Тэргүүн шадар сайд усан хилээ эргэв

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 25

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Монгол Улсынхаа усан хилийг эргээд ирлээ. Монгол Улс БНХАУ-тай Буйр нуураар 30 км хиллэдэг аж. Хурандаа И.Чойбаатар түүнд Монгол Улс усан хилээ хэрхэн хамгаалж буй байдлыг танилцуулав. Одоогоор тэнд нэг заставтай бөгөөд мориор тойрч усан хилээ хамгаалж байна. Цаашид дахин нэг застав байгуулж, орчин үеийн тоног төхөөрөмжтэй болвол хамгаалалт сайжирч, хилийн зөрчлийг төвөггүй илрүүлэх боломжой гэнэ. Буйр нуурын 92 хувь нь Монголын, найман хувь нь Хятадын нутагт оршдог аж. Хилийн заагийг тогтоосон боловч хамгаалалтын хувьд харагдах зүйл байхгүй учраас застав нэмж байгуулан, хилээ хамгаалах зайлшгүй шаардлагатай юм байна. Үүнд ойролцоогоор гурав орчим тэрбум төгрөг шаардлагатай болохыг хурандаа танилцуулсан. Тэргүүн шадар сайд мөн Халхын голын дайн болж байсан газрууд болон Халхын голын дайны түүхийн музейг үзэж сонирхлоо. Үүнээс гадна Өүлэн ээжийн төрсөн нутаг гэгдэх Онон мөрний эрэгт очсон байна. Мөрөн үерлэж, цаад талд нь гарах аргагүй байсан болохоор сайд ОХУ-ын нутгаар дамжин Монголынхоо нутагт очсон аж. Онон мөрнийг гаталж, Ульхан ууланд очихын тулд ОХУ-ын нутгаар дамждаггүй байхын тулд моторт завьтай болох шаардлагатай болжээ. Үүний зэрэгцээ аялал жуучлалын баазуудыг бий болгох шаардлага ч байгаа аж. Буйр нуур энэ жилээс жижиг усан онгоц, газар уснаа явагч, моторт завьтай болоод байгаа аж. Монгол Улсын анхны баатар Гонгорын төрсөн газар мөн энд байдаг юм байна. Тиймээс 71 жилийн өмнө эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх тулалдаан болж байсан түүхэн дурсгалтай, Эзэн Чингисийн үеийн түүхэн улбаатай байгалийн үзэсгэлэнт энэ газрыг хүүхэд, залуучуудад танилцуулах нь зайлшгүй чухал юм хэмээгээд аялал жуучлалын бүс болгоход дэмжихээ Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хэллээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top