Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны гишүүн Л.Эрхэмбаяр, Д.Ганболд, Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Р.Мягмар нар өнгөрсөн баасан гарагт дүүргүүд дэх салбар хорооны дарга нартай уулзлаа. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах дүүргүүд дэх салбар хорооны даргаар дүүргийн Засаг дарга нар ажилладаг. Тэдэнд Үндэсний хорооны Ажлын албаны дарга Р.Мягмар хорооноос хэрэгжүүлж байгаа ажлын явцын талаарх мэдээллийг танилцуулаад, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлаа эрчимжүүлэх үүрэг өгөв.
Мөн Нийслэлийн агаарын чанарын албаны дэд дарга Ч.Батсайхан Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд дагаж мөрдөх журмуудын талаар мэдээлэл хийсэн юм. Мөн Монголын мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж байгаа "Цэвэр агаар" төслийн явцтай Үндэсний хорооны дарга Д.Баттулга тэргүүтэй хүмүүс өнгөрсөн пүрэв гарагт танилцсан. Тиймээс төслийн сайжруулсан зуухны борлуултын явцыг дүүргүүдэд зэрэг худалдаалж эхлэх асуудлыг тус сангийнхантай ярилцахаар тохиролцов.
Харин нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугч иргэд тус зуухыг худалдаж авахгүй гэвэл яах талаар асуудал хөндөгдөв. "Өлзий", "Хас", "Дөл", ””Голомт" гэсэн зуух нь хичнээн метр талбайг халаах хүчин чадал, ширэмнийхээ тооноос хамаарч 65-250 мянган төгрөгийн үнэтэй аж. Энэ нь тус сангаас татаас өгч хямдруулсан үнэ. Харин хямдраагүй үнэ нь 275-459 мянган төгрөг юм. Ийм байхад авахгүй гэвэл тус бүсээс албадан нүүлгэж хуулийн дагуу хариуцлага тооцох хүртэлх арга хэмжээг авахыг дүүргийн удирдлагууд зөвшөөрсөн юм.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас жил бүр тодорхой тооны хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ахмадууддаа түлээ, нүүрсний хэрэгцээнд дэмжлэг үзүүлж мөнгө өгдөг. Энэ хөнгөлөлтийг бэлэн мөнгөөр биш, түлш, зуух хэлбэрээр олгох талаар асуудал боловсруулахаар болов. Ерөнхийлөгчийн зөвлөх, үндэсний хорооны гишүүн Л.Эрхэмбаяр тэдэнд дүүргүүд дэх эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний борлуулалтын явцыг 7-10 хоногийн давтамжтайгаар олон нийтэд мэдээлэх, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмуудыг эцэслэн боловсруулах үүрэг өглөө.
Үүнээс гадна дотоодын зуух үйлдвэрлэгчдийн нийлүүлэх 10 мянган зуухны тендерийн ажил ямар шатанд явааг тодруулж, ЭБЭХЯ-нд асуудал боловсруулж оруулахыг үүрэгдсэн юм. Мөн өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч ММСС-ийн захиралтай хамтран ажиллах Санамж бичгийг үзэглэлээ. ММСС-гаас олгож буй зуухнуудыг эхний ээлжинд нийслэлийн утааны голомт болсон 48 хороонд олгох аж.
Тиймээс хуучин зуухаа шинэ зуухаар солих ажил айл бүрт хүрч байгаа болон иргэд авсан зуухаа цааш нь дамлаж байгаа эсэхийг хянадаг хариуцсан байцаагч ажиллуулах юм байна. Хотын захиргаа энэ талаар өмнө нь хуралдаад хэсгийн ахлагч нарыг утааны байцаагчаар ажиллуулахаар ярьж байсан юм. Санамж бичигт бичсэний дагуу утааны байцаагчдад цэвэр агаар төслөөс урамшуулал олгох аж.
Эх сурвалж: Нийгмийн толь сонин
Сэтгэгдэл ( 0 )