Дунгийн суулгацын мэс засал нь тухайн хүнд сонсгол бэлэглэх зорилгоор чихний хөндийд аппарат буюу дун суулгах үйл явц юм.
УКТЭ-ийн эмч нар хусэлт гаргасны үндсэн дээр БНСУ-ын мэргэжлийн эмч нар монгол эмч нартай хамтран дунгийн суулгацын мэс ажилбарыг хийлээ. Манай улсад 170 мянга орчим иргэн сонсгол бууралттай байгаа нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд дээрх хагалгаа БНСУ-д 25 мянга орчим воны төлбөртэй байдаг бол Европт 45 мянган евро байдаг. Харин Монголд 19 мянга орчим доллараар хийж байгаа ажээ. Хагалгааны үргэлжлэх хугацаа 3-4 цаг орчим байдаг учраас нарийн төрлийн хагалгаанд ордог байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд 1987 оноос хийж эхэлсэн дунгийн суулгац суулгах мэс заслыг манайд урьд нь 2009 онд Солонгосын эмч нарын баг УКТЭ-ийн эмч нар хамтран бага насны хүүхдэд хийсэн нь амжилттай болж өвчтөн өнөөдөр ертөнцийг сонсож олны дунд амьдарч яваа аж.
Манай улсад өрмийн машин байдаггүйгээс уг хагалгааг хийж чаддаггүй байсан бөгөөд энэ удаад УКТЭ-ийн эмч нар хүсэлт гаргасны үндсэн дээр тоног төхөөрөмж авчруулжээ. Ийнхүү өнөөдөр эрүүл мэндийн салбарт шинэ эргэлт хийж, сонсгол бууралттай иргэдэд томоохон боломж олгосон хагалгааг орчин үеийн тоног төхөөрөмжөөр гадаад, дотоодын эмч нар хамтран хийж эхэллээ. Харин чихэнд суулгаж байгаа суулгацын хувьд Австри, Европын суулгацыг сонгожээ. Дунгийн суулгац суулгах хагалгааг дан ганц мэс засалчид хийдэггүй. Нарийн мэргэжлийн эмч, сонсгол судлаач ажиллаж гадны эмч мэргэжилтнүүд зөвлөгөө өгч хамтарсан баг болж ажилладаг байна. УКТЭ-д хагалгаанд орж буй БНСУ-ын мэргэжилтэн эмч 2000 гаруй хүнд дун суулгах хагалгаа хийсэн арвин туршлагатай хүн юм. Энэ төрлийн хагалгааг сонсгол бууралттай бүх хүнд хийхгүй, хүнд хэлбэрийн сонсголгүй болсон хүмүүст хийх юм байна. Дунгийн суулгац болох аппаратыг чихний хөндийд байрлуулж байгаа ба сарын дараа түүнийг асааснаар сонсгол орж эхэлдэг байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )