Та хэзээ нэгэн цагт өөр хэн нэгний дүрд хувилж үзэхийг хүсч байгаагүй гэж үү? Жишээ нь, ганц бие ичимхий бүрэг эр хүүхнүүдийн зүрхийг эзэмдэгч болон хувирч, даруухан бүсгүй гал цогтой эмэгтэй болж, "дундчууд" нь ихэмсэг язгууртан болж хувирахыг хүсч л байсан байх. Тэгвэл хэдэн долоо хоногийн турш иймэрхүү хүслээ жинхэнэ утгаар нь биелүүлж болох газар ганц л байдаг гэж хэлж болно. Энэ бол Италийн Венец хот. Жил бүр олон зуун мянган хүн бусдын дүрд хувилах гэсэн нууцхан дур хүслээ биелүүлж, сэтгэлээ амраахын тулд энэ үзэсгэлэнт хот, гайхамшигт Венецийн багт наадмыг зорьдог.
V зууны дундуур зэрлэгүүдийн довтолгооноос зугтсан "хуурай газар"-ын оршин суугчид эргийн ойролцоо орших бяцхан арлуудыг өөрсдийн нуугдах газар болгосноор Венец хотын түүх эхэлсэн гэдэг. Эдүгээ Венец хот 150 сувгаар хүрээлэгдэж, 400 гүүрээр хоорондоо холбогдсон 119 арал дээр байрлаж байна. Өнгөрсөн XV зууны хугацаанд Венец аажим аажмаар музей болон жуулчдад зориулсан жүжиг, үзүүлбэрийн хот болон хувирчээ. Харин жилд нэг удаа Венецийн багт наадмын үеэр энд ирсэн жуулчид энэ гайхамшигт жүжгийн зөвхөн үзэгчид байгаад зогсохгүй дотор нь орж, жинхэнэ "амьдаар" нь мэдрэх сайхан боломж олддог юм. Энэхүү багт наадам венецчүүдийн амьдралд латины соёлтой хамт нэвтрэн оржээ. Уг үндэс нь Ромын алдарт Сатурн(Санчир)-ы багт наадмаас эхтэй гэж үздэг. Сатурны баярын гол онцлог нь тухайн өдөр эзэн ба боолын ялгааг байхгүй болгодогт оршино. Баярын үеэр боолууд эзэнтэйгээ нэг ширээнд суугаад зогсохгүй бүр тэдний өөдөөс хараалын үг хэлэхийг ч зөвшөөрдөг байжээ. Гэхдээ эдгээр нь баярын уур амьсгалыг эвдэхгүй байхын тулд бүгд нүүрэндээ баг зүүдэг байсан аж. Чухам энэ уламжлалыг Венецийн багт наадам өвлөн авсан байна.
Венецийн багт наадам XVIII зуунд жинхэнэ оргил үедээ хүрсэн гэдэг. Тухайн үед энэхүү наадам оны хамгийн гол үйл явдал болоод зогсохгүй энэ хотын оршин тогтнох утга учир нь болж байв. Багт наадмаар ямар ч үйлдэл хэтэрхий ичмээр, хэтэрхий зориг той, хэтэрхий бодлогогүй, замбараагүй санагдахгүй. Олон зуун тоглоомын газрууд нээгдэж, их хэмжээний мөнгө, эд хөрөнгө эргэлдэж, нүүрээ багаар халхалсан хүмүүс хууль ёсны эхнэр, нөхрөө огтхон ч ичиж зоволгүй араар нь тавина. Наадмын өдрүүдэд шөнө, өдөргүй эдгээр нүгэл хилэнцийг хийхгүй өнгөрнө гэдэг зүгээр л байж боломгүй хэрэг байжээ. Гэвч удалгүй хувьсгал эхэлж, энэ бүх баяр наадам мартагдсан байна. Венец хот 200 орчим жил багт наадамгүй амьдарч байгаад 1980 онд дахин сэргэсэн юм.
Өнөө үед багт наадмын гайхамшигт уур амьсгалыг мэдрэхийг хүссэн 500 мянга гаруй романтикууд жил бүр Венец хотыг зорин ирдэг болжээ. Жил бүрийн багт наадам эртний уламжлалт "Festa delle Marie" буюу дээрэмчдэд хулгайлагдсан венец охидыг чөлөөлсний дурсгалд зориулсан баяраар эхэлдэг. Гэгээн Маркийн талбайд энэхүү баярт зориулсан тусгай жүжиг тоглосны дараа үзэгчдийн дээрээс олон тонн амтат чихэр бороо мэт асгаран орж ирнэ. Гэгээн Петрийн сүмээс Гэгээн Маркийн талбай хүртэл олон зуу, мянган алиалагч, үлгэрийн баатар, шадар цэргүүд баярын жагсаал хийж талбай дээр ирсний дараа тусгайлан бэлтгэсэн мануухайг шатааснаар бүжиг наадам эхэлдэг аж.
Баярын үйл ажиллагаанд янз бүрийн насны, нийгмийн өөр, өөр түвшний олон зуун хүмүүс оролцдог. Гэхдээ тэдэнд нэг л ижил зүйл байдаг нь бүгд багт наадмын хувцас, багтай. Гудамжны баярт зөвхөн баг төдийгөөр хязгаарлаж болох ч Pаlazzo-д болох хүлээн авалтад тусгайлан бэлтгэсэн хувцасгүй очвол таныг эвэртэй туулай үзсэн мэт л харах болно. Хүлээн авалтын урилга дээр нь чухам ямар хэв маяг, аль цаг үеийнхээр хувцаслахыг нь хүртэл заагаад өгчихсөн байдаг. Зарим хүмүүс багт наадамд өмсөх хувцсаа тусгайлан алдартай оёдолчдоор олон сарын турш оёулсан нь жинхэнэ урлагийн бүтээл мэт болдог бөгөөд үнэ хөлс нь ч 10 мянган еврогоос хол давдаг гэнэ. Гэхдээ ихэнх жуулчид Венецид олон зуугаараа байдаг дэлгүүрээс багт наадмын баг, хувцас, шаардлагатай бүхий л зүйлээ худалдаад авчихдаг.
Хамгийн гол нь энэ бүх гоёл чимэглэлээ чухам хаана үзүүлэхээ л зөв сонгох хэрэгтэй. Багт наадам хоёрдугаар сард болдог бөгөөд баярын үйл ажиллагааны хөтөлбөр маш өргөн, дээр нь бас үнэ төлбөргүй. Үзэгчдийг олон тооны жонглёрчид, хөгжимчид, илбэчид баясгаж, гудамж, талбайд багтай цэнгээнт бүжиг, багт наадмын хамгийн шилдэг хувцас шалгаруулах уралдаан болно.
Palazzo-д болдог хүлээн авалт, үдэшлэг танд жинхэнэ багт наадмын амтыг мэдрүүлж, яг л хэдэн зууны өмнөх язгууртнуудын цэнгээнт бүжигт ирчихсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Гэхдээ үүний тулд та багахан хэмжээний мөнгө (300 евро) төлж, багт наадмын тансаг хувцас өмсөх шаардлагатай. Сүүлчийн өдөр XXI зуунд амьдарч байгаа гэдгийг тань түр зуур мартуулсан, гэнэтийн бэлэг, хайр дурлал, зугаа цэнгэлээр дүүрэн гайхамшигт цэнгээнт бүжиг болсноор Венецийн багт наадам өндөрлөнө. Нэг очоод үзчихэд илүүдэхгүй л байх...
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )