Хөдөлмөрийн төв биржийн захирал А.Зангад:
Солонгос улсын цалингийн доод төвшнөөс дээш байх шаардлага тавьсан
Энэ жил манай улсад Солонгосоос 3000 ажилчны захиалга өгсөн. Гэхдээ энэ жил зөвхөн үйлдвэрийн салбарт ажилчин авна гэдгээ мэдэгджээ. Солонгос улсад ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэх талаар Хөдөлмөрийн төв биржийн захирал А.3ангадтай ярилцлаа.
- Энэ жилийн БНСУ-д ажиллах хүч авах бүртгэл өмнөх жилүүдээс юугаараа онцлог болох вэ?
-Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд дээр зохион байгуулах гэж байна. Иргэд байнгын оршин суугаа хаягаараа тухайн аймаг, дүүрэгтээ бүртгүүлнэ гэсэн үг. Энэ жилийн гол онцлог нь илгээгч байгууллага солигдсон. Анх удаа төрийн байгууллага, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар Солонгост ажилчин гаргах асуудлыг хариуцаж байна. Өмнө нь орон нутагт бүтэцгүй ганц компани хариуцаж байсан бол одоо улс орон даяар бүтэцтэй, сүлжээтэй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг энэ ажлыг хариуцна. Ингэснээр иргэддээ хандсан бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой болж байна. Ажиллах хүч илгээх ажлын бүх шат дамжлага дээр,Солонгос хэлний шалгалт авахад өмнө нь гарч байсан зөрчил доголдол, иргэдэд учирч байсан хүндрэл бэрхшээл, зардал чирэгдлийг арилгах, иргэдийнхээ эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах олон талын арга хэмжээг авна. Өмнө нь энэ ажиллагаанд компаний ашиг сонирхол давамгайлж байсан бол одоо иргэдийн ашиг сонирхлыг урьтал болгох боломжтой болсон.
-Солонгосын талаас ажилчдад тавьж байгаа гол шалгуур юу ю?
-Өмнөх жилүүдэд тавьж байсан эрүүл байх, хэлний зохих мэдлэгтэй байх насны хувьд 19-39 байх, Солонгос улсын хууль журмыг зөрчсөн хар түүх үлдээгүй байх гэх мэт шаардлага БНСУ-ын талаас тавьж байгаа.
-"Хөдөлмөрийг дэмжих жил"-ийн хүрээнд олон мянган ажлын байрыг залууст амалсан. Гэвч Солонгос явах сонирхолтой хүн олон байна?
-15 жилийн өмнө Солонгос улсаас ажилчин, авах тоо анх ирж байсан. Үүнээс хойш олон хүн амьдралаа сайжруулсан гэж бодож байна. Одоо тийшээ хошуурах хүмүүсийн тоо цөөрөх хандлагатай байна. Энэ бүртгэлээр эхний хэдэн өдөр л хүмүүс их байх болов уу. Манайд ажлын байр нэмэгдэж байна.
-Солонгос улсад ажиллах хүсэлтэй иргэдийн хамгийн их сонирхож байгаа зүйл цалингийн хэмжээ. Энэ жилийн Солонгосын гэрээт ажлын мэдээлэлд энэ талаар тодорхой зүйл байна уу?
-Солонгос улсын хөдөлмөрийн хөлсний доод . хэмжээнээс багагүй байх. Цаашлаад цалингийн дундаж төвшинд хүргэх бодлогыг барьж байгаа. Энэ талаар Солонгосын талд удаа дараа санал тавьсан. Цалингаа бүрэн авч байх, энэ талаар эрх ашиг нь хохирохгүй байх асуудал бас манай яамны бодлогын төвд байгаа.
Эх сурвалж: Зууны мэдээ
Сэтгэгдэл ( 0 )