Бизнесийнхэн татвараас айдгийг хүмүүс сайн мэднэ. Татварын албаныхан ч улирал бүр тэднийг бөндөгнүүлдэг. Тэдэнд хоол цайг нь зөөн гүйж, ажил тарсан хойно нь машинаараа гэрт нь хүргэж, хэрэв хүсвэл бааранд дагуулж орж, ёстой л далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд ордог гэнэ. Татварынхан ч гурван сарын турш олон факт цуглуулбал, улирлын тайлангаа төдийчинээ магнай тэнийнэ гэдгээ сайтар ухамсарласан байдаг.
Бизнесийнхэн, “Манайд үнэхээр хэцүү шүү. Юм хийе гэсэн урлагийнхан нь тоглолт ивээн тэтгээчээ гээд гуйна. Сайн санаа гаргаад, өрөвдөөд, тэднийг дэмжие гэхээр “Энэ яасан баян нөхөр вэ, ямар их мөнгөтэй босс вэ” гэж манийгаа хавчаад болохгүй. Улирлын эцэст татвар дээр ёстой хүүлж өгнө шүү дээ. Шоуг ивээлээ гээд нэрээ ч дурьдахгүй, яах вэ зайлуул, юм хийе гэсэн хүмүүст нь мөнгийг нь өгчихье. Өөрийгөө мөнгө өгсөн гэж зарлуулах гэхээр татварын хэдэн авгай нараас л айх юм байна шүү дээ” хэмээх юм билээ.
Ийнхүү манайхаас өөр ивээн тэтгэж өгсөн мөнгөн дээр нэмээд дахиад татвар хураадаг ийм тогтолцоотой улс цөөхөн. Харин ч өөрсдийн хүсэлтээр олон нийтийн ямар нэгэн үйл ажиллагааг ивээн тэтгэсэн бол бусад ажил үйлчилгээнийх нь татвараас чөлөөлдөг хууль Америкт үйлчилж байна. Тэгэхэд Монголд бие биеэ дэмжиж, хүндэлж, тэднийг үргэлж сонсож явдгийн хувьд урлагийнхандаа жаахан мөнгө өгөхдөө нууж хааж байж өгч байна. Тэгэхгүй л бол “баян” гээд нүд үзүүрлээд унадаг нь гачлантай.
Д.Сэндэр.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )