Намрын эхэн сард нойтон цас орж болзошгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 25

Өнгөрсөн арав хоногт Дорнодын ихэнх, Баянхонгорын Шаргалжуут, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Завханы Тэс, Нөмрөг, Архангайн Хайрхан, Батцэнгэл зэрэг ихэнх нутагт хур тунадас 0-15 мм буюу олон жилийн дунджаас бага байсан. Харин энэ сарын 26,29-нд нутгийн төв хэсгээр, 27-нд зарим газраар, 28-нд баруун зүгийн нутгаар дуу цахилгаантай бороо орж, салхи 26-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Алтай нуруунаас эхтэй Буянт гол Ховд хот, Дунд цэнхэр гол, Мөнх хайрхан сум орчмоор усны түвшин өмнөх өдрүүдэд хоногтоо 5-8 см нэмэгдэж үерийн түвшин 24 см-ээр, Хангай нурууны өврөөс эхтэй Буянт гол, Завхан аймгийн Отгон сум орчмоор усны түвшин өмнөх өдрүүдэд хоногтоо 5-10 см нэмэгдэж үерийн түвшин10 см-ээр даваад байгаа юм. Иймд дээрх голуудын ойр орчмоор суурьшиж буй зуслан, аж ахуйн нэгж, амарч буй ард иргэдийг усны түвшин их байгааг анхаарч, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15, өдөртөө 21-26 хэм дулаан байх аж. Зуны дунд үеэр хэд хоногоор их халж үр тариа, бэлчээрийн болон таримал ургамлын ургалтанд тааламжгүй нөлөөлөх, намрын эхэн сард нойтон цас орж тариа, ногоо цасанд дарагдаж болзошгүйг Ус цаг уурын хурээлэнгээс анхааруулж байна.
Эх сурвалж: Монцамэ

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top