Баялгийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлэхүйц сонсгол болсон гэлээ

2024 оны 06 сарын 07

“Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг өнгөрсөн тавдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд явуулсан билээ. Сонгуультай холбогдуулан өчигдөр үйл ажиллагаагаа завсарлуулсан УИХ-ын чуулганы сүүлийн нэгдсэн хуралдаанаар тус сонсголыг явуулсан Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг сонсож, холбогдох тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Ц.Сандаг-Очир энэ тухай чуулганы хуралдаанд танилцуулсан юм. УИХ-ын Хянан шалгах түр хороо нь 11.1 мянга гаруй хуудас баримт материалыг нотлох баримтаар цуглуулж, сар гаруй хугацаанд хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулан нотлох баримтыг шинжлэн судалжээ.

Нээлттэй сонсголын явцад дурдагдсан зарим зөрчлүүдээс тоймлон дурдвал,

 

  • Хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад оролцоод хамгийн өндөр үнийн санал өгч шалгарсан ААН зөрүү төлбөр төлөхгүй, тусгай зөвшөөрөл авахгүй орхиж явах тохиолдол 68 удаа гарчээ. Энэ нь тухайн талбайд явагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох, хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор уг талбайг эзэнгүй байлгах гэсэн санаатай үйлдэл байж болохоор байна.

 

  • Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газартай давхцуулан ашигт малтмал хайх, олборлох тусгай зөвшөөрөл олгохыг хориглодог хуулийн зохицуулалттай. Гэтэл нотлох баримтаар, газрын удирдлагын системд бүртгэлтэй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газрын мэдээллээр нийт 1094 нэгж талбарын 184.7 га газартай хайгуулын тусгай зөвшөөрөл, нийт 2151 нэгж талбарын 191.9 га талбай газартай ашиглалтын тусгай зөвшөөрөл давхцаж байжээ.

 

  • Байгууллага хооронд мэдээлэл солилцох хамтын ажиллагаа хангалтгүй, төрийн байгууллагуудын хууль тогтоомж мөрдөөгүй хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж 3245 иргэний газар өмчлөх эрх зөрчигджээ.

 

Зөвхөн газар нутаг давхцуулан олгосон лицензүүдийг дурдвал,

 

  • Ашигт малтмал, газрын тосны газрын ирүүлсэн мэдээллээр тусгай хамгаалалттай газар, нутагтай давхцалтай ашиглалтын 40, хайгуулын нэг лиценз,

 

  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр тусгай хамгаалалттай газар, нутагтай давхцалтай ашиглалтын 19 тусгай зөвшөөрөл,

 

  • БОАЖЯ-ны ирүүлсэн тусгай хамгаалалттай газар, нутагтай давхцалтай  ашиглалтын 22, хайгуулын долоон тусгай зөвшөөрөл,

 

  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн нотлох баримтад ашиглалтын 53 тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалтай түүх, соёлын 97 дурсгалт газар, хайгуулын 115 тусгай зөвшөөрөлтэй давхцалтай түүх, соёлын 263 дурсгалт газар, 

 

  • ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс нийт  түүх, соёлын дурсгалт 20 газрын зургаа нь устсан, зургаад нь дам эрсдэл учруулсан, найм нь нөлөөллийн бүсэд орсон баримт ирүүлсэн.

 

  • Соёлын яамнаас ирүүлсэн баримтаар түүх, соёлын үл хөдлөх дурсгалт есөн газрын байршил ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан зөрчил тус тус илэрсэн байна.

 

Тус нээлттэй сонсгол нь  Баялгийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх, эдийн засгийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэхүйц арга хэмжээ болсон хэмээн гишүүд үзэж байлаа. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд “Хянан шалгах түр хороо тайлан, санал, дүгнэлтээ УИХ-д танилцуулснаар татан буугдсанд тооцно” хэмээн заасны дагуу тус Хянан шалгах түр хороог татан буугдсанд тооцсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top