Монгол кино Оскарт нэр дэвшинэ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 25

 

Монголд сүүлийн үед залуус кино урлагт хүч түрэн орж ирж байна. 2011 оны 3 дугаар сард Маяамагийн олон улсын кино наадмын хорооноос 48 цагийн олон улсын кино наадмыг зохион байгуулсан бөгөөд уг наадмаас шалгарсан шилдэг 16 киног Каннын дэргэдэх богино хэмжээний киноны буланд гаргах эрх олгожээ.

Энэхүү олон улсын богино хэмжээний буюу 48 цагийн дотор кино хийх уралдаанд Монголын “Ай сиди” хувийн продакшн ажиллуулдаг Ч.Хоролсүрэн “Зүүд” бүтээлээрээ оролцож 100 гаруй улс, хотуудаас ирсэн бүтээлүүдээс шилдэг 16-д багтжээ.  Ийнхүү монгол залуу уран бүтээлч найзуудтайгаа нэг баг болж, “Зүүд” кино хийж оролцсон нь Каннын наадамд гарч ирэв. Монголын богино хэмжээний кино анх удаа Каннын наадамд оролцоно гэдэг нэр төрийн хэрэг юм.

            БСШУЯ авьяаслаг залуусаа дэмжиж Ч.Хоролсүрэнгийн зардлыг даасан байна. Ийнхүү залуу уран бүтээлч Каннд очиж дэлхийн уран бүтээлчидтэй холбоо тогтоож, дэлхийн шилдэг бүтээлийг үзэж туршлага хуримтлуулсан байна.

            “Зүүд” кинонд, Улаанбаатар хотын агаарын бохирдол маш хүнд, өвөл бүх хүн утаагаар амьсгалдаг. Гэвч хичнээн яриад ч шийдэгддэггүй асуудлын нэг. Агаарын бохирдол дээд цэгтээ хүрэх юм бол хүн амьсгалж чадахаа больж, цэвэр агаар булаацалдана. Сүүлдээ хүмүүс цэвэр усаа харамладаг шиг агаараа бие биенээсээ харамлах болно. Түүнээсээ болоод ганцаардалд орж, ганцаардлыг давж гарахын тулд хүн ямар байдалтай болох вэ гэсэн санааг тусгажээ.

            Шүүгчид болон үзэгчид “Зүүд” киноны талаар ярихдаа, “Танай кино дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа асуудлыг маш зөв тусгажээ. Агаарын бохирдол бол дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудал. Үүгээрээ та бүхний кино 16-д багтаж чаджээ” гэж үнэлсэн байна.

            Ч.Хоролсүрэн киногоо Японд болдог олон улсын богино хэмжээний кино наадамд явуулсан нь мөн л шалгаруулалтад тэнцсэн гэсэн хариу иржээ. Ийнхүү авьяаслаг залуус маш их баяртай байгаа бөгөөд тэд “Олимпийн эрх” авсантай адил хэмжээнд үзэж байна. Энэ наадмаас шилдгээр шалгарсан кино Оскарт нэр дэвших боломжтой болж байгаа юм байна.

            Кинонд залуу жүжигчин Ялалт, Наранханд нар дүр бүтээжээ. 48 цагийн киноны онцлог нь энэ кинонд оролцож байгаа уран бүтээлчид бүгд сайн дураараа ажиллах ёстой. Ямар ч мөнгө төгрөг төлөхгүй, сайн санааны үүднээс хамтран ажилладаг онцлогтой ажээ

Д.Сэндэр

Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top