"Ээж минь дээ" дууг найман настай балчраас эхлээд наян настай буурлууд хүртэл аялах дуртай. 1980-аад оны сүүлчээр олонд түгсэн энэ дууны шүлгийг соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ч.Дагвадорж бичиж, ая зохиогч, дуучин С.Цэрэнчимид аялгуу зохиожээ. "Ээж минь дээ" хэмээх энэ дуу ээжийн тухай дууны арвин сан хөмрөгийг баяжуулсан сайхан бүтээл болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ч.Дагвадорж дуу зохиосон түүхээ ийнхүү хуучилж байна.
-1989 онд "Ээж минь дээ" дууныхаа шүлгийг бичсэн. Энэ дууны шүлгийг их олон жил бодсон. 1965 онд миний ээж насан өөд болсон юм. Түүнээс хойш 1988 оны сүүл хүртэл ээждээ зориулан нэг шүлэг бичих юмсан гэж 20 гаруй жил бодоод л явсан. Болохгүй л байсан. 1989 оны дөрөвдүгээр сарын 18-ны өглөө ажил дээрээ ирээд ширээнийхээ ард суусан чинь гэнэтхэн шүлэг бичмээр санагдаад... Тэгээд л "Газар холоос санахад
Гаднаа бүртийж харагдах юм
Галуу шувуу ганганахаар
Таныгаа дуудмаар, дуулмаар болох юмаа
Тун чиг холоос санахад
Тоосон дундаас торолзох юм
Тогоруу шувуу буцахаар
Таныгаа дуудмаар, дуулмаар болох юмаа
Нутаг холоос санахад
Нулимсан дунд минь бүрэлзэх юм
Нуурын шувууд ганганахаар
Таныгаа дуудмаар, дуулмаар болох юмаа гэсэн мөрүүд, өөрөөр хэлбэл, дууны маань дахилтууд эхэлж санаанд орж ирээд, дараа нь
"Будантай юу буурал хорвоод нь
Бүүвэйлж өсгөсөн ээж минь дээ хө
Буруу юу, зөв хоёрыг минь
Ухааруулж өсгөсөн ээж минь дээ хө" гээд л үндсэн бадгууд ороод ирсэн.
"Ээж минь дээ" дууны шүлгийг ингэж 1989 онд зохиосон юм. Тэр үед манай авьяастай сайхан дуучин, ая зохиогч Самдангийн Цэрэнчимид агсан бид хоёр Зохиолчдын хороонд хамт ажиллаж байсан. С.Цэрэнчимид маань Үлгэрийн танхимд дуучин байлаа. С.Цэрэнчимид надаас энэ шүлгийг аваад, мөн ээждээ зориулж ая хийгээд ингэж энэ дуу төрсөн түүхтэй. "Ээж минь дээ" дуу намайг дууны яруу найрагт хөтөлсөн. Утга зохиол шүүмжлэгч, судлаач хүн атлаа яагаад дууны яруу найраг руу орсон бэ гэхээр би ерөөсөө багадаа хотгойд дууны аялгуунд өссөн хүн. Хотгойдын гэгэлгэн дуу гэдэг чинь нулимс мэл, мэл хийтэл асгарахаар тийм дуу байдаг.
"Дэлтэй цэнхэр зовно уу яана
Дэлгэр мөрөн бооно уу яана
Өндөр цэнхэр зовно уу яана
Өргөн Тэс нь бооно уу яана
Яваад л яваад л барагддаггүй
Яасан ч арвин хөндий вэ хө
Явуулын хүнээр хэлүүлсэн
Ямар ч үйлтэй сэтгэл вэ хө" гээд л... Ийм дууг би их багадаа дуулж, дуулсан ах, эгч нарыг сонсч өссөн. Тийм болохоор ер нь үүн шиг л ганц дуу зохиохсон гэж бодсон юм. Тэгээд л хотгойдынхоо гэгэлгэн дуутай дүйцэхүйц ганцхан дуу зохиох юмсан гэж бодоод явдаг. Одоо болтол зохиож чадаагүй л явна. Яахав "Ээж минь дээ" дуу бол Ази, Европт дуулагддаг л юм. Америкт ч бас дуулж байгаа хүн сонссон. Дундад улсад бол бүр дүрстэй, хятад хэлээр орчуулж дуулдаг. Ер нь дэлхийн монгол туургатан бараг бүгдээрээ "Ээж минь дээ" дууг дуулдаг. 2000 онд БНХАУ-ын баруун хойт үндэстний дээд сургуулийн тэнд айлд байж байхад төвдөөр орчуулаад дуулж байна гэсэн мэдээ ирж байсан. Тэгээд бодохоор "Ээж минь дээ" дуу ямар ч байсан тэрбум орчим хүний сонорт хүрсэн юм шиг байгаа юм. Энэ дууг нийтэд хүргэхэд Дундад ард улсын дуучин Дэдмаа, Тэнгэр гээд ер нь монгол гаралтай урд зүгийн алдартай дуучид бараг бүгдээрээ хувь нэмрээ оруулсан даа.
Ээж минь дээ
Будантай юу буурал хорвоод нь
Бүүвэйлж өсгөсөн ээж минь дээ хө
Буруу юу зөв хоёрыг минь
Ухааруулж өсгөсөн ээж минь дээ хө
Дахилт:
Газар холоос санахад
Гаднаа бүртийж харагдах юм
Галуу шувуу ганганахаар
Таныгаа дуудмаар, дуулмаар болох юм аа
Тоостой юу ганц л хорвоодоо
Торниулж өсгөсөн ээж минь дээ хө
Тоотой юу хэдэн насанд минь
Тоглуулж өсгөсөн ээж минь дээ хө
Дахилт:
Тун чиг холоос санахад
Тоосон дундаас торолзох юм
Тогоруу шувуу буцахаар
Таныгаа дуудмаар, дуулмаар болох юм аа
Нартай юу шаргал хорвоодоо
Намайгаа гэсэн ээж минь дээ хө
Наргиантай юу хэдэн насанд минь
Наадуулж өсгөсөн ээж минь дээ хө
Дахилт:
Нутаг холоос санахад
Нулимсан дунд минь бүрэлзэх юм
Нуурын шувууд ганганахаар
Таныгаа дуудмаар, дуулмаар болох юм аа
Эх сурвалж: Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 5 )
Энэ чинь тэгээд үнэн юм уу?
Энэ чинь тэгээд үнэн юм уу?
Энэ чинь тэгээд үнэн юм уу?
Энэ чинь тэгээд үнэн юм уу?
Энэ чинь тэгээд үнэн юм уу?