Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх
Ийнхүү шүлэглэсэн Монгол улсын Төрийн соёрхолт яруу найрагч Очирбатын Дашбалбар агсныг дурсч суухдаа, энэ агуу хүнд Дорнын их найрагч гэдэг хүндэтгэл олгож яагаад болохгүй гэж гэх бардамхан сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа. Энэ бол жирийн уншигч миний бодол. Агуу найрагчийн бүтээлийг дорнын их найрагчид хүлээн зөвшөөрөх нь лавтай. “Түүний агуу найрагт манай дорнын их найрагч Явуухулангийн бүтээлээс ч хавьгүй илүү юм бий” хэмээх хүмүүс ч байдаг юм билээ. Ийм гэгээн тунгалаг хүний тухай бичих нь миний хувьд зориглох зүйл биш. Ингээд О.Дашбалбар агсны төрсөн дүү О.Балжиннямтай ярилцсанаа хүргэе.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Очирбатын Балжинням Сүхбаатар аймгийн Наран сумын засаг дарга, Дашбалбар судлал төвийн тэргүүн. О.Дашбалбар агсны төрсөн дүү.
-Юуны түрүүнд Дашбалбар судлал төвийн үйл ажиллагааны талаар ярилцъя?
-Монгол улсын Төрийн соёрхолт яруу найрагч, Улаан сахиусны овгийн Очирбатын Дашбалбарын дурсгалыг мөнхжүүлэх “Наранбулаг” цогцолборыг түүний төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Наран суманд нээх том ажил өрнүүлээд байна. Цогцолборын нээлтийн ёслол 8 дугаар сарын 7-нд болно. Бэсрэг наадам болно. Энэ үйл ажиллагааны бэлтгэл ажлаар хотод ирээд байна.
-Ажил хэр бүтэмжтэй байна. Энэ сайхан үйлсэд Дашбалбар агсны найз нөхөд, найрагчид, дотны хүмүүс мэдээж хүндэтгэлтэй хандаж, идэвхитэй оролцож байгаа байх?
-УИХ-ын гишүүн Улаан, яруу найрагч Сүрэнжав, Мэнд-Ооёо, Г.Мэндбаяр, Сүхбаатар аймгийн засаг дарга Батсуурь, Мөнхбат болон ахын маань шавь нар сайхан хүлээж авсан. Идэвхитэй оролцож байгаа.
-Уг арга хэмжээний урилга тараагдаж байгаа байх. Мөн дэмжиж туслах, хамтран ажиллах саналууд ч яригдаж байгаа болов уу?
-УИХ-ын гишүүн Улаан Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл, Хүрэлсүх, Мөнх-Оргил нар Сүхбаатарынх, Уламжлалын нэгдсэн намын дарга Батболд эдгээр эрхэмүүдэд хандаж сэтгэлийн дэмжлэг, туслалцаа хүсч хүсэлт гаргасан. Одоогоор чимээгүй л байна. Одоо урилгаа хүргэх гээд явж байна. Харин сая “Кожи Гео” гэж компани сая төгрөг хандивлалаа. Үнэхээр баярлаж байна.
-Энэ үйл ажиллагааны төсөвт өртөг хэд хүрэв. Мэдээж нутгийн ард түмэн ч зүгээр хараад суугаагүй, хандив харамгүй цуглаж байгаа байх?
-Өртөг нилээд өндөр гарч байна. Үйл ажиллагаа, дөрвөн хөшөөний өртөг, Бэсрэг наадамд нийт 30 сая төгрөг зарцуулагдах тооцоо гараад байна. Дөрвөн хөшөөг Улаанбаатараас тээвэрлэх тээврийн зардал, кран гэхэд л дөрвөн сая гэж тооцож байгаа. Олон зуун жилийн настай нутгийн ард зугаалж, сууж тухлан хөөрөлдөх сайхан газар байх болно. Сургууль, цэцэрлэг бол улсын төсвөөр хаа ч баригддаг. Манай аймагт ийм цогцолбортой газар байхгүй. Мэдээж нутгийнхан их сайхан. Тэд О.Дашбалбар гэдэг хүнээ шүтдэг, бахархдаг учраас, “Өө ямар сайхан юм хийж байгаа юм бэ” гээд л, нутгийн өрх бүр мөнгөтэй нь мөнгө, бүр авдраа уудлаад 100 мянган төгрөг гаргаж өгсөн хүн ч байгаа. Боломжийнхоо хэрээр сэтгэлээсээ нэг хонь, бүр 10 хонио барьж өгч байна. Угаасаа хүмүүс О.Дашбалбарын сум гэдэг.
-Бэсрэг наадамд яруу найраг, урлаг, спортын төрлүүд орж байгаа байх. Хөтөлбөрөө танилцуулахгүй юу?
-Тийм ээ. Цогцолборын нээлтийн ёслол, Бэсрэг наадамд даага, соёолон уралдаж, хүчит бөхийн барилдаан, “Гэрэлт хайр” яруу найргийн наадам, урлагийн тоглолт, үдшийн цэнгүүн зэрэг хөтөлбөрүүд багтаж байгаа. Урлагийн тоглолтод Очирбатын Дашбалбарын гэр бүл, төрөл садангийн бэлтгэсэн тоглолт орно. Манай гэр бүл ер нь авьяастай хүмүүс байдаг. Мөн аймгийн засаг дарга Мөнхбат Улаанбаатараас урлагийн бригад аваачина гэсэн.
-Аймаг, суманд нь урьд өмнө О.Дашбалбар агсанд зориулсан ямар үйл ажиллагаа явагдаж байсан бэ?
-2001 онд Эрдэнэ-Очир гэж хүн “Дурсгалын багана” босгосон. Тэр хүн ахын уран бүтээл, үзэл бодол, улс төрийн үйл ажиллагааг нь дэмждэг хүн. Үндсэндээ фэн нь. 2006 оноос эхлэн аймаг дээр мөн цэцэрлэгт хүрээлэн босгох ажил эхлээд явж байгаа. Одоо Наран суманд хийж байгаа цогцолборын ажил бол богино хугацаанд хурдацтай хийж байгаа ажил. Аймагт хийж байгаа цэцэрлэгт хүрээлэн бол тийм биш алгуур хийгдэж байгаа ажил. Газраа авч /50-60 га/ хашаа хатгаад, модоо тариад үе шаттай, хугацаатай явагдаж байгаа. Энэ цэцэрлэгт чацаргана, хайлаас, улиас, саваа мод тарьсан. Явцын дунд хүлэмж нэмэгдэнэ. Алсдаа аймгийн хэмжээний том цэцэрлэгт хүрээлэн болох юм. Ямар ч байсан хоёр жилийн дараа ч юмуу дахин, Сүхбаатар аймагт О.Дашбалбарын нэрэмжит ийм цэцэрлэгт хүрээлэн нээгдэх гэж байна гээд бужигнуулна. 2007 онд аймагт О.Дашбалбарын музей байгуулсан.
-Сумын засаг даргын хувьд улс төр ярихгүй өнгөрч болохгүй болов уу. Хөдөө орон нутагт амьдрал ямар байна. Хэр улс төржиж байна, та аль намын гишүүн бэ?
-Би Жамъянгаравын дээд сургуулийг төгссөн. Яг мэргэжлийнхээ ажлыг түр хугацаанд хийсэн. Хөдөө очоод л нам хөөгөөд явчихсан. 2008 оноос засаг даргын албыг хашиж байна. МАН-ын гишүүн. Хөдөө орон нутагт ер нь улс төржинө шүү. Хоёр тал болоод л үзчихнэ шүү дээ.
-Наран сумынхан ардчиллыг дэмжинэ биз?
-Аймаар, аймаар. Ардчиллыг дэмждэг.
-Гэхдээ нам гэхээсээ хувь хүнийг бас илүүтэй дэмжих хандлага байгаа?
-Нэг хэсэг нь нам гэж байна. Учраа мэдэхгүй нам гээд намын нэр дор дагаад яваа нь бий. Юм ойлгодог, учраа мэддэг нь хувь хүнийг сонгож байна. Ер нь Монголыг намаар талцуулан өөртөө нэгтгэх гэсэн ч юмуу, үгүй болгох гэсэн гадны бодлого манайд орж ирж байна гэж боддог. Монголыг нам болгон хуваагаад хүмүүсийг хооронд нь хагаралдуулах зорилго байх шиг. Ж нь: Ах дүү хоёр өөр өөр намын гишүүн хоёр биенээ үзэхгүй, хоорондоо цусаа гартал зодолдож байгаа хүмүүс ч байна. Энэ бол Монголын эмгэнэл байхгүй юу. Манайх шиг жижигхэн улсад намын хэрэг байхгүй. Зүгээр л хүн нь нэр дэвшээд тэрнийгээ дэмжээд явах хэрэгтэй.
-Улс төрд хүч үзэхүү. Ирээдүйд ахыгаа залгамжлаад, Оюун гишүүн шиг гараад ирэхэд гайхах юм байхгүй гэж санагдлаа?
-Тийм. Гадныхан бол дэмжээд явдаг ш дээ. Манайд хэцүү, тийм орчин байхгүй. Тэр бүү хэл, нөхөр нь нэр дэвшээд эхнэр нь сонгуулийн ажилд оролцоод дэмжээд явахад л дургүй байдаг юм билээ. Монгол хүний сэтгэхүй хүлээж авдаггүй. Гэр бүлээрээ юу вэ, яах гээд байгаа юм гэж хүлээж авдаг. Бараг гэр бүлээрээ нийлээд л “хаан, заан” болчих гэж байгаа юм шиг ярьцгаагаад хэцүү хүлээж авдаг. Ер нь хүмүүсийн ахуй нь өөр байна, уламжилж ирсэн онцлог, бүх юм нь өөр. Төр засгийг авч яваа хүмүүс дээр үед малчдын хүүхдүүд байсан. Тэд юм ойлгодог, амьдрал мэддэг байсан. Одоо бол тэр үеийн дарга нарын хүүдүүд дарга болчихсон монгол ахуйгаа мэдэхгүй амьдралаас тасархай юм сэдэж суудаг. Ерөөсөө юу хийж байна гэхээр, гадны хуулийг авчраад, дуурайнгаа л хуулаад л. Тэр нь тэгээд бидний амьдралд ерөөсөө нийцэхгүй, их сонин юм хийж байгаа юм. Нөгөө талаар гадныхны нөлөөн дор үйл ажиллагаагаа явуулаад байх шиг. Яг одоо Монголын ард түмэнд хэрэгтэй, тэдний эрх ашгийн төлөө юм байхгүй. Хуучин системийн үед Оросын хараат байсан гээд л загнадаг ш дээ. Тэгсэн мөртлөө одоо Америаас ч юмуу Японоос, Хятад, Оросоос хамааралтай хэсэг бүлэг болж хуваагдчихаад, тэрнээсээ хамааралтай болчихоод байгаа юмуу гэж санагддаг. Тэгээд яг ард түмний эрх ашгийг хамгаалж дуугардаг, бидэнд хэрэгтэй тэр хүмүүс нь хойно хойноосоо цуваад үхэж байна шүү дээ. Үүнийг хүн бүхэн яриад л эмзэглэж байгаа хэрнээ, яг гараад дуугарах хүн алга. Гараад дуугарсан байлаа гэхэд тэр хүн нь байхгүй болчихож байна шүү дээ. Айдаггүй зоригтой хэлдэг болгон нь үхчихээд, аймхай хулчгарууд л үлдчихсэн юм шиг байна.
-О.Дашбалбар агсныг ногоорсон байсан, хүнд хорлогдсон гэж ярьдаг. Гадны нөлөө байсан уу, та юу гэж боддог вэ. Яг хорлогдсон эсэх нь тогтоогдсон уу?
-Би гадны нөлөө байсан гэж боддог. Анх “бие нь муу байна ир” гэж дуудагдаж ирээд, ахыгаа хараад л би “Хүнд хорлогдчихсон байна ш дээ” гэсэн. Тэгж л харагдсан, миний совин тэгж л мэдэрсэн. Үнэхээр ногоорсон байсан, би нүдээрээ харсан юм чинь. Эх орноо гэсэн сэтгэлтэй, үнэний төлөө явсан хүмүүс нь байхгүй болдог тэр зарчмаар болсон.Одоо энэ хэргийг хэн шалгахын, хэн ч шалгаж тогтоохгүй. Зоригийг улаан цайм 18 хутгалж алчихаад байхад илрээгүй л байна шүү дээ. Дүү нь Их хуралд сууж байна, дийлэхгүй л байгаа биз дээ. Би ер энэ төрд итгэдэггүй. С.Зориг улаан цайм зэрлэгээр алуулчихаад байхад, дүү нь их хуралд суучихаад чадахгүй байхад бид нар ийм юмаар яваад яахын. Мэдээж гомдолтой. Зөвхөн бид ч биш ард түмэн бүгд гомдолтой байдаг, тэгж ярьдаг.
-Эцэг эхээс хэдүүлээ вэ. Бас нэг дүү нь эндлээ гэж сонссон?
-Эцэг эхээс арвуулаа. Дөрвөн том нь хүү, зургаан охинтой айл байсан. Дашбалбар ахаас хойш цуваад гурван ах маань өнгөрлөө. Ингээд дөрвөн ахтай байсан дөрвүүлээ өнгөрлөө. Зургаан эмэгтэй л үлдсэн.
-Уучлаарай. Ах нарт чинь юу тохиолдоо вэ. Золгүй явдал, осол байсан уу?
-Зүгээр л байж байгаад дөрвүүлээ цаг бусаар явцан шүү дээ. Гэнэтхэн гэнэтхэн л явчихдгийн. /нулимс цийлэгнэв/ Дашбалбар ахаас гадна хоёр нь хүнд хорлогдсон. Нэг нь бас л учир битүүлгээр өнгөрсөн.
-Сонин юм, ямар нэг юм байна гэж бодогддог уу. Хоёр нь хорлогдсон гэдэг нь тогтоогдсон уу?
-Тийм.
-Ах нар чинь хэдэн настай байсан юм бэ?
-Гурав нь 42 настайдаа нас барсан. Сүүлийн ах маань 49 ний жилээ өнгөрсөн. Ашгүй 42 нас нь өнгөрлөө, одоо гайгүй байх гэж байсан юм. Зүв зүгээр байсан, бас л гадны нөлөө. Бүр гэрч ч байгаа. Мэргэжлийн эмнэлгийн хүмүүс энэ гадны нөлөөтэй гэж хэлдэг. Яг мэдсэн харсан хүмүүс ч байдаг. Цагдаад өргөдөл гаргаж өгсөн цагдаагийнхан хэрэгсээгүй ш дээ.
-Хорлосон хүмүүс нь тэгээд зүгээр л сул чөлөөтэй явж байх уу?
-Зүгээр л явж байдаг. Нэгэнт болоод өнгөрсөн юм. Биднийг ээж аав маань хүний мууг битгий үзэж байгаарай. Тэр хүмүүс муу юм хийснийхээ үйлийг өөрсдөө л эдэлнэ. Бид мууг нь үзэх гээд яахав, тэртээ тэргүй бурхан цээрлүүлнэ гэж ярьдаг байсан. Бид нар ч тийм бодолтой. Би нэг удаа зөрсөн. Ах дүүс яахав, “босоод ирэхгүйгээс хойш” гэж л байгаа юм. Би тэсэхгүй нэг ахыгаа өнгөрөхөд шүүхэд өргөдөл өгсөн. Шүүх цагдаа хэрэгсдэггүй юм билээ. Цаад хорлосон хүмүүс нь “та нар юу олж долоох юм бэ” л гэж тавлаж байгаа юм чинь. Одоо чинь тийм сонин цаг болчихсон байна лээ ш дээ. Сураг сонсохоор тэр хорлосон улсууд нь нэг их сайн явдаггүй л юм шиг байлээ.
-Лам, бөөгөөс асуусан уу. Улс төрөөс улбаалсан юм боловуу гэж харддаг тал бий юу?
-Лам хорлогдсон л гэдэг. Ер нь улс төрөөс улбаалсан тийм юм байсан. Угаасаа л тийм.
-Ахынхаа тухай дурсамжаа хуваалцаач?
-Дашбалбар ах ер нь их зөн совинтой хүүхэд байсан гэж ээж аав ярьдаг юм. Биднийг бага байхад манай ээж аав нутгийнхантайгаа их ойр, Наран суманд байгаа хөгшин настай хүмүүс ээж аавын хаяаг дэрлээд буудаг. Аав ээж хоёр тэр хүмүүст тусалж дэмжээд, хажуу бараандаа аваад байдаг байсан юм байна л даа. Нэг тийм ламархуу өвгөн хаяанд нь байж. Тэгээд яахав ээж түлээг нь оруулж өгөөд, хоол ундыг нь хийж өгчихөөд байж байдаг тийм нэг ядарсан ганц бие лам. Нэг өглөө ах босч гүйгээд тэднийх рүү орчихоод ирж. Тэгээд гэртээ орж ирээд, “ээжээ энэ лам ах чинь үхэх гэж байгаан байна шүү дээ” гэсэн ээж “чи юу яриад байгаа юм. Зүв зүгээр байгаа хүнийг үхэх гэж байна гээд” уурлаж. Тэгсэн гурав хоногийн дараа тэр өвгөн нас барчихсан гэсэн. Ер нь бол ямар нэгэн юмыг мэдрээд урьдчилаад хэлээд байдаг байсан гэж ээж аав ярьдаг байсан. Сүүлд ч гэсэн өөрөө бид нарт “Би бол юм мэднэ шүү дээ. Хэн ямар хүн бэ, юу болох гээд байна гэдгийг би бүгийг мэдэж байна. Гэхдээ би хэлээд яах юм” гэдэг л байсан.
-Өөртөө ямар нэг юм тохиолдох нь гэдэг ч юм уу тийм юм мэдрэх үү?
-Мэдэрч байсаан. Би лав тэр Зоригийг алагдахад санаж байна. Тэр үед яг тийм муу совин мэдрэгдээд байна гээд байсан. Ах Хэнтийн тийшээ ууланд яг тэр үеэр гарсан юм билээ. Уулан дээр гараад нэг хэсэг хүмүүстэй байж байсан чинь хэрээ ирж бахираад байж. Ах мэдрэмжээрээ ямар нэг муу юмны дохио өгөөд байна. Нэг юм болох гээд байна гэдгийг мэдсэн. Хамт байсан хүмүүстээ хэлээд, сэтгэл санаа нь нэг л тайван биш байсан гэж ярьдаг юм. Яахав нэг таагүй юм болох гээд байна гэдгийг л мэдрээд байсан шиг байна лээ. Тэр үедээ ярьж л байсан.
-Ахын сургааль?
-Ер нь ажилтай бай, зүгээр битгий суу гэж бидэнд захидаг байсан. Хүн эд хөрөнгө цуглуулж амжина, толгойдоо юм хийх хэрэгтэй. Эрдэм номтой байх л чухал. Оюун ухаанаа сайн хөгжүүл. Хүн бурханлаг байх ёстой, хүн чанартай байх ёстой л гэдэг байсан. Манай ээж аав ч тэгж сургасан. Хүн өвдөж зовж болно, ядуу хоосон байж болно. Ямар ч үед хүн чанартай, жудагтай, хүмүүжилтэй байх ёстой гэдгийг сайн сургасан. Бид одоо ч тэр зарчмыг ер нь алдахгүй л явдаг. Хааяа жудаггүй араншин гаргаж байгаа хүмүүсийг харахаар хэцүү санагддаг. Бид олуулаа ч ээж аав маань бүгдийг нь хайранд өлгийдөж өсгөсөн. Тийм хайраас төрсөн хүн хайрын тухай дуулахаас яахав. Ээж аав маань өөрсдөө та нар хохирч болно. Хэн нэгнийг та нар хохироож болохгүй шүү. Хүнд л муу юм хийж болохгүй гэдэг байсан.
Ярилцсан Танд баярлалаа.
Д.Сэндэр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )