Авлигын эсрэг тэмцэл үргэлжилнэ, том төслүүд хөдөлнө

2024 оны 07 сарын 08

 

Шинэ Засгийн газар ямар мөрийн хөтөлбөртэй ажиллах вэ, ирэх дөрвөн жилийг хэрхэн төсөөлж, төлөвлөж байгаа вэ гэдэгт олон нийт анхаарлаа хандуулж байна. Шинэчлэлийн бодлого үргэлжлэх үү, авлигын эсрэг тэмцэл яах бол гэсэн асуулт ч тавигдсаар. Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ач холбогдол өгч байгаа ажлуудаа өөрийг нь томилсон чуулганы хуралдаанд товч танилцуулсан. Түүнийг нь АН, ХҮН зэрэг намууд хэрхэн хүлээж авах бол гэдэг бас л шинэ асуулт. Гэхдээ нийгэм, эдийн засгийн эрх ашгийн эрэмбэ, хүлээлтэд сөрөг хүчнүүд хэрхэн хандахыг сонгогчид  нь харах, дүгнэлт хийх, 2028 онд хэн яаж явж ирэв гэдэгт үнэлэлт, дүгнэлт өгөх нь тодорхой.                          

Авлигын эсрэг тэмцэл хэрхэн өрнөх бол гэдэгт Л.Оюун-Эрдэнэ тэмцлээсээ ухраыхгүй гэдгээ хэлчихсэн. Чуулганы индрээс олон гишүүн авлигын индекс асууж, авлигатай биш хүнтэй тэмцээд байна уу гэж асуусан. Авлигатай тэмцэхээр хүн яриад байна гэх юм. Авлигачидтай тэмцэхгүйгээр авлигатай яаж тэмцэх вэ. Эсвэл тэмцэхгүй байх юм уу. Авлигатай тэмцсэнээр олон жил бугшсан асуудлууд ил болсон, яригдсан, нээлттэй сонсголууд болсон шүү дээ гэдгийг тэрбээр онцолсон. Авлигын эсрэг тэмцлээс гадна ирэх дөрвөн жилд Засгийн газрын хийх ажлыг Ерөнхий сайдын дурдсан “ам зураг”-аар харвал:

1. Ирэх дөрвөн жилд боомтын сэргэлт, аялал жуулчлал, цахим засаглал, нефтийн үйлдвэр зэрэг эхлүүлсэн төслөө хэрэгжүүлж дуусгах,

2. 30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын либералчлалыг цаг алдалгүй хийхэд улс төржилгүй хамтран ажиллах.

3. Эрчим хүчний салбарыг эргэн сэргээх. Ингэхгүйгээр хот байгуулах, эдийн засгийг тэлэх гэдэг бол хоосон мөрөөдөл.

4. Бүсчилсэн тойргоор анх удаа сонгууль явагдсан тул асуудлыг зөвхөн аймгийн түвшинд биш, бүсийн хэмжээнд харах, аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбох “Таван тойрог” дэд бүтцийн мега төслийн их бүтээн байгуулалтыг илүү эрчимжүүлэх.

5. “Аж үйлдвэр, уул уурхайн”, “сэргээгдэх эрчим хүчний”, “эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариалангийн”, “түүхэн болон байгаль, соёлын аялал жуулчлалын” төрөлжсөн бүсүүдийг бий болгох, бүс бүхэн ялгаатай татварын бодлого хэрэгжүүлэх.

6. Уул уурхайн салбарыг байгаль орчинд ээлтэй, иргэдэд хүртээмжтэй, хөрөнгө оруулагчдад тодорхой болгох Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх.

7. Нүүрс, байгалийн баялгийн экспортын дараа манай улсын экспортлох бүтээгдэхүүн, эдийн засгийн салбар юу байх вэ гэдэгт шийдэл гаргаж эдийн засгийн бусад салбараа дэмжиж ажиллах.

8. Дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс улбаалж, нүүдлийн мал аж ахуйд томоохон хэмжээний сорилт үүссэн. Хоршоолох, цөлжилтийн эсрэг арга хэмжээ, гамшгийн эсрэг менежмент, онцгой байдлын салбарын шинэчлэлийг нэн шинэ түвшинд гаргах шаардлага тулгарсан тул үүнд анхаарах. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байгаа нь ч эдгээр асуудал бүх нийтийн асуудал болсныг харуулж байна.

9. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд нийслэлийн “их, бага тойруу” буюу 770 га газарт төвлөрсөн төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж, эрх мэдэл салангид байх сонгодог парламентын нийтлэг зарчмын дагуу Засгийн газрыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх тухай 30 жилийн улс төрийн мэтгэлцээн шийдлээ олж чадна.

10. Иргэдэд ээлтэй, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, эрүүл аюулгүй ногоон байгууламж, соёл, спортын үйлчилгээг 20 минутын дотор авах гэр бүл, хүний төлөө шинэ стандарт бүхий “амьд” хот төлөвлөлт хийх боломж бий болно.

11. Нийслэл болон Богд уулыг тойрсон хурдны замыг барьж, Нийслэл-Хөшигийн хөндийг холбосон гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтыг энэ жилдээ багтаан эхлүүлэх шаардлагатай.

12. Хот байгуулалтын төлөвлөгөөг бүсчлэн эрчимжүүлж, Хархорум, Шинэ Зуунмод зэрэг шинэ хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх болно.

13. Тавьсан зорилго, зорилтоо хурдтай хэрэгжүүлэхийн тулд инновац, шинжлэх ухааны ололтод тулгуурлан, их өгөгдөл, технологийн дэвшилд суурилан, мэргэжлийн экспертүүдийн зөвлөмжид үндэслэн ажиллаж, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, их дээд сургуулиудын идэвхтэй түншлэлийг Засгийн газар бүх талаар дэмжин ажиллах болно.

14. Эдийн засгийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд жил бүхэн эдийн засгийн өсөлт багадаа 6-7 хувийн өсөлттэй байх шаардлагатай бөгөөд аж үйлдвэржилт, эрдэс баялгийн хайгуул, ногоон технологийн шилжилт, мэдээллийн технологи, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжих болно.

15. Энэхүү эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төрийн бүтээмжийг эрс дээшлүүлэх шаардлага бий.

16. Сонгодог парламентын засаглалыг бүрдүүлэхэд эрс шинэчлэл хийгдсэн энэхүү суурин дээр Төрийн бүтцийн дахин төлөвлөлтийг сонгодог парламентын засаглал хөгжсөн улс орнуудын нийтлэг жишигт уялдуулах зүй ёсны шаардлага урган гарч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top