ТАНИЛЦ: Ардчилсан намаас нэр дэвшигчид

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 25

Хамгийн туршлагатай нэр дэвшигч Н.Алтанхуяг 

АН-ын нэр дэвшигчдийн дунд хамгийн ахмад нь хэмээн бичигдсэн Н.Алтанхуяг нь 2008-2012 онд АН-ын даргаар ажиллаж, намаа удирдан УИХ-ын сонгуульд оролцож байв. “Монгол хүн-2020” мөрийн хөтөлбөр дэвшүүлэн өрсөлдөөнд орсон түүний баг 1996 оноос хойш анх удаа олонхи бүрдүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож байлаа. Гэсэн ч намынхаа зарим нөхдийн байгуулсан “Шударга бусын хонгил” гэгчээр чирэгдэж, хоёр жилийн дараа албан тушаалаасаа огцорсон. Тэгвэл “Шонхор” фракцийн төлөөлөл С.Эрдэнэ “Алтан гадас” фракцийн бүх улстөрчдийг намаасаа хөөсний дараа АН-аасаа гарч, 2020 оны сонгуульд Орхон аймгаас бие даан өрсөлдөж, 19 мянган хүний саналаар УИХ-ын гишүүн болж байжээ. Нам дамжсан бүлэглэлийн эсрэг тууштай тэмцэж явсан, тэдний өөдөөс сөрөөд гарсан түүхээрээ “Шударга бусын хонгил” бүтээл гаргаж байлаа. АН-ын гэхээс илүү өөрийн нэр хүндээр гарч ирсэн түүнд орхончууд тун ам сайтай байдаг. Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг иргэн бүхэнд өгөх ёстой хэмээн уриалга гаргаж, түүнийгээ ч ажил хэрэг болгож байв. Тэгвэл энэ удаа Н.Алтанхуяг гишүүн Орхоны тойргоо Х.Баттулгад үлдээж, унаган дүүрэг, хуучин тойрогтоо эргэж ирэв. Түүний хувьд 2008 онд Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын сонгуульд өрсөлдөн ялалт байгуулж байсан. Өнөр хороололд олон жил амьдарсан уугуул дүүргийнхээ төлөө ажиллана хэмээн сүүлийн найман жил МАН засагласан тойрогт өөрийн багийн залуустайгаа хүрч иржээ. Намын рейтингийн судалгаагаар ч Н.Алтанхуягийн удирдсан баг тун дээгүүр гарч ирсэн сурагтай. 

С.Эрдэнийг тойрогт нь ялж байсан бие даагч П.Галиндэв 

Улс төрийн рингэн дээр цойлж гарч ирсэн цөөхөн залуусын нэг нь Пүрэвдоржийн Галиндэв. П.Галиндэв нь Сонгинохайрхан дүүргийн уугуул бөгөөд дүүргийнхээ ИТХ-д АН-аас сонгогдон ажиллаж байсан. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн фракцид харьяалагдаж, түүнтэй хамт улс төрийн жимээр 16 жил хамт алхсан. Гэсэн ч 2020 оны сонгуулийн өмнөхөн намаасаа гарч, бие даан нэр дэвшиж байсан билээ. Учрыг тодруулбал, АН-ын дарга асан С.Эрдэнэ өөрийнх нь эсрэг ажилласан бүх залуусаа намаасхөөсний нэг нь П.Галиндэв байжээ. Мөн Н.Алтанхуягийг ч бас хөөж байсныг өмнө нь дурдсан. Түүний дараа П.Галиндэв С.Эрдэний тойрог буюу Баянгол дүүрэгт 2020 оны УИХ-ын сонгуулиар бие даан нэр дэвшиж, түүнийг ялсан бөгөөд 26 мянган иргэний санал авч, нийт өрсөлдөгчдийн тавдугаарт буюу өмнөх гишүүн болсон улстөрчөөсөө тун цөөхөнсаналаар ялагдал хүлээн улс төрийн содон түүх бүтээж байжээ. Улс төрийн хүрээнд чамгүй танигдаж, тэр хэрээр дэмжигч ихтэй болсон энэ залуу эргээд өөрийн унаган дүүрэг буюу Сонгинохайрхан дүүрэгтээ УИХ-дөрсөлдөж байна. Газрыг 100 жилээр гадны аж ахуйн нэгжид өгнө гэсэн хуулийн заалтыг Газрын тухай хуулиас татахын төлөө 100 гаруй мянган иргэний санал цуглуулсан, бүлэглэлийн эсрэг тууштай дуугардаг гэх мэтээр тунчиг эерэг имиж өөртөө цуглуулж чадсан түүнийг АН-ын дараа үеийг авч явахаар бэлтгэгдэж буй залуу лидерүүдийн нэг хэмээн олон нийт үнэлэх болжээ. 

Хамгийн залуу нэр дэвшигч С.Цэнгүүн 

АН-ын ах эгч нарынхаа урдуур орж ирж, жагсаалтын дөрөвдүгээрт нэрээ бичүүлсэн С.Цэнгүүн яах аргагүй АН-ын содон нэр дэвшигчдийн нэг болжээ. Тэрбээр, өнөө жил 26 нас хүрч буй бөгөөд GenZ үеийн төлөөлөл. Улс төрийн тийм ч том туршлагатай биш энэ бүсгүй яаж яваад гэрлийн хурдаар Нарийн бичгийн албан тушаалд хүрч, хэний дэмжлэгээр намын жагсаалтын дөрөв рүү орж ирсэнийг хүмүүс мэдэхгүй байгаа нь улс төрийн хүрээнд хийгээд нийгмийн сүлжээнд түүнийг анхаарлын төвд оруулж иржээ. С.Цэнгүүн нь “Атмор” ХХК буюу аавынхаа компанид Маркетингийн менежерээр ажиллаж, ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2013-2017 онд ШУТИС-ийг Маркетинг бизнесийн удирдлагын бакалавр, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Санхүү менежментийн магистраар тус, тус төгсчээ. Нийгмийн сүлжээнд түүнийг Лу.Гантөмөрийн эсвэл Ц.Элбэгдоржийн оруулж ирсэн хүн хэмээн ярьж буй бөгөөд МАН-ын сонгуулийн пиарт ажиллаж байсан гэх яриа ч чих дэлсээд амжив. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болох жүжигчин Ж.Баясгалан 

-Үргээлэг-1, 2 уран бүтээлээр үзэгчдийн танил болсон жүжигчин Ж.Баясгалан одоогоос долоон жилийн өмнө бартаат уралдаанд оролцож байхдаа осолд орж, нугасны гэмтэл авсан. Амьд үлдэх ямар ч боломжгүй хэмээж байсан ч хань ижил, үр хүүхдийнх нь заяа тэтгэж, жүжигчин залуу маань амьд мэнд үлдсэн билээ. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд өвчтэй хэмээн зүгээр суухгүй нийгмийн олон арга хэмжээнд оролцож, хань Ж.Мөнхтуяагийнхаа хамтаар уран бүтээл туурвиж, залууст лекц уншиж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө тууштай дуугарч ирсэн билээ. 2020 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн. Тэгвэл энэ удаа нам түүнийг бодлогоор дэмжиж, жагсаалтын гуравдугаарт бичжээ. Үндсэндээ УИХ-ын гишүүн болсон гэсэн үг. Ж.Баясгалан нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл парламентад дуу хоолойгоо хүргэж болсонд талархалтай байна” хэмээжээ. 

“Электрон жаал” Э.Энхпүрэв

“Ес эрдэм” сургуулийн захирал, “Монгол бахархалт”есөн залуугийн нэг, хамгийн залуудаа буюу 12 настайдаа Их сургууль төгсөж байсан Энхтайваны Энхпүрэв бол тавдугаарх онцлох нэр дэвшигч юм. Түүний хувьд ердөө 16-хан насандаа Их сургуулиа төгсөж, улмаар өөрийн сургууль байгуулж, өнөөгийн АН-ын дарга Лу.Гантөмөрийг Боловсролын сайд байхад зөвлөхөөр нь ажиллаж байлаа. “Электрон жаал” намын жагсаалтын 25-д эрэмблэгджээ. 24 насандаа Боловсрол судлалын доктор болж, хамгийн залуу доктор болж байсан бол өдгөө харин АН-ын Боловсролын асуудлыг хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж, намынхаа мөрийн хөтөлбөрт боловсролын асуудлыг хариуцан ажиллажээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.114.243) 2024 оны 05 сарын 26

Алтанхуяг гай л болно доо, туршлага гэж хор найруулахыг хэлээд байна уу даа, иймэрхүү хорчингууд л төрийг самарч байгаа ш дээ

0  |  0
Зочин(103.212.116.61) 2024 оны 05 сарын 26

Хамгийн туршлагатай гэхээс илүү хамгийн зальтай өвгөн

0  |  0
Top