БНХАУ-ын Эрээн хотын хил гаалийн орчим урт дараалал үүсэх явдлыг таслан зогсоох үүднээс тус улсын хилийн байцаагч, мэргэжилтнүүд хилээр чиргүүлтэй автомашин гаргахаа больжээ. Харин Замын-Үүдэд амьдардаг 1000 гаруй иргэн ийм төрлийн авто машинаар ачаа тээж амьдрал ахуйгаа залгуулдаг аж. Үүнийг эсэргүүцсэн жолооч нар өнгөрсөн баасан гарагаас эхэлж гаалиар нэвтрэх замыг хааж эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Мэргэжилтнүүд ОХУ-д үйлдвэрлэсэн "Маз", "Камаз", "Зил 130", "69" зэрэг чиргүүлтэй машиныг Эрээн хот руу нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаад хэд хонож байгаа аж. Үүгээр зогссонгүй Эрээнээс орж ирж буй ачааны автомашиныг гаргалгүй журмын хашаанд байрлуулж хоногийн 300 юанийн төлбөр авч байгаа гэнэ. Хоногийн төлбөр хэт өндөр байгаа тул жолооч нар аргаа барсандаа ачаагаа салгаад машинаа жолоодон нутагтаа орж ирж байгаа бололтой. Мөн энэ шийдвэрээс үүдэж дээрх хуучирсан авто машинаар амьжиргаагаа залгуулдаг 1000 гаруй жолоочийн нөхцөл байдал хүнд байгаа юм. Яагаад хилээр нэвтрүүлэхгүй байгаа вэ гэсэн асуултад Эрээн хотын гааль, хилийн цэргийнхэн нь Засгийн газраас ийм төрлийн чиргүүлтэй машин хилээр оруулахгүй бай гэх тушаал ирснийг биелүүлж байгаа гэсэн байна. Аргагүйдсэн жолооч нар өнгөрсөн баасан гарагаас эхлэн эсэргүүцлээ илэрхийлж хил нэвтэрдэг замыг хаасан аж. Гэхдээ амралтын өдрүүдэд ачаалал их учраас жолооч нар Эрээнээс орж ирж байгаа зорчигч тээврийн болон бусад суудлын машиныг нэвтрүүлж байгаа юм байна. Харин ирэх даваа гарагаас эхлэн ямар ч машин урагш, хойш гаргахгүй гэдгээ хатуу илэрхийлжээ. Энэ асуудлаар Замын-Үүд сумын Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчид Эрээн хотын албаны хүмүүстэй хэлэлцээр хийхээр тус хотыг зорьжээ. Хэлэлцээрийн үр дүнгээс хамаарч жолооч нарын хэрхэх асуудал шийдэгдэнэ гэсэн байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Эрээний тал энэ асуудлыг дангаараа шийдээгүй гэнэ. Манай тээврийн газрынхан хятадуудтай хамтран орос тээврийн хэрэгслийг шахахаар хуйвалдсан хэмээн үзэж байгаа аж.
Эх сурвалж: Нийгмийн толь сонин
Сэтгэгдэл ( 0 )