Засгийн газрын гишүүд чуулган таслаад завгүй..

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 25


                Ажлынхаа ихэнх хувийг нугалсан хэмээн ярьж байсан эрхэм гишүүдийн хууль тогтоох үйл ажиллагаанд оролцсон байдлыг үзвэл гайхмаар тоон үзүүлэлт гарах ажээ. Хуралдааны ирцээс үзэхэд, Засгийн газрын гишүүд чуулганд суух тун дургүй болох нь харагдлаа.  Камер харахаараа нэг өөр ярьдаг, камергүй бол шал өөр ярьдаг нь үнэн бололтой. Хийх нь ярихаасаа зөрдөг эрхэм гишүүдийн сонгогчдынхоо төлөө хэрхэн ажиллаж байгааг тандахад, УИХ-ын хаврын ээлжит чуулган 27 удаа хуралдсанаас, УИХ-ын гишүүн Н.Ганбямба хамгийн идэвхтэй нь байжээ. Түүний араас УИХ-ын гишүүн Ж.Батсуурь 26, Ц.Баярсайхан, Д.Хаянхярваа нар 25  удаа хуралдаа сууж ирцээ бүртгүүлжээ. Харин УИХ-ын гишүүний үүргээ муу биелүүлж, тойргийнхоо сонгогчдыг төлөөлж чадаагүй төрийн түшээдийг 24 удаа хуралдааныг тасалсан УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр тэргүүлэв. Мөн Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг 21, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга 22, Ерөнхий сайд С.Батболд 21 удаа чуулганы хуралдаанд оролцоогүйгээр бусдыгаа тэргүүлсэн байна. Үүнээс гадна шалтгаангүйгээр Ц.Шинэбаяр гишүүн 19, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга 16, Х.Тэмүүжин 12, О.Чулуунбат 11 удаа тасалжээ. УИХ-ын даргаас чөлөө авдаг гишүүдийг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг 18 удаагийнхаар манлайлав. Түүний араас Ерөнхий сайд С.Батболд 17, Ч.Хүрэлбаатар зургаа, М.Энхболд таван удаа тусгай зөвшөөрлөөр чуулганы хуралдаанд оролцсонгүй. Хүндэтгэх буюу өвчтэй гэдэг шалтгаантай нь Ц.Дашдорж, Н.Алтанхуяг, Л.Гансүх, Х.Тэмүүжин нар байв. Түүнээс гадна чуулганы хуралдаанаас байнга хоцордог гишүүдэд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр 21, Д.Энхбат 15, Д.Арвин 15, Ж.Энхбаяр 14 удаа хоцорсоноор оржээ.

                Ийнхүү эрхэм гишүүдийн хуралдаа оролцож буй идэвхээс үзэхэд Засгийн газрын гишүүд ихэвчлэн хуралдаанд суудаггүй болох нь харагдлаа. Нөгөө талдаа Засгийн газрынхаа ажлыг хийх үү, УИХ-ын гишүүний ажлаа хийх үү гэдэг ацан шалаанд ордог бололтой.

 Д.Сэндэр.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top