Кашмир Саксесс ХХК, Cashmere Success US LLC-ийн үүсгэн байгуулагч, захирал, Хувцасны дизайнер, загвар зохион бүтээгч Цагааны Энхзултай ярилцлаа.
-Монголд ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон үйлдвэр бий. Бас ийм чиглэлийн дизайнер ч олон. Таны ZULA Ts гэсэн өөрийн ноолууран бүтээгдэхүүний онцлог юу бол, бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс юугаараа ялгардаг вэ?
-Би өөрөө хувцасны дизайнер, загвар зохион бүтээгч хүн учир ноолууран хувцаснууд маань бусдаас өөр, давтагдашгүй загвартай, “Дизайнер брэнд” гэж хэлж болно. Том үйлдвэрүүд бол бүтээгдэхүүнээ олон тоогоор, нэг дор бөөнөөр үйлдвэрлэдэг учир бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад алдаа багагүй илэрдэг, тэр бүрийг нарийвчлан нэг бүрчлэн алдаа мадаггүй засах боломж нь тааруу санагддаг. Манай ZULA Ts-гийн хувьд үйлдвэрлэх тоо цөөн учраас би өөрөө бүтээгдэхүүн бүрт нэг бүрчлэн чанарын хяналт хийдэг. Шаардлага өндөр тавьдаг учраас чанарын гологдол гардаггүй гэсэн үг. Мэдээж хольцгүй цэвэр ноолуураар хувцас урлахыг зорьдог.
Мөн гадаад зах зээлд борлуулдаг учраас хэн нэг түнш, эсвэл хэрэглэгч маань бүтээгдэхүүнд шинжилгээ хийлгэхэд шошгон дээр бичигдсэн шигээ цэвэр ноолуур байх нь нүүр бардам шүү дээ. Энд л миний үзэл санаа явдаг юм.
-Та энэ нэрийн бүтээгдэхүүнийхээ брэндингийг хэрхэн бий болгов?
-ZULA Ts брэндийн бүх загвар зөвхөн миний үзэл санаанаас урган гарч ирдэг учраас загвараараа брэндингээ бүтээдэг гэж бодож байна.
-АНУ руу бизнесээ гаргачихсан юм байна шүү дээ. Тэнд бизнес эрхлэх шийдвэр гаргахад юу нөлөөлсөн бол?
-Бүр анх л бизнесээ эхлүүлэхдээ гадаад зах зээлд гаргана гэсэн зорилго тавьсан. АНУ-ын зах зээлд нэвтрэх хүртлээ үйлдвэрлэсэн бараагаа үүрээд л нэлээд газраар явж, их ч хугацаа туулсан. Энэ зуур очсон газрынхаа зах зээл, хэрэглэгчдийн судалгааг давхар хийгээд л явсны ачаар манай бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний маань загвар барууны зах зээлд тохиромжтой юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ингээд барууны зах зээлд яаж гарах талаар судалж явж байгаад Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт Дэлхийн Худалдааны Төв дэх дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ байршуулж борлуулах боломж олдсон юм. Одоо бол АНУ-д салбар компаниа байгуулаад өөрийн онлайн дэлгүүрээ нээчихээд байгаа.
-Хувцасны дизайнер загвар зохион бүтээгч болохын тулд ямар ур чадвар шаардагддаг вэ?
-Зурах гарын ур дүй, шинийг сэтгэн бодох чадвараас гадна хамгийн гол нь мэдрэмж хэрэгтэй гэж боддог.
-Зохион бүтээгч болох сонирхолтой залуус олон байдаг. Чадварлаг загвар зохион бүтээгч болохын тулд хэр их хугацаа, хүч хөдөлмөр зарцуулдаг юм бол?
-Ажилдаа туршлага суух хүртлээ уйгагүй ажиллах учиртай. Миний загвар зохион бүтээгчийн ажлын гараа Монгол-Австрийн хамтарсан Ezio Foradori ХХК-наас эхэлсэн. Хоёр жилийн дараа МCS гэх том байгууллагын нэг салбар “Гоёо” ХХК-д шилжиж тэндээс арвин мэдлэг туршлага олж авсан. Намайг хэрэв үнэхээр чадварлаг Загвар зохион бүтээгч болсон гэж үзвэл “Гоёо” ХХК л ийм чадвар суулгасан даа.
-Сүлжмэл, ноос ноолуурын салбарт бизнес эрхлэхийн онцлогийг юу гэж хардаг вэ?
-Энгийн үгээр энэ бол үйлдвэрлэлийн, тэр дундаа хөнгөн үйлдвэрийн салбар. Аливаа зүйлийг тэгээс буюу түүхий эдээс нь эхлэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргана гэдэг маш их ажиллагаатай. Миний хувьд хэрэглэгчдэдээ найдвартай, чанартай бүтээгдэхүүн хүргэхийн тулд малчны хотонд очиж тэдний гар дээрээс түүхий эдээ цуглуулж, анхан шатнаас нь эхлээд бүх шатны боловсруулалтыг Монголынхоо жижиг, дунд үйлдвэрлэгчидтэй хамтран гүйцэтгэдэг. Ингэж би хэрэглэгчдэдээ юу борлуулж байгаагаа мэддэг учраас сэтгэл бардам явдаг.
-Ноос ноолуурын салбарт бизнес эхлүүлээд явах хугацаанд хамгийн хэцүү үе хэзээ байсан, тэр үеэ хэрхэн даван туулж байв?
-Эхний дөрвөн жил хамгийн хүнд байсан. Монголд ер нь бизнес эрхлэнэ гэдэг тамын тогооны үлгэр шүү дээ. Улс төрд ороогүй, эсвэл ах дүү, найз нөхдийн хүрээнд улс төрийн ямар ч хамаарал байхгүй бизнес эрхлэгчид бүгд ингэж хэлнэ дээ.
Бизнесээ эхлэх болоод эргэлтийн хөрөнгө багатай байсан учраас нэлээд бэрхшээлтэй тулгарсан. Улсын дэмжлэг, хөнгөлөлттэй зээл гэдэг бор зүрхээрээ яваа бидэнд олддоггүй юм билээ. Тууштай зан чанар, гэр бүлийн дэмжлэгээр тэр үеийг давсан гэж боддог. Нэг л мэдэхэд өглөө сэрээд л өөр ямар гарц, гаргалгаа байж болох талаар боддог зуршил суучихсан байсан.
-Та багаасаа л амжилт гаргасан юм билээ. Хувийн болоод бизнесийн салбарт гаргаж байсан амжилтуудаасаа дурдвал ямар вэ?
-Хүүхэд байхдаа Монголын хүүхдийн ордноос зохиодог “Үнсгэлжин 99” тэмцээнд тэргүүн байр эзэлж сулгуульд элсэх урилга авсан нь миний хамгийн анхны том шагнал байлаа. Үүний дараа 1998 оны шилдэг хүүхдүүдийн нэг болсон. 2002 онд Дизайн урлагийн дээд сургуулийнхаа шилдэг оюутан болсон. 2012 онд “Гоёо” ХХК-ийн оны шилдэг инженер болсон. Тэр үед би “Гоёо” ХХК-ийн Зохион бүтээгч инженер болоод байлаа. Сүүлд МҮХАҮ Танхим, ХХААХҮ Яамнаас хамтран зохион байгуулдаг “Улаанбаатар түншлэл-2020” олон улсын намрын үзэсгэлэн яармагийн Экспортын онцлох бүтээгдэхүүний эзэн болсон.
-Бизнест амжилт гаргахад эзэмшсэн боловсрол, хэн нэгний дэмжлэг хэрэгтэй юу. Эсвэл хувь хүний хичээл зүтгэл, хандлага илүү чухал уу?
-Таны асуусан бүхэн чухал үүрэгтэй гэж хэлнэ. Мэдлэг боловсрол байхгүй бол үйлдвэрлээд экспорт хийдэг бизнес удирдахад хэцүү, бусдын дэмжлэггүй ганцаараа бас хол явахгүй. Өөрийн хичээл зүтгэл байхгүй бол бизнес хийнэ гэж яриад ч нэмэргүй, хандлага тааруу бол өөрөө ч, бизнес ч урагшлахгүй шүү дээ.
-Бизнес эрхлэхийн хажуугаар гэр бүл, хүүхдүүддээ цаг зав гаргах хэрэгтэй. Энэ цагийг яаж гаргадаг нь завгүй залуу ээжүүдэд сургамжтай байх?
-Би нөхөр, хүү, охинтойгоо амьдардаг. Хувиараа бие даагаад бизнес эрхлээд ирэхээр нээрээ л гэр бүлдээ цаг гаргах нь эрс багасдаг шүү. Мэдээж ээж хүний үүргээс зугатах боломжгүй. Нэг хүүхэд том болоод сургуулиа төгсөх, цаашид суралцах мэргэжил сонгож их сургуульд элсэх, нөгөө хүүхэд нэгдүгээр ангийн босго алхах гэх мэт амьдралын чухал алхмаа хийхэд нь аав, ээжийн оролцоо маш хэрэгтэй болдог. Ийм үед яалт ч үгүй ажил цалгарддаг.
Харин Америкт ирснээс хойш сургуулийн амралтаар гэр бүлээрээ аялах, хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх үзвэрүүд үзэх гэх мэт гэр бүлдээ цаг зарцуулах америк соёлд суралцаж байна.
-Таны цаашдын хүсэл мөрөөдлийн талаарх асуултаар ярилцлагаа өндөрлөе.
-Миний хүсэл мөрөөдөл байнга шинэчлэгддэг шүү. Гурван жилийн өмнөх мөрөөдөл өнөөдөр биеллээ олоод өөр зүйл хүсэж байх жишээтэй. Өнөөдрийн миний мөрөөдөл гэвэл АНУ, Канадад илүү их борлуулалт хийж, энэ зах зээлд брэндээ таниулахыг л хүсэж байна даа. Монголын нэг брэнд дэлхийд танигдсан брэндүүдийн адил олонд танигдаж, Шанел, LV-гийн шинэ улирлын коллекцийг хүмүүс хүсэн хүлээдэг шиг ZULA Ts-гийн шинэ коллекц хурдан гараасай гээд хүлээдэг болчихвол гоё биз дээ.
Сэтгэгдэл ( 0 )