“Их зохиолч”-оос шог зохиолч болсон түүх

2024 оны 04 сарын 02

4 дүгээр сарын 1. Анх хэн хэзээ санаачилсныг мэдэхгүй юм. Энэ өдрийг “Инээдмийн баяр” болгон тэмдэглэдэг уламжлал нэгэнт тогтжээ. Энэ өдрийн “Хувь заяа” булангийн зочин нэлээд хоржоонтой, егөөтэй нэгэн байх нь бараг л тодорхой доо гэсэн шүү юм бодоод сууж байтал “Шог зураач юм уу шог зохиолчоос ярилцлага ав” гэдэг эрхлэгчийн тушаал буув. “Хоёуланг хийдгээр нь А.Амарсайхан багшийг “Хувь заяа”-даа урьчих уу” гэтэл “Тэг ээ тэг” л  гэлээ. “Бүхний дарга” гэдэг шиг бичдэг, зурдаг, багшилдаг гээд бүгдийг хийдэг, чаддаг уран бүтээлч хүний тухай үгийн сувд хэлхэх амаргүй нэгэн давааг давах л болов. Манай уншигч, үзэгчид “Хэцүү анги”, “Тусгай салаа” зэрэг телевизийн олон ангит киногоор нь андахгүй эрхэм бол Алтангэрэлийн Амарсайхан. Тэрбээр зохиолч, сэтгүүлч хүн. “Монголд цөөвтөр байгаа “Улаан ном”-ын амьтдын нэг” хэмээн “Тоншуул”-аар овоглодог хэсэг бүлэг хүн үздэг юм билээ.


 

Хувь тавилангийн зөрлөг

 

Хүүхэд ахуй үеийн гэрэлт он жилүүд “Ногоон байр” гэж алдаршсан багш нарын байранд өнгөрчээ. Найз нөхдийнхөөрөө ороход багш нарындаа л очно. Гэртээ ирлээ. Аав ээж хоёулаа багш. Ерөөсөө л багш нарын дунд өсчээ. Багш нарын амьдралыг дэндүү сайн мэднэ. Аав нь Баян-Уул, ээж нь Халиун сумынх. Хоёулаа Говь-Алтайн хүмүүс. Аав Б.Алтангэрэл Говь-Алтай аймгийн Боловсролын хэлтэст насаараа ажилласан хүн.

Математик, физикийн багш, сургалтын кабенитын эрхлэгч. Тэртээ 1966 онд Багшийн дээд сургууль төгсөхдөө “Сургуульдаа багшаар үлдээч” гэсэн урилга аваад удаагүй байтал Улсын тэргүүний лаборатори I сургууль “Манай сургууль багшаар авъя” л гэж. Гэтэл шинэхэн багш залуу, гэр бүлийн хүний хамтаар төрөлх нутгийн зүг аяны жолоо өргөжээ. Энэ нь ч учиртай. Хүн чанар нь зулгаажээ. Боловсролын хэлтсийн дарга С.Норов гээд их мундаг багшдаа “Нутагтаа ирж ажиллана” гээд амлалт өгснөө бодсоных. Амлалтаа биелүүлэхийн тулд том боломжуудыг орхиод хөдөө явжээ. Ууган хүү нь өдгөө “Уг нь би Улаанбаатарт, Багатойрууд ч юм уу өсөх гэж байсан хүүхэд хувь тавилангийн эрхээр Говь-Алтайд төрж өссөн байдаг юм” хэмээн хоржоон болгож сууна. Тэрбээр 1969 онд төрсөн айлын том хүүхэд. Зургаан хүүхэдтэй айлын ууган хүү. Уг нь үерийн жил буюу 1966 онд нэг эгч гараад эндчихсэн, түүнээс хойш энэ айлд гурван хүү, гурван охин төржээ.

Ээж Х.Загдаа монгол хэлний багш. Говь-Алтай аймгийн Улсын тэргүүний I сургуульд насаараа монгол хэлний багшаар ажиллажээ. Говь-Алтайнхан бүгдээрээ мэднэ дээ.

 

 

Нисэхийн инженер болох мөрөөдөлтэй хүү

 

А.Амарсайхан багадаа нисэх загвараар хичээллэдэг байв. Ерөөсөө л ганц хүсэл мөрөөдөл нь тэр. Нисэх хүчин гэдэг зүйлийн түүхийг бараг л мэргэжлийн хүн шиг мэддэг болов. Дэлхийд цуутай онгоцнуудын бүтэц, хэрхэн зохион бүтээсэн түүх гээд бүгдийг судалчихсан. Александр Яковлевын намтар “Амьд явсны хэрэг” бол ширээний ном нь. Дахин дахин уншдаг байж. Ингэж л инженер зохион бүтээгч болох мөрөөдлөөр жигүүрлэж явжээ. Гэтэл Говь-Алтай аймагт нисэхийн инженерийн хуваарь ирсэнгүй. Яаж ирэх вэ. Анхнаас нь “Би нисэх загвараар хичээллэдэг. Нисэхийн инженер болох хүсэлтэй” гээд Иргэний нисэхийн газрын удирдлага руу захиа бичиж, мэдээ өгч, өөрийгөө таниулах ёстой байсныг огт мэдээгүй. Хөдөө газар зөвлөх ч хүнгүй. Хар нялхаасаа хүсэж мөрөөдсөн бүхэн хий хоосон зүйл болж сарнин хүү ахиад л хувь тавилангийн зөрлөг дээр “төөрөв”.

Говь-Алтайд тэр жилийн конкурсээр цахилгааны, геофизикийн, геодезийн инженер гэх зэрэг ЗХУ-ын дээд сургуулиудын таван хуваарь ирж байжээ. Тэр дундаас харж байгаад “За, дүүрч. Арай ойрхон юм даа. Цахилгааны инженерийн хуваарь авъя” гээд байж байсан чинь, орой гэрт нь айлчин ирэв. Хотоос ирсэн намын лектор хүн аавд нь “Энэ геофизикийн инженер гэдэг чинь ёстой мундаг шүү дээ. Сансрын геофизик ч гэж бий...” гээд ярьж өгч байна. Тэгтэл тэр лектор гуай конкурсэд Амарсайханы ард орчихсон байсан хамаатны ч юм уу хүүхэддээ цахилгааны инженерийн хуваарь очуулах бодлогоор зориуд тархи угаасныг гэнэн хүү мэдээгүй. “Аанхаа, энэ ангид л оръё. Сансарт ч нисчихэж мэдэх нь” хэмээн суртал ухуулгад нь автчихсан нь хоржоонтой. Геофизикийн инженер гэхээр юу хийдэг ямар хүн бэ гэдгийг огт мэдэхгүй, ямар ч төсөөлөлгүй. Нисэхийн хүн болно гэсэн мөрөөдөл дээр нь “тоглоод” энэ хуваарийг авахуулж, хувь тавиланг нь бас л өөрчилсөн нь энэ.

 

 

Свердловскийн бороон дундах гуниг

 

Ингээд “сансрын” геофизикч болохоор Зөвлөлт улсыг зорьсон чинь, Свердловскийн дээд сургуулиудаас хойгуур эрэмбэд жагсдаг, дандаа эх орны алтан гуравтай нөхдүүд цуглардаг сургуульд ирчихсэн болж таарав. Цөмийн геофизикийн ангид нь ганц хоёр онц сайн дүнтэй орос хүүхэд элсдэг гэлцлээ. Гэтэл Монголоос дандаа “улаан” онц сурдаг хүүхдүүд очдог. Өрөөний хөрш оросууд нь гайхаад, “Онц сурдаг байж юугаа хийж Уул уурхайн дээд сургуульд ордог байна аа. Чи мангар уу?” гэж асуух болов. Ингээд л Свердловскийн намар бороо ихтэйг хэлэх үү, тэнгэрийнх нь орог саарлыг хэлэх үү, уйтгар гунигт автаад, сурах идэвх суларчихав гэнэ. Анхнаасаа  “Нисэхийн инженер болно” гэж мөрөөдөж байсан хүнд сургууль нь жаахан онцгүй санагдаад эхлэх нь тэр. Хичээлдээ суусан болоод л явна. Ядах нь ээ, 1990-ээд онд наймааны алтан үе эхэлчихсэн, Свердловскт сурч байгаа хүн наагуур Улаан-Үд, Эрхүүгээр л явж байдаг “ажил”-тай. Ингэсээр байтал мэргэжилдээ огт сонирхолгүй хүмүүсийн тоо нэгээр нэмэгдэв

Эх орондоо ирээд наймаа хиймэр аяддаг л нэгэн болов. Хоёр жилийг Говь-Алтайд “гонзгойдуу” байдалтай өнгөрүүллээ гэнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл “Миний наймаа хийх ч гэж юу байх вэ, хааяа урагшаа явна. Ер нь ажилгүй хүн шиг л байсан даа. Наймаанд явахаараа ашигтай, унацтай ирнэ гэж байхгүй. Голдуу л хасах баланстай явдаг. Хүрч ирээд хүмүүст бараагаа тараагаад өгчихнө. Заримынх нь мөнгө олдохгүй. Жаахан бүтэл муутай талдаа л яваад байсан даа” гэж ярьдаг. Тэгж байтал нэг өдөр аав нь “Чи хар даа. Саяхан л оо сойзхон зарж зогссон найз чинь дэлгүүр барьчихлаа. Дэлгүүргүй нөгөө нь контейнертэй болчихлоо. Наймаа гэдэг чиний чадах ажил биш. Ингэж дэмий суухаар, миний хүү аавынхаа мэргэжлийг өвлө. Эх оронд нь судалсан орос хэлтэй хүн байна даа, хөдөө суманд очиж багшил!” гэжээ. Тэр үеийн Зөвлөлтөд сурсан хүмүүс орос хэл заах эрхийн үнэмлэхтэй төгсөж ирдэг байсан. Тэдний дээд сургуулиудын онцлог нь мэргэжлийн хичээлтэй зэрэгцүүлж орос хэлээ гүнзгийрүүлж маш сайн заадаг.

 

 

Уг нь хичээлдээ сонирхолтой байгаад геофизикийн инженерээрээ сайн сурсан бол одоо энэ том ордууд хавьцаа л явж байхаар байжээ. Тухайн үед жаахан хүүхэд юугаа ч мэдэхгүй “Нэг тиймхэн сургуульд ирчихлээ” хэмээн сургуулиа голж давхисан. Тэр удаад өөрөө л санамсаргүйгээр төөрөг тавилангаа шал өөрөөр зурчихаж. Төгсөөд ирсэн хойно ч гэсэн ах нараас нь “Хүрээд ир. Ерөнхий мэдлэг, компьютерийн чадвар хоёр байхад бусад зүйлд сургаад л авна. Одоо цагийн геофизик сейсмо хайгуулын багаж шал өөр болсон” гээд дуудахад нь хүртэл “Мэргэжлээ мэдэхгүй нүдний булай болно гээд” гээд зугтаачихсан. “Над шиг нусгай хүүхэд сургууль мэргэжил хоёрыг голдог юм биш, мэргэжил л хүнийг голдог гэдгийг хожимдож ойлгосон. Сайхан мэргэжлээр сайн сурчих минь яав даа гэж одоо харуусдаг” гэж А.Амарсайхан хэлдэг.   

 

“Хэцүү анги”-ийн багш болжээ

 

Ингээд аавынхаа үгэнд орж, аавын төрсөн нутаг Баян-Уул суманд орос хэлний багшаар очив. Найз нар нь тухайн үед “Чи ер нь балайдуу нөхөр байна” гэж гайхах, шоолох зэрэгцэв. Яагаад гэвэл, аймгийн төв дээр байгаа хүмүүс хот руу зүтгэж, Улаанбаатарт байгаа хүмүүс нь Солонгос руу явах гээд, Солонгост байгаа нь Америк руу явах гээд тэмцэж байхад ганц хүн урсгал сөрөөд явж байсан нь тэр. Гэхдээ хүү аавынхаа захиасыг дааж, сайн багш болж чадсан. Эргээд харахад, “Хичээл хийе” гээд зүтгэж байгаа хүүхдүүддээ сайн мэдлэг өгч байсан, тийм хүүхдүүд аандаа ялгараад эхэлдэг. Харин “Сурахгүй” гээд зөрүүдлээд байгаа хүүхдүүдийг багшийн эв дүй, сурган хүмүүжүүлэх ухааны аргаар, давтлага хичээлээ олон дахин орж, сургах байсныг мэдээгүй, туршлага дутсан. Тийм хүүхдүүдтэйгээ сайн ажиллаж чадаагүй юм болов уу гэж одоо эргээд боддог гэж тэрбээр хэлдэг. Хөтөлбөрөө хаяад, энгийн зүйлс заах байтал, тэртэй тэргүй хэтэрхий хүнд долоо, наймдугаар ангийн сургалтын хөтөлбөрийг дагаад, хүүхдүүдээ залхаагаад яваад байснаа сүүлд нь ойлгожээ.

Шинээр ирсэн багшид олон багш нарын гар дамжсан 6Б гэдэг “Хэцүү анги”-ийг өгсөн нь цаанаа бодлоготой. Хичээлийн эрхлэгч нь Г.Доржсүрэн гэх их мундаг багш, аавынх нь найз. А.Амарсайхан энэ эрхэм хүнийг “Амьдралтай минь залгуулсан, миний аав шиг хүн” гэж хүндэлдэг. Г.Доржсүрэн багш “Жаахан чанга гараар, диктатуртай байлгахгүй бол ерөөсөө хүчрэгддэггүй анги шүү. Тэгээд л залуу хүнд өгч байгаа юм” гэж захиж. Хэлсэн ёсоор нь ангиа ширүүхэн барьж. Гэтэл хүүхдүүд багшаасаа холдоод л байв. Үүнийг мэдрээд хүүхдүүдтэйгээ сагсны талбай дээр гарч тоглодог болж, ангийн цэвэрлэгээн дээрээ тэдэнтэйгээ ярилцаад л, оросоор ингэж хэлдэг, асуух үедээ өргөлтийг ингэж хийдэг гээд л, өөрөө хэлж сонсгоод, найзархаг маягаар харьцаад эхэлтэл хүүхдүүд багшаа хүрээлээд эхэлсэн гэдэг. Анх очиход бүх сандал ширээгээ эвдээд хаячихсан. Ангийн багш нь мужаан хийгээд л явна. Цэвэрлэгч бүр гайхчихсан “Амараа багш ямар мундаг юм бэ. Бүх ширээ сандлаа янзын гоё янзалчихаж” гэнэ. Нисэх загвараар хичээллэж мужаан хийж сурсных модон ширээ сандлыг ямар ч хөдөлгөөнгүй болгож, бүгдийг янзалсан нь хүмүүсийг гайхшруулсан нь тэр. Гэтэл нөгөөдүүлийг нь буцаагаад л эвдчихнэ. Засаад л тавьчихна. Дахиад л эвдэрчихсэн байх. Журнал дээрээ хүртэл сарааччихна. Ангийн багш нь журналаа дахиад шинээр хуулна. Нэг л болохгүй байв. Харин сүүлдээ багш нь хүүхдүүдтэйгээ найз болсон биш, ширээ сандлаа эвдэхээ больсон. “Хэцүү анги”-ийнхан хэрсүүжсэн нь тэр. Харамсалтай нь анхны тэр ангиа найм төгсгөж амжаагүй. Англи хэлний багш бэлтгэх жилийн курст сурахаар Улаанбаатарыг зорьсон юм. Хөдөөний сургуульд хоёр жил хагас багшилсан түүх ийм.

Тэр үед Боловсролын хөгжлийн сургууль дээр орос хэлний багш нарыг англи хэлний давхар мэргэжилтэй болгож бэлдэж байсан. Баян-Уулаас явахаар болтол багш нар өөрийн хүүхдээ үдэж байгаа мэт, сурагчид нь төрсөн ахаа гаргаж өгч байгаа юм шиг дотноор хандсан нь санаанаас гардаггүй. Бүр хичээлээ зогсоож байгаад бүх багш нар, хүүхдүүд бүчиж зогсоод л алсын замд үдэж байж. Эргээд тэр дулаахан хамт олныг зорьж очилгүй хэчнээн ч жил болчихов. “Алтай” телевизийн сурвалжлагч байхдаа Баян-Уулаар ганц, хоёр очихдоо хэдий хүссэн ч сургуулиараа орж амждаггүй, дандаа л дарга нарын унаанд яаруу давчуу өнгөрч байж. Одоо бол хэрэг болгон ажиллаж байсан сургуулиа зорьж очно гэж бодож суугаа юм байна.

Англи хэлний жилийн курсээ төгсөж ирээд Говь-Алтай аймгийн арван жилийн II сургуульд багшаар ажиллахдаа нэг удаа наймдугаар анги төгсгөжээ. Тэр хүүхдүүд цугларах бүрдээ багшийгаа дууддаг. Ердөө цор ганцхан анги төгсгөж үзсэн багш учир, дуудах бүрд нь алгасалгүй очиж инээж хөхөрч суух дуртай. Хамгаас илүү дотно холбоотой явдаг анги нь энэ аж. Нийтдээ таван жил орчим дунд сургуульд багшилжээ.

 

 

Олны танил буюу “Од” болсон хүн

 

Баян-Уулд багшилж байхдаа ангиудын хооронд жүжигчилсэн тоглолтын уралдаан болоход сумын амьдралаар шог гараа бичиж хүүхдүүдээ тоглуултал багш сурагчидгүй элгээ хөштөл инээлдэж шуугилджээ. Харин сумын төвийнхнийг шинэ жилээр ханын сонин гаргаж инээлгэсэн удаа нэг бий. Тэр үеийн сумын сургууль төвийн халаалттай ч халдаггүй. Хүүхдүүд ном сурах манатай. Хичээл дээрээ дөрвөн цаг хөлдөөд үхчихгүйхэн шиг гүрийж байгаад гэртээ харихын түүс болдог. Үүнийг эсрэгээр нь шогчилж бичээд, сургууль аймшигтай халаад, багш нар усны хувцастай хичээлээ заагаад, хүүхдүүдийн үзэгний бэх ууршаад гэх мэтээр шог өгүүллэг бичээд, багш нараа элэглэж, нөхөрсөг шогоор зурж байлаа. Нийгэм судлалын багш Дамдинсүрэн гэж том улаан хамартай цайлган цагаан сайхан багшийн хамрыг хүртэл зурж орхив. Сумын төвийн шинэ жил рүү хүмүүс бүжиглэх гэж ирдэг. Гэтэл бүжгээ мартаад ханын сонин дээр бөөгнөрч инээлдээд байж. Тэгээд л “Нэг сумын ард түмнийг инээлгэж болсон юм чинь цаашаа нэг ахиад үзье” гэж бодсон гэдэг.

Ингээд л шог өгүүллэг бичиж эхэлсэн байна. Баян-Уулаас англи хэл үзэхээр хотод ирсэн байх үедээ “Өнөөдөр” сонинд анхны шог зургаа нийтлүүллээ гэнэ. Тэр зурагт чармай нүцгэн хоёр эмэгтэй алхаж буй, нэг нь гартаа үдээстэй, нөгөө нь гуяндаа ганц үдээс уячихсан. Хоёр бүсгүйн наад талд загвар зохион бүтээгч нь “Миний энэ загвар төсвийн байгууллагынханд яг тохирно. Яагаад гэвэл, маш хямдхан” гээд ярилцлага өгч байгааг зурсан. Шог зураач маань “Тэр өдөр Эмүжин дугаар удирдаж байсан санагдана. Хүрч ирж зургийг маань үзсэнээ “Авна аа” л гэсэн. Маргааш нь арын нүүрэнд нийтэлчихсэн байсан. “Шог зургийг Боловсролын хөгжлийн сургуулийн А.Амарсайхан” гээд биччихсэн. Сониноо мухлагаас худалдаж авангуут сэтгэл огшоод, шог зургаа ахин дахин хараад учиргүй баярлаж байлаа. Гудамжаар алхтал хүмүүс намайг таниад ч байгаа юм шиг оргиод л. Одоо бодохоор савж унатлаа хөхөрдөг. Инээдтэй байгаа биз? Ердөө ганц шог зураг гаргачихаад тийм юм бодож явж шүү дээ” гэж энэ үеэ дурсдаг. Тэр жилээ “Өнөөдөр”-т хоёр, гурван шог зураг нийтлүүлж амжжээ. 

 

 

“Зөөврийн гаалийнхан” зөв замыг заажээ

 

Англи хэлнийхээ хичээлийн дундуур Хиагт руу наймаанд явж ирэв. Тэгэхдээ Хиагт дээр байдаг зөөвөр хийдэг, хүмүүсийн ачааг оруулж ирдэг орон нутгийн цагаан хуудсаар визгүй гардаг эмэгтэйчүүдийн тухай “Зөөврийн гаалийнхан” гээд сурвалжилга бичиж байв. Сонинд анх гаргасан зүйл энэ. “Өнөөдөр” сонинд 1999 онд нийтлэгдсэн. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч сэтгүүлч Б.Галаарид найздаа авчирч үзүүлтэл хамгийн гоё бичсэн хэсгийг нь аваад хаячих шиг санагдсан гэдэг. Гэтэл тэр нь юу байсан бэ гэвэл нөгөө эмэгтэйчүүд хоёр мөрөндөө цүнх үүрээд, 4-5 юбка давхарлаж өмсөөд харшуулахгүйн тулд баахан спирт үдээсээр өлгөж зүүчихээд, тэгээд бас болоогүй ээ, хоёр чихнээсээ хүртэл цүнх зүүгээд ордог гэсэн утгатай юм биччихсэн байж. Бодит сурвалжилга дээр шог зохиолын хэтрүүлэг хийчихэж гээд редакторлаад аваад хаячихгүй юу. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Б.Пүрэвдаш агсан “Болж байна шүү” хэмээн урам өгч байжээ. “Ийм болохоор Галаарид анд сэтгүүл зүй, уран зохиол руу хөтөлсөн багш минь” гэж тэрбээр хэлдэг.

Дараа нь шог өгүүллэг бичиж байлаа. Тэр үеийн сум, орон нутгийн амьдрал юм даа, багш нарын цалин буухаар, тохиролцооны дэлгүүрийн худалдагч нар эгнэж сууж байгаад өрөнд хураагаад авчихдаг. Тэр үйл явдлыг бодож байгаад “1000 төгрөг” өгүүллэг бичсэн. Тэр шог өгүүллэг Лигдэн гуайн гаргаж байсан “Улс төр” сонинд анх нийтлэгджээ. Дараа нь орон нутгийн Д.Сэрээтэр агсны эрхэлж байсан “Цахиур төмөр” сонинд зохиолчийн танилцуулгатай нийтлэгдсэн. Д.Сэрээтэр “Багшийнхаа ажлын хажуугаар “Цахиур төмөр” сонинд сурвалжлагч хийчих” гэсэн санал тавьснаар, сэтгүүл зүй гэдэг их айлын гал тогоонд анх орж иржээ. Боловсрол, соёлын салбартай холбоотой ярилцлага, сурвалжилга ихэвчлэн хийдэг байв. Энэ сонинд ажиллаж байсны хүчинд “Говийн санаачилга” гэдэг төслийнхөн А.Амарсайхан гэдэг хүнийг олж харж, “Орон нутгийн сурвалжлагч бэлтгэнэ” гэж зарласан тэтгэлэгтээ хамруулсан. Баруун таван аймгаас сонгогдсон хоёр хүний нэг нь. Хэвлэлийн хүрээлэнд “номын дуу” сонсов. Сэтгүүл зүйн дээд курсын зургаа дахь удаагийн төгсөлт. Дараа нь гэрээний дагуу орон нутагтаа очиж хоёр жил “Алтай” телевизийн сурвалжлагчаар ажилласан байна.

 

 

Оюутны байрны “Их зохиолч”

 

Үнэндээ шог зураач, шог зохиолч А.Амарсайхан аль эртнээс буюу оюутан ахуйдаа бичиж эхэлж. Үүнээсээ ичээд нуучихдаг. Сэтгүүлч Б.Галааридтай оюутан ахуйн найзууд. Хоорондоо гурван насны зөрүүтэй. Галаарид Уралын их сургуульд, Амарсайхан Свердловскийн горный институтэд сурдаг. Оюутны байр ойрхон. Ерөөсөө зам гараад л орчихдог. Найзындаа зочилж явсаар сэтгүүл зүй гээч зүйлийг сонирхоод оюутан байхаасаа юм бичиж эхэлсэн түүхтэй. Гэхдээ маш нууцаар. Хатуу хавтастай том дэвтэр авчихсан, түүн дээрээ сэмхэн юм бичээд л суудаг байж. Нэг орой бичиж байгаа зүйл нь огт таалагддаггүй. Тэгэхээр нь нөгөө дэвтрээ ураад хогийн саванд хаячихлаа гэнэ. Маргааш нь дахиад юм бичмээр санагдаад, шинэ дэвтэр нээгээд нэг өгүүллэгийг арай өөрчлөөд дөнгөж ганц, хоёр өгүүлбэр бичиж эхэлснээ нуухаа мартчихаж. Уг нь чемодан савандаа сайн нуудаг байж. Ингээд онигоонд оров. “Манай их зохиолч” гээд найз оюутнууд нь шоолж “явуулдаг” болчих нь тэр. Нөгөө дэвтрээ бараг банканд аваачиж хадгалуулах шахуу юм болно. Амьхандаа, шог өгүүллэг л оролдоод байгаа юм, уг нь. Хүн уран зохиол руу орж ирэхдээ ихэвчлэн шүлэг, яруу найраг бичдэг бол Амарсайхан яагаад ч юм аж байдлын шог өгүүллэг бичих гээд л оролдоод байдаг байжээ.

 

“Тоншуул”-ын Амараа

 

“Тоншуул”-д орох гээд эрхлэгчтэй нь уулзаад сууж байтал Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр “Улаан номын амьтан хүрээд ирлээ” гээд мөргөхөөр нь “Тоглоод байгаа юм болов уу” гээд гайхаад хартал үнэнээсээ гэмээр. Тэгтэл үүнийгээ тайлбарлаж, “Шог зохиол бичдэг хүн Монголд байхгүй болчихоод байтал Говь-Алтайгаас Амарсайхан гээд нөхөр гараад ирсэн. Тэгээд л “Улаан ном”-д орсон амьтныг хараад өөрийн эрхгүй мөргөчихлөө” гэж байж. Тэгээд “Бид нар чамайг авна. Маркетингийн менежерийн орон тоо байгаа. Түүн дээр ор. Наашаа, цаашаа гүйнгээ юмаа бичээд байж бай” гэжээ. Цалингаа ч асуулгүй ажилд ороод байтал, 70 мянган төгрөгийн цалинтай болж таарав. Уг нь ХАС-д олон нийттэй харилцах ажилтнаар аваад 130 мянган төгрөгөөр цалинжуулна гэж байсан нь бодогдов. Гэхдээ чин зүрхнээсээ хүсэж дурласан ажлаа хийж байгаа болохоор, өөрийнх нь хэлснээр “тураад мажийчихаагүй” болгоод л явсан. Зөв зүгээ сонгосон нь энэ. Хэрэв ХАС-д орсон бол өнөөдрийн та бидний үзэх, унших дуртай олон бүтээл төрөхгүй байх байсан биз. Хоббигоо ажил болгосон хүн чинь “Тоншуул” сэтгүүлдээ их аз жаргалтай ажиллаж явтал, гэнэт “Тоншуул” сэтгүүлийн  “Борлуулалт муу” гээд л үйл ажиллагаагаа зогсоожээ. Дуртай зүйлээ цаашид хийж чадахгүй болж буйдаа сэтгэл жаахан гонсгор, өөр сонин руу яваад ч яах вэ дээ, ер нь яадаг юм билээ гээд гайхасхийгээд байж байтал Хэвлэлийн хүрээлэнгээс дууджээ.

 

 

Хэвлэлийн хүрээлэнд багшлав

 

Яваад очтол Д.Батжаргал багш алгуур “хөлд суугаад” хачин жигтэй. Тэгснээ “Чи багшаа хийчих ээ. Хэвлэлийн хүрээлэнд хүрээд ир” гэж байна. “Хэвлэлийн хүрээлэнгийн багшаар уу?” гээд итгэж ядав. “Тэгье” гэтэл юм хум ярьж байгаад мессеж бичих шиг боллоо гэнэ. Тэгсэн чинь гаднаас Хэвлэлийн хүрээлэнгийн Р.Оюунцэцэг багш нь бусадтайгаа “Баярлалаа. Баяр хүргэе, Амар аа!” гээд ороод ирэв. Зохион байгуулалттайгаар л Д.Батжаргал багшийг илгээсэн байсан юмсанж. Тэнд дөрвөн жил гаруй ажиллаж байгаад “Хэцүү анги” олон ангит киног хийхээр шийдэж Хэвлэлийн хүрээлэнгээс гарав.

Анх багшийн амьдралаар ганц ганган зохиол бичнэ гэсэн бодолтой явж. Дотроо бодоод л, бясалгаад л явдаг байв. Аав ээж хоёртоо уран бүтээлээрээ суварга босгож өгч байна гэсэн үг шүү дээ. А.Амарсайхан багш өөрөө ч гэсэн хаана ч явсан шавь нартайгаа таарахад сайхан байдаг гэнэ. Дээхнэ NTV телевизээр ортол Сэтгүүлч коллежийн коридороор явж байгаа юм шиг сэтгэгдэл төржээ. Хичээл зааж байсан шавь нараасаа тав зургаатай нь нэг дор таарсан нь тэр. 

 

 

Төгсөөгүй төгсгөл...

 

Шог зураг гэдэг сэдвийг ярихын тулд түүний хувьд “Монголиан экономи” сэтгүүлийг заавал дурдах хэрэгтэй болно. Д.Бэхбаяр, И.Отгонжаргал хоёр эрхлэгч “Бид шог зураачтай байх ёстой” гээд бараг таван жил хамтарч ажилласан юм. “Инфляцийг зураатах” гэх мэт даалгавар өгнө. Тэр хийсвэр зүйлийг яаж зурах вэ гээд л толгой гашилна. Шог зураачаа ч зөндөө хөгжүүлж өгсөн сэтгүүл. Одоо ч гэсэн тэр үеийн зургуудыг энд тэнд хуулж тавиад л аман дахь үгийг нь өөрчлөөд яваа харагддаг. Орчин үеийн сэтгүүл зүй шог зураггүйгээр төсөөлөгддөггүй. Барууны ямар ч өдөр тутмын сонины дугаар шог зураггүйгээр гардаггүй. Бараг нүүрэндээ шог зураггүй гарч байгаа сонин бол сонин биш болчихдог. Манайхан үүнийг мэдэхгүй, мэдсэн ч тоохгүй, зардал хэмнэх гэж зүтгэдэг нь үнэн.

Тэрбээр уран бүтээлийн ганзага арвин явна. Анх “Арван дөрөвтэй том хүн” хөргийн ном гаргаж байсан бол одоо “Нэпко” хэвлэлийн газартай хамтран агуу хөгжмийн зохиолч Б.Шаравын хөргөөс эхлээд, хэд хэдэн баримтат бүтээл дээр ажиллажээ. Хилчид, цэрэг эрсийн алдрыг өргөсөн бүрэн хэмжээний кино зохиол бичихээр судалгааны ажлаа эхлүүлээд байна. Тэнгэр үзэл хэмээгч, тэнгэрт биш монголчуудын дэргэд ойрхон байдаг тухай, цуврал баримтат кино гаргахаар ажиллаж байна. Шог зургаа зурж, “Зууны мэдээ” сонин, “Монголиан Экономи” сэтгүүлтэй хамтран ажилласан хэвээр. Хувь заяаны төөрөг энэ хүнийг төөрүүлээгүй, харин ч туулах замыг урт холдоо сонирхолтой болгон сунгаж өгчээ. Ингэхдээ үргэлж зөв зүгт залсаар ирсэн байна. Зөв цагт, зөв хүнийг илгээснээр тэрбээр уран зохиол, шог зохиол, шог зураг руу алгуур алхсаар л, дөхсөөр л. Түүний уран бүтээлийн уртаас урт зам урд нь цэлийж байна.    

 

Г.Ганчимэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уугий(66.181.185.230) 2024 оны 04 сарын 02

Алтангэрэл багш минь мундаг хүн дээ. Говь-Алтайн математикийн лидер багш

0  |  0
Top