Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга Япон улсын гадаад харилцааны сайд Мацүмотогийн урилгаар энэ сарын 19-22-ны хооронд Япон улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ үеэр Японы Канто бүсэд Монгол улсыг хариуцах өргөмжит консул Сато Тоёшид итгэмжлэх жуухыг нь гардуулах ёслолын ажиллагаа Токио хотод болсон юм. Ингэснээр Япон улсад Монгол улсыг төлөөлөх элчин сайдын яамнаас гадна 6 өргөмжит консулын газартай болж байгаа юм. Монгол Японы харилцааг орон нутгийн түвшинд хөгжүүлэх, соёл шинжлэх ухааны хамтын ажиллагааг дэмжих тэнд амьдарч буй этгээдийн хууль ёсны эрхийг хамгаалах, Монгол орныг сурталчлах зорилгоор Японы хэд хэдэн бүс нутагт өргөмжит консулуудыг томилон ажиллуулж байгаа билээ. Токио хотыг тойрсон Японы улс төр, эдийн засгийн бүс болох Кантод Япон дахь монголчуудын 60 гаруй хувь нь суурьшдаг ажээ. Монгол Японы харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Японы жижиг дунд үйлдвэрлэлийн туршлагыг Монголд нэвтрүүлэхийг хэрэгжүүлж байгаа энэ үед Японы жижиг дунд үйлдвэрлэл өндөр хөгжсөн уг бүс нутагт Токио дахь Монгол Улсын элчин сайдын яамны үйл ажиллагааг дэмжсэн өргөмжлөлт консулын газар чухал үүрэг гүйцэтгэнэ гэж гүнээ найдаж байгаагаа Монгол Улсаас тус улсад суугаа элчин сайд Р.Жигжид хэлсэн юм. Японы Канто бүс нийслэл Токио хотыг оруулаад эргэн тойронд нь байгаа таван томоохон хот багтдаг, улс төр эдийн засгийн томоохон бүс нутаг юм. Түүнээс гадна Япон улсад ажиллаж амьдарч байгаа нийт 5400 орчим иргэдийн 60 орчим хувь нь уг бүс нутагт амьдардаг гэхээр өргөмжит консул Сатогийн хувьд ихээхэн хүнд ачаа нуруун дээр нь ирнэ гэдгийг ойлгож байгаагаа энэ үеэр хэлж байсан юм. Энэ бүс нутагт байгаа монголчуудын эрх ашгийн төлөө онцгой анхаарч ажиллана гэдгээ ч Сато Тоёошита мөн илэрхийллээ. Дашрамд дуулгахад, удахгүй Японы Осака хот дахь консулын газрыг татан буулгаж Ерөнхий консулын газар болгох шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргасан бөгөөд уг ажил удахгүй хэрэгжинэ гэдгийг элчин сайд Р.Жигжид энэ үеэр мэдэгдсэн юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )