээ. Энэ тухайгаа “Өдрийн сонин” зэрэг сонинуудад тодорхой илэрхийлсэн байна. Хэнийх нь үг бодит үнэнд нийцэх вэ. Уг нь ХААН банк 500 салбараараа энэ мөнгийг түгээж байж. Хадгаламж банк нь дөнгөж 300 салбартай. Одоо дахиад 60-аад салбар нэмэх юм гэнэ. Гэлээ гээд энэ хоёр банкны салбаруудыг нийлүүлсэнтэй тэнцэх 800 гаруй салбар иргэдэд ямартай ч үйлчлэх боломжгүй болж байгаа ажээ. Хадгаламж банкны салбарууд дээр “Капитал” зэрэг жижиг банкуудын салбарыг нэмээд ч ачааллыг дийлэхгүй юм байна. Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрынхан ХААН банкны санаа оноог сонсоод аль болох эв зүйгээр нь зохицуулсан бол ийм хүндрэл учирахгүй байсан байх. Тэгээд ч төрийн байгууллага яавал иргэддээ хөнгөн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх вэ гэсэн хувилбарыг сонгох ёстой байлаа. Түүнээс биш хувийн банкинд өөрсдийн хатуу болзол ч юм уу, мугуйд бодлого тулгаад “Хийвэл хий, эс хийвэл өөр хүнээр хийлгэнэ” хэмээн гэдийвэл эцсийн дүнд иргэд маань л хохирч үлдэнэ. Юун түрүүнд иргэдийнхээ эрх ашгийг анхаарч үзэх байсан юм. ХААН банкны эзэн Америк хүн байна уу, Хятад хүн байна уу энд огтоос хамаагүй. Мөн Хадгаламж банк нь манай төрийн томчуудын ивээлийн банк уу, Оросын олигархиудын мөнгөний сав уу гэж шиншлэх нь ч утгагүй байхгүй юу. Энэ удаа ямартай ч иргэд маань 21 мянгынхаа төлөө зуны аагим халуун наранд амь алдаж магадгүй байдал үүсчихлээ, одоо яах вэ.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )